Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

 

 

 

 

                                                     Т.Түвшинбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Түвшинбаярт холбогдох эрүүгийн 1936003440261 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 10-ны  өдөр  Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл- 5 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ПН76081017 дугаарын регистртэй, Овоот овогт Тоочхүүгийн Түвшинбаяр нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 08 дугаар сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chongoing Hongli” маркын улаан өнгийн мотоциклийг 2018 оны 10 дугаар сард Ховд аймгийн Чандмань сумын сүлжээ багийн малчин Ц.Оргилсайханд 1,900,000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Овоот овогт Тоочхүүгийн Түвшинбаярыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Түвшинбаярыг хоёр манга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Түвшинбаярт  оногдуулсан 2,700,000  төгрөгний  торгох ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн 1936003440261 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.Түвшинбаярт тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Түвшинбаярт оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Түвшинбаяр түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч С.Гантөмөр, Ц.Оргилсайхан, З.Ариунаа нарын мэдүүлэг, мотоцикль үнэлсэн шинжээчийн дүгнэлт, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтыг үнэлж дүгнэхдээ дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Ховд аймгийн Чандмань сумын ЗДТГ-ын нягтлан бодогч Ү.Тунгалагбаярыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч прокуророос үндэслэлгүйгээр хүсэлтийг хангалгүйгээр хэргийг шүүхээр хэлэлцүүлсэн, анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хүлээж аваагүй. Яллагдагч түүний өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүртэл мөрдөгч ямар ажиллагаа хийж байгааг мэдэх боломжгүй бөгөөд танилцуулсан хэргээ шууд прокурорт шилжүүлж, тэнд хүсэлт гаргах боломжтой болдог боловч прокурор ямарч үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзан хэргийг шилжүүлсэн байхад анхан шатны шүүх энэ талаар үндэслэл үбхий дүгнэлт хийсэнгүй. Т.Түвшинбаяр нь тухайн гэмт хэргийг үйлдэх санаа зорилго байсан эсэх тухайн эд хөрөнгийг худалдан борлуулаад өөртөө ямар байдлаар ашиг бий болгосон, үйлдэлд ямар шалтгаан, нөхцөл нөлөөлсөн зэрэг байдлуудыг тогтоосонгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбар болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Түвшинбаяр нь Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын тамгын газрын өмчит бүртгэлтэй 2,299,000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг итгэмжлэн хариуцаж байхдаа 2018 оны 10 дугаар сард иргэн Ц.Оргилсайханд 1,900,000 төгрөгөөр зарж хувьдаа завшсан болох нь тогтоогдсон байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь: 

Давж  заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар  хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж  шийдвэрлэлээ.

Т.Түвшинбаяр нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 8 дугаар сард  өөрт нь хариуцуулж олгосон Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 2018 онд үйлдвэрлэсэн “ Chongoing Hongli “ маркийн улаан өнгөтэй мотоциклыг 2018 оны 10 сард Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн малчин Ц.Оргилсайханд 1,900,000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

            Ховд аймгийн прокурорын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 5/23 дугаар яллах дүгнэлтээр шүүгдэгч Т.Түвшинбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хэргийг анхан шатны  шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх Т.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Түвшинбаярыг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулаагүй Эрүүгийн хуулийг  буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн Засаг дарга  Т.Түвшинбаярт БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chongoing Hongli“ маркийн улаан өнгийн мотоциклыг түүний албан хэрэгцээнд  зориулан хүлээлгэн өгсөн  гэх боловч уг мотоциклыг түүнд хэн,  хэзээ, хаана  албан ёсоор хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан талаарх баримт хавтаст хэрэгт  авагдаагүй байна. Нэгдүгээр хавтаст хэргийн 80 дугаар талд  2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлийн 25 дугаарт  “Hongli мотоцикл” нэг бүрийн үнэ, бүгд үнэ 2.299.000 чанар сайн гэж бүртгэгдсэн байх бөгөөд хүлээн авсан эзэмшигчийн гарын үсэг зурагдаагүй байна.  Шүүгдэгч Т.Түвшинбаяр нь эрүүгийн хэрэг үүсгэгдээд цагдаад шалгагдаж байхад буюу 2019 оны 12 дугаар сард  бид нарыг сумын Тамгын газар дээр дуудан тухайн үед эд хөрөнгийн жагсаалт дээр гарын үсэг зур гэсэн уг  баримтын “Hongli мотоцикл” гэсэн хэсэгт гарын үсэг зураагүй, 2019 оны 12 сард энэ хэрэг үүсгэснээс хойш мотоциклыг бүртгэж авсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл улсын яллагч нь БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chongoing Hongli“ маркийн мотоциклыг Т.Түвшинбаярт итгэмжлэн хариуцуулахаар түүнд хүлээлгэж өгсөн гэх үйл баримтыг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар уг мотоциклыг 2018 оны 8 дугаар сард Ховд аймагт авч ирсэн, 2018 оны 9 дүгээр сард бүх сумдын багийн дарга нарт хүлээлгэж өгсөн байх ба Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 133 дугаар тогтоолоор сумдын багийн Засаг дарга нарт олгосон уг мотоциклыг  албан ёсоор үндсэн хөрөнгөд бүртгэхээр шийдвэрлэсэн байна. /1 дүгээр хх-ийн 75 дугаар тал/

 Харин үүнээс өмнө нь уг мотоциклыг ямар байгууллага хэрхэн яаж бүртгэлд авсан байсан эсэх, мөн түүнийг багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн тухай гарын үсэг зуруулж баталгаажуулсан баримт байсан  эсэх нь эргэлзээтэй  байх тул үүнийг холбогдох гэрчээс тодруулж асуух зайлшгүй шаардлагатай байна.Тодруулбал Сүлжээ багийн Засаг дарга  Т.Түвшинбаярт хүлээлгэж өгсөн гэх уг мотоциклыг хэн, хэзээ, хаана ямар бичиг баримт үйлдэж түүнд хүлээлгэн өгсөн талаар Санхүүгийн дарга С.Цэрэнханд, нягтлан бодогч Ү.Тунгалагбаяр, нярав н.Доржсүрэн нараас асууж тодруулах зайлшгүй шаардлагатай байна. Энэ нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ.

Дээрх үндэслэлүүдийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалган тогтоосны дараа уг хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул уг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа  хийлгэхээр прокурорт буцаах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байгаа тул шүүгдэгч Т.Түвшинбаяр түүний өмгөөлөгч нарын “тухайн гэмт хэргийг үйлдэх санаа зорилго байсан эсэх тухайн эд хөрөнгийг худалдан борлуулаад өөртөө ямар байдлаар ашиг бий болгосон, үйлдэлд ямар шалтгаан, нөхцөл нөлөөлсөн зэрэг байдлуудыг тогтоогоогүй иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү?” гэх  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/80  дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Түвшинбаярт холбогдох эрүүгийн 1936003440261 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, шүүгдэгч Т.Түвшинбаяр түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.Түвшинбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

                       

                           

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.ДАМБА

                                               ШҮҮГЧИД                                              М.НЯМБАЯР

                                                                                                              Н.ТУЯА