| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2024/0126/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/137 |
| Огноо | 2024-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандолгор,
Улсын яллагч Б.Мандалмаа,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн **** овгийн ****ийн ****д холбогдох 2426000000123 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Улаанбаатар **** оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, *** настай, регистрийн дугаар *********, дээд боловсролтой, өрмийн технологич, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ***** сумын **** дугаар багийн **** дугаар гудамжны ***** тоотод оршин суух, урьд Цэргийн шүүхийн 1985 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 196а, 200а, 76а-аар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, **** овгийн ****ийн ****.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух хохирогч ****ын гэрт хохирогч ****тай урьдын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж цай ууж байсан аягаа шидсэний улмаас нүүрэн тус газар нь онож, эрүүл мэндэд нь дух, баруун нүдэнд шарх, баруун нүдний дээд зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Хохирогч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...****ийн **** гэх хүнийг танина. Бид найзуудын харилцаатай хүмүүс байгаа юм. 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 1-1 тоот дахь манай гэрт Б.Э орж ирэхээр нь би шилэн аяганд цай хийж өгөөд уугаад сууж байсан. Тухайн үед бид хоёр хоорондын үл ойлголцлын улмаас урд өдрүүдэд нь хэрүүл маргааны асуудалтай байсан. Тэгээд бид хоёр цай ууж сууж байтал **** урд нь болсон хэрүүлийнхээ талаар ярьж байгаад миний нүүр хэсэг рүү цай ууж байсан аягаа шидчихсэн. Тэгээд тэр аяга нь хагарчихсан. Тэгээд би эмнэлгийн байгууллагад очиж баруун хөмсөгний дээр, дух хэсэгт 10 ширхэг оёдол тавиулсан. Тэр аяга нь хагарчихсан учир тухайн үед хаячихсан, одоо байхгүй. Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй. Би энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 5-6 хуудас),
Гэрч ****ын мөрдөн шалган ажиллагаанд өгсөн “...Би **** гэх хүний эхнэр нь байгаа юм. Б.Э гэх хүнтэй найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм. Б.Э нь манай нөхөр ****тай найз нөхдийн харилцаатай. Би 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 12 цагийн орчимд санагдаж байна, би эмнэлэгт хэвтэж гараад гэртээ хариад нөхөр ****тай хамт байж байтал **** нь гаднаас орж ирэхээр нь би цай аягалж өгсөн. Тэгээд **** тэр хоёр юм ярьж сууж байгаад ууж байсан цайныхаа аягыг манай нөхөр **** руу шидээд баруун хөмсөгний дээд хэсэгт нь шидчихсэн. Тэр урд өдөр нь хэрүүл маргаантай байсан юм шиг байна лээ. Тэр асуудлаасаа болж ам зөрж таагүй харилцаа үүсгэсэн байх. ****ын баруун хөмсөгний дээд талд 8, 9 оёдол тавиулсан. ...Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 53 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 323 дугаартай “...1. Үзүүлэгч ****ын биед дух, баруун нүдэнд шарх, зүүн гуянд цус хуралт, баруун нүдний дээд зовхинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 13-14 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 323 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирогч ****ын биед учирсан зүүн гуянд цус хуралт гэмтлийг шүүгдэгч Б.Эг учруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч **** овгийн ****ийн ****г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Б.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч **** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн.
Хохирогч **** нь дээрх гэмтлийн улмаас Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 147,326 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим бүртгэлийн баримтаар,
Шүүгдэгч Б.Э нь Эрүүл мэндийн даатгалын санд 147,326 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шилжүүлгийн мэдээллээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Эг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Эгийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овгийн ****ийн ****г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овгийн ****ийн ****г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овгийн ****ийн ****г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч **** нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, Эрүүл мэндийн даатгалын санд 146,326 төгрөгийг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ