| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 191/2025/09127/И |
| Дугаар | 001/ХТ2026/00200 |
| Огноо | 2026-10-13 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2026/00200
Л.Ц-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2026/02692 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2026/00984 дүгээр магадлалтай
Л.Ц-ийн нэхэмжлэлтэй,
20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч А.Ө-ны хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагчийн өмгөөлөгч А.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч А-д холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2026/02692 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч А-аас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ц-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А-аас 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ц-т олгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/45874 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасныг баримтлан хариуцагч А-ын арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 20,000,000 төгрөгийн хэмжээгээр зогсоосон бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2026/00984 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2026/02692 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн өмгөөлөгч А.Ө-ны хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026.02.23-ны өдрийн 191/ШШ2026/02692 дугаар шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.05.01-ний өдрийн 210/МА2026/00984 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх" хэсэгт "Л.Ц нь 2016.05.06-ны өдөр А-ын Голомт банк дахь *** тоот дансанд "Нэр дэвшигч Л.Ц” гүйлгээний утгатай 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, орлогын мэдүүлгээр тогтоогдож байна" гээд үргэлжлүүлэн “хариуцагч А- 2016.05.06-ны өдөр Л.Ц-ээс А-ын данс руу шилжүүлсэн мөнгөний зориулалт, зарцуулалт тухайн үеийн намын эрх бүхий этгээдүүдийн болон санхүүгийн баримтаар тодорхой болно гэх тайлбар гаргасан хэдий ч нэхэмжлэлийн хувь гардан авсан 2025.10.17-ны өдрөөс хойш 2026.02.23-ны өдрийг хүртэл 128 хоногийн хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Харин давж заалдах шатны шүүх магадлалынхаа “Хянавал” хэсэгт “Шүүх 2026.02.23-ны өдрийн 191/Ш32026/11791 дүгээр захирамжаар хариуцагчийн гаргасан Улсын дээд шүүхээс 2016 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан А-ын дүрмийг, "Голомт банк” ХК-аас 2016 онд А нь *** тоот данс эзэмшиж байсан эсэх, 2016.05.06-ны өдрийн дансны гүйлгээг тус тус шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн" гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хариуцагчийн зүгээс дээрх үндэслэлүүдийг дараах тайлбараар няцааж байна.
Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчээс хариуцагч руу шилжүүлсэн мөнгөн гүйлгээний утга, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг бүрэн гүйцэд тодруулаагүй. Нэхэмжлэгчийн заасан 2016 онд Монгол улсад 2005 оны Улс төрийн намын тухай хууль үйлчилж байсан ба тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт намын санхүүжилтийн 7 хэлбэрийг нэрлэн заасан. Улмаар тус санхүүжилтийн хэлбэрүүдийг харвал “төрийн сонгуульд нэр дэвшихтэй холбоотойгоор гишүүдээс мөнгөн хөрөнгө хураах зохицуулалт” байдаггүй. Сүүлд 2023 онд шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хуулийн 26 дугаар зүйлд ч намын орлого (санхүүжилт)-ийн 4 хэлбэрийг нэрлэн заасны дотор “төрийн сонгуульд нэр дэвшихтэй холбоотойгоор гишүүдээс мөнгөн хөрөнгө хураах зохицуулалт” байхгүй болно. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлдээ “2016 оны Улсын их хурлын сонгуульд А-аас Сэлэнгэ аймагт нэр дэвших зорилгоор 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн” гэх үйл баримтыг мэдүүлдэг. Энэ нь дээр дурдсан Улс төрийн намын тухай хуулийн зохицуулалтад нийцэхгүй, тодорхойгүй үйлдэл байхаас гадна хариуцагч тал ч тус мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй талаараа шүүхэд тайлбарладаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтыг бүрэн шалгаж тодруулаагүй, хэргийн оролцогчдын тайлбар, тухайн үед хийсэн үйлдэл, хүсэл зоригийнх нь илэрхийллийг бүрэн тодорхойлж чадаагүй гэж үзэж байна.
Хоёр. Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагадаа “20,000,000 төгрөгийг Голомт банк дахь "А”-ын эзэмшлийн *** тоот данс руу 2016.05.06-ны өдөр шилжүүлсэн” гэж тайлбарладаг. Үүнтэйгээ холбогдуулан тус өдрийн мөнгөн шилжүүлгийн нотлох баримт гэж Голомт банкны гүйлгээний хуулгыг гаргаж өгсөн. Гэтэл хариуцагч "А” нь Голомт банканд *** тоот харилцах данс эзэмшдэггүй, одоогоор Төрийн банк дахь *** тоот дансыг ашигладаг. Мөн 2005 оны Улс төрийн намын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт “гишүүний татвар болон хандивыг тооцооны нэг дансанд байршуулна" гэж, мөн 2023 оны Улс төрийн намын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсэгт ''нам нь энэ хуулийн 26.1-д заасан орлогыг зөвхөн нэг банкны дансаар хүлээн авах бөгөөд өөр харилцах данстай байхыг хориглоно” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, аливаа улс төрийн нам нь арилжааны банканд зөвхөн нэг л харилцах данс эзэмших боломжтой.
ЗЗХариуцагч “А”-ын хувьд Голомт банк бус Төрийн банканд л данс эзэмшдэг болно. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс тус нөхцөл байдлыг тодруулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.3-т заасны дагуу “А- нь Голомт банк ХК-д *** тоот данс эзэмшиж байсан эсэх, мөн ийм данс эзэмшиж байсан бол 2016.05.06-07-ны өдрийн дансны хуулгыг тус тус Голомт банкнаас гаргуулах тухай” хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан. Гэвч анхан шатны шүүх тус хүсэлтийг хүлээж авахаас үндэслэлгүйгээр татгалзсан. Энэ нь хариуцагч болон түүний өмгөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрсөн үйлдэл болсон байхад давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулаагүй. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаснаас болж хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол үндэслэлгүйгээр зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд хуулийн шаардлага хангахгүй, хуурамч баримтад үндэслэж, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хариуцагч болон түүний өмгөөлөгчид олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчиж хэрэг хянан шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026.02.23-ны өдрийн 191/ШШ2026/02692 дугаар шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.05.01-ний өдрийн 210/МА2026/00984 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.07.07-ны өдрийн 001/ШХТ2026/00928 дугаар тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгч А.Ө-ны хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
7.Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч А-д холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд А-аас Сэлэнгэ аймгийн 27 дугаар тойрогт нэр дэвшүүлэхээр болсон тул намд 20,000,000 төгрөг төл гэсний дагуу төлсөн. Гэтэл тодорхойгүй шалтгааны улмаас нэр дэвшүүлээгүй тул 20,000,000 төгрөгөө буцаан шаардана”... гэж тайлбарласан.
Хариуцагч А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргахдаа “... нэр дэвшигчээс аливаа хэлбэрээр мөнгө авдаггүй байсан. Л.Ц-ийн намын данс руу шилжүүлсэн мөнгөний зориулалт, зарцуулалт санхүүгийн баримтаар тодорхой болно, бодитоор мөнгө орсон эсэх, данс мөн эсэх нь тодорхойгүй, 2016.05.06-ны өдрөөс хойш намын удирдлага хэд хэдэн удаа солигдсон. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
8.Анхан шатны шүүх “… нэхэмжлэгч Л.Ц нь 2016.05.06-ны өдөр А-ын дансанд “Нэр дэвшигч Л.Ц” гэсэн гүйлгээний утгаар 20,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, орлогын мэдүүлгээр тогтоогдож байна. Хариуцагч нь Л.Ц-ээс А-ын данс руу шилжүүлсэн мөнгөний зориулалт, зарцуулалт тухайн үеийн намын эрх бүхий этгээдүүдийн болон санхүүгийн баримтаар тодорхой болно гэх тайлбар гаргасан хэдий ч нэхэмжлэлийн хувийг гардан авсан 2025 оны 10 сарын 17-ны өдрөөс хойш 2026 оны 02 сарын 23-ны өдрийг хүртэл 128 хоногийн хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй. Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлэх ба үүрэг үүсээгүй гэдэг нь тэдний хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг хэлнэ. Хариуцагч А нь Голомт банк дахь *** тоот данс тухайн намын данс талаар хариу тайлбартаа дурдсан ба намын удирдлагууд 2016 оны 05 сарын 06-ны өдрөөс хойш удаа дараа солигдсон нь татгалзлын үндэслэл болохгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
9.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ “...анхан шатны шүүх талуудын хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Улс төрийн намын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.3-т заасан зохицуулалтаас үзэхэд 20,000,000 төгрөгийг намд өгсөн хандив гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй” гэж дүгнэн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
10.Нэхэмжлэгчээс шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг хариуцагч хүлээн авсан тухай болон нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгөө буцаан шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болсон байх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч А.Ө-ны хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
11.Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн харилцаанд хамааруулан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд зөв байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгчийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд түүнийг буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулсан.
Уг зохицуулалтад заасан «үүрэг үүсээгүй» гэдэг нь хөрөнгө шилжүүлэгч болон хөрөнгө хүлээн авагчийн хооронд тухайн хөрөнгийг шилжүүлэх гэрээний буюу хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг ойлгоно. Иймд хөрөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон боловч түүнийг шилжүүлэх эрх зүйн үндэслэл байгаагүй бол хөрөнгө шилжүүлэгч буцаан шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч хөрөнгө шилжүүлсэн болон түүнийг хариуцагч хүлээн авсан гэх шаардлагынхаа үндэслэлийг нотлох, харин хариуцагч уг хөрөнгийг хууль буюу гэрээний үндсэн дээр хүлээн авсан, эсхүл буцаан шилжүүлэх үүрэггүй гэх татгалзлынхаа үндэслэлийг тус тус нотлох үүрэгтэй.
12.Хэрэгт авагдсан Голомт банкны 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн орлогын баримтад мөнгө хүлээн авагчийг «А», дансны дугаарыг «***», гүйлгээний утгыг «Нэр дэвшигч Л.Ц » гэж тэмдэглэж, 20,000,000 төгрөгийн орлогын гүйлгээг банкны ажилтны гарын үсэг, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан байна. Уг баримтаар нэхэмжлэгч 20,000,000 төгрөгийг А-ыг хүлээн авагчаар заасан дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд хариуцагч тухайн данс намын эзэмшлийнх мөн эсэх, мөнгийг бодитоор хүлээн авсан эсэх талаар маргасан байна.
Банкны орлогын баримт нь мөнгө шилжүүлсэн үйл баримт, шилжүүлгийн хэмжээ, гүйлгээний зориулалт болон хүлээн авагчийн талаарх мэдээллийг агуулсан бичгийн нотлох баримт байх бөгөөд түүнийг хэрэгт авагдсан бусад баримт, зохигчдын тайлбартай харьцуулан үнэлэх учиртай.
Анхан шатны шүүх уг баримтыг зохигчдын тайлбартай харьцуулан үнэлж, нэхэмжлэгчээс мөнгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь тогтоогдсон, хариуцагч банкны орлогын баримтад тусгагдсан хүлээн авагчийн мэдээллийг үгүйсгэх, эсхүл мөнгийг өөр этгээд хүлээн авсан гэх татгалзлын үндэслэлээ хуульд заасан арга, журмаар баримтаар нотлоогүй байна.
Иймд хоёр шатны шүүх маргаан бүхий 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчийн дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтад үндэслэсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
13.Мөнгийг хариуцагч хүлээн авсан гэж үзсэн тохиолдолд уг мөнгийг шилжүүлэх гэрээний буюу хуульд заасан үүргийн үндэслэл байсан эсэхийг тогтоох шаардлагатай.
Нэхэмжлэгч 20,000,000 төгрөгийг 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан шилжүүлсэн гэж тайлбарласан бөгөөд банкны орлогын баримтад тэмдэглэсэн гүйлгээний утга уг тайлбартай нийцсэн. Мөнгө шилжүүлсэн 2016 оны 5 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж байсан Улс төрийн намын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т намын гишүүн, дэмжигч үзэл бодол, итгэл үнэмшлээрээ намыг дэмжин хандив өргөж болохоор, 18.3-т иргэнээс намд нэг удаа өгөх хандивын дээд хэмжээг нэг сая төгрөгөөр хязгаарлахаар тус тус зохицуулсан.
Хандив нь хөрөнгө шилжүүлэгчийн сайн дурын хүсэл зоригт үндэслэх тул улс төрийн намын дансанд мөнгө шилжүүлсэн үйл баримтаар түүнийг хандив гэж шууд үзэхгүй. Харин мөнгө шилжүүлсэн зорилго, зориулалт, талуудын хүсэл зориг болон холбогдох хуулийн зохицуулалтаар тухайн хөрөнгийн эрх зүйн шинжийг тодорхойлох учиртай.
Нэхэмжлэгч уг мөнгийг нэр дэвшихтэй холбогдуулан шилжүүлсэн гэж тайлбарласан, банкны орлогын баримтын гүйлгээний утга уг тайлбартай нийцсэн, шилжүүлсэн мөнгөний хэмжээ Улс төрийн намын тухай хуулийн 18.3-т заасан хандивын дээд хэмжээнээс давсан байна. Гэвч мөнгөний хэмжээ хандивын дээд хэмжээнээс давсан нь дангаараа уг мөнгийг хандив биш гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь, мөн хуулийн 18.6-д сонгуулийн үйл ажиллагааны санхүүжилттэй холбоотой тусгай зохицуулалт үйлчлэхээр заасан тул мөнгийг сонгуулийн үйл ажиллагаанд зориулсан хандив гэж үзэх эсэхийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан холбогдох хууль болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлох шаардлагатай.
Хариуцагч тал уг 20,000,000 төгрөгийг ямар зориулалтаар хүлээн авсан тухайгаа тайлбарлаагүйн зэрэгцээ буцаан өгөхөөс татгалзаж буй тайлбарынхаа үндэслэлийг нотлоогүй байна. Иймд давж заалдах шатны шүүх зөвхөн мөнгөний хэмжээнд бус, шилжүүлгийн зориулалт, нэхэмжлэгчийн тайлбар болон хариуцагчийн татгалзлыг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан үнэлж, нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн уг мөнгийг намд өгсөн хандив гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.
14.Нэхэмжлэгч маргаан бүхий мөнгийг Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан шилжүүлсэн гэх боловч нэр дэвшээгүй үйл баримт нь дангаараа хөрөнгө буцаан шаардах эрх үүсгэхгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 20,000,000 төгрөг төлөх хуульд заасан үүрэг хүлээсэн, эсхүл талуудын хооронд уг мөнгийг шилжүүлэх гэрээний үүрэг үүссэн болох нь тогтоогдоогүй байна.
Хариуцагч мөнгөний зориулалт, зарцуулалтыг тухайн үеийн намын эрх бүхий этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтаар тодорхойлох боломжтой гэж тайлбарласан боловч энэ нь мөнгийг хүлээн авч өөртөө үлдээх эрх зүйн үндэслэлийг нотлохгүй. Мөн намын удирдлага өөрчлөгдсөн нь хуулийн этгээдийн эрх, үүргийн үргэлжлэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 20,000,000 төгрөг талуудын хооронд уг хөрөнгийг шилжүүлэх үүргийн эрх зүйн үндэслэл үүсээгүй, хариуцагч хөрөнгийг өөртөө үлдээх эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн хууль хэрэглээг давж заалдах шатны шүүх зөв гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
15.Хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүх А-ын дүрэм, Голомт банкны дансны эзэмшил болон гүйлгээтэй холбоотой баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон гэх гомдлыг гаргасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч уг хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан бөгөөд анхан шатны шүүх 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШЗ2026/11791 дүгээр захирамжаар хангахгүй орхисон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зохигч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх нөхцөлийг, 105 дугаар зүйлийн 105.2-т шүүх хуралдааны явцад нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг шийдвэрлэх журмыг тус тус зохицуулсан.
Эдгээр зохицуулалтын дагуу шүүх нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ тухайн баримт маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэх, хүсэлт гаргагч өөрөө олж авах боломжтой байсан эсэх, хүсэлтийг өмнө нь гаргаагүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг харгалзан үзэх учиртай.
Хариуцагчийн гаргуулахыг хүссэн баримт нь дансны эзэмшил, мөнгөний зориулалтыг тогтооход хамааралтай боловч хариуцагч эдгээр баримтыг өмнө нь гаргах, эсхүл гаргуулах хүсэлт тавих боломжгүй байсан үндэслэлээ хангалттай тайлбарлаагүй. Түүнчлэн банкны баталгаажуулсан орлогын баримт хэрэгт авагдсан бөгөөд хариуцагч уг баримтад тусгагдсан хүлээн авагчийн мэдээллийг няцаах өөр нотлох баримт гаргаагүй байна. Дээрх нөхцөлд анхан шатны шүүх нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхисныг хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлсөн, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохуйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна.
16.Хоёр шатны шүүхийн дүгнэлт нь маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримт болон Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө буцаан шаардах эрхийн агуулгад нийцсэн байх тул шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2026/02692 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2026/00984 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч А.Ө-ны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД