Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 133

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Д.Мөнхцэцэг,

            хохирогч Т.Ихтамир,

шүүгдэгч Г.Тэгчинжав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Хороо овогт Ганбаатарын Тэгчинжавд холбогдох эрүүгийн 201726030597 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 03-нд Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад гоцлол дуучин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 713 дугаар байрны 21 тоотод оршин суух, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан, ял шийтгэлгүй, Хороо овогт Ганбаатарын Тэгчинжав /РД:ИМ78070315/

 

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Тэгчинжав нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 хороолол, 713 дугаар байрны 21 тоотод 2017 оны 5 дугаар сарын 11-ний 23 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Т.Ихтамирыг бусадтай хардаж улмаар үснээс нь зулгааж, хэвлий тус газар нь гараараа нэг удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.Тэгчинжав нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 хороолол, 713 дугаар байрны 21 тоотод 2017 оны 5 дугаар сарын 11-ний 23 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Т.Ихтамирыг бусадтай хардаж улмаар үснээс нь зулгааж, хэвлий тус газар нь гараараа нэг удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Г.Тэгчинжавын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Би 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр эхнэрийгээ хардаж  маргалдаж үснээс нь зулгааж, хэвлий рүү нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Т.Ихтамирын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Г.Тэгчинжав 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 16:00 цагийн орчимд намайг ажил дээр байхад над руу мессеж бичээд байсан. Бид хоёр 10 жилийн нэг ангийн төгсөгчид байсан. Манай төгсөгчдийн дунд волейболын тэмцээн болж эмэгтэй баг, эрэгтэй баг хоёулаа хүрэл медаль авсан. Тэгээд бид нар 20-30 хүн караокед орсон. Тухайн үед Г.Тэгчинжавтай хамт явж байсан. Манай ангийн н.Гэрэлт-Од гэх залуу караокед байхад Тамираа бид хоёр хар багаасаа тоглож өссөн. Миний багын найз гээд дуулж байхдаа миний мөрөн дээр гараа тавьж дуулж, зураг авахуулсан. Гэтэл Г.Тэгчинжав 10 гаруй хоногийн дараа намайг н.Гэрэлт-Одтой хардаж 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр над руу “чи н.Гэрэлт-Одтой зургаа авахуулсан” гэж хардаж утсаар ярьж, мессеж бичсэн.  Би гэртээ 22:00 цагийн үед ирсэн. Тэгээд л бид хоёр муудалцаж эхэлсэн. Намайг гэрт ороход Г.Тэгчинжав надаас хэрүүл нэхэж хэрэлдээгүй. Би Г.Тэгчинжав руу юун мессеж бичээд байгаа юм бэ, н.Гэрэлт-Одтой хардаад, нэг анги байж гэж уурлаад хоорондоо муудалдсан. Г.Тэгчинжав намайг өмнө нь хардаж байгаагүй. Тухайн үед Г.Тэгчинжав унтлагын өрөөндөө ороод “битгий хэрүүл хийгээд бай, би унтлаа, чи том өрөөндөө унт” гэхээр нь би “гэрийнхээ хаана байхаа чамаар заалгахгүй” гээд унтлагын өрөөнөөс гарахгүй хэрүүл хийгээд байсан. Тэгээд л миний үснээс зулгайж татаад хэвлий рүү цохьсон...Би сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/                

            3. Хохирогч Т.Ихтамирын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн үед нөхөр Г.Тэгчинжав нь муу шившигнүүд минь би та нарыг харсан, нүглийн өмнө нүд буруутай юу банзалуудаа гэхээр нь чи юу яриад байна аа яасан хүн зовоож хандаггүй юм, ямар учиртай мессеж бичээд байгаа юм гэхэд нилээн согтуу чи тэр Гэрэлт-Одтой караокед намайг байхад хүзүүгээрээ тэврүүлчихсэн дуулж байсан гэхээр нь юу яриад байгаа юм чи өөрөө ч Гэрэлт-Одыг мэднэ шүү дээ бид нар чинь бүгдээрээ нэг газар хамт тоглож сурч өссөн биз дээ гэж хэлээд утсаа салгачихсан чинь араас байнга залгаад байхаар нь чи мөрөөрөө архиа ууж, дуртай газарлуугаа яв гэж мессеж бичиж хэсэг мессежээр хэрэлдэж байгаад гэртээ 21 цаг өнгөрч байхад ажлаасаа гараад 22 цагийн үед гэртээ очиход нөхөр Г.Тэгчинжав гэртээ согтуу байсан. Би гэртээ ороод чи мөрөөрөө архиа уухгүй, хүнийг янз бүрээр хэлээд яагаад байгаа юм гэхэд муу янхан минь, банзал минь гэж элдвээр хэлж доромжлоод байхаар нь би уурлаж Г.Тэгчинжавтай маргалдсан. Тэгтэл миний өөдөөс чи тэр Гэрэлт-Одтой хүзүү сээрээ холбож зургаа авахуулаад зүгээргүй юм биш үү гэхээр нь миний уур хүрч хэрэлдэж эхэлсэн. Ингээд нилээн хэрэлдэж байгаад манай нөхөр Г.Тэгчинжав нь унтлагын өрөөндөө орчихсон. Тэгэхээр нь намайг хардаж уур хөдөлгөөд байсан учраас араас нь дагаж ортол чи зайлаачээ гэхээр нь би гэртээ байна, би гэрийнхээ хаана байхаа чамаар заалгахгүй гээд хэсэг маргалдсан. Ингээд маргалдаж байхад Г.Тэгчинжав намайг унтлагын өрөөнөөс гаргах гэж нилээн өдсөн бөгөөд хэсэг маргалдаж байгаад намайг гарахгүй болохоор миний үснээс зулгааж, доош нь дараад элэг рүү гараараа цохьсон. Тэгтэл би шалан дээр эвхрэлдэж унаад хэсэг сууж байгаад би арай гэж босоод Г.Тэгчинжав дээр очиж мөр лүү нь цохьсон. Тэгтэл энэ намайг нэг цохилоо, хоёр цохилоо гэж утсан дээрээ бичлэг хийж байгаа бололтой ярьж, намайг дандаа цохиж зоддог мэтээр ярьж байгаад тамхи татна гээд тагтан дээр гарахаар нь би хаалгыг нь түгжээд цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд Г.Тэгчинжавыг авч яваад саатуулсан байгаа юм...зүүн, баруун шуунд хөхрөлт, хуйх хавдаж хөндүүртэй болсон байсан. Тухайн үед аймхай хэсэгт дарах үед хөндүүрлэж байсан. Манай нөхөр Г.Тэгчинжав эхлээд үснээс зулгаасны улмаас хөндүүрлэж хавдсан. Дараа нь баруун зүүн гарнаас татаж чангаагаад хөхрөлт үүсгэсэн. Аймхай хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/

            4. Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6367/-ний дүгнэлт:

                        -Т.Ихтамирын биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

                        -Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. /хх-ийн 18/

            5. Сэжигтэн Г.Тэгчинжавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 5 дугаар сарын 11-нд манай найз Ганзориг залгаад хаана байгаа юм би гэрийн чинь гадаа байна амарч байгаа юм чинь гараад ир гэхээр нь би гэрээсээ гараад очтол Ганзориг байрны гадаа нэг найзтайгаа машин дотор сууж байсан. Тэгээд гурвуулаа нийлж ялалтын баяр тэмдэглэж нэг шил 0,75 литрийн Улаанбаатар нэртэй архи хувааж уугаад орой 18 цаг нилээн өнгөрч байхад би гэртээ орсон. Гэртээ ороод эхнэр Т.Ихтамирыг цаашлуулах санаатай гар утас руу нь чи 10 жилийн уулзалтан дээр хамт сурч байсан Гэрэлт-Одтой ямар учиртай зургаа авахуулж Фейсбүүк дээр тавьсан юм бэ, Гэрэлт-Од та хоёр чинь юу болоод байна вэ гэж мессеж бичсэн. Тэгтэл Т.Ихтамир уурлаж элдэв янзаар доромжилж мессеж бичиж, загнаж эхэлсэн. Ингээд бид хоёр хэсэг мессежээр харилцаж байгаад больсон. Ингээд гэртээ амарч байтал эхнэр 22 цагийн үед гэртээ ирээд чи над руу үхсэндээ мессеж бичиж залгаад байгаа юм, муу архичин, яасан гэж намайг харддаг юм гэх зэргээр над руу орилж дайрсан, эхэн үедээ би тоогоогүй хэрүүл хийлгүй, цаашаа яв, би чамтай хэрэлдэхгүй гээд зугтаагаад байсан. Тэгтэл миний явсан газар араас дагаж орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь унтлагын өрөөндөө орсон. Тэгтэл мөн адил араас дагаж орж ирээд над руу хашгачиж  элдвээр хараагаад байхаар нь чи цаашаа бол, энэ өрөөнөөс гар гэж хэлээд үснээс нь зулгааж цааш нь түлхээд жижиг өрөөнөөс гаргасан. Тэгээд том өрөөндөө ороод машины түлхүүр авах гэтэл өгөлгүй чи намайг зодлоо гэж хашгичаад утсаа аваад цагдаа дуудсан. Тэгтэл төд удалгүй цагдаа нар орж ирээд намайг авч яваад архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гээд саатуулах байранд саатуулсан юм...намайг дагаж хэрүүл хийгээд салахгүй болохоор нь үснээс зулгаагаад нэг удаа өөрийнхөө биеэс холдуулж түлхсэн юм. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Цаашаа гээд хэвлий хэсэг рүү нь атгасан гараараа түлхсэн юм. Түлхэгдээд хана налаад суучихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.Тэгчинжав нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хх-ийн 32/-аар тогтоогдлоо.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6367/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Тэгчинжавыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Харин хохирогч Т.Ихтамир нь шүүгдэгч Г.Тэгчинжавтай сайн дураар эвлэрч, энэ талаараа шүүхийн хэлэлцүүлэгт “...намайг...хардаж...утсаар ярьж, мессеж бичсэн...Тэгээд л бид хоёр муудалцаж эхэлсэн. Намайг гэрт ороход Г.Тэгчинжав надаас хэрүүл нэхэж хэрэлдээгүй...Тухайн үед Г.Тэгчинжав унтлагын өрөөндөө ороод “битгий хэрүүл хийгээд бай, би унтлаа, чи том өрөөндөө унт” гэхээр нь би “гэрийнхээ хаана байхаа чамаар заалгахгүй” гээд унтлагын өрөөнөөс гарахгүй хэрүүл хийгээд байсан...Би сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэж мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/  байх тул Г.Тэгчинжавд холбогдуулан прокуророос сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Тэгчинжавд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тэмдэглэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298, 418 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Хороо овогт Ганбаатарын Тэгчинжавыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Хороо овогт Ганбаатарын Тэгчинжавд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Г.Тэгчинжавд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Г.Тэгчинжавд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

  5.  Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6.  Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Тэгчинжавд таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР