Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2022/00015

 

2021 оны 12 сарын 22 өдөр                           Дугаар 102/ШШ2022/00015                       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д... аймгийн Д... сум, 5-р баг, 20-р хороолол, 2-р байрны ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ..., Б... овогтой Ж.ийн О..ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, Горькийн 15-358 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ..., Т.. овогтой Н...ын Д-д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С/үнэмлэх 1961/, хариуцагч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.                             

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.О нь Дархан-Уул аймагт хувиараа ногоо тариалж худалдаалж аж амьдралаа залгуулдаг. Н.Д-ид 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 4 удаагийн тээвэрлэлтээр 1000 шуудай төмс, 200 шуудай лууван нийлүүлсэн байдаг. 1 шуудайг 40 кг-аар тооцож нийлүүлсэн боловч 6 800 000 төгрөгийг дутуу авсан гэж үздэг. Учир нь талуудын хооронд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр мөнгөтэй холбоотой маргаан гарч Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3-р сарын 30-ны өдрийн 1493 дугаар захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Тухайн үед Н.Д нь Ж.О-ээс 12 900 000 төгрөг нэхэмжилж 6 000 000 төгрөгт төмс хүнсний ногоог 2018-9-15-наас 2018-11-15-ны дотор өгөх, 6 900 000 төгрөгийг 2018 оны 12-р сарын 31-ний дотор мөнгөн хэлбэрээр төлж дуусгахаар тохирсон. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд 4 удаагийн тээвэрлэлтээр төмс болон лууванг хүлээлгэж өгсөн. Төмс болон луувангийн нийлүүлсэн хэмжээ, нийлүүлсэн хугацаанд маргаан байдаггүй. Талууд зөвхөн ногооны бөөний үнэ ханшийг хэдэн төгрөгөөр тооцож өгч, авалцсан тал дээр маргадаг. Хариуцагч ногоог тухайн үед 250 төгрөгөөр авсан гэдэг боловч нэхэмжлэгч тухайн үеийн ханш өөр байсан гэж тайлбарладаг. Шинжээчийн дүгнэлтээр 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 1 кг төмс 450 төг, 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар 550 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 19-ний байдлаар 500 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 1 кг лууван 700 төгрөгийн үнэтэй гэсэн дүгнэлт гарсан. Ингээд тооцвол, нийт 750 шуудай төмсийг 15 000 000 төгрөгөөр, 100 шуудай лууванг 2 800 000 нийт 17 800 000 төгрөгийг ногоог нийлүүлсэн нь тогдоогдсон. Харин 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 250 шуудай төмс, 100 шуудай лууван нийлүүлсэн боловч энэ хугацааны үнэ гараагүй. Гэхдээ 4 удаагийн нийлүүлсэн ногоог шинжээчийн дүгнэлтэр тогтоосон үнийн дүнгээр тооцохоор эвлэрлийн гэрээгээр төлөх 12 900 000 төгрөгийг төлсөн. Илүү нийлүүлсэн 6 800 000 төгрөгийн хүнсний ногооны мөнгийг Н.д-оос авч чадаагүй хохирсон. Иймд Н.Д-оос 6 800 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Н.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед 2018 оны 5 дугаар сарын 1-ний 600 шуудай төмс өгсөн гэдэг боловч энэ нь Ж.О хавар нь надаас 12 тн үрийн төмс авч намар 24 тн төмс өгнө гэж Томоо гэх жолоочоор хүргүүлэн зээлээр авсан. Энэ 600 шуудай төмс үрийн төмсний төлбөр бөгөөд үүнд хамаагүй. Ж.О-ээс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр н.Г гэдэг жолоочоос миний бие 100 шуудай манжин, 100 шуудай төмсийг 6 000 000 төгрөгт тооцож авсан. 2019 оны 4 дүгээр сарын 1-нд н.О гэх жолоочоос “0091” гэх улсын дугаартай 5 тн-ы даацтай автомашинаар 100 шуудай лууван, 150 шуудай төмсийг ачиж ирсэн бөгөөд нэхэмжлэгч 250 шуудай төмс гэж андуурсан байна. Учир нь 5тн-ы даацтай машин 350 шуудай ачдаггүй бөгөөд ачиж ирсэн ногоог бэлэн мөнгөөр тооцон 2018 оны 6 дугаар сарын 20-ний өдөр 1 400 000 төгрөгийг Ж.О-ийн дансанд шилжүүлж өгсөн. 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 1 500 000 төгрөгийг, мөн 750 000 төгрөгийн үнэ бүхий  3000 шуудайг 250 төгрөгөөр бодож Ж.О-д  шилжүүлж өгсөн. Өөр надад өгсөн зүйл байхгүй, зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.О нь Н.Д-д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6 800 000 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3-р сарын 30-ны өдрийн “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” 1493 дугаар захирамжаар Н.Д-ийн нэхэмжилсэн 12 900 000 төгрөгийг Ж.О төлөхөөр зөвшөөрч, 2018 оны 9-р сарын 15-наас 2018 оны 11-р сарын 15-ны дотор 6 000 000 төгрөгний төмс хүнсний ногоо өгөх, 2018 оны 12-р сарын 31-ний дотор 6 900 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж дуусгахаар тохирчээ. /хх 52-53/

Шүүхийн шийдвэр ажиллагаа дуусаагүй талаар талууд маргаагүй, төлбөр төлөгч Ж.О 2020 оны 10-р сарын 29-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 445 дугаар хорих ангийн дансанд Н.Д-ийн төлбөрт 439 000 төгрөг шилжүүлсэн, 2020 оны 10-р сарын 30-ны өдөр тус ангиас төлбөр авагчийн ХААН банкны 5029915680 тоот дансанд 438 560 шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон /хх 133/ байна.

Үүгээр төлбөр төлөгч нь 12 461 440 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, шүүхийн шийдвэр гарснаас хойш Ж.О нь Н.Д-ид:

-2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 300 шуудай буюу 12 тн төмсийг 1 кг-г  450 төгрөгөөр тооцож 5 400 000 төгрөгний ногоо,

-2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 300 шуудай буюу 12 тн төмсийг 1 кг нь 550 төгрөгөөр тооцож 6 600 000 төгрөгний ногоо,

-2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 150 шуудай буюу 6 тн төмсийг 1 кг-г 500 төгрөгөөр тооцож 3 000 000 төгрөгний, 100 шуудай лууван буюу 4 тн лууванг 1 кг-г 700 төгрөгөөр тооцож 2 800 000 төгрөгний нийт 5 800 000 төгрөгний ногоо,

-2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 250 шуудай буюу 10 тн төмс, 100 шуудай буюу 4 тн лууванг тус тус нийлүүлсэн, хариуцагч нь ногоог хүлээн авсан хугацаа, ногооны хэмжээг маргаагүй байна.

 Харин  нийлүүлсэн ногооны үнийг хариуцагч маргасан бөгөөд  2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 300 шуудай буюу 12 тн төмсийг 12 тн үрийн төмсөнд, 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 300 шуудай буюу 12 тн төмсийг 12 тн үрийн төмсөнд тус тус тооцож авсан, бусад үнийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж, төмс хүнсний ногооны бөөний үнийг тогтоолгосон, Капитал зууч ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1 кг төмсний бөөний үнийг 450 төгрөгөөр, 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1 кг төмсний бөөний үнэ  550 төгрөгөөр, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1 кг төмсний бөөний үнэ 500 төгрөгөөр, 1 кг луувангийн бөөний үнэ 700 төгрөгөөр тус тус тогтоосон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хариуцагч няцаагүйгээс гадна нэхэмжлэгчийн нийлүүлсэн гэх үнэтэй зөрүүгүй тогтоогдсон, шинжээч дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8-р зүйлд заасан үнэлгээний зүйлийн шинж байдал, орон нутгийн үнэ ханшийг Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот, Орхон аймагт худалдаалагдаж байсан ногооны бөөний үнэ ханшийг харьцуулан судалж зах зээлийн үнэлгээг тогтоосон, дүгнэлт үндэслэлтэй гэж /хх 185-194/ дүгнэлээ.

Харин шинжээч 2019 оны 4-р сарын 1-нд нийлүүлсэн 10 тн төмс, 4 тн луувангийн үнийг тогтоогоогүй байх ба нэхэмжлэгч 1 кг төмсийг 800 төгрөг, хариуцагч 300 төгрөг, нэхэмжлэгч 1 кг лууванг 900 төгрөг, хариуцагч 550 төгрөг байсан гэжээ. Иймд талуудын маргасан үнээс дундаж үнийг төмс 1 кг 550 төгрөг, лууван 725 төгрөгийн үнэтэй буюу 8 600 000 төгрөгний ногоо нийлүүлсэн гэж үзэхээр байна. 

Эдгээрээс дүгнэвэл, Ж.О нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 5 400 000 төгрөгний, 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 6 600 000 төгрөгний, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5 800 000 төгрөгний, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 8 600 000 төгрөгний нийт 26 400 000 төгрөгний ногоог Н.Д-ид жолооч Л.Б, С.Г нараар тээвэрлүүлж нийлүүлжээ.

Харин Н.Даваадорж нь 2018 оны 6-р сарын 20-нд Ж.Оюунгэрэлд 1 400 000 төгрөг, 2018 оны 9-р сарын 18-нд 1 500 000 төгрөгийг ХААН банкны дансаар шилжүүлсэн нь депозит дансны лавлагаагаар тогтоогдсон, шүүх хуралдааны шатанд дээрх 2 900 000 төгрөгийг 12 тн үрийн төмс түүнд нийлүүлж дараа 24 тн төмс авахаар шилжүүлсэн, үүнд 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 12 тн төмс, 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 12 тн төмсийг тус тус 24 тн төмсөнд тооцож авсан, энэ нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрт хамаарахгүй гэх боловч 2 900 000 төгрөгт 1 кг төмсийг хэдэн төгрөгөөр тооцож 24 тн төмс авахаар тохирсон нь баримтаар нотлогдоогүй.

Нөгөө талаас, нэхэмжлэгч нь Н.Д-ийн 12 461 440 төгрөгийн төлбөрт нийт 26 400 000 төгрөгний ногоо нийлүүлсэн  байх ба үүнээс үндсэн үүргийг гүйцэтгэсэн гэж үзнэ. Харин хариуцагч илүү 13 938 560 төгрөгийн төмс хүнсний ногоог төлбөрт тооцож үндэслэлгүйгээр авсан, үүнээс 6 800 000 төгрөгийг нэхэмжилсэн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Д-оос 6 800 000 /зургаан сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж Жигжидийн Оюунгэрэлд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 750 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Н.Д-оос 123 750 төгрөг гаргуулж Ж.О-д олгосугай.  

3.Шийдвэрийг зохигч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

       

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.АЛТАНТУЯА