Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 57

 

 Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2018/02236 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б-д холбогдох

Гэрлэлт цуцлах, гэр бүлийн дундын хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч П.Цэрэн-Очир, хариуцагчийн өмгөөлөгч О.Чулуунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 онд М.Б-тай танилцан улмаар гэр бүл болон амьдарч байгаад 2015 оны 12 сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсны гэр бүл болсон. Бид гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж  2018 оны 4 сараас хойш тусдаа амьдарч байгаа болно. Гэрлэлтээ цуцлуулна. Хамт амьдарч байхдаа 2016 оны 3 сард Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 цогцолбор хорооллын 1003 дугаар байрны 44 тоот 49.23 м2 талбай бүхий 2 өрөө 66 460 500 төгрөгийн орон сууцыг худалдан авч урьдчилгаа 30 хувь болох 19 960 500 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 70 хувь болох 46 500 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас нөхрийн хамт зээл авч төлсөн. Энэхүү зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байгаа. Шинээр орон сууцтай болсноор 10 451 742 төгрөгийн гэрийн тавилга, цахилгаан хэрэгсэл худалдан авсан. Бүгд 10 451 742 төгрөгийн эд хөрөнгөнөөс оногдох хэсэг 5 225 871 төгрөг нэхэмжилснээс гэрээс явахдаа авч явсан эд хөрөнгөний үнэнд 2 101 900 төгрөгийг хасч, 3 123 971 төгрөгийг гаргуулах, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр худалдан авсан Кia Lotze маркийн 93-10 УНБ улсын дугаартай автомашиныг 2 000 000 төгрөгөөр үнэлж 1 000 000 төгрөгийг тус тус гаргуулах хүсэлтэй байна. Мөн гэр бүл болон амьдарч байхдаа гэр бүлийн хэрэгцээнд зуслангийн зориулалтаар авсан Сонгинохайрхан дүүргийн Ар гүнтийн зусланд байрлах 700м2 талбай бүхий 18631329247835 нэгж талбарын дугаартай, мөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтийн зусланд байрлах 600 м2 талбай бүхий 18632330729590 нэгж талбарын дугаартай эзэмших эрх бүхий 2 газар авсанаас 600м2 талбай бүхий газрыг өөрийн эзэмшилд шилжүүлж авах хүсэлтийг тус тус шийдэж өгнө үү гэжээ.

            Хариуцагч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид гэрлэлтээ 2015 онд бүртгүүлж 2016 оноос хойш Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа цогцолбор хорооллын 1003 дугаар байрны 44 тоотод хоёр өрөө орон сууцыг 8 хувийн зээлээр худалдан авч гэр бүл болон амьдарсан. Миний бие хөдөө томилолтоор ажиллаж амьдралынхаа төлөө зүтгэж ахуй амьдралаа айлын дайтай авч явж ирсэн. Гэтэл 2018 оны 4 сард томилолтоор яваад ирэхэд сална гээд явсан байсан. Шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасныг нь мэдсэн. Түүний гэнэтийн энэ шийдвэр сэтгэл санааны хүнд байдалд оруулсан. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа цогцолбор хорооллын 1003 дугаар байрны 44 тоотод хоёр өрөө орон сууцны урьдчилгаа 30 хувийг би өөрөө бүрдүүлсэн. Бид хоёр хамтран амьдрах хугацаандаа үр хүүхэдтэй болоогүй. Тиймээс би гэрлэлтээ цуцлуулхыг зөвшөөрч байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй. Харин дундын эд хөрөнгө гэж нэхэмжилж байгаа зүйлүүдээс орон сууцны зээлийн үндсэн зээлэнд төлөгдсөн 2 321 746.54 төгрөгийн тал хувь 1 160 873 төгрөг, Кia Lotze маркийн 93-10 УНБ улсын дугаартай автомашины үнэ 2 000 000 төгрөгний тал хувь 1 000 000 төгрөгийг тус тус М.Б-д төлөхийг зөвшөөрнө. Бусад хөрөнгийн тухайд байрны урьдчилгаанд төлсөн мөнгөний тал хувийг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Б.М нь 3 800 000 төгрөг л оруулсан бусад урьдчилгааг би өөрөө цуглуулж төлсөн. Мөн гэрт худалдан авсан гэрийн тавилга, цахилгаан хэрэгсэл 10 451 742 төгрөгийн эд зүйлээс гэрээс явахдаа авч явсан 2 101 900 төгрөгний эд зүйлийн үнийг хасч тооцоод       3 123 971 төгрөгт ноогдох эд зүйлийг биетээр нь өгөхийг зөвшөөрнө. Бэлэн мөнгө өгөх боломжгүй тул эд хөрөнгөнөөс ноогдох хувийг шүүх хувааж өгнө үү. Миний нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй хоёр газар байгаа. Энэ нь бидний өмчлөлийн газар биш, эзэмшлийн газар болохоор хуваах, шилжүүлэх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Уулынхан овогт Мандахбаярын Баясгалан /РД: УЕ87040835/, Боржигон овогт Баатарчулууны Майцэцэг /РД: УП88050208/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар зохигчид дундын эд хөрөнгийн талаар орон сууцны зээлийн үндсэн зээлэнд төлөгдсөн 2 321 746,54 төгрөгийн үнийн дүнгийн 1 хүнд ногдох хувь 1 160 873 төгрөг, Кia Lotze маркийн 93-10 УНБ улсын дугаартай автомашины үнэ 2 000 000 төгрөгний тал хувь 1000 000 төгрөгийг тус тус М.Б нь нэхэмжлэгч Б.М-т төлөхөөр тохиролцсоныг дурдаж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.2, 3-т зааснаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа цогцолбор хорооллын 1003 дугаар байрны 44 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөс Б.М хасагдаж, уг орон сууцыг М.Б дангаар өмчилж, уг орон сууцны зээлийг өөрөө хариуцаж төлөхөөр, орон сууцны 30 хувийн урьдчилгаанд төлсөн 19 960 500 төгрөгний үнийн дүнгийн тал хувь 9 980 250 төгрөг, 10 451 742 төгрөгийн эд зүйлээс нэхэмжлэгч нь гэрээсээ явахдаа авч явсан 2 101 900 төгрөгний эд хөрөнгийн үнийг хасч тооцож, 3 123 971 төгрөгт ноогдох эд хөрөнгөнд угаалгын машин 809 900 төгрөг, телевизор 879 900 төгрөг, плитка 839 750 төгрөг, стенк 799 900 төгрөгний бүгд 3 328 550 төгрөгний эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.М-т хуваарилан олгож, үнийн зөрүү 204 560 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгохоор, гэр бүлийн хамтын хэрэгцээнд зуслангийн зориулалтаар авч эзэмшиж байгаа Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтийн зусланд байрлах 600 м2 талбай бүхий 18632330729590 нэгж талбарын дугаартай М.Б-гийн эзэмших эрх бүхий газрыг нэхэмжлэгч Б.М-ийн эзэмшилд шилжүүлхийг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 7 185 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 374 675.47 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Өнөржаргалд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А424 дугаартзй захирамжаар миний эзэмшилд шилжиж ирсэн ба 000716971 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн  иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулан 15 жилийн хугацаагаар ашиглахаар болсон. Улмаар газрын төлбөрийг төлөөд, тус гэрээнд заасан эрх үүргийг эдлэн газрын  харилцаанд оролцож байна. Гэтэл анхан шатны шүүх агуулгаараа гэр бүлийн хөрөнгө хэмээн үзэж шийдвэрлэсэн нь ямар ч хуулийн заалтыг үндэслээгүй байгаад иргэн миний шударга шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг маань зөрчсөн гэж үзэхээр байна. Иймээс шийдвэрт өөрчлөлт оруулж, газрыг миний эзэмшилд үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын гэр бүлийн холбогдолтой маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, Иргэний болон Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн боловч шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах шаардлагатай.

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч М.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Б.М, М.Б нар нь 2011 онд танилцаж, 2015 оны 12 сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 7/

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2018 оны 4 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа ба шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах хэсэгт 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч үр дүнд хүрээгүй, зохигчид хэн алин нь гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.  

Анхан шатны шүүх гэрлэгчдийн дундын хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 цогцолбор хорооллын 1003 дугаар байрны 44 тоот 49.23 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч М.Б-гийн өмчлөлд үлдээж, уг орон сууцнаас ногдох хэсгийн төлбөр 9 980 250 төгрөг, гэрийн доторх бусад эд хөрөнгөөс 3 328 550 төгрөгийн нэр бүхий эд хөрөнгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.М-т олгож шийдвэрлэснээс гадна орон сууцны зээлд төлсөн 1 160 873 төгрөг, автомашины үнийн тал хувь 1 000 000 төгрөгийг тус тус хариуцагчаас нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон, энэ талаар талууд давж заалдах гомдол гаргаагүй байна.

Гэрлэгчдийн хамтын амьдралтай байх хугацаанд буюу 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч М.Б нь Сонгинохайрхан дүүргийн 21 хороо, Ар гүнтийн зусланд байрлах 700м2 талбай бүхий 18631329247835 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг бусдаас шилжүүлж авсан,  мөн түүнд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтийн зусланд байрлах 600 м2 талбай бүхий 18632330729590 нэгж талбарын дугаартай  газар  эзэмших эрхийн гэрчилгээ  олгогдсон болох нь Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас ирүүлсэн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 17/1193 тоот албан бичиг, түүнд хавсаргаж ирүүлсэн бичмэл нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 60-86/

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэр бүлийн дундын хамтран өмчлөх хөрөнгөд хамаарна. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д зааснаар гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлснээс хойшхи хугацаанд бий болсон, ...эзэмших, ашиглах эрх нь гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр бүртгэгдсэн эд юмс, оюуны үнэт зүйлс, эрхийг хамааруулдаг тул шүүх дээрх 600м2 талбай бүхий газрыг эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.М-т шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “...тэр лагерын газрыг хүнээс авч байгаа, эрх шилжих хугацаа удааширч байгаа тул гэрчилгээ гарч байна уу гэж асуухад нөхрийн тань нэр дээр өөр нэг газар байна гэж хэлснээр мэдсэн...” гэж тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгэсэн тайлбар гаргаагүй байна. /хх-ийн 196/

Иймд тухайн газрыг эзэмших эрхийг гэр бүлийн гишүүдийн хамтын хэрэгцээнд, зуслангийн зориулалтаар авсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт  тус тус заасантай нийцсэн гэж үзнэ. Төрийн өмчлөлийн, зөвхөн эзэмших эрхтэй газрыг гэрлэгчдийн дундын хөрөнгөд хамруулсан нь буруу гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэл муутай байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт газар эзэмших эрх шилжүүлэхээр бус газрыг шилжүүлэхээр заасан нь найруулгын хувьд буруу байх тул залруулж өөрчлөв.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М.Б-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2  дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

               1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2018/02236 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн “...М.Б-гийн эзэмших эрх бүхий газрыг нэхэмжлэгч Б.М-ийн эзэмшилд шилжүүлэхийг даалгасугай” гэснийг “...М.Б-гийн нэр дээрх газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.М-ийн нэр дээр шилжүүлсүгэй” гэж  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч М.Б-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Б-гаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

           ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

                                                               Н.БАТЗОРИГ