| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2024/0038/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/61 |
| Огноо | 2024-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/61
2024 03 07 2024/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч А.*****,
Шүүгдэгч А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овгийн *****ийн ****** холбогдох 2326002920008 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ******* суманд ****** оны **** дугаар сарын ****-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, регистрийн дугаар ******, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн ******* сумын *** дугаар багийн **** дугаар ********* тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, ***** овгийн *****ийн ******.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч А.Х нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний шөнө 03-04 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 903 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхарт хохирогч ******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний хагас булгарал, дух болон баруун нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөр хэсэгт цус хуралт, дагз хэсэгт хаван хавдар, баруун, зүүн гарын бугалга, зүүн шуу хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч ****** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө үүрийн 04 цагт би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13-р багийн 903-р байрны 22 тоотод хадмынхаа гэрт найз охин ******, найз ****** нарын хамт байж байхад хаалга чанга тогшоод байхаар нь найз охин ****** хаалга онгойлготол 21-25 орчим насны 2 залуу байж байсан. Тэгээд ямар учиртай хүмүүс болох талаар асуутал айл андуурсан байна гэж хэлсэн. Удалгүй орцонд чанга чимээ гаргаад байхаар нь ямар зорилготой хүмүүс яваад байгаа талаар харахад хоёр залуу нэг халзан толгойтой залуу шатан дээр сууж байсан. Нөгөө залуу нь хажууд нь зогсоогоороо байсан. Хоёулаа согтуу байсан. Тэгээд тэр хоёр залуутай маргалдаж босоод ирэхээр нь халзан толгойтой залуугийн хацар руу нь гараараа түлхсэн. Тэгтэл зөрүүлээд намайг цохисон. Намайг нэлээн зодсон. Манай найз ****** наад залуу чинь цагдаа гэж хэлээд салгах гэтэл халзан толгойтой залуугийн нөгөө залуу нь манай найзыг хорьсон. Тухайн үед би цохиулснаасаа болоод ухаан алдсан юм шиг болоод муужирсан юм шиг байна лээ. Би яг хэдэн удаа цохиулснаа сайн мэдэхгүй байна. Тухайн үед манай найз охин ****** болон ****** гэх найз маань сайн харсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9 хуудас),
Гэрч О.******жамцын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Манай найз ****** ээлжийн амралтаа авчихсан гэхээр нь тэдний гэрт очиж уулзсан. Би болон манай найз ******, түүний найз охин ****** бид гурав кино үзээд сууж байсан. 02 цагийн орчимд хаалга нүдээд байхаар нь найзын найз охин ****** хаалгаа тайлтал өөр хүний нэр хэлээд инээгээд байсан. ****** хаалга хаасны дараа би нойл руу орчихсон хойно ****** найз маань гараад явчихсан байсан. Тэгээд би араас нь гартал ****** зодчихсон ухаан алдсан байсан. Халзан толгойтой залуу, нэг жижиг залуу байсан. Манай найзыг газар унагаачихсан зодоод байсан. Тэгээд би салгах гэтэл нөгөө жижиг залуу нь намайг хориод байсан. Энэ хоёр учраа олог ээ ахаа гэж хэлсэн. Тухайн үеийг харсан. Манай найз ****** нүүр нэл цус болсон байсан. Цус нь тогтохгүй футболкоор нь арччихсан. Цустай футболк нь байгаа” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11 хуудас),
Гэрч ******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2023 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө найз А.Хтай хамт Хархорин өргөө байр луу айлд очих гээд явж байсан. Тэгээд очих айлын орцыг андуурч ороод айлын хаалга нүдсэн. Очих ёстой айл маань Хархорин өргөө гэх байрны өөдөөс нь харсан байрны таван давхарт- байсан. Айлын хаалга андуураад ****** байна уу? гэж асуухад нэг эгч гарч ирснээ тийм хүн байхгүй гээд хаалгаа хаасан. Тэгээд айл андуурсан юм байх гэж бодоод орцны шатан дээр нөгөө очих айлын ****** руу чат бичээд сууж байтал тогшсон хаалганаас нэг залуу гарч ирээд “манай эхнэр дээр ирдэг хэн бэ бацаанууд минь” гэж хэлсэн. “Үгүй ээ ахаа, эхнэр дээр чинь ирээгүй, айл андуурсан байна” гэж хэлсэн. Тэгтэл ямар ч юм яриулахгүй уурлаад манай найз А.Хыг нүүр рүү нь нэг удаа цохисон. Манай найз нүүр рүү нь зөрүүлж нэг удаа цохисон. Тэгээд нөгөө ах газарт унасан. Газарт унасан байх үед нь дээрээс нь нүүр хэсэг рүү нь хоёр удаа алгадсан. Тэр ахтай бас нэг хүн гарч ирсэн. Хамт байсан гэх ах нь буцаад гэр лүүгээ гүйгээд орчихсон. Би газарт унасан ахыг босгоод “одоо гэртээ ороо ахаа” гэж хэлэхэд эхнэр нь гарч ирээд аваад орсон. ****** бид хоёр хүн тус бүрийн нэг нэг лаазтай Сэнгүр гэх пиво уусан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 хуудас),
Гэрч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Арвайхээр сумын 13-р багийн 903 дугаар байрны 5 давхар 22 тоотод байх гэртээ ****** болон түүний найз О.****** нарын хамт амрах гээд байж байтал шөнө 03-04 цагийн үед хаалга тогшсон. Би хаалга тайлтал ****** билүү, Туул билүү тийм хүний нэр хэлээд тэр айл мөн үү гээд асуусан. Тэгэхээр нь “тийм айл байхгүй. Манай орцонд гурван л айл байдаг. Хоёр айл нь эзэнгүй байна” гэж хэлээд хаалгаа хаасан. Орцонд утсаар яриад шуугилдаад байхаар нь ****** гарсан. “Яагаад ингээд шуугилдаад байгаа юм бэ? Тийм айл байхгүй гэж хэлж байна шүү дээ” гэхэд тэр хоёр залуу согтуу байсан. Одоо яв гэж хэлэхэд нөгөө хоёр залуу хэрүүл хийгээд ****** нөгөө хоёр залуугаас “******ыг таньдаг юм уу” гэж хэлээд зодоон хийж эхэлсэн. Эхлээд халзан толгойтой залуу нь эхлээд ****** гараараа толгой хэсэг рүү нь цохисон. Тэгээд ****** шалан дээр доош харж унасан. Унасан байхад нь гараараа хэд хэдэн удаа цохисон. ****** дух хэсгээс цус гарч орцны шалан дээр цус болсон байсан. Тэгээд ****** гэх найз нь салгах гээд очоод чих рүүгээ цохиулаад гэр лүү гүйгээд ороод ирсэн. Тэгэхээр нь би ******г загнаад “нэгийгээ алууллаа гараач” гэж хэлсэн. Тэгээд ****** гараад би араас нь гараад салгах гэтэл нөгөө хоёр залуугийн нэг нь “эмэгтэй хүнд гар хүрмээргүй байна. Цаашаа байгаарай” гэж хэлсэн. Тэгээд л араас нөгөө хоёр залуу гараад явсан. ****** бид хоёр үерхдэг. ****** буцаж орж ирж надтай энэ хоёрыг таньдаг юм уу гэж хэрүүл хийчихээд гараад явсан. Тухайн үед хамт байсан учраас гэмтлийг нь сайн мэдэж байгаа. Хөмсөг дээд хэсэгт 2 оёдол, баруун нүдний зовхинд 1 оёдол, толгойн дагз хэсэгт хавдсан, босч явахаар толгой эргэж явж чадахгүй байсан. ****** өдөр нь айраг уусан байсан, найз ****** гэх залуу ирснээс хойш 2 лааз пиво уусан байсан. Согтсон зүйл байхгүй байсан. Тэр 2 залуу согтсон байсан. Та хоёр уучихсан байна ш дээ гэхэд угаасаа уусан байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28 хуудас),
Гэрч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би он сарыг нь бол санахгүй байна. Манай хүү шүдээ хугалуулсан өдрийнхөө өмнөх орой найзтайгаа уулзана гээд гэрээсээ гарсан. Тэгээд маргааш өглөө нь харахад урд үүдэн шүднийх нь нэг нь хугарсан байсан. Яасан талаар асуухад манай нэг найз намайг дуудсан юм. Манай найзынх 5 давхарт байдаг. Тухайн байрны 5 давхарт гараад байж байсан чинь нэг хаалганд хүмүүс яриад байсан. Тэгэхээр нь тэр хаалгыг нүдсэн чинь дотроос нь нэг эмэгтэй хүн гарч ирээд айл андуурсан байна гэж хэлсэн. Тэгээд очих гэж байсан айлаа асуугаад шатан дээр нь сууж байсан чинь хаалгыг нь нүдсэн айлаас 1 эрэгтэй хүн гарч ирээд манай эхнэр дээр ирлээ гэж хэлээд хоорондоо хэрүүл маргаан хийгээд зодолдоод шүдээ хугалсан гэж хэлсэн. Энэ үйл явдал болохоос өмнө бол манай хүү ****** шүдээ хугалж байгаагүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 47-48 хуудас),
Гэрч ******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би он сарыг нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр л байх би гэртээ байж байхад танихгүй хүн агсам тавиад байхаар нь ****** луу утсаар залгаад “манай гэрийн хаалгыг хүн тогшоод агсам тавиад байна. Чи ирээд гаргаад өгөөч” гэж хэлсэн. А.Х хаягийг нь андуурчихлаа гэж хэлээд манай гэрийг надаар заалгаад ирсэн. Ирэх үед нь нөгөө агсам тавиад байсан хүн яваад өгсөн байсан. ****** манай гэрт ирэхдээ найз ******ийн хамтаар ирсэн. Ирээд шатан дээр уулзчихаад яваад өгсөн. Ирсэн үедээ танай гэрийг андуурч өөр байрны 5 давхарт гарч айл тогшоод хүнтэй муудалцсан гэж хэлж байсан. ...Над дээр ирээд айл андуураад хүнтэй муудалцсан талаараа бол хэлсэн. Тэрнээс ****** шүд гэмтсэн тадаар ямар нэг зүйл хэлж яриагүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 54-55 хуудас),
Шинжээч эмч М.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолын дагуу тухайн өдрөө буюу 2023 оны 08 дугаар сарын 30-ны 11 цаг 32 минутад магадлуулагч А.Хын биед шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох үзлэгийг өөрийн биеэр хийсэн. Үзлэгээр А.Хын биед баруун дээд үүдэн 11 дүгээр шүдний эмтрэл, духанд сорви гэмтлүүд тогтоогдсон. Тухайн үед магадлуулагч А.Х нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дүрс оношилгооны хариу авч ирсэн. Магадлуулагч А.Хын биед учирсан баруун дээд үүдэн 11 дүгээр шүдний эмтрэл гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин духанд учирсан сорви гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй хуучин гэмтэл байсан. Цаг хугацааг нарийвчлан тогтоох шинж тэмдгүүд арилсан байсан бөгөөд нотолсон эмнэлгийн бичиг баримт байгаагүй. Үзлэг хийх үед магадлуулагч А.Хын эмтэрсэн шүдний ойр орчмын эдэд /буйл, уруулд/ гэмтэл тогтоогдоогүй. Мохоо хүчин зүйл гэдэг нь хавтгай, гөлгөр, хязгаарлагдсан гадаргуутай хатуу биетүүдийг хэлнэ. Олон удаагийн гэдэг нь 2 буюу түүнээс дээш үйлдлийг ойлгоно. Уг гэмтэл нь цохих, унах, өшиглөх, мөргөх зэрэг тохиолдлуудад үүсэх боломжтой. Нарийн тогтоох боломжгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 58-60 хуудас),
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 413 дугаартай “...1. Үзүүлэгч ****** биед тархи доргилт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний хагас булгарал, дух болон баруун нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөр, хэсэгт цус хуралт /хаван хавдар/, дагз хэсэгт хаван хавдар, баруун, зүүн гарын бугалга, зүүн шуу хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь өнгө, тогтоц, шинж байдлаараа нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой тул тус тус гэмтлийн зэрэг тогтоох шаардлагагүй.
3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
5. Дээрх гэмтлүүд нь өнгө, тогтоц, шинж байдлаараа нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
6. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно.” гэсэн дүгнэлт (хх-ийн 18-20 хуудас),
Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 463 дугаартай “...1. Үзүүлэгч А.Хын биед баруун дээд үүдэн 11 дүгээр шүдний эмтрэл, духанд сорви гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хх-ийн 24-26 хуудас) 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 29-30 хуудас) зэрэг болно.
1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч А.***** шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч А.Х нь 2023 оны 8 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 903 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхарт хохирогч ******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний хагас булгарал, дух болон баруун нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөр, хэсэгт цус хуралт, дагз хэсэгт хаван хавдар, баруун, зүүн гарын бугалга, зүүн шуу хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч А.Х “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч А.Хт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Х 2023 оны 08 дугаар сарын 09-ний шөнө 03-04 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн **** дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхарт хохирогч ******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний хагас булгарал, дух болон баруун нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөр хэсэгт цус хуралт, дагз хэсэгт хаван хавдар, баруун, зүүн гарын бугалга, зүүн шуу хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч ****** “...2023 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө үүрийн 04 цагт би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13-р багийн 903-р байрны 22 тоотод хадмынхаа гэрт найз охин ******, найз ****** нарын хамт байж байхад хаалга чанга тогшоод байхаар нь найз охин ****** хаалга онгойлготол 21-25 орчим насны 2 залуу байж байсан. Тэгээд ямар учиртай хүмүүс болох талаар асуутал айл андуурсан байна гэж хэлсэн. Удалгүй орцонд чанга чимээ гаргаад байхаар нь ямар зорилготой хүмүүс яваад байгаа талаар харахад хоёр залуу нэг халзан толгойтой залуу шатан дээр сууж байсан. Нөгөө залуу нь хажууд нь зогсоогоороо байсан. Хоёулаа согтуу байсан. Тэгээд тэр хоёр залуутай маргалдаж босоод ирэхээр нь халзан толгойтой залуугийн хацар руу нь гараараа түлхсэн. Тэгтэл зөрүүлээд намайг цохисон. Намайг нэлээн зодсон. Тухайн үед би цохиулснаасаа болоод ухаан алдсан юм шиг болоод муужирсан юм шиг байна лээ. Би яг хэдэн удаа цохиулснаа сайн мэдэхгүй байна. Тухайн үед манай найз охин ****** болон ****** гэх найз маань сайн харсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9 хуудас),
Гэрч О.******жамцын "... Манай найз ****** ээлжийн амралтаа авчихсан гэхээр нь тэдний гэрт очиж уулзсан. Би болон манай найз ******, түүний найз охин ****** бид гурав кино үзээд сууж байсан. 02 цагийн орчимд хаалга нүдээд байхаар нь найзын найз охин ****** хаалгаа тайлтал өөр хүний нэр хэлээд инээгээд байсан. ****** хаалга хаасны дараа би нойл руу орчихсон хойно ****** найз маань гараад явчихсан байсан. Тэгээд би араас нь гартал ****** зодчихсон, ухаан алдсан байсан. Халзан толгойтой залуу, нэг жижиг залуу байсан. Манай найзыг газар унагаачихсан зодоод байсан. Тэгээд би салгах гэтэл нөгөө жижиг залуу нь намайг хориод байсан. Энэ хоёр учраа олог ээ ахаа гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11 хуудас),
Гэрч ******ийн "... 2023 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө найз А.Хтай хамт Хархорин өргөө байр луу айлд очих гээд явж байсан. Тэгээд очих айлын орцыг андуурч ороод айлын хаалга нүдсэн. ...Айлын хаалга андуураад “****** байна уу” гэж асуухад нэг эгч гарч ирснээ “тийм хүн байхгүй” гээд хаалгаа хаасан. Тэгээд айл андуурсан юм байх гэж бодоод орцны шатан дээр нөгөө очих айлын ****** руу чат бичээд сууж байтал тогшсон хаалганаас нэг залуу гарч ирээд “манай эхнэр дээр ирдэг хэн бэ бацаанууд минь” гэж хэлсэн. “Үгүй ээ ахаа, эхнэр дээр чинь ирээгүй, айл андуурсан байна” гэж хэлсэн. Тэгтэл ямар ч юм яриулахгүй уурлаад манай найз А.Хыг нүүр рүү нь нэг удаа цохисон. Манай найз нүүр рүү нь зөрүүлж нэг удаа цохисон. Тэгээд нөгөө ах газарт унасан. Газарт унасан байх үед нь дээрээс нь нүүр хэсэг рүү нь хоёр удаа алгадсан. Тэр ахтай бас нэг хүн гарч ирсэн. Хамт байсан гэх ах нь буцаад гэр лүүгээ гүйгээд орчихсон. Би газарт унасан ахыг босгоод “одоо гэртээ ороо ахаа” гэж хэлэхэд эхнэр нь гарч ирээд аваад орсон.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 хуудас),
Гэрч ******ын “...2023 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Арвайхээр сумын 13-р багийн 903 дугаар байрны 5 давхар 22 тоотод байх гэртээ ****** болон түүний найз О.****** нарын хамт амрах гээд байж байтал шөнө 03-04 цагийн үед хаалга тогшсон. Би хаалга тайлтал “****** билүү, Туул билүү, тийм хүний нэр хэлээд тэр айл мөн үү” гээд асуусан. Тэгэхээр нь “тийм айл байхгүй. Манай орцонд гурван л айл байдаг. Хоёр айл нь эзэнгүй байна” гэж хэлээд хаалгаа хаасан. Орцонд утсаар яриад шуугилдаад байхаар нь ****** гарсан. Одоо яв гэж хэлэхэд нөгөө хоёр залуу хэрүүл хийгээд ****** нөгөө хоёр залуугаас “******ыг таньдаг юм уу” гэж хэлээд зодоон хийж эхэлсэн. Эхлээд халзан толгойтой залуу нь эхлээд ****** гараараа толгой хэсэг рүү нь цохисон. Тэгээд ****** шалан дээр доош харж унасан. Унасан байхад нь гараараа хэд хэдэн удаа цохисон. ****** дух хэсгээс цус гарч орцны шалан дээр цус болсон байсан. ...Тухайн үед хамт байсан учраас гэмтлийг нь сайн мэдэж байгаа. Хөмсөг дээд хэсэгт 2 оёдол, баруун нүдний зовхинд 1 оёдол, толгойн дагз хэсэгт хавдсан, босч явахаар толгой эргэж явж чадахгүй байсан.. ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24 хуудас),
Гэрч ******ы “...Би он сарыг нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр л байх, би гэртээ байж байхад танихгүй хүн агсам тавиад байхаар нь ****** луу утсаар залгаад манай гэрийн хаалгыг хүн тогшоод агсам тавиад байна. Чи ирээд гаргаад өгөөч гэж хэлсэн. А.Х хаягийг нь андуурчихлаа гэж хэлээд манай гэрийг надаар заалгаад ирсэн. Ирэх үед нь нөгөө агсам тавиад байсан хүн яваад өгсөн байсан. ****** манай гэрт ирэхдээ найз ******ийн хамтаар ирсэн. Ирээд шатан дээр уулзчихаад яваад өгсөн. Ирсэн үедээ танай гэрийг андуурч өөр байрны 5 давхарт гарч айл тогшоод хүнтэй муудалцсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 54-55 хуудас),
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 413 дугаартай “...1. Үзүүлэгч ****** биед тархи доргилт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний хагас булгарал, дух болон баруун нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөр хэсэгт цус хуралт /хаван хавдар/ дагз хэсэгт хаван хавдар, баруун, зүүн гарын бугалга, зүүн шуу хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь өнгө, тогтоц, шинж байдлаараа нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой тул тус тус гэмтлийн зэрэг тогтоох шаардлагагүй.
3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
5. Дээрх гэмтлүүд нь өнгө, тогтоц, шинж байдлаараа нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
6. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно.” гэсэн дүгнэлт (хх-ийн 18-20 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч А.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч А.Хын хохирогч ****** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч А.Хт холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч ****** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч А.Х нь бусдад төлөх төлбөргүй байна.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч А.***** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч А.Х “Би 4 дүгээр сард тэмцээнд явах гэж байгаа. Нийтэд тустай ажил хийлгэх ялаас өөр торгуулийн арга хэмжээ авч өгнө үү” гэсэн.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч А.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч А.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон шүүх хуралдааны оролцогч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар зааснаар шүүгдэгч А.Хт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ****** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овгийн *****ийн ******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар зааснаар шүүгдэгч А.Хт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч А.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ****** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ