| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2024/0102/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/112 |
| Огноо | 2024-05-27 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн **** овгийн **** ****д холбогдох 2426001270142 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ***** суманд ***** оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, **** настай, регистрийн дугаар ****, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 3, ээж, эмээгийн хамт Өвөрхангай аймгийн **** сумын 2 дугаар багийн ***** гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, **** овгийн **** ****.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэж хуульчилсан.
Тус зүйл хэсгийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”, “Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг тус тус ойлгоно гэж тайлбарласан.
Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн системийн жолоочийн лавлагаа, эрх бүхий албан тушаалтны №0709693 дугаартай шийтгэлийн хуудас, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан хугацаанд буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ***** сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 52-74 ӨВР улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Гэрч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар
сарын 19-ний шөнө Д.Б жаахан юм уучихсан явж байгаад цагдаад баригдсан. Би хамт явж байсан. 52-47 ӨВР улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл нь Д.Бийн өөрийнх нь эзэмшлийнх байгаа юм. Бид хоёр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Арц хороололд айлын гадаа машин дотроо 2,5 литрийн хэмжээтэй пиво хувааж уусан. Тэгээд гудамжны үзүүр дээр цагдаа зогсоосон. Д.Б машиныг жолоодож явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7 хуудас),
Гэрч ****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ***** сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 52-47 ӨВР улсын дугаартай цэнхэр өнгийн “Bongo-3” маркийн автомашиныг зогсоож шалгахад жолооч Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт ***** хорооллын шороон зам дээр зогсоож шалгасан. 6820 драгер багаж үлээлгэн шалгахад 1.94 хувийн согтолттой гарсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Тухайн үед Д.Бээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Өвөрхангай аймгийн Богд сумын төв дээр найзтайгаа пиво уусан гэж ярьж байсан. Жолооч Д.Б нь 1.94 хувийн согтолттой байсан ба согтолт нь гайгүй, өөрийгөө хянах чадвартай байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16 хуудас),
2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...амьсгал дахь спиртийн агууламж нь 1.94% промиль” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4 хуудас),
“Hyundai Porter” маркийн 52-47 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн
гэрчилгээний хуулбар (хх-ийн 9 хуудас),
Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн системийн жолоочийн лавлагаа” гэсэн лавлагаа (хх-ийн 8, 20 хуудас),
Эрх бүхий албан тушаалтны №****** дугаартай холбогдогч Д.Бд
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун мянган төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас (хх-ийн 19 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч **** овгийн **** ****ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Д.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Бийн хүлээн зөвшөөрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч **** овгийн **** ****ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Д.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар
шүүгдэгч Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овгийн **** ****ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** овгийн **** ****ийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д
зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ