| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2024/0046/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/78 |
| Огноо | 2024-04-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,
Шинжээч эмч М.Одгэрэл,
Шүүгдэгч Ч.З, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овгийн ******** Загарзүсэмд холбогдох 2326003400003 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.ззэёз
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1982 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 42 настай, регистрийн дугаар ЙВ82021019, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ******** сумын 5 дугаар багийн Цавын ихэр гэж газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******** овгийн ******** Загарзүсэм.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.З нь Өвөрхангай аймгийн ******** сумын 5 дугаар багийн нутаг “Гаагийн худаг” гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагийн үед хохирогч ********ыг “дуудахад ирсэнгүй” гэх шалтгаанаар зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун мөр эргүүлэгч шөрмөс, булчингийн урагдал суналт, атгаалын тогооны ар дээд гадаргууд хугарал /Хилл-Сакс гэмтэл/, далны тогооны лабрум хугарал /Банкартын гэмтэл/, баруун нүдний ухархайн дотно хана элхэгийн хөндий рүү цөмөрсөн бороо үүсээгүй хугарал, тархи доргилт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.З шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би ********оос юм асуух гээд амдаад очиход хажуугаар давхиад явчихсан. Тэгээд би араас нь худаг дээр очсон. Би тэгэхдээ дуугүй байгаагүй юм. Монгол хүн байж дуудахаар ирэхгүй гэж хэлсэн. Тэгээд би цаашаа явж байхад араас утсаар бичлэг хийгээд байсан. Тэгэхдээ бас дуугүй байгаагүй “том болчихсон юм уу, ямар овоо болсон юм бэ” гэсэн. Тэгээд би ********той заамдалцаж аваад хажуу тийшээ давхар унасан. Тэгээд орхисон. Өөрөөр гар хөлөөрөө өшиглөөд, өргөж шидсэн зүйл байхгүй. 07 дугаар сарын эхээр манайх нүүж ирэхэд ********ын гар сойлттой байсан. 08 дугаар сар хүртэл гар нь сойлттой байсан. Үүнийг манай нутгийнхан бүгд мэдэж байгаа. 22-ны өдөр адуучны тэмцээн болоход гар нь бас л сойлттой байсан. ...Бид хоёрын дунд таагүй байдал үүсээгүй. Өмнө нь таагүй харилцаа үүсгэж байсан зүйл байхгүй. Би мал сурах гэж дуудсан. Эхнэр нь манай нутгийн хүн биш. ********ын эхнэр нь манай өвөлжөөн дээр буучихсан байсан. Тэгээд нүүгээрэй гэж өмнө нь хэлж байсан. Манай өвөлжөөн дээр саравч бариад болохгүй байсан юм. Тэрнээс дургүй хүрээд нүүгээрэй гэж хэлсэн. Гол маргаан тэрнээс үүссэн байж магадгүй. Гэхдээ тухайн өдөр дуудаад ирсэнгүй гэх шалтгаанаас болж л маргалдсан. Хүндэвтэр гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй, одоо хөнгөрч л байвал хүлээн зөвшөөрнө. Хохирол төлнө. Дуудаад ирэхгүй болохоор нь би очсон. Тэгээд бид хоёр заамдалцаж аваад хажуу тийшээ ууцаар нь унагасан. Зүүн хацар луу нь алгадсан. Дээрээс нь зодсон зүйл байхгүй. Тэгээд утсыг нь аваад бичлэгийг нь үздэг юм уу гэж байгаад больсон. Тархи доргилтыг зөвшөөрнө, мөрний гэмтлийг зөвшөөрөхгүй” гэв.
Шинжээч эмч М.Одгэрэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....Шинжээчийн дүгнэлт дээр би өөрөө нэрээ бичсэн. Шүүхийн шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгэх журмын 9 дүгээр зүйлд зааснаар шинжилгээ хийх тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас шинжээчийг томилдоггүй. Шинжилгээний байгууллагын дарга шинжээчийн ажлын ачаалал, мэдлэг боловсрол, цол зэргийг харгалзан шинжээчийг томилдог. Тийм учраас тухайн шинжээч томилсон тогтоолыг хоосон ирүүлдэг. Тэгээд манай байгууллагын дарга 9 дүгээр зүйлд зааснаар хуваарилалт хийж шинжээчийг томилдог. ...Манайхаас эрх бүхий албан тушаалтны тогтоол, шийдвэр, хүсэлт дээр заагдсан хугацаанд шинжээчийн дүгнэлтийг гаргах үүрэгтэй байдаг. Тухайн прокурорын тогтоолд 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дотор шинжилгээг хийхийг даалгасан үүрэг өгсөн учраас тухайн өдөр илүү цагаар сууж дүгнэлтийг гаргасан. ...Далны тогооны лабрум урд доод лабрум хөндлөн хэлбэрийн дефекттэй буюу Bankart lesion сэжиглэнэ гэсэн. Энэ Bankart lesion нь Hill Sacks /Хилл-сакс/ гэмтэлтэй яах аргагүй нэг явагддаг гэмтэл. Үүнийг мөгөөрсний хугарал гэж үзэж байгаа. Учир нь 2.3.1-д зааснаар яагаад хүндэвтэр гэмтэлд хамааруулсан бэ? гэхээр тухайн гэмтлийн эдгэрэлтийн хугацаа, эмчилгээний тактик, хэрэг болсон цаг хугацаа зэргийг уялдуулж энэ дүгнэлтийг хүндэвтэр зэрэглэлд хамааруулсан байгаа. ... Нүдний ухархайн гэмтэл нь Мэд траума эмнэлэгт 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн толгойн компьютер томографийн шинжилгээнд гарсан. Э.Хүрэлсүх эмчийн дүгнэлт дээр рентген шинжилгээгээр гарсан гэж бичсэн байгаа. Рентген шинжилгээ нь анхан шатны шинжилгээ. Үүний лавлагаа шинжилгээ нь толгойн компьютер томографийн шинжилгээ байгаа. Тухайн хугарал нь Э.Хүрэлсүх эмчийг шинжилгээ хийх үед буюу анхан шатны рентген шинжилгээ хийхэд харагдахгүй байх боломжтой. Дээр нь хэрэг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болсон. Тухайн дүгнэлт над дээр 12 дугаар сарын 18-ны өдөр ирсэн. Энэ компьютер томографийн шинжилгээг 11 дүгээр сарын 15-ны өдөр хэрэг болсноос хойш 16 хоногийн дараа компьютер томографийн шинжилгээг хийлгэсэн. Энэ үед элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал маань бороо үүсээгүй байсан. Энэ бороо үүсээгүй гэдэг маань өөрөө шинэ гэмтэл гэдгийг баталж байгаа. Хэрэв энэ гэмтэл хуучин, эсхүл хэрэг болохоос 1, 2 сарын өмнө үүссэн бол бороо үүсчихсэн, эсхүл бороо үүсээд хатуурсан байна гэх өөр дүгнэлт гарах байсан учраас үүнийг шинэ гэмтэл гэж тухайн хэргийн цаг хугацаагаар тодорхойлсон. ...Хилл-сакс болон банкартын гэмтэл нь далны тогооны хэсэгт атгаалын тогоо сууж өгдөг. Үүний ар талаас нь маш хүчтэй үйлчлэл үзүүлэх буюу үүрч шидэх, дал, гараа дарж унах зэрэгт энэ гэмтэл нь мөрний мултралтай хавсарч үүсдэг. Энэ гэмтэл нь мөр мултарсан хүн болгонд үүсээд байдаггүй маш ховор тохиолдолд үүсдэг гэмтэл. Ар талаасаа урагш чиглэлтэй үүсдэг гэмтэл. Унах, цохих зэрэг мохоо хүчин зүйлийн ямар ч үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Хажуугаараа тухайн хүн унах үед далан доор нь гадны биет мөрний үед тээглэх, эсхүл гараа эвгүй дарж унах зэрэгт үүснэ. Архаг гэхээрээ дөрвөн долоо хоногоос дээш хугацаанд үүсгэгдсэн гэж үзэж байгаа. Хилл-сакс дээрээ архаг гэж байгаа. Харин банкарт дээр архаг гэж байхгүй. Гэхдээ Хилл-сакс, банкарт хоёр нь хоорондоо яах аргагүй уялдаа холбоотой үүсдэг гэмтэл. Дангаараа үүсэхгүй. Тухайн механизмын хувьд хоорондоо уялдаа холбоотой үүсдэг гэмтлүүд байгаа учраас нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд гэж үзсэн” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч ********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******** сумын 5 дугаар баг “Гаагийн худаг” гэх газар луу явж байхад Ч.З даллаад байхаар нь би очилгүй худаг дээр очсон. Худаг дээр ирээд байж байхад Ч.З хүрээд ирсэн. Ирэнгүүтээ “чи дуудаад байхад зогсдоггүй яасан овоо пизда вэ” гэж хэлээд миний толгой, баруун, зүүн шанаа руу 4-5 удаа цохиод намайг өргөж байгаад газар шидээд миний баруун дал хэсэг, толгой хэсэг рүү өшиглөөд бас дээрээс дэвсээд байсан. Яг хэдэн удаа өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Зодоод л байсан. Тэгээд салаад Ч.З мотоцикл унаад яваад өгсөн. Би дараа нь босоод мотоциклоо унаад гэр лүү явсан. Би Ч.Зд гар хүрээгүй. ...2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ч.З эхнэртэйгээ ирээд намайг хаагуур явав гэхээр нь гол ороод малаа усалчихаад ирлээ хө гэсэн. Тэгтэл Ч.З эхнэр чинь хаана байна гэхээр нь гэртээ байгаа гэсэн. Тэгтэл Ч.З “чи ямар овоо пизда вэ, чамайг ална” гээд байсан. Тухайн зодуулдаг өдөр Ч.Зийг даллахаар нь би айгаад очоогүй юм. Би Ч.Зд өр авлага, өс хонзонтой зүйл байхгүй. Манай хамтран амьдрагч Отгонтуяатай бууцны маргаантай байдаг юм шиг байсан. Миний далны хэсэгт цуурсан, далны толгой хажуу хэсэгтээ эмтэрч мултарсан байсан. Толгой өвдөөд байгаа. Өөр ямар нэгэн өвдсөн зүйл байхгүй. Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зүйл байхгүй. Ч.З надад ямар нэгэн хохирол төлбөр өгөөгүй. Тухайн үед би архи уугаагүй байсан. Харин Ч.Зийг архи уусан байсан үгүйг мэдэхгүй байна. Тухайн үед Ч.З бид хоёр байсан. Эрүүл мэндийн даатгалаас ямар нэгэн хөнгөлөлт эдлээгүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулан авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-15 хуудас),
Гэрч ********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн орчимд ******** мал услахаар яваад 12 цаг 50 минутын орчимд ирсэн. Тэгээд эмнэлэг ороод цагдаа дуудсан. ******** малаа усалчихаад мотоциклоороо ирсэн. Ирэхдээ их аажуу солгой гараараа бариад ирсэн. ******** өмнө нь 2023 оны 04 дүгээр сард ямаа самнаж байх үеэр мотоциклоосоо унаад зүүн гараа гэмтээгээд эмчлүүлж байсан гэсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 593 дугаартай дүгнэлт (хх-ийн 22-24 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 40 дугаартай нэмэлт материалаар шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн дүгнэлт (хх-ийн 99-103 хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 хуудас),
Хохирлын баримтууд (хх-ийн 59-64 хуудас),
Өвөрхангай аймгийн ******** сумын 5 дугаар багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 210 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 45, 49-50 хуудас),
Хохирогч ********ын “Med trauma” эмнэлэгт 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийлгэсэн толгойн компьютерт томографийн шинжилгээний хариу, баруун мөрний үений соронзон резонанст томографи шинжилгээний хариу (хх-ийн 66, 68 хуудас),
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай “Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай” тогтоол (хх-ийн 86 хуудас) зэрэг болно.
1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгч Ч.Зд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Ч.З нь Өвөрхангай аймгийн ******** сумын 5 дугаар багийн нутаг Гаагийн худаг гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн үед хохирогч ********ыг “дуудахад ирсэнгүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь баруун мөр эргүүлэгч шөрмөс, булчингийн урагдал суналт, атгаалын тогооны ар дээд гадаргууд хугарал, далны тогооны лабрум хугарал, баруун нүдний ухархайн дотно хана элхгийн хөндий рүү цөмөрсөн бороо үүсээгүй хугарал, тархи доргилт гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч ********ын мэдүүлэг, гэрч ********гийн мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 593 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 40 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.Зийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Түүний бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь хохирогчийн биед учирсан хохиролтой шалтгаант холбоотой болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байгаа учраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Ч.Зд холбогдох хэргийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй холбоотойгоор тусгайлан гаргах санал байхгүй. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах нь зүйтэй гэсэн саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчид 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл гарсан эмчилгээ болон шатахуун, унааны зардалд гарсан зардлыг хавтаст хэрэгт хавсаргасан баримтаар нэхэмжилж байгаа. Өөрөөр хэлбэл нийт үнийн дүнгээрээ 1,124,716 төгрөгийг нотлох баримтаар хавсаргалсан учраас энэ хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Ч.З нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн орчимд хохирогч ********той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр давхар тогтоогдож байна гэж ойлгож байна. Гэмтлийн талаар эргэлзээтэй зүйл байсан учраас нөхцөл байдлуудыг тодруулахаар холбогдох хүсэлт, гомдлуудыг гаргаж шийдвэрлүүлсэн. Тэрнээс биш хэргийн зүйлчлэлийг заавал хөнгөрүүлэх гэсэн зүйл байхгүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч эмч өөрийн биеэр оролцож дүгнэлтийнхээ үндэслэл, гэмтлийн эдгэрэх хугацаа, шинж байдлыг танилцуулснаас үзэхэд тухайн гэмтэл нь тухайн үед үүссэн байх боломжтой нөхцөл байдал байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Ч.Зийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохиролтой холбоотой асуудлыг мөн шийдэх ёстой. Хохиролтой холбоотой баримтуудыг дэлгэрэнгүй нэг бүрчлэн танилцуулсан учраас шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь нотлох чадварыг харж хохирлыг гаргуулах нь зүйтэй байна. Энэ холбогдох хохирлыг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулна гэдгээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт илэрхийлсэн учраас шүүхээс тогтоосон төлбөрийг төлнө гэсэн байр суурьтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ч.З “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Ч.Зд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.З нь Өвөрхангай аймгийн ******** сумын 5 дугаар багийн нутаг Гаагийн худаг гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн үед хохирогч ********ыг “дуудахад ирсэнгүй” гэх шалтгаанаар зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун мөр эргүүлэгч шөрмөс, булчингийн урагдал суналт, атгаалын тогооны ар дээд гадаргууд хугарал /Хилл-Сакс гэмтэл/, далны тогооны лабрум хугарал /Банкартын гэмтэл/, баруун нүдний ухархайн дотно хана элхэгийн хөндий рүү цөмөрсөн бороо үүсээгүй хугарал, тархи доргилт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.З нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ч.Зийн “...Би ********оос юм асуух гээд амдаад очиход хажуугаар давхиад явчихсан. Тэгээд би араас нь худаг дээр очсон. Би тэгэхдээ дуугүй байгаагүй юм. Монгол хүн байж дуудахаар ирэхгүй гэж хэлсэн. Тэгээд би цаашаа явж байхад араас утсаар бичлэг хийгээд байсан. Тэгэхдээ бас дуугүй байгаагүй “том болчихсон юм уу, ямар овоо болсон юм бэ” гэсэн. Тэгээд би ********той заамдалцаж аваад хажуу тийшээ давхар унасан. Тэгээд орхисон. Өөрөөр гар хөлөөрөө өшиглөөд, өргөж шидсэн зүйл байхгүй. Бид хоёр заамдалцаж аваад хажуу тийшээ ууцаар нь унагасан. Зүүн хацар луу нь алгадсан. Дээрээс нь зодсон зүйл байхгүй. Тэгээд утсыг нь аваад бичлэгийг нь үздэг юм уу гэж байгаад больсон. Тархи доргилтыг зөвшөөрнө, мөрний гэмтлийг зөвшөөрөхгүй” гэсэн мэдүүлэг,
Шинжээч эмч М.Одгэрэлийн “....Далны тогооны лабрум урд доод лабрум хөндлөн хэлбэрийн дефекттэй буюу Bankart lesion сэжиглэнэ гэсэн. Энэ Bankart lesion нь Hill Sacks /Хилл-сакс/ гэмтэлтэй яах аргагүй нэг явагддаг гэмтэл. Үүнийг мөгөөрсний хугарал гэж үзэж байгаа. Учир нь 2.3.1-д зааснаар яагаад хүндэвтэр гэмтэлд хамааруулсан бэ? гэхээр тухайн гэмтлийн эдгэрэлтийн хугацаа, эмчилгээний тактик, хэрэг болсон цаг хугацаа зэргийг уялдуулж энэ дүгнэлтийг хүндэвтэр зэрэглэлд хамааруулсан байгаа. ...Нүдний ухархайн гэмтэл нь Мед траума эмнэлэгт 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн толгойн компьютер томографийн шинжилгээнд гарсан. Э.Хүрэлсүх эмчийн дүгнэлт дээр рентген шинжилгээгээр гарсан гэж бичсэн байгаа. Рентген шинжилгээ нь анхан шатны шинжилгээ. Үүний лавлагаа шинжилгээ нь толгойн компьютер томографийн шинжилгээ байгаа. Тухайн хугарал нь Э.Хүрэлсүх эмчийг шинжилгээ хийх үед буюу анхан шатны рентген шинжилгээ хийхэд харагдахгүй байх боломжтой. Дээр нь хэрэг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болсон. Тухайн дүгнэлт над дээр 12 дугаар сарын 18-ны өдөр ирсэн. Энэ компьютер томографийн шинжилгээг 11 дүгээр сарын 15-ны өдөр хэрэг болсноос хойш 16 хоногийн дараа компьютер томографийн шинжилгээг хийлгэсэн. Энэ үед элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал маань бороо үүсээгүй байсан. Энэ бороо үүсээгүй гэдэг маань өөрөө шинэ гэмтэл гэдгийг баталж байгаа. Хэрэв энэ гэмтэл хуучин, эсхүл хэрэг болохоос 1, 2 сарын өмнө үүссэн бол бороо үүсчихсэн, эсхүл бороо үүсээд хатуурсан байна гэх өөр дүгнэлт гарах байсан учраас үүнийг шинэ гэмтэл гэж тухайн хэргийн цаг хугацаагаар тодорхойлсон. ...Хилл-сакс болон банкартын гэмтэл нь далны тогооны хэсэгт атгаалын тогоо сууж өгдөг. Үүнийг ар талаас нь маш хүчтэй үйлчлэл үзүүлэх буюу үүрч шидэх, дал, гараа дарж унах зэрэгт энэ гэмтэл нь мөрний мултралтай хавсарч үүсдэг. Энэ гэмтэл нь мөр мултарсан хүн болгонд үүсээд байдаггүй маш ховор тохиолдолд үүсдэг гэмтэл. Ар талаасаа урагш чиглэлтэй үүсдэг гэмтэл. Унах, цохих зэрэг мохоо хүчин зүйлийн ямар ч үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Хажуугаараа тухайн хүн унах үед далан доор нь гадны биет мөрний үед тээглэх, эсхүл гараа эвгүй дарж унах зэрэгт үүснэ. Архаг гэхээрээ дөрвөн долоо хоногоос дээш хугацаанд үүсгэгдсэн гэж үзэж байгаа. Хилл-сакс дээрээ архаг гэж байгаа. Харин банкарт дээр архаг гэж байхгүй. Гэхдээ Хилл-сакс, банкарт хоёр нь хоорондоо яах аргагүй уялдаа холбоотой үүсдэг гэмтэл. Дангаараа үүсэхгүй. Тухайн механизмын хувьд хоорондоо уялдаа холбоотой үүсдэг гэмтлүүд байгаа учраас нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд гэж үзсэн” гэсэн мэдүүлэг,
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч ********ын “...2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******** сумын 5 дугаар баг “Гаагийн худаг” гэх газар луу явж байхад Ч.З даллаад байхаар нь би очилгүй худаг дээр очсон. Худаг дээр ирээд байж байхад Ч.З хүрээд ирсэн. Ирэнгүүтээ “чи дуудаад байхад зогсдоггүй яасан овоо пизда вэ” гэж хэлээд миний толгой, баруун, зүүн шанаа руу 4-5 удаа цохиод намайг өргөж байгаад газар шидээд миний баруун дал хэсэг, толгой хэсэг рүү өшиглөөд бас дээрээс дэвсээд байсан. Яг хэдэн удаа өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Зодоод л байсан. Тэгээд салаад Ч.З мотоцикл унаад яваад өгсөн. Би дараа нь босоод мотоциклоо унаад гэр лүү явсан. Би Ч.Зд гар хүрээгүй. ...Тухайн зодуулдаг өдөр Ч.Зийг даллахаар нь би айгаад очоогүй юм. Манай хамтран амьдрагч Отгонтуяатай бууцны маргаантай байдаг юм шиг байсан. Миний далны хэсэгт цуурсан, далны толгой хажуу хэсэгтээ эмтэрч мултарсан байсан. Толгой өвдөөд байгаа. Ч.З надад ямар нэгэн хохирол төлбөр өгөөгүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулан авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-15 хуудас),
Гэрч ********гийн "...2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн орчимд ******** мал услахаар яваад 12 цаг 50 минутын орчимд ирсэн. Тэгээд эмнэлэг ороод цагдаа дуудсан. ******** малаа усалчихаад мотоциклоороо ирсэн. Ирэхдээ их аажуу солгой гараараа бариад ирсэн. ******** өмнө нь 2023 оны 04 дүгээр сард ямаа самнаж байх үеэр мотоциклоосоо унаад зүүн гараа гэмтээгээд эмчлүүлж байсан гэсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 40 дугаартай нэмэлт материалаар шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1. ********ын биед баруун мөр эргүүлэгч шөрмөс, булчингийн урагдал-суналт, атгаалын тогооны ар дээд гардаргууд хугарал /Хилл-Сакс гэмтэл/, далны тогооны лабрум хугарал /Банкартын гэмтэл/, хамар ясны хуучин хугарал, баруун нүдний ухархайн дотно хана элхгийн хөндий рүү цөмөрсөн бороо үүсээгүй хугарал, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Хамар ясны хуучин хугарал гэмтлийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй, баруун мөр эргүүлэгч шөрмөс, булчингийн урагдал-суналт, атгаалын тогооны ар дээд гардаргууд хугарал /Хилл-Сакс гэмтэл/, далны тогооны лабрум хугарал /Банкартын гэмтэл/, тархи доргилт, баруун нүдний ухархайн дотно хана элхгийн хөндий рүү цөмөрсөн бороо үүсээгүй хугарал гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Баруун мөр эргүүлэгч шөрмөс, булчингийн урагдал-суналт, атгаалын тогооны ар дээд гардаргууд хугарал /Хилл-Сакс гэмтэл/, далны тогооны лабрум хугарал /Банкартын гэмтэл/, тархи доргилт, баруун нүдний ухархайн дотно хана элхгийн хөндий рүү цөмөрсөн бороо үүсээгүй хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамар ясны хуучин хугарал гэмтэл нь үүсгэгдсэн цаг хугацаандаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Баруун мөр эргүүлэгч шөрмөс, булчингийн урагдал-суналтын, атгаалын тогооны ар дээд гадаргууд хугарал /Хилл-Сакс гэмтэл/, далны тогооны лабрум хугарал /Банкартын гэмтэл/ гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалт нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Хамар ясны хуучин хугарал, тархи доргилт, баруун нүдний ухархайн дотно хана элхэгийн хөндий рүү цөмөрсөн бороо үүсээгүй хугарал гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
6. Урьд гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №593 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орж гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хх-ийн 99-103 хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Ч.Зийн хохирогч ********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч Ч.Зд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Зд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байна гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж хуульчилсан.
Шүүгдэгчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон байх нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Хохирогч ******** нь шүүгдэгчээс гэм хорын хохиролд 1,124,716 төгрөгийг нэхэмжилж, нотлох баримтыг (хх-ийн 59-64 хуудас) хэрэгт хавсаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үнэлж дараах байдлаар шийдвэрлэлээ.
Үүнд: Хохирлын баримтын 2 дугаарт авагдсан АИ92 гэсэн 50,000 төгрөгийн баримт он сар өдөргүй, хаанаас юу авсан нь тодорхойгүй, 3 дугаарт авагдсан Арвайн тос ШТС 2023.09.05 гэсэн 50,000 төгрөг, 4 дугаарт авагдсан зарлагын баримт 01.11.2023 гэсэн 30,000 төгрөг гэсэн баримтууд гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх он сар өдөртэй байх тул эдгээрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэх боломжгүй, хэрэгт хамааралгүй баримтууд байх тул 130,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Мөн хохирлын баримтын 5, 6 дугаарт 2023.11.08 “Алтан мутар эв эе” физик эмчилгээний үйлчилгээ гэсэн 110,000 төгрөгийн, 10 дугаарт Өвөрхангай аймаг Алтан мутар эв эе ХХК гэсэн тэмдэгтэй 2023.11.08, 30000 төгрөг гэсэн баримт авагдсан бөгөөд энэ үйлчилгээг хэн авсан нь тодорхойгүй байх тул 140,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Харин 875,916 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 875,916 төгрөгийг шүүгдэгч Ч.Зээс гаргуулж хохирогч ********од олгох нь зүйтэй байна.
Хохирогч ******** нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг болон цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.З, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нар нь хохирол нөхөн төлөх хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09 цаг 30 минут хүртэл хугацаагаар завсарлуулсан.
Шүүгдэгч Ч.З нь шүүх хуралдаан завсарласан хугацаанд буюу 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хохирогч ********од 875,916 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаан банкны 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн мэдээлэл гэсэн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Ч.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Ч.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч ********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба шүүгдэгчийн зүгээс түүнд 875,916 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар түүний өмгөөлөгчөөс хэлсэн. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй. Шүүгдэгчид урьд 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Хохирогч ********ын хувьд хавтаст хэрэгт авагдсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулж авсан. Тийм учраас нотлох баримтын хэмжээнд хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэж байна. Шинжээч эмчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр хохирогчийн гэмтлийн эдгэрэлтийг тодорхой хугацаагаар хэлэх боломжгүй гэсэн. Хохирогч ********ын тухайд одоогийн байдлаар хэвийн байдалдаа ороогүй, эмчилгээ хийгдэж явж байгаа. Тийм учраас цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Ял шийтгэлийн тухайд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир эрх зүйн байдалд нь өмгөөлөгчийн хувьд тусгайлсан санал хүсэлт байхгүй байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Ч.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, энэ хохирлыг нөхөн төлсөн болох нь баримтаар нотлогдож байна. Мөн өөрийн буруутай, зүй бус харьцааны улмаас энэ хүний эрх чөлөөнд халдаж хохирол учруулсан гэдгээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүх эмчийн тайлбар, мэдүүлгээс ойлгож ухаарсан учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа учир хохирлоо барагдуулсан зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх үндэслэлүүд байна. Хэргийн тухайд хохирогч нь бичлэг хийж үл ойлголцсон харьцааны зүй бус шинжтэй үйлдлийн улмаас маргаан үүссэн учраас Ч.З хохирогчийг барьж тонгорч унагаах байдлаар хэрэг үйлдэгдсэн байдаг. Энэ нөхцөл байдалд хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн байна гэж өмгөөлөгчийн хувьд харж байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд багаасаа мал аж ахуй эрхэлж амьдрал ахуйгаа авч яваа, сумын аварга малчин, хөдөлмөрч, мал маллах арга ухаан өндөртэй, сум орондоо нэр хүндтэй, архи дарс ямар нэгэн хорт зуршилгүй залуу хүн. Эрүүгийн хариуцлагын зорилго нь хүнийг хүмүүжүүлэх, ухамсарлуулахад оршдог. Тийм учраас тухайн зүйл ангид заасан торгуулийн арга хэмжээний доод түвшнээр торгуулийг оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Хохирогч ********од учирсан гэмтлийн улмаас цаашид эмчилгээ, сувилгаатай холбоотой зардал гарах нь зайлшгүй үндэслэл гарахыг үгүйсгэхгүй. Тийм учраас цаашид гарах хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ч.З “Хүнд хэлж, ярихгүй зүйл ярьж, гар хүрсэндээ гэмшиж байна” гэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Ч.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ч.З эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ч.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Зийг нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая гурван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Зд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.З нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Хэрэгт хохирогч ********ын гаргаж өгсөн гар утасны бичлэг бүхий CD 1 ширхэг, толгойн компьютер томографийн шинжилгээний бичлэг бүхий DVD 1 ширхэг, баруун мөрний үений соронзон резонанст шинжилгээний бичлэг бүхий DVD 1 ширхэг хавсаргагдаж ирсэн болохыг,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овгийн ******** ******** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овгийн ******** ******** нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая гурван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Зд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ********ын нэхэмжлэлээс 130,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 140,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон болон энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ч.З нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ********од 875,916 төгрөг төлсөн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хэрэгт хохирогч ********ын гаргаж өгсөн гар утасны бичлэг бүхий CD 1 ширхэг, толгойн компьютер томографийн шинжилгээний бичлэг бүхий DVD 1 ширхэг, баруун мөрний үений соронзон резонанст шинжилгээний бичлэг бүхий DVD 1 ширхэг хавсаргагдаж ирсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ