Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2022/00830

 

 

2022 оны 03 сарын 29 өдөр                                   Дугаар 183/ШШ2022/00830                                Улаанбаатар хот

 

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо,  гудамж,  1 хороолол, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, Цоохоо овогт Жа Г /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, өөрийн байранд байрлах, З тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ /РД:00000/-т холбогдох

 

Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, 2021 оны 10 дугаар сарын өвчтэй байсан хугацааны  листний мөнгө, 11 сарын цалингаас үндэслэлгүй хассан урамшуулал цалинг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Б.Н, Ц.,

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Э.Д нар оролцов.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа“...Зорчигч тээврийн нэгтгэлийн 2021 оны 11 сарын 30-ны өдрийн сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах, 10 сарын листний мөнгө 12 сарын 30-ны шагналт цалинг нэхэмжилсэн байгаа. 2021 оны 11 сарын 30-ны өдрийн сахилгын шийтгэл нь 10 сарын 14,15-нд миний бие өвдөөд очиж чадахгүй байна гэдгээ хүний нөөцийн менежер орлогч захиралд хэлсэн боловч ирээгүй тасалсан гэж үзсэн. Энэ өдөр яагаад надад акт өгөөгүй вэ гэхээр өрхийн эмнэлэг лист олдохгүй гэсэн. Яагаад гэхээр эмнэлгүүд маш их ачаалалтай ажилласнаас шалтгаалсан гэсэн. Тэртээ тэргүй лист олдохгүй тэгээд хүний нөөцийн менежертэй хэлсэн юм чинь болох байхаа гэсэн байдлаар очиж чадаагүй. Ядаж 2 өдрийн цалин хасах байхаа гэж бодсон. Би ажилд орсноос хойш хоёр удаа шуурхай хуралдаанд суусан. Нэг дээр суусан дараагийнх дээр нь хэл ам гараад сууж чадаагүй. 19-ны өдөр орлогч захирал Даш дуудаж уулзаад ийм байдлаар ажил явахгүй байна яах вэ Ганцэцэгээ гэхээр нь би ажлаасаа гарья гэсэн. Тэгтэл 3 сарын тэтгэмж чамд өгье гэсэн. Манайх 23-ны өдөр ажил эхэлдэг учраас би тушаал гарчихсан учраас тушаалаа аваад өрөөгөө хүлээлгэж өгөх гэж л ирсэн. Ингэж иртэл Ганцэцэгээ чамд бэлэн мөнгө өгнөө данснаас шилжүүлэх боломжгүй гэж хэлсэн. Тэгээд би түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсаар байгаад 29 болон 30-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан байна. Би сахилгын шийтгэлийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12.1 дүгээр зүйлд зөрчил гаргасан ажилтныг тухайн нэгжийн хурлаар хэлэлцэнэ гэж байна. Гэтэл надад энэ талаар юу ч мэдэгдээгүй юу ч яриагүй. Ажил тарснаас хойш цалин орсноос хойш Батболдоос би мэдсэн. Үүнийг нягтлан бодогч н.Мандахбаяр, н.Энхтайван ахлагч нягтлан бодогч Батболдын тайлан нараас харахад тушаал албажаагүй байхад цалин хассан зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хөдөлмөрийн хуулийн 131.2 дугаар зүйлд зааснаар сахилгын зөрчлийг гаргаснаас хойш 6 сар илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн байна. Тэгэхэд 10 сарын 17-ны өдөр миний цалинг хасаад энэ хоёр өдөр ажил тасалсан байна гэж үзсэн юм бол тэр үед яагаад зөрчил илрүүлсэн гэж үзээд тухайн сардаа арга хэмжээ аваагүй юм. Мөн тухайн сарын ажлын үнэлгээгээр шагналт цалин олгодог. Тэгэхээр хоёр сарынх нийлүүлж байгаад шагналт цалин хасаад сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм учраас 10 сарын листний мөнгө нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар 55 хувиар бодох юм байна лээ үүгээр бодоод 44.682.000 төгрөгийг 10 дугаар сарын 9 хоногийн листний мөнгө 402.138.000 төгрөг. 11 сарын шагналт цалинг 40 хувиар бодохоор 540.000 төгрөг болж байгаа юм. Үүнийг нэхэмжилж байна...” гэв.    

 

2. Хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, Б.Насанжаргал нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 03 сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Өмнөх шүүх хэлэлцүүлэгт өгсөн тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэгчийг анх манайх 2021 оны 9 сарын 23-ны өдрөөр захирлын тушаалаар ажилд авсан. Ингээд нэхэмжлэгч шүүхээр явсан хугацааны зардлаа 2021 оны 5 сарын 31-ны өдрөөс 2021 оны 9 сарын 23-ны өдрийг хүртэлх цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байсан. Энэ хэрэг маргаан анх шүүхэд 2022 оны 1 сарын 19-ны өдөр хэрэг маргаан шийдвэрлэгдсэн. Листний мөнгө бодогдоогүй учир нь шүүхээр талуудын эвлэрлийг батлаад шүүхээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарсан. Ийм учраас бид листний мөнгө олгоогүй байсан. 2021 оны 11 сарын 30-ны өдрийн сахилгын шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дугаар зүйлд зааснаар сахилгын зөрчлийг гаргаснаас хойш 6 сар илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн зүйлийг яриад байна. Анх явж байгаад гэнэт сүүлд ямар нэг байдлаар илэрсэн зүйл биш. Тасалсан гэдэг нь ажлын цаг эхлээд байхгүй ажлын цаг дуусахад байхгүй бол тасалснаар тооцно гэдгээр хуулийн дагуу үндэслэлтэй гэж үзэж байна. Шуурхай хуралдаанаар өөрөө суух ёстой байдаг. Ямар нэг байдлаар суугаагүй тохиолдолд нотлох баримтаа ирүүлэх ёстой байдаг гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас: Иргэний үнэмлэхний хуулбар, Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын захирлын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/823 дугаар Ж.Ганцэцэгт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал,

Хариуцагч талаас: Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын захирлын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/823 дугаар Ж.Ганцэцэгт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын захирлын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/642 дугаар Ж.Ганцэцэгийн ажилд авах тухай тушаал, Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын захирлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/174 дугаар Ж.Ганцэцэгийг томилон ажиллуулах тухай тушаал, Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №30 дугаар Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний хурлын тэмдэглэл, Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №31 дугаар Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний хурлын тэмдэглэл, Ж.Ганцэцэгийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтэст гаргасан хүсэлт, Ж.Ганцэцэгийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын захирал Ц.Баттөрд гаргасан хүсэлт, Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтэст гаргасан ахлах нягтлан бодогч Б.Энхтайваны тайлбар, Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтэст гаргасан ахлах эдийн засагч Д.Батболдын тайлбар, Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтэст гаргасан Б.Мандахбаярын тайлбар, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын захирлын Ж.Ганцэцэгт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд санал авах хуудас, Ж.Ганцэцэгт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Цагийн бүртгэл, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Шуурхай хурлын ирц, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ж.Ганцэцэгийн хүсэлтэд өгсөн тайлбар, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын захирал Ц.Баттөрд гаргасан өргөдөл, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Захиргаа удирдлагын хэлтсийн ажилтнуудын өргөдөл хүсэлтийн дагуу дүн, шинжилгээ хийсэн тухай баримт, Шинэ ажилтанд албан тушаалын тодорхойлолт танилцуулсан бүртгэл, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Итгэмжлэл, Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын захирлын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/12 дугаар Цалин хөлсний тухай журам шинэчлэн батлах тухай тушаал, Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын Цалин хөлсний тухай журам, Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын захирлын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/25 дугаар Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууцын гэрээг шинэчлэн батлах тухай тушаал, Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам, Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/106 дугаар Ажлын цаг ашиглалтын журам батлах тухай захирлын тушаал, Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын Ажлын цаг ашиглалтын журам, Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №01 дугаар тогтоол, Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын захирлын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/21 дугаар Ёс зүйн зөвлөл байгуулах тухай тушаал, Ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн тооцоо, Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-ын Ажиллагсдад хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон жагсаалт, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Үндсэн ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан нэхэмжлэлд хавсаргаж өгсөн байна.  

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэгч Ж.Ганцэцэгтэй холбоотой өмнө шийдвэрлэгдэж байсан шүүхийн шийдвэрүүд буюу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01790 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1775 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2020/00441 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2020/13795 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/01198 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1140 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШЗ2021/10034 дугаар захирамжийг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, тус баримтыг шүүх бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Ж.Ганцэцэг нь Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-т холбогдуулан

сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, 2021 оны 10 дугаар сарын өвчтэй байсан хугацааны листний мөнгө, 11 дүгээр сарын цалингаас үндэслэлгүй хассан урамшуулал цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд ажил тасалсан, 11 дүгээр сарын 17, 24-ний өдрүүдэд шуурхай зөвлөгөөн тасалсан гэж сахилгын арга хэмжээ авсан гэж маргаж байна.

 

3. Зоригч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/823 дугаар тушаалаар тус нэгтгэлийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ж.Ганцэцэгийг 2021 оны 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, 2021 оны 11 дүгээр сарын 17, 24-ний өдрүүдэд удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн тасалж, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тул сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

4. Ажилтан Ж.Ганцэцэг 2021 оны 09 дүгээр сард ковид-19 өвчнөөр өвдөж, 10 дугаар сарын 14, 15-ны өдөр бие өвдөж байгаа талаараа хүний нөөцийн менежер Б.Насанжаргалд мэдэгдсэн бөгөөд Б.Насанжаргал шүүх хуралдаанд Ж.Ганцэцэг бие өвдөж байгаа талаараа надад мэдэгдсэн гэх тайлбар гаргасан байна.

Нэхэмжлэгч нь өвчтэй талаараа холбогдох ажилтанд мэдэгдсэн тул түүнийг ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

 

5. Ж.Ганцэцэг 2021 оны 11 дүгээр сарын 17, 24-ний өдрийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн тасалсан талаар тэрээр энэ өдрүүдэд ажил дээрээ байсан, мөн ажлаас гарах хүсэлтээ өгсөн тул захирал шуурхай зөвлөгөөнд оролцох шаардлагагүй гэж хэлсэн гэжээ.

Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр 2021 оны 11 дүгээр сард ажлаас гарах хүсэлтээ өгч, одоо тухайн ажил, албан тушаалд ажиллахгүй байгаа бөгөөд хариуцагч “хуралд оролцох шаардлагагүй” гэж хэлсэн талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 131 дүгээр зүйлийн 131.2-т “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж хуульчилсан бөгөөд ажил олгогч 2021.10 дугаар сарын ажил тасалсан гэх зөрчилд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу болжээ.

 

7. Мөн хариуцагч нь Ж.Ганцэцэгт сахилгын арга хэмжээ авахдаа хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1 “зөрчил гаргасан ажилтны асуудлыг тухайн нэгжийн хурлаар хэлэлцэн сахилгын шийтгэл оногдуулах саналаа нэгжийн удирдлага Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтэст гаргах ба уг хэлтсээс зөрчлийг нягтлан тогтооно” гэж заалтыг хэрэгжүүлээгүй байна.

 

8. 2021 оны 09 дүгээр сарын 28-аас 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл өвчтэй байсан хугацааны листний мөнгийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс “Ж.Ганцэцэг 2021.02-2021.05 сарыг дуустал шүүхийн шийдвэрээр шимтгэл төлсөн боловч Нийгмийн даатгалын тухай 2.1.1, 2.1.5, Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 17.1-р заалтуудыг хангаагүй тул тэтгэмж олгох эрх үүсээгүй болно” гэжээ.

 

9. Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө З, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй гэж хуульчилсан байна.

 

10. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.29-ний өдрийн 183/ШШ2019/01790 дугаар шийдвэрээр Ж.Ганцэцэгийг Зоригч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2018.11.14-нөөс 2019.08.29-ний өдрийг хүртэл нөхөх олговор 13.729.560 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

11. Шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, ажилтанг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ажилд авсан нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болж Ж.Ганцэцэгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байна.

 

12. Иймд Зоригч тээврийн нэгтэл ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн захирлын Б/823 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.Ганцэцэгийн өвчтэй байсан хугацааны нийгмийн тэтгэмжийн мөнгө 402.138 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.

 

13. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хүчингүй болсон тул Зоригч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын цалин хөлсний тухай журмын 6.1.8-д зааснаар “тухайн сард тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан, зөрчлөөр халагдсан ажилтны нэмэгдэл цалинг 100 хувь хасна”, Ж.Ганцэцэгийн 2021 оны 11 дүгээр сарын урамшуулал цалин 540.000 төгрөгийг олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн захирлын Б/823 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас листний мөнгө 402.138, урамшуулал цалин 540.000 төгрөг, нийт 942.138 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ганцэцэгт олгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит ААТҮГ-аас 140.400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ганцэцэгт олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.СОЛОНГО