| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/03619/И |
| Дугаар | 102/ШШ2022/00028 |
| Огноо | 2021-12-23 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2022/00028
2021 оны 12 сарын 23 өдөр Дугаар 102/ШШ2022/00028 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ....-р хороо, ...-р байрны ...тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ..., А... овогтой Т...ын С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, Нарны хороолол, ...-р байрны ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ..., Б... овогтой Э...ын Э...д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 36 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц..., хариуцагч Э.Э..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э... нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 64 дүгээр байранд байрлах “EVO” билльярдын төв ажиллуулдаг байсан бөгөөд Т.С... “удахгүй төвөө хаах гэж байгаа” сураг сонссон байдаг. Ингээд Т.С... үргэлжүүлж ажиллуулах сонирхол төрж 2019 оны 12-р сард Э.Энхжаргалтай танилцсан. Э.Энхжаргал нь “Зуншин” ХХК-иас биллярдын төвийг сарын 2 000 000 төгрөгөөр түрээсэлдэг, дотор заслыг 45 000 000 төгрөг өөрөөсөө гаргаж засч тохижуулсан, хэрвээ ажиллуулахаар бол түрээсийн төлбөрийг Э...д төлж, Э... Зуншин ХХК-д төлөх, дотоод засалд гаргасан зардлаа бартераар авахаар Т.С...тэй тохирсон. Т.С... нь нийт 37 597 000 төгрөгийн хөөсөнцөр хавтанг Э...д нийлүүлсэн. Т.С... билльярдыг 2019 оны 12 сараас 2020 оны 1 дүгээр сар хүртэл ажиллуулаад цар тахлын улмаас үйл ажиллагаа зогссон. Түүнээс хойш 2020 оны 7 сараас ажиллуулсан боловч 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр түрээсэлж буй үл хөдлөх хөрөнгө татварын өрөнд хураагдах гэж байгаа гэх мэдэгдэл ирсэн. Энэ талаар Э.Э...д хэлэхэд өөр талбай олж өгнө гээд үл ойлголцол үүссэн. Түүнээс хойш Э.Э... нь 45 000 000 төгрөгөөр хийсэн гэх тохижилтын зүйлээ зөөж авч явсан. Т.С... нь Энхжаргалын ХААН банкны 5009370249 тоот дансанд 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөрт 17 000 000 төгрөг шилжүүлсэн. Тохижилтын зардалд 37 000 000 төгрөгийн хөөсөнцөрийг Ногоон чандмань компаний үйлдвэрээс, Эү хүлэгү фоам компаниас энхжаргалын Төв аймагт барьж байсан барилгат нь нийлүүлсэн, хүлээн авсан боловч бүх тохижилтоо өөрөө салгаад аваад явсан. Үүнээс болж 37 000 000 төгрөгөөр хохироод байна. Иймд Э.Э...аас 36 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Э.Э... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Зуншин ХХК-тай 2017 оноос хойш 1 жилээр сунгаж түрээсийн гэрээгээр билльярд ажиллуулж байсан. Дотоод засал тохижилтын зардалд 70 000 000 төгрөг гаргасан. Гэтэл 2019 оны 9 дүгээр сараас зөөгчгүй болоод ажиллах боломжгүй болсон. Энэ үед Т.С... ирээд энэ клубыг ажиллуулах санал тавьсан. Би Зуншин ХХК-д сар бүр 2 000 000 төгрөгийн түрээс төлдөг байсан. Нэгэнт тохижилт хийсэн боловч ажиллах хүчгүй болсон учраас тохижилтынхоо мөнгийг 45 000 000 төгрөгөөр үнэлсэн. Бид хоёр яирлцаад 45 000 000 төгрөгийг надад гаргаж өгөх хүртэл Т.Сонин-Эрдэнэ түрээсийн 2 000 000 төгрөг, эд хогшлыг сарын 2 000 0000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Урьдчилгаа 10 000 000 төгрөгийг өгнө гэсэн боловч 1 дүгээр сар хүртэл өгөөгүй. Тэгээд түрээслүүлэхээ болих гэтэл “манай байр хажууханд байдаг, асуудалгүй” гээд сарын дараа 2 000 000 төгрөг өгсөн. Түүнээс хойш түрээсийн төлбөрт 100 000, 150 000 төгрөг гэх мэтчилэн билльярдын клубын өрдийн орлогыг шилжүүлэх нь төвөгтэй байсан учраас түрээслэхээ болъё гэхэд Т.С... олон зүйлс бартерт санал болгож байсан тул эцэст нь “Эү хүлэгү фоам”, “Цагаан сувд” гэх хөөсний үйлдвэрүүдээс 10 000 000 төгрөгийн хөөс очоод авчих гэсэн. Гэтэл Т.С...д итгэж өгөхгүй, манайхаас удаа дараа авсан зүйлээ буцааж өгдөггүй гэж хэлсэн. Түүнээс хойш Т.С... өөрөө Цагаан сувд ХХК-тай тохиролцож надад 10 000 000 төгрөгийн хөөс гаргаж өгсөн. Дараа нь Хүлэгү фоам гэх газраас тодорхой хэмжээний хөөс авч байсан бөгөөд үнийн дүнг сайн мэдэхгүй. Авсан хөөсийг зах зээлийн үнээс доогуур тооцон, зуучилж өгсөн хүнд 6 000 000 төгрөгийн хөлс өгч байж баригдаж буй барилгад хөөсийг нийлүүлсэн. Тухайн үед Зуншин ХХК нь татварт их хэмжээний өртэй байсан, билльярдын төв түрээсийн төлбөр төлөхгүй тасалдуулж байсан. Татварын байцаагч тус төвийг үзэх гээд очиход Т.С... агсам тавьсан байсан учраас 3 хоногийн дотор эд хогшлыг нүүлгэх шаардлага тавьсан. Түүнээс хойш Зуншин ХХК-иас үргэлжлүүлэн түрээсэлж болох эсэхийг асуухад, тээврийн товчоонд байрлах өөр газарт хуучин гэрээгээрээ үргэлжлүүлж түрээсэлж болно гэсэн. Уг саналыг Т.С..д хэлэхэд хүлээж аваагүй. 3 хоногийн дотор эд хогшлийг зөөх шийдвэр гарсан тул Т.С...тэй хамт зөөж агуулахад хураасан. Хэрэв анх тохиролцсоноор 45 000 000 төгрөгийг төлөөд эд хогшлуудыг буцааж авах болвол шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.С... нь Э.Э...д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 36 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Э.Э... нь Т.С...д Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 64 дүгээр байранд байрлах “EVO” билльярдын төвийг 2019 оны 12 дугаар сараас түрээслүүлэх, түрээслэгч түрээсийн төлбөрт сар бүр 2 000 000 төгрөгийг Э.Э...аар дамжуулан төлөх, дотоод тохижилтын ажил, эд зүйлсийн төлбөрт 45 000 000 төгрөгийн хөөсөнцөр нийлүүлэхээр харилцан тохирчээ.
Нэхэмжлэгч нь тодорхой хугацаанд билльярдын төвийг ажиллуулж түрээсийн төлбөр төлж байсан талаар /хх 6-13/ талууд маргаагүй, харин Зуншин ХХК-ний татварын төлбөрт тухайн объектийг хураахаар болсноос үргэлжүүлэн ажиллуулах боломжгүй болсон, улмаар түрээслүүлэгч Э.Э... нь өөрийн эд зүйлсийг салгаж авснаас талуудын хооронд маргаан гарчээ.
Хариуцагч Э.Э... нь Зуншин ХХК-тай гэрээний дагуу 2017 оноос тус төвийг түрээслэж сар бүр 2 000 000 төгрөг төлж байсан, дотор тохижилтыг өөрөөсөө 70 сая төгрөг гаргаж засварласан гэх ба түрээсийн гэрээ, тохижилтын талаарх баримт, үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх, дамжуулан түрээслэх эрхтэй байсан эсэх нь баримтаар тогтоогдоогүй байна.
Нөгөө талаас, нэхэмжлэгч нь Э.Э...ын Төв аймагт баригдаж байсан барилгат Эү Хүлэгү фоам ХХК-иас 27 597 000 төгрөгийн, Ногоон чандмань ХХК-ний хөөсөнцөрийн үйлдвэрээс 10 000 000 төгрөгийн нийт 37 597 000 төгрөгийн хөөсөнцөрийг тус тус нийлүүлсэн /хх 4-5/ боловч хариуцагч нь тус объектоос салгаж болох эд зүйлээ өөрөө салгаж авсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, үүнээс 36 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э...ын Э...аас 36 000 000 /гучин зургаан сая/ төгрөг гаргуулж Т...ын С...д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Э.Э...аас 337 950 /гурван зуун гучин долооон мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж Т.С...д олгосугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА