Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2020/0145

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2020/0374

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д  даргалж, шүүгч Б.А шүүгч Б.М нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр “Х” ХХК-д MV-000267 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт оруулан олгохдоо Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолоор Бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан Дэлгэрэх баян өгөөж ЗГБХН-д олгосон талбайтай давхцуулан олгосныг хууль бус болохыг тогтоож, давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х , Д.Э  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолоор Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицлыг нэгж талбараар нь 1-4 дүгээр хавсралтаар баталсан байдаг.

Дээрх тогтоолоор нийтдээ 64.44 га талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, бичил уурхайн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүний нэг нь манай нөхөрлөлийн эзэмшиж ашиглаж байгаа Туулын цагаан тохой гэх нэртэй газарт байршилтай 2.43 га талбайн хамаардаг.

Энэхүү бичил уурхайн зориулалтаар олгосон Туулын цагаан тохой гэх нэртэй газарт байршилтай 2.43 га талбайн 1.43 га талбайг Наран эрдэнэ нөхөрлөл ашиглаж, нөхөн сэргээлт хийж, үйл ажиллагаагаа явуулж дууссан байдаг. Харин Туулын цагаан тохой нэртэй талбайн 1 га талбайг манай нөхөрлөл Бичил уурхайн зориулалтаар авсан бөгөөд дээрх иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарснаас хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Ингэхдээ Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргатай гэрээ байгуулсан.

“Х” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаатай холбогдуулж бид Бүрэгхангай сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандахад бид 2016 онд танай нөхөрлөлд хууль ёсны дагуу Ашигт малтмалын газраас сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолоор "Туулын цагаан тохой гэх нэртэй газрыг Бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулж дүгнэлт ирүүлсний дагуу олгосон болохыг хэлж, Х ХХК-ийн тусгай зөвшөөрөл, түүний талбайг давхцалтай холбоотой асуудал Ашигт малтмалын газар мэднэ бид мэдэхгүй байна гэдэг хариуг өгсөн.

Нөхөрлөлийн зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандахад 2018.11.20-ны өдөр 7/7867 тоот албан бичгээр ...Х ХХК нь МХ/-000267 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2016.09.30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр олгосон... болохыг мэдэгдэж, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хуулбар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016.09.30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хавсаргаж Шүүхийн магадлалыг биелүүлэх тухай гэж гарсан байдаг бөгөөд ингэхдээ Х ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-000267 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хасагдсан хэсгээс Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй талбайг буцаан олгож, уг тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байдаг.

Дээрх шийдвэрээр манай нөхөрлөлийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж “Х” ХХК-д давхардуулан ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас олгохдоо цаг хугацааны хувьд өмнө дүгнэлтээрээ олгосон нөхөрлөлийн газрыг үл хэрэгсэж, нөхөрлөлийн талбай мэдээллийн санд байсаар байтал түүнийг шүүж үзэлгүйгээр олгосон нь “Х” ХХК хууль бус үйл ажиллагааг явуулахад хүргэсэн. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 251 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2016/0441 дугаар магадлалыг хэрэгжүүлэхдээ бодит нөхцөл байдлыг судлан үзэлгүйгээр, түүнчлэн магадлалын дагуу олгох ёстой байсан талбайг олголгүйгээр анх эзэмшиж байсан хэмжээгээр нь олгосон хууль бус шийдвэрийг гаргасан байж болзошгүй гэж үзэж байна.

Дээрх Ашигт малтмал, газрын тосны газраас “Х” ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгож шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-д ...тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй... гэж заасныг зөрчиж цаг хугацааны хувьд орон нутгийн тусгай хэрэгцээнд авч манай нөхөрлөлд олгосон байхад Х ХХК-д тусгай зөвшөөрлийг олгохдоо давхцалтай гэх нөхцөл байдлыг үүсгэн зөвшөөрөл олгоод байгаа нь хууль бус шийдвэр гарах үндэслэл болжээ гэж үзэхээр байна.

Иймд нөхөрлөлийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье.

“Х  ХХК” нь 2007 онд Булган, Төв аймгийн нутагт орших 158.12 га газрыг MV-000267А тоот тусгай зөвшөөрөлтэй 30 жилийн хугацаатайгаар эзэмшиж эхэлсэн. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлийг хангах зорилгоор Засгийн газраас 2011 онд 174, 2012 онд 194 тогтоолууд гарсан. “Х” ХХК нь усны хамгаалалтын бүстэй давхардсан талбайгаа буцаан өгөх хүсэлтээ 2 удаа гаргаж, 2 удаа хэсэгчлэн улсад буцааж өгсөн байдаг.

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст холбогдох 2016 оны захиргааны хэргийн хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд 2013 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 05/07 тоот албан тоотоор Засгийн газрын 174 дүгээр тогтоолын дагуу MV-000267А тоот тусгай зөвшөөрлийн талбайн хилийн заагийг өөрчлүүлэх хүсэлтээ Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газар, Ашигт малтмалын газар, Усны газар, Байгаль орчин, аялал жуулчлал-ын яам зэрэг газарт албан ёсоор тавьсан боловч одоо болтол шийдвэрлэхгүй байна. Яаралтай шийдэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Тус хэргийн 66 дугаар хуудаст Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/213 тоот албан бичгээр 84.14 га газрыг хүлээн авъя гэсэн байдаг. 67 дугаар хуудаст Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/151 тоот албан бичгээр 2.17 га газрыг хүлээн авахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг байгаа. “Х” ХХК нь 2007 онд 158.12 газрыг эзэмшиж байгаад 2013 онд хоёр аймагт харьяалагдаж байсан урт нэртэй хуулийн үйлчлэлд орсон газраа хүлээлгэн өгсөн байдаг.

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын кадастрын хэлтэст холбогдох 2016 оны хавтаст хэргийн 68 дугаар хуудас, мөн манай нэхэмжлэлтэй хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 236-337 дугаар хуудсанд кадастрын хэлтсийн шийдвэр гарсан байгаа. Уг 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 306 тоот кадастрын хэлтсийн даргын шийдвэр гараад Засгийн газрын 174 дүгээр тогтоолын дагуу 86.39 га талбайг улсад хүлээлгээд өгчихсөн. “Х” ХХК 71.73 га газартай үлдсэн. Манай 2 дугаар хавтаст хэргийн 221 дүгээр хуудсанд үүний гэрчилсэн татвар төлсөн баримт байгаа. Уг баримтаар тусгай зөвшөөрлийн төлбөрт 71.73 га талбайн хэмжээгээр төлбөрөө төлсөн. Энэ нь 2018 оны 306 тоот шийдвэрийн дагуу 86.39 га газрыг буцаагаад 71.73 га талбайтай үлдсэн гэдгийг татвар төлснөөр нь нотлогдож байгаа.

Манай хавтаст хэргийн 65-66 дугаар хуудсанд 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Х” ХХК-д хүргүүлсэн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны тоотод 267/А ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Туул голын хамгаалалтын бүстэй давхцалтай тухай дурдсан. Тус албан тоотыг үндэслэн манай хавтаст хэргийн 64 дүгээр хуудсанд “Х” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн 08/12 дугаар албан бичгээр 8 цэгээр хүрээлүүлсэн 2.72 га газрыг улсад буцаан өгч 267А зөвшөөрлийн талбайн хилийн заагийг өөрчлүүлэх хүсэлтээ Ашигт малтмалын газарт гаргасан.

Манай хавтаст хэргийн 67, 235 дугаар хуудаснуудад “Х” ХХК-ийн дээрх хүсэлтийг кадастрын хэлтэс хүлээгээд аваад 2013 оны 10 дугаар сарын 15-ний өдөр 431 тоот Кадастрын хэлтсийн даргын 431 дүгээр шийдвэр гарсан. Энэ нь “Х” ХХК-ийн өөрсдийнх хүсэлтийг үндэслээд 2.72 га талбайг улсад буцаан өгч 69.01 га талбайтай үлдсэн. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2 тогтоолын дагуу эхлээд 86 га талбайг улсад буцаан өгөөд, дараагийн Засгийн газрын тогтоолын дагуу 2.72 га талбайг улсад буцаан өгсөн. Үүнийг нотлох баримт манай 2 дугаар хавтаст хэргийн 220 дугаар хуудаст 2015 онд тусгай зөвшөөрлийн төлбөрт 69.01 га талбайн хэмжээгээр төлбөрөө төлсөн баримт байгаа. Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор 86.39 га буцааж өгөөд 71.73 га талбайтай байж байгаад 2012 онд гарсан 194 дүгээр тогтоолоор 2.72 га талбайг мөн л өөрийн хүсэлтээр буцаагаад 69.01 га талбайтай үлдсэн. Үүнтэй хэн ч маргаагүй.

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, Газрын тосны газрын кадастрын хэлтэст холбогдох 2016 оны хэргийн 113 дугаар хуудсанд 19, 20, 21 дэх жилийн төлбөрийг 2014-2016 онуудад тусгай зөвшөөрлийн төлбөрт 69.01 га талбайн хэмжээгээр 3 жил дараалан төлбөрөө төлсөн. Ийнхүү “Х” ХХК нь тусгай зөвшөөрлийн талбайгаас урт нэртэй хуулийн үйлчлэлд орсон хэсгийг хасуулахаар 2 удаагийн хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 306, 431 тоот шийдвэр гарч 2013 оноос хойш 69.01 га талбайтай болсон нь нотлогдож байна.

Урт нэртэй хуульд өөрчлөлт орсноор Засгийн газрын 2015 оны 289 тоот тогтоол гарч анх хураалгасан 86.39 га талбайгаас 12.07 га талбай нь улсад үлдэж, 73.69 га талбай нь улсаас чөлөөлөгдсөн. 2 дахь удаа хураалгасан 2.72 га талбайгаас 0.29 га талбай нь улсад үлдэж, 2.43 га талбай нь улсаас чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл урт нэртэй хуульд өөрчлөлт орсноор 73.69 ба 2.43 га талбайнууд хэн нэгний эзэмшилд очих боломжтой болж улсаас чөлөөлөгдсөн. Дээрх чөлөөлөгдсөн талбайгаа буцааж авах тухай хүсэлтээ тухайн үед “Х” ХХК Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан байдаг боловч Ашигт малтмалын тухай хуулийн 53.2-т “...Талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөн тохиолдолд уг талбайн хувьд тусгай зөвшөөрөл нь дуусгавар болно” гэж заасан байдаг. Мөн 20 дугаар зүйлд Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах заалтыг үндэслээд хүсэлтийг шийдвэрлээгүй.

Гэтэл “Х” ХХК нь өмнө нь эзэмшиж байсан өөрийн хүсэлтээр улсад буцаасан талбайгаа сонгон шалгаруулалтгүйгээр давуу эрхээр авах зорилгоор Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг тогтоолгохоор шүүхэд хандсан байдаг. Үүний дагуу “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрэг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үүссэн. Энэ хэргийн 35 дугаар хуудсанд захиргааны хэрэг үүсгэсэн захирамж байгаа. Үүнтэй бид маргаагүй. Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор хураалгасан газраас 32 цэгээр хүрээлүүлсэн 73.69 га талбайг шүүхээр нэхэмжилсэн байдаг. Шүүх 73.69 га талбайг нь өг гэж шийдвэрлэсэн. Учир нь 32 цэгээр хүрээлэгдсэн 73.69 га талбайгаа л нэхэмжилсэн. Хоёр дахь удаа хураалгасан хэсгээс чөлөөлөгдсөн 2.43 га талбайг огт нэхэмжлээгүй. “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, Газрын тосны газрын кадастрын хэлтэст холбогдох 2016 оны хэргийн хавтаст хэргийн 148-159 дүгээр хуудсанд байгаа. Шүүхийн шийдвэр нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 251 дүгээр анхан шатны шүүхийн шийдвэр гарч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан. 32 цэгээр хүрээлүүлсэн 73.69 га талбайг “Х” ХХК-д олгохыг Кадастрын хэлтэст даалгасан. Кадастрын хэлтэс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

 “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй кадастрын хэлтэст холбогдох 2016 оны хавтаст хэргийн 199-201 дүгээр хуудсанд кадастрын хэлтэс уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны гомдол гаргахдаа төрд буцаан олгосон талбайд тусгай зөвшөөрөл олгох бол сонгон шалгаруулалт зарлаж шинээр дахин олгох хуулийн зохицуулалттай тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн гомдол гаргасан байдаг. Гэтэл 2016 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “бусдад эзэмшүүлээгүй байгааг тэмдэглэж анхан шатны шүүхийн 73.69 га талбайг заавал олгох шаардлагагүй өөрийн эрх хэмжээний хүрээнд олгохыг даалгасан. Энэ хооронд Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж хэний ч эзэмшил биш 2.43 га талбайг орон нутгийн хэрэгцээнд аваад орон нутгийн хүмүүсийг ажилтай, орлоготой болгохын тулд бичил уурхайн зориулалтаар ашиглахаар тогтоол гаргасан. Үүнд зөвхөн дээрх 2.43 га газар биш 64 га талбайг орон нутгийн хэрэгцээнд олгосон. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр очиход танай 64 га газрыг бичил уурхайн зориулалтаар авах боломжгүй байна. 2.43 га буюу Туулын цагаан тохой нэртэй газрыг танайх иргэдтэй гэрээ байгуулж өг. Энэ л эдийн засгийн үр ашигтай байна. Бусад газар нь бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжгүй байна гэсэн. Улмаар 2.43 га талбайд Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт гаргаж бичил уурхайн чиглэлээр ашиглах болсон. Одоо ч бүртгэлийн системд 2.43 га орон нутгийн хэрэгцээнд авсан бүртгэлтэй байгаа. Үүнийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гарахдаа анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн. 69.01 га талбай дээр 73.69 га талбайг нэмээд  “Х” ХХК нь 142.7 га газартай байх ёстой.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар нэхэмжлээгүй 2.43 га, улсад үлдсэн 0.29 га газрыг өгч бичилт хийсэн учраас маргаан гараад байгаа. Өөрөөр хэлбэл 69.01 га талбайтай байсан “Х” ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрээр шүүхээр нэхэмжилсэн 73.69 га болон огт шүүхээр нэхэмжлээгүй Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор хоёр дахь удаагаа хураалгасан 2.72 га талбайг нэмж олгосон байдаг. “Х” ХХК нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор улсад хоёр дахь удаагаа өөрсдийн хүсэлтээ хураалгасан 2.72 га талбайгаас Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор 0.29 га талбай нь улсад үлдэж, 2.43 га талбай нь улсаас чөлөөлөгдөж хэн нэгний эзэмшилд очих боломжтой болсон байдаг. Үүнийг тусгай хэрэгцээнд авч 2.43 талбайг хоёр хуваан 1 га талбайг Д.Б-д бичил уул уурхайн чиглэлээр олгосон.

Манай 2 дугаар хавтаст хэргийн 169-172 дугаар хуудсанд кадастрын зураг зурдаг “Бэйс пойнт” ХХК-иар зуруулсан зураг байгаа. 2013 оноос “Х” ХХК-ийн эзэмшилд үлдсэн 8 цэгээр хүрээлүүлсэн 69.01 га талбай шүүхээр нэхэмжилсэн 32 цэгээр хүрээлүүлсэн 73.69 га талбай, Бүрэгхангай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ний 16/01 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд бичил уурхайн зориулалтаар авсан 7 цэгээр хүрээлүүлсэн 2.43 га талбайнуудын хоорондоо давхцалгүйг нотлох зургууд байна.

Манай 3 дугаар хавтаст хэргийн 152-153 дугаар хуудсанд Монгол Улсын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2/2257 тоот Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл шүүгчийн хүсэлтийн хариуг энэ тоотоор ирүүлсэн. Шүүхээр огт нэхэмжлээгүй, шүүхийн шийдвэр, магадлалд огт тусгагдаагүй тэр бүү хэл улсын мэдэлд байгаа 0.29 га талбайг гуравдагч этгээдэд бичилт хийж өгсөн байгаа. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэр нь шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлэхдээ алдаа гаргасан. Манайх уг газрыг түрүүлээд авсан байсан. Бусдын эзэмшилд орсон байсан, шүүхээр нэхэмжлээгүй байсан газрыг “Х” ХХК-д өгсөн. 1.43 газрыг авсан нөхөрлөл олборлолтоо явуулаад нөхөн сэргээлт хийгээд дууссан.

 “Х” ХХК нь шүүхээр 73 га газрыг л нэхэмжилсэн. Манайд очсон газрыг мэдэж байсан учраас нэхэмжлээгүй. 2.43 га газрыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч Монгол Улсын уул уурхайн кадастрын нэгдсэн системд SRA02292 кодтойгоор бүртгүүлсэн байдаг. Энэ бүртэл одоо ч хэвээр байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын биелэлтийг хангах үүднээс сумын Засаг дарга сумын иргэдийн байгуулсан “Наран-Эрдэнэ”, “Дэлгэрэх баян өгөөж” нөхөрлөлд тусгай хэрэгцээний газрыг бичил уурхайн зориулалтаар гэрээ байгуулан ашиглуулахаар шийдвэрлэсэн. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн 16/01 тоот тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгааг нотлох дараах хуулийн заалт, нотлох баримтууд байна.

Манай хэргийн 3 дугаар хавтаст хэргийн 44-48 дугаар хуудсанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 16/01 тоот тогтоолыг хүчин төгөлдөр болох тухай Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 45 тоот албан бичигт байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно”, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гарсан тогтоол,бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно.” гэж заасан. Тэгэхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээ өөрчлөөгүй. Кадастрын нэгдсэн системд ч одоог хүртэл бүртгэлтэй байгаа.

Манай хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудсанд 2016 оны 06 дугаар сарын 06-ний 16/01 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор 2018 онд “Х”  ХХК Булган аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Булган аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 01 тоот захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдсаныг дурдаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа тул сумын Засаг дарга дараах хуулийн заалтын дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д зааснаар “сумын Засаг дарга дараах бүрэн эрхийнхээ хүрээнд нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулан ажиллана”, 29.1.3 в-д “Хурлын шийдвэрийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн тусгай хэрэгцээний газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах тухай шийдвэр гаргах”, 29.1.3 г-д “Газрын хэвлийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах чиглэлээр хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж биелэлтийг хангуулах” 29.1.3 м-д “Нутаг дэвсгэрийнхээ байгалийн тодорхой төрлийн баялгийг эзэмших тухай нөхөрлөлийн хүсэлтийн талаар гаргасан сум, дүүргийн хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах” гэж заасан байгаа. Иймд манай нөхөрлөлтэй Засаг дарга 2017 оноос хойш жил бүр гэрээ байгуулан ажиллаж байгаа тул орон нутгийн тусгай хэрэгцээнд бичил уурхайн зориулалтаар ашиглаж байгаа 2.43 га газарт давхардуулан “Х” ХХК-д хууль бусаар олгосон маргаан бүхий 29 тоот шийдвэр нь манай нөхөрлөлийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэг. 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль-ийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдагдсан 7211 солбицлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. Дээрх солбицлуудыг бүртгэсний дараа шүүж үзэхэд Х ХХК-ийн эзэмшилд байсан ашигт малтмалын ашиглалтын MV-000267 тоот тусгай зөвшөөрлийн талбай нь хэсэгчлэн хуулиар хориглосон байтай давхцалтай байсан.

Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2015 онд шинэчлэн найруулсны дагуу 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дугаартай Монгол улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, Гол мөрний урсац бүрэлдэх, эхийн хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулсан байна.

Х ХХК нь орон нутагт хүсэлт гаргасны дагуу Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/213 тоот, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/151 тоот албан бичгүүдээр тус компанийн 84.14 га газрыг тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн хасахад татгалзах зүйлгүй, буцааж орон нутаг хүлээн авахад татгалзах зүйлгүй гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалт, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам-ын 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Ашигт малтмалын газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 495 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Нөхөн олговор тооцох дотоод заавар-ын 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/213 тоот, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/151 тоот, Х компанийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 05/07 тоот албан бичгүүдийг тус тус үндэслэн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хилийн заагийг тогтоосон Монгол улсын Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 306, 10 дугаар сарын 15-ны өдрийн 431 дугаартай шийдвэрээр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт орших Х ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МV-000267 дугаартай тусгай зөвшөөрлийн 158.12 гектар талбайгаас хилийн заагтай давхцалтай талбайг хасаж 69.01 гектар талбайг үлдээн солбицолд өөрчлөлт оруулж бүртгэсэн.

Хоёр. Дэлгэрэх баян өгөөж ЗГБХН-өөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Х ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 14.8 дахь хэсэгт заасныг баримтлан Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус компанийн гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, ашигт малтмалын ашиглалтын МV-000267 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хасагдсан хэсгээс Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй талбайг буцаан олгож, уг тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн тул "дээрх шийдвэр, магадлалыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-000267 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хамаарч байгаад урт нэртэй хуулийн үйлчлэлээр хасагдсан талбайгаас хориглосон, хязгаарласан талбайн хилийн заагт хамаарахгүй болсон талбайг буцаан олгож, солбицолд өөрчлөлт оруулж бүртгэсэн байна.

Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 Төрийн захиргааны байгууллагын кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 - 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ. гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэл хөтлөх чиг үүргийнхээ хүрээнд шүүхийн магадлалыг биелүүлж холбогдох шийдвэрийг гаргасан.

Дээрх шийдвэрийн дагуу Х ХХК-ийн хасагдсан талбай буцаан олгогдсоноос үүдэн бичил уурхайн дүгнэлт гарсан талбайтай давхцал үүссэн тул Туулын цагаан тохой нэртэй 2.43 гектар талбайд урд нь гаргасан бичил уурхайн талбайн дүгнэлтийг хүчингүй болгож, тухайн талбай байрших Булган аймгийн Бүрэгхангай сумын засаг даргад 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 7/4957 тоотоор шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллахыг мэдэгдсэн.

Мөн талбайн дүгнэлтийг хүчингүй болгож шүүхийн шийдвэр биелүүлсэн болохыг Наран эрдэнэ нөхөрлөлд 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 7/4968 тоотоор мэдэгдсэн байна.

Дэлгэрэх баян өгөөж ЗГБХН-өөс Кадастрын хэлтэс болон Ашигт малтмал, газрын тосны газарт удаа дараа ирүүлж байсан хүсэлтүүдэд хууль зүйн үндэслэл бүхий хариуг хүргүүлж байсан.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хаш-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд Х ХХК нь 1996 оноос хойш Эрчим хүч, геологи, уул уурхайн сайдын 145 дугаар тушаалаар Булган аймгийн Бүрэгхангай сумын Ар тамсаг нэртэй газарт малтмал хайх, ашиглах МV-000267 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, үйл ажиллагаа явуулж ирсэн.

2009 онд Монгол Улсын Их Хурлаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий ирын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайн солбицлыг баталсны дагуу манай компанийн эзэмшиж байсан талбайн зарим хэсэг усны хамгаалалтын бүстэй давхацсан тул уг давхацсан хэсгийг төрд буцаасан юм.

Үүний дараа Улсын Их Хурлаас 2015 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн 289 дүгээр тогтоолын хавсралтаар усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосноор манай компанийн тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан, усны хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давхцалтай байсан талбайн зарим хэсэг уг хилийн заагт хамаарахгүй болсон.

Иймээс манай компани уг талбайг буцаан авах хүсэлтээ Ашигт малтмалын газарт гаргасан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн тул Нийслэл дэх захиргааны анхан шатны шүүхэд хандан 73.69 га талбайг координатын дагуу эзэмших тусгай зөвшөөрлийг олгосон шийдвэр гаргахыг даалгуулах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхээс хянаад шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр Х ХХК-ийн Булган аймгийн Бүрэгхангай сумын Ар тамсаг нэртэй газарт буцаан өгсөн 73.69 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн болно.

Гэтэл шүүхэд хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Ашигт малтмал, газрын тосны газар нь Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6/4596 дугаар албан бичгээр Туулын цагаан тохой газрын бичил уурхайн зориулалттай ашиглах боломжтой дүгнэлтийг гаргасан нь илт хууль бус захиргааны акт байсан юм.

Дээр дурдсан шүүхийн шийдвэрийн дагуу “Х” ХХК нь тусгай зөвшөөрлийн эрхээ сэргээлгэхээр Ашигт малтмалын газар, Кадастрын хэлтсийн дарга нарт хандсан бөгөөд тус байгууллагаас манай эрхийг сэргээн шийдвэрлэхээр хүсэлтийг хянах явцад уг талбайг Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолын 1-4 дүгээр хавсралтаар бичил уурхай явуулах зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байсан болохыг 2017 оны сүүлээр олж мэдсэн юм.

Манай компаниас шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлага гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газар 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 7/4957 дугаар, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 7/4968 дугаар албан бичгээр өөрийн гаргасан бичил уурхайн зориулалттай олгогдсон талбайн дүгнэлтийг хүчингүй болгосон тухайгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга, Наран эрдэнэ нөхөрлөл /Дэлгэрэх баян өгөөж нөхөрлөл/-д мэдэгдсэн.

Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/7009 дугаартай албан бичгээр 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 7/4957 дугаар албан бичгээрээ бичил уурхайн зориулалттай олгогдсон талбайн дүгнэлтийг хүчингүй болгосон тухайгаа мэдэгдсэн гэдгээ баталгаажуулж манайд мэдэгдсэн болно.

Улмаар Ашигт малтмалын газар, Кадастрын хэлтсийн дарга нар нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг шийдвэрээ хүчингүй болгохыг удаа дараа шаардсан боловч тус Хурлаас уг асуудлыг шийдвэрлэхээс татгалзаж, улмаар уг газрыг бичил уурхайн зориулалтаар бусдад ашиглуулж, эзэмшүүлж байгаа нь илт хууль бус байсан.

Тухайлбал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 251 дүгээр гарсны дараа 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал маргаан бүхий тогтоолыг батлан гаргасан байгаа тул энэ тогтоолын Х" ХХК-д 73.69 га талбайд тусгай зөвшөөрөл эзэмшүүлэхийг даалгаж шүүхээс тогтоосон газартай давхцалтай хэсэг нь цаг хугацааны хувьд хүчин төгөлдөр болоод хууль ёсны байх боломжгүй шийдвэр юм.

Нөгөө талаас манай компани 1996 оноос эхлэн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Ар тамсаг нэртэй газарт уг 158.12 га талбайг 267А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлөөр авахдаа уг талбайн хайгуулын ажлын дүгнэлт гаргаж, нөөц, эрдсийн бүрэлдэхүүнийг тогтоосны үндсэн дээр ашигт малтмалын нөөцийн дүгнэлтийг Улсын комиссод хүлээлгэж өгсөн ба 73.69 га талбай нь усны хамгаалалтын бүстэй газартай давхацсан байсан тул уг давхцалтай талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй хэсэг байсан юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д "ашигт малтмалын орд гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтож чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлалыг, мөн зүйлийн 4.1.25-д ашигт малтмалын ордын нөөц гэж хайгуулын ажлаар ашигт малтмалын тоо хэмжээ, хэлбэр, агуулга, эрдсийн бүрэлдэхүүн нь нарийвчлан тогтоогдсон, үйлдвэрийн аргаар олборлох боломжтой, эдийн засгийн үр ашигтай, баяжуулах технологи, олборлолтын уул техникийн нөхцөл нь тодорхойлогдсон ашигт малтмалын баялгийн хэсгийг, мөн зүйлийн 4.1.23-т бичил уурхай гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор ... нөхөрлөл болон ... хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг хэлэхээр тус тус заасан байна.

Хуулийн эдгээр заалтаас харвал ашигт малтмалыг тусгай зөвшөөрлөөр эзэмшүүлэх талбай болоод бичил уурхайн зориулалтаар үйл ажиллагаа явуулах талбайн үндсэн агуулгыг хуульчлан хатуу тодорхойлж өгсөн байгаа тул манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан боловч ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй талбайд бичил уурхайн үйл ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэл огт байгаагүй байна.

Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй жижиг ордын шинжтэй бол, эсхүл ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд л бичил уурхай явуулах хууль зүйн боломжтой, харин ордын нөөц нь тогтоогдсон, манай компанид үйлдвэрлэлийн аргаар ашиглахад үр ашигтай байхаар техник, эдийн засгийн үндэслэл нь батлагдсан байгаа талбайг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авч, улмаар бичил уурхайн зориулалтаар бусдад эзэмшүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9, 4.1.23, 4.1.25-д заасныг зөрчсөн байна.

Эндээс үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9, 4.1.23-д заасан талбайд ашигт малтмал ашиглуулах тусгай зөвшөөрлийг мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19, 11.2-т заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн шийдвэрлэх эрх хэмжээ бүхий байхад тус байгууллагын шийдвэрлэхэд асуудалд хамаарах талбайг илт хууль бусаар бичил уурхайн талбай болгож шийдвэрлэсэн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн дугаар зүйлийн 47.1.3-т заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан учраас илт хууль бус захиргааны акт байсан гэж үзэж байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй ... гэж хуульчлан тогтоосон байхад шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс хууль бус аргаар зайлсхийж, өөрийнхөө эрхийг зөрчигдсөн мэтээр шүүхэд хандсан байна.

Ийм учраас маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч Дэлгэрэх баян өгөөж нөхөрлөлийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, маргаан бүхий талбайд уул уурхайн үйл ажиллагаа явуулах хууль ёсны эрх байгаагүй нь холбогдох баримтуудаар нотлогдож байгаа болно.

Манай компани анх 1996 онд тусгай зөвшөөрөл олгоход 158.12 га газартай байсан. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаж тус хуульд хамрагдах хэсгийг улсад буцаан өгсөн бөгөөд тухайн газрыг эзэмшиж байсан аж ахуйн нэгж давуу эрхтэйгээр авах ёстой гэсэн хуулийн заалт байдаг. Энэ давуу эрхийнхээ дагуу 71.73 га газраа буцаан авсан. Гэтэл тус хуульд дахин өөрчлөлт ороод гол, мөрний урсац бүрэлдэх хэсгээс 200 метр, ойн сан бүхий газраас 800 метрт үйл ажиллагаа явуулж болно гэсэн учраас манайх дахин газраасаа дахин хасуулаад хэмжилт хийлгэн 8 цэгтэй болгуулж 69.01 га талбайтай болсон. Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмал олборлохыг хориглосон талбайтай давхцалгүй хэсгийнхээ солбицолд өөрчлөлт оруулан бүртгүүлээд байж байтал урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт орж хязгаарлалт 200 метр, 800 метр гэснийг 50 метр, 100 метр болгон өөрчилсөн. Шүүхэд хандсаны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэн хариуцагч байгууллага манайд 35 цэг бүхий 145.42 га газар олгосон. Үүнээс хойш газрын хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй.

Нэхэмжлэгч 2.43 га газрыг ашиглах ёстой гэж байгаа. 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээнд 0.5 га газарт ашигт малтмал олборлуулна гэж заасан. 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Наран-Эрдэнэ” нөхөрлөлд Ашигт малтмал, газрын тосны газраас ашигт малтмалын дүгнэлт гаргаж өгсөн. Хууль болон журамд зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлоход 3 бичиг баримтыг үндэслэж ашигт малтмал олборлох эрхтэй болно. Үүнд орон нутгийн хэрэгцээнд авсан байх, орон нутагтай хийсэн гэрээ, Ашигт малтмал, газрын тосны газрын эдийн засгийн үр ашигтай гэсэн дүгнэлт байх ёстой. Дүгнэлтийг “Наран эрдэнэ” нөхөрлөлд гаргаж өгсөн боловч дараа нь шүүхийн шийдвэрээр манайд газрыг буцаан олгохоор шийдвэрлэхэд Ашигт малтмал, газрын тосны газраас тус нөхөрлөлд танай дүгнэлтийг хүчингүй болголоо. Энэ газрыг ашиглаж болохгүй гэсэн албан бичгийг “Наран-Эрдэнэ” нөхөрлөлд өгсөн. Нөхөрлөлд ашиг, орлогогүй иргэдийн ашиг, орлогыг сайжруулахын тулд зөвхөн нөхөн сэргээлтийн журмаар газар олгохоор хуульчилсан байдаг. Гэтэл эдгээр нөхөрлөлүүд эрүүл газрыг олборлолтын зориулалтаар ашиглаад, эхний 1 га талбайг том техникээр ухаад нөхөн сэргээлт хийгээгүй. Хогоо булсан, газрыг ухаад хаясан, голын голдиролруу орсон. Манай компани тус газрын татварыг төлдөг учраас торгууль тавигдсан. Манай газрыг эдгээр нөхөрлөлүүд ашиглаад бидэнд яагаад хохирол учруулаад байгаа юм бэ. Маргаж буй 2.43 га газрыг манайхаас хассан юм уу гэхээр хасалт хийгдээгүй, манайд бүртгэлтэй явдаг газар юм. Зурагт шараар тэмдэглэгдсэн газар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар болохоос биш эдгээр нөхөрлөлд олгосон газар биш.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал өөрийгөө хүчин төгөлдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой, “Х” ХХК нь газраа буцаан өгсөн дараа энэ газрыг авсан гэж тайлбарлаж байгаа. “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гарсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан. Энэ хоёр эрх зүйн баримтын шүүхийн шийдвэр нь эхлээд гарсан.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрыг тусгай хэрэгцээнд авсан. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр давж заалдах шатны шүүхийн магадлал гарсны дараа Ашигт малтмал, газрын тосны газраас 07 дугаар сарын 28-ны өдөр бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Энэ нь хууль бус юм. Учир нь “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт Ашигт малтмал, газрын тосны газар өөрсдөө хариуцагчаар оролж байж шүүхийн шийдвэр гараагүй байхад тухайн газрыг ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсны дараа бичил уурхайн зориулалтаар ашиглаж болно дүгнэлт, дүгнэлт гарсны дараа бичил уурхайн зориулалтаар ашиглах орон нутгийн шийдвэр гарсан. Цаг хугацааны хувьд эдгээр шийдвэрүүд шүүхийн шийдвэрийн дараа гарсан.

 “Х” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай яагаад олон цэгтэй болсон бэ гэвэл туул голын хамгаалалтын бүс буюу хамгаалалтын бүсийг гаргах гэж олон цэргийг гаргасан. Монгол улсын хэмжээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хил заагийг зөвхөн Ашигт малтмал, газрын тосны газар л бүртгэж байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтээр солбицлын дагуу бүртгэдэг. Энэ солбицлын дагуу шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Манайх ийм солбицолтой талбайтай үүнийхээ дагуу тусгай зөвшөөрлийн талбайгаа буцаан авъя гэсэн нэхэмжлэл гаргаж шүүх нэхэмжлэлийг хангаж  шийдвэрлэсэн. Түүнээс таамгаар газрыг оруулсан зүйл байхгүй. Шүүхийн шийдвэрийг үндэслээд солбицол мэдээллийн санд орсон. Ашигт малтмал, газрын тосны газраас бичил уурхайн чиглэлээр ашиглаж болно гэсэн дүгнэлтээ хүчингүй болгоход хэн ч маргаагүй. Энэ хугацаанд нэхэмжлэл гаргаж хугацаа алдуулан олборлолт хийж дуусгасан. 2010 оны Засгийн газрын 308 дугаар тогтоолоор Бичил уурхайн ашигт малтмал олборлох журам гэж батлагдсан байдаг. Уг журамд зааснаар анх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрыг тусгай хэрэгцээнд аваад бичил уухайн зориулалтаар ашиглуулахаар журамласан байсан. Энэ журамд 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өөрчлөлт орж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрыг тусгай хэрэгцээнд авахыг болиулж Аймаг тусгай хэрэгцээнд авж байхаар шийдвэрлэсэн. 2018 оны Засгийн газрын 154 дүгээр тогтоолын дагуу аймаг газрыг тусгай хэрэгцээнд авахдаа уг газар маргаантай байгааг мэдэж байсан, дүгнэлт хүчингүй болсныг мэдсэн учраас тухайн газрыг тусгай хэрэгцээнд авалгүй үлдээгээд бусад газрыг тусгай хэрэгцээнд авсан тогтоол гаргасан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор уг газар тусгай хэрэгцээнд авагдаагүй. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хүчин төгөлдөр учраас манай талбай тусгай хэрэгцээнд байгаа гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа. Үүнийг Ашигт малтмал, газрын тосны газар мэдэж байсан учраас тусгай хэрэгцээнээс хасах ёстой.

Булган аймгийн захиргааны хэргийн шүүхэд хандаад маргаж байхад тус аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бид бичил уурхайн зориулалтаар газрыг ашиглуулах гэрээг дахин байгуулахгүй гэсэн албан бичгийг шүүхэд өгсөн. Гэтэл сүүлд гэрээ байгуулсан байна. Үүнийг хууль ёсны гэрээ гэж үзэхгүй байна. Сум нь бичил уурхайн зориулалтаар газар ашиглах гэрээг байгуулаагүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тусгай хэрэгцээнд авах эрх нь дуусгавар болсон учраас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй. Ашигт малтмал, газрын тосны газар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.” гэв.

                                              ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч Д.Б-өөс тус шүүхэд хандаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр Х ХХК-д MV-000267 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт оруулан олгохдоо Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолоор Бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан Дэлгэрэх баян өгөөж ЗГБХН-д олгосон талбайтай давхцуулан олгосныг хууль бус болохыг тогтоож, давхцалтай хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

“Х” ХХК-иас гаргасан,  Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үүссэн эрхийг сэргээхээс татгалзсан Ашигт малтмалын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, төрд хураалгасан 73.69 га талбайг нэхэмжлэлд дурдсан координатын дагуу буцаан “Х" ХХК эзэмших ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрээ гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2016/0441 дүгээр магадлалаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн, дээр дурдсан 251 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийг “...Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус компанийн гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, ашигт малтмалын ашиглалтын MV-000267 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хасагдсан хэсгээс Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй талбайг буцаан олгож, уг тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах”-аар өөрчилсөн,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2016/0441 дугаар магадлалыг биелүүлж гарсан, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” шийдвэрээр “Х” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-000267 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хасагдсан хэсгээс Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй талбайг буцаан олгож, уг тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дугаар тогтоолоор тус сумын нутагт орших “Туулын цагаан тохой” гэх газрын 2,43 га талбайг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд 5 жилийн хугацаатай авч, уг талбайн 1 га газрыг нэхэмжлэгч “Дэлгэрэх баян өгөөж” нөхөрлөлд бичил уурхайн зориулалтаар хүлээлгэн өгч 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр газар хүлээлцсэн тухай акт үйлдсэн, уг тогтоол хүчин төгөлдөр байгаа,

 Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 6/4596 дугаар албан бичгээр “Туулын цагаан тохой” гэх газрыг солбицлоор зааж нийт 2,43 га газрыг бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжтойг мэдэгдсэн,

Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга “Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ”-г “Дэлгэрэх баян өгөөж” нөхөрлөлтэй 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан, уг гэрээг байгуулахдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дугаар тогтоол...болон Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 6/4596 дугаар дүгнэлтийг үндэслэсэн, талууд гэрээг тухайн оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үйлчлэхээр тогтоосон.

 Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргаас тус шүүхэд ирүүлсэн, 2019 оны 10 дугаах сарын 31-ний 01/305 дугаар албан бичгээр “...кадастрын нэгдсэн системд 2021 оны 6 сарын 06-ны өдөр хүртэл бүртгэсэн,...уг өдөр хүртэл Дэлгэрэх баян өгөөж нөхөрлөл ажиллах болно” гэж тодорхойлолт ирүүлсэн,

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 7/4957 дугаар албан бичгээр Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргад хандаж “...Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 29 дүгээр шийдвэрээр...”Х” ХХК-ийн MV-000267 тоот тусгай зөвшөөрлийн талбайг буцааж олгосон байх тул уг тусгай зөвшөөрөлтэй давхцалтай олгогдсон бичил уурхайн зориулалтаар олгосон талбайн дүгнэлтийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллана уу” гэж мэдэгдсэн,

 Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн 7/4968 дугаар албан бичгээр Наран-Эрдэнэ нөхөрлөлийн тэргүүн С.Нарантуяад хандаж “...Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 29 дүгээр шийдвэрийн дагуу...”Х” ХХК-ийн MV-000267 тоот тусгай зөвшөөрлийн талбайг буцааж олгосон байх тул уг тусгай зөвшөөрөлтэй давхцалтай олгогдсон бичил уурхайн зориулалтаар олгосон талбайн дүгнэлтийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болохыг...” мэдэгдсэн үйл баримтууд тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээр үйл баримттай маргаагүй.

Харин, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлж гарсан, уг магадлалд зааснаар л гарах ёстой, гэтэл магадлалд заагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй газрыг тусгай зөвшөөрлийн талбайд оруулж олгосон нь хууль бус, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан манай нөхөрлөлийн бичил уурхайн зориулалтаар ашиглаж буй талбайтай хэсэгчлэн давхцуулсан нь нөхөрлөлийн эрхийг зөрчсөн...” гэж тодорхойлсныг хариуцагч “...шүүхийн магадлалыг биелүүлж уг шийдвэрийг гаргасан тул хууль бус гэж үзэх үндэслэлгүй...” гэж, гуравдагч этгээд “...нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарч бичил уурхайгаар ашиглахаар шийдвэрлэсэн...” гэж тодорхойлон маргаж байна. 

Үүнээс үзвэл хариуцагч захиргааны байгууллага Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2016/0441 дүгээр магадлалыг биелүүлж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” шийдвэр гаргасан боловч шүүхийн магадлал бодитой биелэгдээгүй гэж үзэхээр байна.

Тухайлбал хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч анхнаасаа 73,69 га талбайг нэхэмжилсэн болон уг нэхэмжилсэн талбайгаас Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолын дагуу хасагдах талбай нь хэд болох, мөн Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор хасагдсан талбай нь хэд болох, эдгээр хасагдсан талбайгаас Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй байгаа талбай нь хэд болохыг тус тусын хэмжээ, солбицлоор нь тодорхой болгосны үндсэн дээр “Х” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулахаар байна.

Түүнчлэн “Х” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн маргаан шүүхээр хянан хэлэлцэгдэж анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа буюу Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дугаар тогтоолоор тус сумын нутагт орших “Туулын цагаан тохой” гэх газрын 2,43 га талбайг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд 5 жилийн хугацаатай авснаар тухайн маргаан бүхий талбай нь Х ХХК-ийн талбайтай хэсэгчлэн давхацсан, үүнийг хариуцагч “...2017 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн 7/4968 дугаар албан бичгээр Наран-Эрдэнэ нөхөрлөлийн тэргүүн С.Нарантуяад хандаж “...Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 29 дүгээр шийдвэрийн дагуу...”Х” ХХК-ийн MV-000267 тоот тусгай зөвшөөрлийн талбайг буцааж олгосон байх тул уг тусгай зөвшөөрөлтэй давхцалтай олгогдсон бичил уурхайн зориулалтаар олгосон талбайн дүгнэлтийг хүчингүй болгосон...” гэж тайлбарлаж байх боловч энэ тухай дүгнэлтийг  тухайлан гаргаагүй байна.

Ингэснээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2016/0441 дүгээр магадлал гарахаас өмнө орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайг ямар үндэслэлээр Х ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд оруулсан нь тодорхойгүй үлдсэн, “Бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал ашиглах журам”-д 2017 онд өөрчлөлт орсноор газрыг зөвхөн Аймгийн иргэдийн төтөөлөгчдийн хурлын шийдвэрээр аймгийн тусгай хэрэгцээнд авахаар зохицуулсан хэдий ч Булган аймгийн Бүрэгхангай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол хүчинтэй хэвээр байгаад дүгнэлт хийгээгүй байна.

   Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.21-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд гарсан хилийн маргааныг хянан шийдвэрлэх” чиг үүргийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд “төрийн захиргааны байгууллага” гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлэхээр тус тус заасан.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд улсын хэмжээнд нэгдсэн хяналт тавих, тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх үндсэн чиг үүрэг бүхий байгууллагын хувьд дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй ...” гэж заасан, хариуцагч маргаан бүхий захиргааны актыг шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан гэж тайлбарласан хэдий ч уг шийдвэр нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагчид даалгасан үйл ажиллагааг гүйцэд хийгээгүй нь шүүхийн шийдвэр бүрэн биелэгдсэн гэж үзэх үндэслэлийг няцааж байна.

Иймд хариуцагч нь “Х” ХХК-ийн MV-000267 тоот тусгай зөвшөөрлөөр одоо эзэмшиж байгаа  нийт талбайн хэмжээ, солбицол, үүнээс шүүхэд нэхэмжлэл гаргасан 73,69 га талбайн хэмжээ, солбицол, түүнчлэн уг нэхэмжилсэн талбайгаас Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолын дагуу хасагдах талбай нь хэд болох, мөн Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор хасагдсан талбай нь хэд болох, эдгээр хасагдсан талбайгаас Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй байгаа талбай нь хэд болохыг тус тусын хэмжээ, солбицлоор нь тодорхой болгосны үндсэн дээр “Х” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулахаар дахин шинэ акт гаргавал зохино.

3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.21-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 5 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Дээр дурдсан хугацаанд шинэ акт гаргаагүй бол Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэр хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.Д

ШҮҮГЧ                          Б.А

ШҮҮГЧ                          Б.М