Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2020/0445

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Д даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: О.Б, Г.П, Р.А, Б.Б 

Хариуцагч: Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах яамны улсын ахлах байцаагч Д.И, улсын байцаагч Ж.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Батлан хамгаалах яамны улсын ахлах байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар “Дутагдуулсан бараа, материалын үнийг нөхөн төлүүлэх тухай акт нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Д.Э , нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгч Г.П, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.А, хариуцагч Ж.А, Д.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Анх 2016 оны 04 дүгээр сард Америкийн Нэгдсэн Улсаас хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд эмнэлгийн хэрэгсэл, бараа материал ирсэн. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар миний хариуцан ажиллаж байсан Зэвсэгт хүчний 310 дугаар анги хүлээн авах болж, комиссын даргаар намайг томилсон. Гааль дээр туламжийн бараа материалыг удаан байлгаж болохгүй төлбөр тооцоо нэмэгдэх учраас маш хурдан татан авах үүрэг өгсөн. Бид 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж хүлээн авсан. 4 хоногийн хугацаанд нотломжийг хүргүүлэх үүрэг өгсөн байсан учраас 3 хоногийн хугацаанд комисс ажиллаж ялган дугаарлаж, хайрцаг сав баглаа боодлоор нь нэг бүрчлэн тулган үзэж хүлээн авсан. Хайрцаг сав баглаа боодлоор нь хүлээн аваад нотломжид тусгаад Зэвсэгт хүчний жанжин штабын Ар талын газарт хүлээлгэн өгсөн. Ар талын газраас бидний үйлдсэн нотломжид үндэслэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргад хүлээн авсан тухай актыг хүргүүлсэн. Батлан хамгаалахын сайдын тушаал бидний нотломжийг үндэслэн гарсан. Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Санхүү бүртгэлийн хэлтсийн бүрэлдэхүүн гарын үсгээ зураад Батлан хамгаалахын сайдын тушаал гарсан байгаа. Сайдын тушаалаар үндсэн болон эргэлтийн хөрөнгийг баталгаажуулан хүлээн авсан. Энэ үүргийн дагуу хөрөнгийг бүртгэн авсан. Энэ бүртгэсэн материалд нэг ч бараа бүтээгдэхүүн дутагдсан гэсэн зүйл байхгүй.

Тухайн үе тусламжаар ирсэн бараа материалыг Гаалийн мэдүүлэг, Монгол Улсад сууж буй Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамнаас ирүүлсэн бичигтэй тулгаж үзээд зөрүүгээр нь комисст төлбөр тавьсан байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй. Учир нь комисс хүлээн авсан материалаа холбогдох газар нь хүргүүлсэн. Тухайн үед асуудалтай зүйл гарсан бол Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын холбогдох мэргэжилтэнгүүд гаалийн мэдүүлэг, элчин сайдын яамнаас баримтыг авч асуудлыг тавьсан бол бид өнөөдөр хохирогч болохгүй байсан. Батлан хамгаалах яам тухайн үед хариуцлагатай ажилласан бол бидний 4 офицер ажлаа хийсний төлөө хохирч, өр төлбөрт орохгүй байсан. Бидэнд хүлээн авах үүргийг өгсөн. Үүний дагуу хүлээн аваад журмын дагуу нотломж, актаа бичгээд явуулсан.

Тусламжийн барааг ажлын хэсэг тоолж аваад 2 газарт хуваан хүргүүлсэн. Нэг хэсгийг нь Цэргийн төв эмнэлэгт, үлдэх ашиглах боломжгүй бараа, бүтээгдэхүүнийг Зэвсэгт хүчний 310 дугаар ангид хүргүүлсэн. 2019 онд ажлын хэсэг шалгахдаа Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамнаас ирүүлсэн инвойсыг бидний хүлээн авсан актын дүнтэй тулгаад акт тавьсан. Актыг үндэслэн Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал гарч дахин тооллогын комисс гарч тооллого хийхэд 11 төрлийн 18.8 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн нэмэгдэж гарч ирсэн байдаг.

Манай ажлын хэсэг тусламжийн бараа бүтээгдэхүүнийг тоолоод Зэвсэгт хүчний хүчний 310 дугаар ангийн няравт хүлээлгэн өгөөд бидний ажил дууссан. Үүнээс хойш хоёр анги дахин хүлээлцсэн байдаг. Нэг ангиас нөгөө ангид хүлээлгэн өгөхөд бараа бүтээгдэхүүн дутсан ч байх боломжтой. Хаана дутсан нь мэдэгдэхгүй. Гэтэл бидэнд акт тавьсан.

Бидэнд инвойс гэсэн англи хэл дээрх дутуу хагас жагсаалт өгсөн. Бидний орчуулга, гаалийн орчуулгууд зөрдөг. Боодлын үнийг ширхэгийн үнээр авах зэргээр алдаанууд гарсан байдаг. Бидний ажиллах нөхцлийг хангаж өгөх ёстой. Би эмч хүн учраас санхүүгийн бүртгэлээр яаж хүлээн авахыг мэдэхгүй. Мөн цаг хугацаа багатай байсан. Үүний улмаас бидний эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэж байна. Цэргийн байгууллага харуул хамгаалалттай байдаг. Эдгээр дутагдуулсан бараа бүтээгдэхүүн нь хармаалаад гарах жижиг бүтээгдэхүүнүүд биш. Бид бараа бүтээгдэхүүнийг аваад гарах нөхцөл байхгүй.

Бид бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахад Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамнаас ирүүлсэн жагсаалтын нүүрэн дээрх бараа материалын дүн хавсралтад заасан бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээс 12 мянган доллар буюу 20 гаруй сая төгрөгөөр зөрүүтэй байдаг.

Энэ актыг хүлээн аваад Зэвсэгт хүчний жанжин штабад гомдол гаргасан. Зэвсэгт хүчиний жанжин штабаас дахин тооллого хийгээд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Батлан хамгаалах яамны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын дарга хурандаа н.Г*******т хариу хүргүүлсэн. Уг хариугаар зөрчилгүй гэж мэдэгдсэн боловч төлбөр барагдуулах тухай мэдэгдэл ирсэн. Дахин тооллогоор ямар нэгэн зөрчилгүй болох нь нотлогдсон байдаг.

Тусламжаар ирсэн бараа бүтээгдэхүүнд 2 удаа тооллого хийж шалгасан. Эхний тооллогоор 109 сая төгрөгийн бараа, материал дутагдуулсан гэж үзсэн бол дахин тооллогоор 36 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг олсон гэж үзэж 109 сая төгрөгөөс 36 төгрөгийг хасаад 74 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг дутагдуулсан гэж үзээд акт тавьсан. 

Энэхүү актыг тавихдаа ажлын хэсгийн 5 хүний бүрэлдэхүүнээс 4 хүнд нь тавьсан. Яагаад 1 гишүүнд акт тавихгүй хассан бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Гаалийн мэдүүлгийг тухайн үед ажлын хэсэгт хүлээлгэн өгөөгүй. Энэ нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно. Гадаадын тусламж авах, зарцуулах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журмын 4.6-д “Бараа, бүтээгдэхүүний хэлбэрээр олгож байгаа гадаадын тусламжийн хөрөнгийг ... төсөл хэрэгжүүлэгч гадаадын тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хүлээн авна” гэж заасан. Уг журмаар хүлээн авч байгаа комисст Батлан хамгаалах яамны Гадаадын зээл тусламж хариуцсан газрын мэргэжилтэн Ц.О орж удирдлага арга зүйгээр хангах ёстой. Тэрээр гэрчийн мэдүүлэг өгөхдөө ч үүнийг хэлсэн. Ц.О мэйл хаягаар тусламжаар ирүүлсэн бараа материалын талаарх баримт ирсэн байдаг. Үүнийг Ц.О хүлээн аваад гаалийн мэдүүлэг өгсөн. Гаалийн мэдүүлгийг үндэслээд гаалийн инвойс гарсан. 19 чингэлэг бараа материалыг хүлээн авсан бөгөөд 1 гаалийн улсын байцаагч нэг бүрчлэн шалган авах боломжгүй. Бараа бүтээгдэхүүнийг хүлээн аваад нэг бүрчлэн тоолж хүлээн авахад олон хүн оролцсон бөгөөд энэ үед Ц.О нь байлцаж нэг бүрчлэн хүлээлгэж өгөөд явсан. Энэ хүн ажлын хэсэгт орох ёстой. Гол үндэслэл нь тооллого хийх явцдаа дутагдуулсан гэж эдгээр хүмүүст акт тавьсан. Гэтэл энэ бүхнийг хариуцаж өмчийг бүртгэлд оруулах хүн нь ажлын хэсэгт ороогүй. Тэрээр бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах үед байлцсан. Дотоод зохион байгуулалт буруу байсан. Эдгээр хүмүүсийг ирсэн бараа материалыг хүлээн ав гэсэн тушаал шийдвэр гаргасан. Ц.Оинвойс, бүх баримт бичиг бүртгэл нь ирсэн бөгөөд хүлээн аваад үүнтэй таарч байна, таарахгүй байгааг ярих, сайдын тушаалыг гаргуулах үүрэг бүхий хүн нь ажлаа хийгээгүй байтал эдгээр хүмүүс акт тавиаад байгаа нь үндэслэлгүй байна. Эдгээр хүмүүс үүрэг гүйцэтгэсэн болохоос биш хууль, журмыг зөрчөөгүй. Актаар тусламжаар ирсэн эмнэлгийн хэрэгслийг хүлээн авахад дутагдуулсан бараа, материалын үнийг тухайн үед ажиллаж байсан 4 хүнд хувь тэнцүүлэн төлүүлэхээр тогтоосон. Эмнэлгийн хэрэгслийг хүлээн авахдаа дутагдуулсан гэдгийг нотлох ёстой. Гэтэл эдгээр хүмүүс хүлээн авахдаа дутагдуулсан зүйл байхгүй. Байгаа зүйлийг байгаагаар нь хүлээн авсан. Инвойст дурдагдаагүй илүү зүйлийг ажлын хэсэг батламжидаа тусгасан байсан. Акт тавихдаа эдгээр бараа чинь яагаад илүү байгаа юм бэ гэдгийг огт дурдаагүй байсан. Ц.Огийн өөрийн лацтай бараа, материалыг лацтай нь эд хариуцаж байгаа нягтлан няравуудад хүлээлгэн өгч бүх ажиллагаа дууссан. Ц.О нь гэрчийн мэдүүлэгтээ тухайн үед нэг ч төгрөгийн эд зүйл, бараа, материалыг дутаах, авч гарах боломж байхгүй байсан гэж хэлсэн. Маргаан бүхий акт болон албан шаардлагыг үндэслэн Зэвсэгт хүчний жанжин штабаас тооллогын комиссыг дахин гаргасан. Уг тооллогын комисс бараа бүтээгдэхүүнийг нийтэд нь дахин тоолсон. Дахин тооллогоор дутагдуулсан гэсэн зарим бараа бүтээгдэхүүнүүд гарч ирсэн. Дахин тооллогын дүн нь ажлын хэсгийн дүнтэй таарч байгаа. Ц.О нь Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээллийг гаальд өгсөний дагуу шивж оруулсан. Гаалийн байгуулллага үүнд алдаа гаргасан эсэхийг бид мэдэхгүй гэж ярьдаг. Гаалийн мэдүүлэг нь Ц.Омэйл хаягаар ирүүлсэн баримттай зөрдөг. Дээрх 44 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг хүлээн аваагүй байна. Энэ бараа материал нь Америкийн Нэгдсэн Улсаас ирээгүй байх магадлалтай. Бүх тооллогын дүн зөрдөг. Тухайн үед хүлээн аваад дараагийн анги байгууллагад шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг акт тавихдаа тусгагдаагүй. Ямар ч үндэслэлгүйгээр акт тавьсан гэж үзэж байна.

Иймд Батлан хамгаалах яамны улсын ахлах байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар “Дутагдуулсан бараа, материалын үнийг нөхөн төлүүлэх тухай акт нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Цэргийн төв эмнэлгийн эд хариуцагч 2018 оны тооллогоор 81 сая төгрөгийн бараа, материал дутсан асуудлыг гаргаж тавьсан. Америкийн Нэгдсэн Улсаас хүмүүнлэгийн тусламжаар ирүүлсэн бараа, материал үнэн зөв тоологдсон эсэхийг шалгаж үзэх шаардлага үүссэн. Үүний дагуу Батлан хамгаалах яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас улсын байцаагч Ж.А*******, Д.И*******, хэлтсийн дарга н.Найданцэрэн нарын бүрэлдэхүүнтай комисс томилогдон ажилласан. Гаалийн ерөнхий газарт хандан Батлан хамгаалах яаманд Америкийн Нэгдсэн Улсаас ирүүлсэн буцалтгүй тусламжийн 19 чингэлэг эмнэлгийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийн материалыг гаргуулсан. 19 чингэлэг эмнэлгийн хэрэгслийн  267 хуудас гаалийн бүрдүүлэлтийн баримт бичгийг ирүүлсэн. Америкийн Нэгдсэн Улс болон Батлан хамгаалах яам нь эрд дээр үеэс батлан хамгаалах, цэрэг техникийн хамтын ажиллагаатай. Батлан хамгаалах яаманд гадаадын зээл тусламжийг хариуцсан тусдаа мэргэжилтэн ажилладаг. Тухайн үед энэ асуудлыг хурандаа Ц.О хариуцан ажиллаж байсан. Ц.Омэйл хаягаар болон факсаар ирүүлсэн мэдээлэл 19 чингэлэг бараа, материалтай таарах зохицуулалттай. Ц.О гэрчээр мэдүүлэг өгөхдөө факсаар ирүүлсэн бараа материалын жагсаалт гаалийн талбайд чингэлэгүүдийг задлаад үзэхэд дотор нь байсан бараа материалын жагсаалттай таарч байсан гэж хэлсэн. Гаалийн талбайд 19 чингэлэг бараа материалыг бүгдийг нь задалж үзээд нэг бүрчлэн тоолох боломжгүй боловч чингэлэгийг задалж үзээд бараа материал жагсаалтын дагуу ирсэн нь тогтоогдсон. Үүний дагуу гаалийн мэдүүлгийг бүрдүүлж тухайн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл ямар хэмжээний бараа бүтээгдэхүүн орж ирсэн бэ гэдгийг тооцоолох хамгийн бодитой баримт бол гаалийн бүрдүүлэлт юм. Нэхэмжлэгчтэй нэг зүйл дээр санал нэгдэж байна. Энэ нь гаалийн хяналтын талбайгаас бараа, материалыг ачиж Зэвсэгт хүчний 310 дугаар ангид буулган тооллого хийхэд тухайн бараа бүтээгдэхүүн алдагдах боломж байхгүй гэдэгтэй санал нэг байна.

Ц.О болон комиссын гишүүд 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Т*******” компанийн гадна талбайд тусламжийн бараа бүтээгдэхүүний лац, лобыг шалгаж авсан.  2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Налайх дүүрэгт байрлах агуулахад 280 хайрцаг бүтээгдэхүүнийг данс, бүртгэлтэй нь нэг бүрчлэн тулгаж нийт 140 нэр төрлийн 874 мянган доллар буюу 1.761.949.000 төгрөгийн тухайн үеийн ханшаар тооцож авсан байгаа. Зэвсэгт хүчиний жанжин штабын комисс дутагдсан нийт 52 нэр төрлийн 109.792.810 төгрөгийн эмнэлгийн хэрэгслийг 84 нэр төрлийн барааны үнийн дүнг 432.954.126 төгрөгөөр өсгөж 16 нэр төрлийн барааны үнийн дүнг 323.161.316 төгрөгөөр бууруулж, тусламж үзүүлсэн нийт 874.2 мянган доллар буюу 1.761.949.619 төгрөгийн үнийн дүнтэй тааруулж акт үйлдсэн. Үүнийгээ үндэслээд Батлан хамгаалахын сайдын 2016 оны А/169 дүгээр тусламжийн барааг данс бүртгэлд хүлээн авах тушаалыг гаргуулсан. Энэхүү үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.11-д “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнахтай холбогдсон харилцааг Засгийн газрын баталсан журмаар зохицуулна” гэж заасан. Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолоор баталсан Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журмын 4.6-д “Бараа, бүтээгдэхүүний хэлбэрээр олгож байгаа гадаадын тусламжийн хөрөнгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирэх бүрт төрөл, тоо хэмжээ, үнэ, чанарыг хянан бүртгэж, төсөл хэрэгжүүлэгч гадаадын тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хүлээн авна” гэж заасан. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс бараа бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн тоолж авах үүргийг гүйцэтгэж байсан. Гэтэл тухайн бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн хувьд зөрүүтэй асуудал яригдахад Америкийн Нэгдсэн Улсаас бидэнд дутуу явуулсан байна гэсэн ойлгомжгүй зүйлийг ярьж байна. Батлан хамгаалах салбарт нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн 4.2.5-д “цэрэг, техникийн хамтын ажиллагаатай орнуудаас буцалтгүй тусламжаар биет хэлбэрээр ирүүлсэн үндсэн хөрөнгө болон бараа материалыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар гэрээ, хэлэлцээрт тохирсон хүн, биет хөрөнгийн тоо хэмжээг үндэслэн орлогод авч хандив, тусламж, гадаад дансанд бүртгэнэ” гэсэн заалтыг зөрчжээ.

Комиссын нарийн бичгийн дарга *******, гишүүн ******* нар бичгээр гаргасан тайлбартаа бараа, материалыг хүлээн авч бичихдээ үнийн дүнд өөрлөлт оруулан үнийг өсгөж, бууруулснаа хүлээн зөвшөөрсөн. 2019 оны 07 дугаар сарын 17, 19-ний өдрүүдэд агуулахад шалгалт хийхэд Батлан хамгаалахын сайдын 2019 оны А/161, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2019 оны А/216 дугаар тушаалд дурдагдсан 140 нэр төрлийн 874.2 мянган долларын бүтээгдэхүүнээс гадна данс бүртгэлд ороогүй 23 нэр төрлийн 36.282.035 төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл байгаа нь илэрсэн. Бараа бүтээгдэхүүнийг бүрэн хүлээн авсан гэж байгаа хэрнэ данс бүртгэлд нь ороогүй бараа, материал гарч ирсэн. Дээрх 23 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг дутсан гэх 109.792.810 төгрөгөөс хасаад 74.111.336 төгрөгийн бараа, материал дутагджээ. Нэхэмжлэгч нарын зүгээс анхнаасаа Америкийн Нэгдсэн Улсын тал дутуу ирүүлсэн, ажиллах нөхцөл хангагдаагүй, англи хэлний мэдлэг чадвар дутуу байсан гэж хэлж болохгүй. Асуудал цаасан дээрх баримтад тулгуурлан яригдана. Бодитой бичгээр ирүүлсэн нотлох баримтыг үнэлж үзнэ. Америкийн Нэгдсэн Улсаас ямар ч илүү зүйлийг ирүүлээгүй. Мөн ямар ч дутуу зүйлийг ирүүлээгүй. Тухайн ирүүлсэн бараа бүтээгдэхүүн нь  Америкийн Нэгдсэн Улсаас факсаар ирүүлсэн бараа бүтээгдэхүүний жагсаалт болон тухайн бараа бүтээгдэхүүний чинглэг дотор байсан бараа бүтээгдэхүүний жагсаалттай тохирч байгаа. Нэхэмжлэгч нар тухайн үед бараа бүтээгдэхүүн нь дутаж байсан бол тусламжаар ирүүлсэн бараа бүтээгдэхүүн нь гаалийн мэдүүлэг, баримттайгаа нийцэхгүй илүү, дутуу байна гэсэн асуудлаа тавихгүй яасан юм бэ. Зэвсэгт хүчний анги нэгтгэлийн хашаанд тусламжийн барааг буулгасны дараа нэг бүрчлэн тоолж авсан хүмүүс нь нэхэмжлэгч нар байгаа. Эдгээр хүмүүс бүх эрх нь байсан. Инвойст заасан тоо хэмжээнийхээ дагуу ирсэн байна гээд хүлээгээд авсан. Гэтэл бараа бүтээгдэхүүн дутагдсан асуудал үүсэхэд Америкийн Нэгдсэн Улс дутуу ирүүлсэн, англи хэл мэдэхгүй гэсэн тайлбар хэлж болохгүй. Хэрэв тийм байсан юм бол яагаад агуулахаас данс бүртгэлд ороогүй бүтээгдэхүүн илэрээд байгаа юм бэ. Бараа бүтээгдэхүүнийг ирсэн үед нь Иргэний хуульд зааснаар хүлээн авах асуудал яригдана. Маргаантай асуудал яригдахад 3 жилийн дараа тооллого хийж байгаа нь байж болохгүй асуудал юм. Тухайн үед нь тоолоод зөв хүлээн авсан акт, нотломж бүх зүйлээ үйлдсэн. Гэтэл одоо Америкийн Нэгдсэн Улс дутуу ирүүлсэн, үнийг нь сольжээ гэж байгаа нь байж болохгүй асуудал.

Цэргийн төв эмнэлгээс 2018 онд эмнэлгийн халаад маш өндөр үнэтэй байна яагаад ийм өндөр үнэтэй юм бэ шалгаж өгөөч гэсэн санал хүсэлт ирүүлсний дагуу шалгалтын хэсэг гарч ажилласан. Гаалийн ерөнхий газраас Америкийн Нэгдсэн Улсаас ирүүлсэн тусламжийн барааг гаалиар оруулж ирэхэд бүрдүүлсэн гаалийн бүрдүүлэлтийг гаргуулан аваад үндэслэх баримт болгон ашигласан. Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамнаас ирүүлсэн баримтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийсэн байдаг. Инвойс гаалийн бүрдүүлэлт хоёр хоорондоо яг таарч байгаа. 2019 оны 07 дугаар сараас эхлэн гаалийн бүрдүүлэлтийг бичиг баримтыг 2016 онд комиссын хүлээн авсан акт, нотломжийн дагуу тулгаж үзсэн. Тулгалт хийхэд нэхэмжлэгч Р.А Г.П нартай хамт 1 сар сууж шалгасан. Тулгалт хийж дуусахад 109 сая төгрөгийн үнийн зөрүү гарсан. Үүнийг нягтлаад үзэхэд зарим барааны үнийг өсгөөд, зарим барааны үнийг бууруулаад нийт үнийг дүнг тааруулсан байдаг. Үүнийг Р.А Г.П нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гарсан зөрүүний талаар хэлтсийн дарга хурадаа н.Найданцэрэнд танилцуулж, дутуу орлогод авсан үнийн дүнд акт тогтоох болсон талаар Р.А Г.П нарт мэдэгдэж комиссын гишүүдэд хэлэх шаардлагатай гэхэд комиссын гишүүд утсаа авахгүй холбогдож чадахгүй байна гэсэн. Намайг залгахад утсаа авахгүй байсан учраас энэ талаар мессеж бичиж үлдээсэн. Р.А Г.П нар дутагдсан 109 сая төгрөгийн бараа материалыг Налайх дахь цэргийн ангийн агуулахад хадгалагдаж байгаа гэж хэлсэн. Ажлын хэсэг гарч агуулахад тооллого хийхэд хаана ч бүртгэл тооцоонд ороогүй 32 сая төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл гарч ирсэн. Энэ талаар Р.А Г.П нар тодорхой тайлбар өгч чадахгүй байсан. Уг агуулахаас 1 бүрийг нь 431.000 төгрөгөөр үнэлэсэн 109 ширхэг халаад гарч ирсэн. Тухайн үед миний бие улсын байцаагчийн эрхээ аваагүй байсан. Иймд улсын байцаагч Д.И хамтран акт үйлдсэн. Налайх дахь агуулахаас хаана ч бүртгэлгүй туламжаар ирсэн бараа бүтээгдэхүүн гарч ирсэн нь гаалийн баталгаат чинглэгээс гарч ирсэн эмнэлгийг хэргийг бүрэн бүртгэж аваагүй, дутуу бүртгэж авсан болохыг харуулж байна.

Акт тавих болсон гол үндэслэл маань Америкийн Нэгдсэн Улсын хүмүүнлэгийн тусламжаар ирүүлсэн эмнэлгийн хэрэгслийг хүлээн авсан комисс нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр эмнэлгийн бараа материал хүлээн авсан акт үйлдсэн байдаг. Уг актыг Америкийн Нэгдсэн Улсаас ирүүлсэн инвойс, Гаалийн бүрдүүлэлтийн мэдээлэлтэй тулгаж шалгасан. Бараа материалыг хүлээн авсан акт, нотломжид Америкийн Нэгдсэн Улсаас илүү болон дутуу ирүүлсэн талаар тэмдэглэл үйлдээгүй. Энэ талаар ямар нэгэн баримт байхгүй. Зөвхөн Америкийн Нэгдсэн Улсаас ирүүлсэн инвойс, Гаалийн бүрдүүлэлтийн мэдээлэллийн нийт дүнд тааруулж акт, нотломжоо үйлдсэн байсан. Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1247 тоот тусламжийн барааг хүлээн авах талаарх албан бичгийг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генарал Д.Д  хүргүүлсэн байдаг. Уг албан бичигт Америкийн Нэгдсэн Улсаас ирүүлсэн инвойсыг хавсарган 29 хуудас баримтыг хүргүүлсэн. Уг албан бичгийг гаалийн бүрдүүлэлтийн материалтай тулгаж үзэхэд бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ таарч байсан. Цэргийн төв эмнэлгийн 2018 оны жилийн эцсийн тооллогыг дүнг үндэслэн уг шалгалтыг хийх болсонтой холбогдуулан Цэргийн төв эмнэлэгт тооллого хийгээгүй. Зөвхөн Зэвсэгт хүчиний 310 дугаар ангийн нөөцийн агуулахад хадгалагдаж байгаа бараа бүтээгдэхүүнд тооллого хийсэн. Уг тооллогоор заримт бараа бүтээгдэхүүн нэмэгдэж гарч ирсэн. Энэ нь бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан комисс маань акт, нотломжоо бүрэн гүйцэд хийгээгүй, бараа материалыг дутагдуулсан байх үндэслэлтэй гэж үзсэн учраас актыг тогтоосон.

Америкийн Нэгдсэн Улсаас хүмүүнлэгийн тусламжаар ирүүлсэн бараа бүтээгдэхүүнийг тус улсын Элчин сайдын яамны ажилтнуудад үзүүлэн ийм бараа ирсэн, үүнээс эдгээр нь чанарын шаардлага хангахгүй байгаа учраас актлах гэж байгааг үзүүлэхийн тулд тухайн ажлын хэсгийн комисс Зэвсэгт хүчиний жанжин штабын Эрүүл мэндийн хэлтэстэй хамтран Зэвсэгт хүчний жанжин штабын хашаанд дэлгэн тавьж зарим бараа бүтээгдэхүүнийг харуулсан. Зэвсэгт хүчний 310 ангийн агуулахын нөөцөөс Зэвсэгт хүчний жанжин штабын хашаанд авч ирэхэд ачаа бараа зөөвөрлөгдөж байгаа. Энэ үед бараа бүтээгдэхүүн дутагдах, алдагдах эрсдэл байсан. Энэ нөхцөл байдлыг үнэлээд актаа тогтоосон. Бид эхлээд инвойс, анхан шатны баримтад тулгаж шалгасан. Бараа бүтээгдэхүүн буусны дараа хөдөлгөөн хийгдэж Зэвсэгт хүчний жанжин штабын хашаанд буусан. Магадгүй дутагдсан барааг тээвэрлэлт хийсэн машинд ачиж ангийн байрнаас гаргасан байхыг үгүйсгэх аргагүй гэж үзсэн байгаа.

Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

                                         ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч бараа материал дутагдуулсан эсэхийг шалгаж тогтоогоогүй, Зэвсэгт хүчний жанжин штабаас дахин тооллого хийхэд ямар нэгэн зөрчилгүй болох нь нотлогдсон байхад акт ногдуулсан нь хууль бус...” гэж тодорхойлсныг хариуцагч “...илэрсэн зөрчлийг хууль журмын хүрээнд шалгаж шийдвэрлэсэн, улсын байцаагчийн акт үндэслэлтэй...” гэж тайлбарлан бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Батлан хамгаалах яамны 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1б/1247 дугаар “Тусламжийн барааг хүлээн авах тухай” албан бичгийг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваад хүргүүлсэн байх бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/127 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Эмнэлгийн хэрэгсэл хүлээн авах ажиллагаа зохион байгуулах ажлын хэсгийг О.Б, Г.П, Р.А, Б.Б  , Д.Б  нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан,

Уг ажлын хэсэг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “АНУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн эмнэлгийн ор, цагаан хэрэглэл, цэвэрлэгээ үйлчилгээний хэрэгслийг хүлээн авсан тухай” актыг үйлдэж, 112 нэр төрлийн 1,670,866,429.68 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн табель хэрэгслийн жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, ашиглалтын хугацаа дууссан чанарын шаардлага хангахгүй 12 нэрийн 49,695,048.13 төгрөгийн эмнэлгийн хэрэгслийг устгах, 16 нэр төрлийн 41,388,141.79 төргөгийн ороох боох материал, табель хэрэгслийг зориулалтын бусаар ашиглахаар тогтоож хоёрдугаар хавсралтаар, нийт 1,761,949,619 төгрөгийн бараа материалын жагсаалт гаргасан,

Батлан хамгаалахын сайдын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “Тусламжийн барааг бүртгэлд авах тухай” тушаалаар 1,761,949,619 төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталж,  данс бүртгэлд авсан,

Цэргийн төв эмнэлгийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны 766 дугаар албан бичгээр Зэвсэгт хүчний 310 дугаар ангиас Цэргийн төв эмнэлэгт дамжуулан хүлээн авсан АНУ-ын тусламжийн хөрөнгөд хийсэн эхний хагас жилийн тооллогоор эд хариуцагч ахлах ахлагч Н.Э хариуцсан хөрөнгөнөөс 25 нэр төрлийн 81,821,412.03 төгрөгийн эд хөрөнгө дутагдсан тул бүрэн бүтэн байдлыг шалгуулах хүсэлтийг Батлан хамгаалахын сайд Н.Э д хүргүүлсэн,

Дээрх хүсэлтийн дагуу Батлан хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Батлан хамгаалахын хяналт шалгалтын хэлтсийн дарга улсын байцаагч Д.Н , санхүүгийн хяналт шалгалтын мэргэжилтэн Ж.А  нар хяналт шалгалт хийж 2019 оны 8 дугаар сард тэмдэглэл үйлдэж нэхэмжлэгч нарыг “...албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлж, 52 нэр төрлийн 109,792,810.16 төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл дутагдуулснаа санаатайгаар нууж 84 нэр төрлийн барааны нийт үнийн дүнг 432,954,126.70 төгрөгөөр өсгөж, 16 нэр төрлийн барааны нийт үнийн дүнг 323,161,316.50 төгрөгөөр бууруулан 1,761,949,619.83 төгрөгийн үнийн дүнтэй тааруулж комиссын акт үйлдсэн нь ашиглалтын шинжтэй байж болзошгүй үйлдэл гэж...” дүгнэсэн бөгөөд цаашид авах арга хэмжээний саналд “...ажлын хариуцлагыг дээшлүүлэх үүднээс холбогдох албан тушаалтнуудыг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Цэргийн сахилгын дүрэмд зааснаар сахилгын шийтгэл оногдуулах”-ыг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга А.Г  хариуцуулсан,

Батлан хамгаалах яамны улсын ахлах байцаагч Д.И , санхүүгийн хяналт шалгалтын мэргэжилтэн Ж.А  нар  2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар “Дутагдуулсан бараа, материалын үнийг нөхөн төлүүлэх тухай актаар “...зарим нэр төрлийн барааны үнийн дүнг өсгөж, бууруулан нийт үнийн дүнтэй тааруулж, 52 нэр төрлийн 109 792 810.16 төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл дутагдуулсан...” гэж дүгнэн, улмаар уг тооллогоор тухайн үед тоологдоогүй  барааг илрүүлэн түүний үнэ болох  36 282 035.61 төгрөгийг хасч үлдэх 74 111 366.80 төгрөгийг О.Б, Г.П, Р.А, Д.Б нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр тогтоосон болох нь тус тус тогтоогдож байна.

Харин, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны А/394 дүгээр тушаалаар “Тооллогын дүнг нягтлан тодруулах ажлын хэсэг”-ийг байгуулсан байх ба уг ажлын хэсгээс хийсэн тооллогын явцад, гаалийн мэдүүлэгтэй тулгахад дутагдсан гэх 52 нэр төрлийн 109 792 810.16 төгрөгийн бараа материалаас Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн Налайх дахь эмнэлгийн нөөцийн агуулахад хадгалагдаж байгаа бараа материалд дахин тооллого хийхэд 23 нэрийн 36 282 035.41 төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл нэмэлтээр тоологдсон гэж дурдан, улмаар тооллогын комиссын өгүүлбэр актаар “...эмнэлгийн хэрэгслийн тоо, ширхэгийн зөрүүтэй байдлаас үзэхэд АНУ-ын хүмүүнлэгийн тусламжийн сангаас 2016 онд Монгол Улсын Зэвсэгт хүчинд нийлүүлэгдсэн 19 чингэлэг тусламжийн эмнэлгийн хэрэгсэл нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №.U-ODC-16-043 дугаартай зарлагын баримтын тоо ширхэгийн дагуу ирүүлээгүй байна.” гэж дүгнэсэн, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.З-д “Засгийн газар, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны Засаг даргын хяналт шалгалт, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон мэргэжлийн хяналт, түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж, мөн хуулийн 31.1.1.”хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг хэлнэ гэж тус тус заасан.

Түүнчлэн уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д “Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана”, 5.9.2-т “улсын байцаагчийн санал, дүгнэлт”, 5.9.3-д “шалгуулагч этгээдийн санал, хүсэлт”, 5.10-д “Шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж  тус тус заажээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Батлан хамгаалахын хяналт шалгалтын хэлтсийн дарга, улсын байцаагч, хурандаа Д.Н , мэргэжилтэн Ж.А  нар зөрчил дутагдлыг илрүүлснийг улсын байцаагч Д.И хянаж...акт тогтоосон” гэсэн байх боловч хяналт шалгалтын тэмдэглэлд заасан ажиллагааг хийгээгүй.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Хяналт шалгалтын, 2019 оны 8 дугаар сард үйлдсэн гэх тэмдэглэл /өдрийг заагаагүй, дугааргүй/-д  “...хяналт шалгалтыг Батлан хамгаалах яамны улсын байцаагч, хурандаа Д.Н , Санхүүгийн хяналт шалгалтын мэргэжилтэн Ж.А  нар хийж гүйцэтгэв” гэсэн байгаа нь маргаан бүхий захиргааны акт болох 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Дутагдуулсан бараа материалын үнийг төлүүлэх тухай” акт гарах үндэслэл болсон баримт гэж үзэхээргүй байна.

Учир нь маргаан бүхий захиргааны актыг Улсын ахлах байцаагч Д.И болон Санхүүгийн хяналт шалгалтын мэргэжилтэн Ж.А  нар тогтоосон атал уг тэмдэглэлд Улсын байцаагч, хурандаа Х Ж.Анар хяналт шалгалт хийснээр дурдсан, Улсын ахлах байцаагч Д.И болон Санхүүгийн хяналт шалгалтын мэргэжилтэн Ж.Анар нь шалгалт хийхдээ тэмдэглэл үйлдээгүй байх тул 2019 оны 8 дугаар сард үйлдсэн гэх тэмдэглэл нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн актын үндэслэл болохгүй.

Иймд тухайн Хяналт шалгалтыг улсын байцаагчийн эрхгүй этгээд болох яамны мэргэжилтэн Ж.А гүйцэтгэж, тэмдэглэл үйлдэн, улмаар Улсын ахлах байцаагчийн актаар нэхэмжлэгч нарт төлбөр хариуцуулсан нь үндэслэлгүйн дээр уг шалгалтын бүрэлдэхүүнд ажиллаагүй, зөрчил илрүүлэхэд оролцоогүй этгээд болох Улсын ахлах байцаагч Д.И акт үйлдсэн нь  Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дээр дурдсан заалтууд болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “хяналт шалгалтыг....гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх”-ээр заасныг тус тус зөрчсөн гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн хариуцагч нар Улсын байцаагчийн акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар “...захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох” болон хуулийн  24.4-т заасан  “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасныг зөрчсөнөөс маргаан бүхий акт нь уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмыг зөрчсөн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нар тухайн үйл ажиллагаанд ямар ямар чиг үүрэгтэй оролцсон, уг тусламжийн бараа материалыг хүлээн авч, акт үйлдэхээс эхлээд тухайн бараа материалыг данс бүртгэлд тусгаж хүлээлгэн өгөх хүртэлх хугацааны яг аль үе шатанд нь уг бараа материал дутагдсан, уг дутагдал нь ямар учир шалтгаантай, хэний буруугаас ийнхүү дутагдсан болохыг хяналт шалгалтын явцад нарийвчлан шалгаж тогтоогоогүй атлаа “бараа материал дутагдуулсан” гэж дүгнэн, акт тогтоосныг зөвтгөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журмын 4.6-д “Бараа, бүтээгдэхүүний хэлбэрээр олгож байгаа гадаадын тусламжийн хөрөнгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирэх бүрт төрөл, тоо хэмжээ, үнэ, чанарыг хянан бүртгэж, төсөл хэрэгжүүлэгч гадаадын тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хүлээн авна” гэж заасан, Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийн газрын зэвсэг техникийн бодлого, гадаадын зээл тусламж хариуцсан ахлах мэргэжилтний албан үүргийг гүйцэтгэж байсан, хурандаа Ц.О нь дээр дурдсан ажиллагаанд төрийн захиргааны төв байгууллагыг төлөөлж оролцсон байхад шалгалтын явцад Ц.Огээс тодруулга аваагүй нь үндэслэлгүй, тэрээр шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...хүлээж авах ажиллагаанд оролцсон, энэ явцад бараа материал дутагдах үндэслэл байхгүй” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/127 дугаар тушаалын дагуу Эмнэлгийн хэрэгсэл хүлээн авах ажиллагаа зохион байгуулах ажлын хэсгийг О.Б, Г.П, Р.А, Б.Б  , Д.Б  нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байхад төлбөрийг 4 хувааж төлүүлэхээр шийдвэрлэхдээ “...Д.Б  ажлаасаа гарсан, хаана байгаа нь мэдэгдэхгүй, хаяг нь тодорхойгүй байсан тул бусад этгээдүүдэд хувааж хариуцуулсан” гэх тайлбар гаргаж байгааг хууль бус гэж шүүх дүгнэв.

Учир нь тухайн актаар нийт 17 нэр төрлийн бараа, материалыг дутагдуулсан гэж үзэж 74 111 366,80 төгрөгийн бараа материалын үнийг төлүүлэхээр шийдвэрлэхдээ ажлын хэсэгт орж ажилласан Д.Болормаагийн үйлдлийг нарийвчлан шалгаж тогтоолгүй нийт төлбөрийг нэхэмжлэгч О.Б, Г.П, Р.А, Б.Б   нарт 4 хувааж буюу Д.Б  ногдох төлбөрийн хэсгийг бусад 4 иргэнд хувааж хариуцуулсан нь ойлгомжгүй, хариуцагч нар хяналт шалгалтын үйл ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй гэж үзнэ.   

Иймд Батлан хамгаалах яамны Улсын ахлах байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар “Дутагдуулсан бараа, материалын үнийг нөхөн төлүүлэх тухай акт нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул уг актыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.2, 10 дугаар зүйлийн 10.12.2заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Б, Г.П, Р.А, Б.Б   нараас Батлан хамгаалах яам, тус яамны Улсын ахлах байцаагч Д.И улсын байцаагч Ж.А  холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Батлан хамгаалах яамны Улсын ахлах байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар “Дутагдуулсан бараа, материалын үнийг нөхөн төлүүлэх тухай актыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.Д