| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2024/0081/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/156 |
| Огноо | 2024-07-03 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Л.Галбадрах |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал, шүүгч М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч Л.Галбадрах,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин,
Иргэдийн төлөөлөгч ******,
Шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овгийн ****** ******т холбогдох 2426000000063 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн ****** суманд төрсөн, **** настай, регистрийн дугаар ******, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Өвөрхангай аймгийн ***** сумын *** дугаар багийн **** дүгээр гудамжны ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ****** овгийн ****** ******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ****** нь согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 10 дугаар гудамжны 94 тоотод байх гэртээ найз ******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний зүүн эгэмний доод хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь зүүн уушгины дээд дэлбэнд шарх, няцрал, цээжний зүүн хөндийд цус, хий хуралдалт, цус алдалт, цээжний зүүн дээд хэсэгт шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч ******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 00 цагийн орчимд ******ын гэр болох Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 10-94 тоот дахь нийтийн байранд очоод ****** гэх залуу ****** бид гурав 400 граммын хэмжээтэй хятад архийг хувааж уусан. ****** нь айл хэсэж байгаад ирсэн гэх бөгөөд архи уучихсан байсан. Тэгээд архиа ууж сууж байгаад ****** цонхон дээр байсан хутгыг аваад зүүн эгэмний доод хэсэгт хутгалчихсан, хутганы ишинд нь тултал дүрчихээд гараад гүйчихсэн. Тэгээд хамт байсан ****** гэх залуу уг хутгыг миний биенээс сугалж, намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Надаас хэрүүл гуйгаад, надад хэлэхдээ зодоон хийдэг гэх мэт зүйл яриад байсан. Хар иштэй нарийн хутга байсан, урт нь иштэйгээ нийлээд 1 төө орчим байсан. Тэр хутганы ишийг нь тултал дүрсэн. ****** нь нэлээд согтсон байсан. Намайг очихоос өмнө айл хэсээд архи уусан байсан. Би согтоогүй байсан, гомдолтой байна шалгуулна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11-13 хуудас),
Гэрч Д.******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 13-ны шөнө би гэртээ байж байтал ****** залгаад би ****** дээр ирчихсэн байна. Намайг ******ынд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би 0,33 литрийн хэмжээтэй Ерөөл гэх нэртэй архи нэг шилийг бариад очсон. Тэр архийг хувааж уугаад сууж байгаад бид хэд хоорондоо гар барилдаан хийсэн. Тэгээд нэг мэдсэн чинь ****** намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн. Хартал ****** босоод ирчихсэн ******ын урд зогсож байсан. Тэгэхээр нь би ******ыг түлхтэл гарт нь жижиг хар иштэй хутга байсан. Тэгээд чи яаж байгаа юм бэ гэж ******т хэлээд гарт нь байсан хутгыг цонхон дээр нь авч тавьсан. Тэгээд түргэн дуудаад түргэн ирж ******ыг авч явсан. Тэр хоёр хоорондоо маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Гар барилдаан хийж байсан. Гар барилдаан хийж байгаад ****** нь ****** бид хоёрыг ялаад байсан. Бид хоёр ******т хандаад бид хоёр бол дийлэхгүй юм байна гэж хэлсэн. Тэгсэн чинь гэнэт ийм зүйл болчихсон байсан. Ойр орчимд хутга ерөөсөө харагдаагүй. Би түргэн дуудтал ****** гараад алга болчихсон. Согтолтын хувьд бид 3 гурвуулаа л согтуу байсан. Тэр хоёрын хооронд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй, найзууд байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн үедээ л ийм үйлдэл гаргалаа гэж үзэж байна. ****** хувиараа барилга болон бусад ажил хийгээд явж байдаг. ...Би ******ын биенээс хутга сугалсан талаар санахгүй байгаа юм. Тухайн үед балмагдаад шууд эмнэлэг рүү дуудлага өгсөн. 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ****** над руу залгаад чи дүрсэн хутгыг сугалсан гэхээр нь би сайн санахгүй байна гэхэд чи байхгүй байсан бол би үхэнгээ алдлаа шүү гэж утсаар ярьсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-23, 25 хуудас),
Иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаагийн “...Иргэн ****** нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ойрын дуудлага 52,800 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэс засалд орж 2,902,200 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн 3,300,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр амбулаторийн хяналтын үзлэгт 16,500 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр амбулаторийн хяналтын үзлэгт 16,500 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр амбулаторийн хяналтын үзлэгт 71,500 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр амбулаторийн үзлэгт 22,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр амбулаторийн үзлэгт 22,000 төгрөг, нийт 6,403,500 төгрөгийн зардал гарсан тул дээрх мөнгийг гаргуулан авч Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15 хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1 хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******аас хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтыг хураан авах санал, прокурорын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол (хх-ийн 4-7 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 29-31 хуудас),
Шүүгдэгч ******ын хохирогч ******д хохирол төлсөн баримтууд (хх-ийн 29-31 хуудас),
Шүүгдэгч ******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, амбулаторийн карт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаантын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтууд (хх-50, 51,54, 99, 183 хуудас) зэрэг болно.
Улсын яллагч Л.Галбадрах шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ****** нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах нийтийн байр болох өөрийн гэртээ ******тай үл ялих зүйлээр маргалдан улмаар хутгаар түүний эгэмний доод хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь зүүн уушгины дээд дэлбэнд шарх, няцрал, цээжний зүүн хөндийд цус алдалт, цээжний зүүн дээд хэсэгт шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэргийн материалд цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол, хор уршгийн хувьд шүүгдэгч болон түүний хамаарал бүхий хүмүүсээс нийт 7,000,000 төгрөг төлсөн, хохирогч ****** нь цаашид ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох нийт 6,403,500 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар нээлттэй үлдээх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчийн гэм буруугийн талаар “....******ын гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж байгаа тул тухайн зүйл ангиар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогчид 7,000,000 төгрөгийг ******ын ар гэрээс барагдуулсан. Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргуулахгүй гэсэн. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд цээжний хөндийн хагалгаа хийлгэж төлбөр нь 3,302,200 төгрөг болсон. Үүнээс 400,000 төгрөгийг эмчилгээний зардал гэж төлөөд 2,920,200 төгрөгийг эрүүл мэндийн сангаас нэхэмжилж асуудлыг Иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой гэж байгааг өмгөөлөгчийн зүгээс татгалзахгүй.” гэсэн дүгнэлтийг,
Иргэдийн төлөөлөгч ****** шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар “...Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулсан гэм буруутай байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж хуульчилсан.
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 70 дугаартай яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах нийтийн байранд” гэжээ.
Хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тухайн гэмт хэрэг нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 10 дугаар гудамжны 94 тоотод үйлдэгдсэн болох нь хохирогч ******, гэрч Д.******, шүүгдэгч ****** нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******ыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 10 дугаар гудамжны 94 тоотод гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ****** нь согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 10 дугаар гудамжны 94 тоотод байх гэртээ найз ******тай маргалдсаны улмаас түүний зүүн эгэмний доод хэсэгт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь зүүн уушгины дээд дэлбэнд шарх, няцрал, цээжний зүүн хөндийд цус, хий хуралдалт, цус алдалт, цээжний зүүн дээд хэсэгт шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд тус гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч ******ын “...2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 00 цагийн орчимд ******ын гэр болох Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 10-94 тоот дахь нийтийн байранд очоод ****** гэх залуу, ****** бид гурав 400 граммын хэмжээтэй хятад архийг хувааж уусан. ****** нь айл хэсэж байгаад ирсэн гэх бөгөөд архи уучихсан байсан. Тэгээд архиа ууж сууж байгаад ****** цонхон дээр байсан хутгыг аваад зүүн эгэмний доод хэсэгт хутгалчихсан, хутганы ишинд нь тултал дүрчихээд гараад гүйчихсэн. Тэгээд хамт байсан ****** гэх залуу уг хутгыг миний биенээс сугалж, намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Надаас хэрүүл гуйгаад, надад хэлэхдээ зодоон хийдэг гэх мэт зүйл яриад байсан. Хар иштэй нарийн хутга байсан, урт нь иштэйгээ нийлээд 1 төө орчим байсан. Тэр хутганы ишийг нь тултал дүрсэн. ****** нь нэлээд согтсон байсан. Намайг очихоос өмнө айл хэсээд архи уусан байсан. Би согтоогүй байсан. Гомдолтой байна, шалгуулна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11-13 хуудас),
Гэрч Д.******ын “...2024 оны 02 дугаар сарын 13-ны шөнө би гэртээ байж байтал ****** залгаад би ****** дээр ирчихсэн байна. Намайг ******ынд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би 0,33 литрийн хэмжээтэй ерөөл гэх нэртэй архи нэг шилийг бариад очсон. Тэр архийг хувааж уугаад сууж байгаад бид хэд хоорондоо гар барилдаан хийсэн. Тэгээд нэг мэдсэн чинь ****** намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн. Би хартал ****** босоод ирчихсэн ******ын урд зогсож байсан. Тэгэхээр нь би ******ыг түлхтэл гарт нь жижиг хар иштэй хутагтай байсан. Тэгээд чи яаж байгаа юм бэ гэж ******т хэлээд гарт нь байсан хутгыг цонхон дээр нь авч тавьсан, Тэгээд би түргэн дуудаад түргэн ирж ******ыг авч явсан. Тэр хоёр хоорондоо маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Гар барилдаан хийж байсан. Гар барилдаан хийж байгаад ****** нь Наран****** бид хоёрыг ялаад байсан. Бид хоёр ******т хандаад бид хоёр бол дийлэхгүй юм байна гэж хэлсэн. Тэгсэн чинь гэнэт ийм зүйл болчихсон байсан. Ойр орчимд хутга ерөөсөө харагдаагүй. ...Би ******ын биенээс хутга сугалсан талаар санахгүй байгаа юм. Тухайн үед балмагдаад шууд эмнэлэг рүү дуудлага өгсөн. 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ****** над руу залгаад “чи дүрсэн хутгыг сугалсан” гэхээр нь би “сайн санахгүй байна” гэхэд “чи байхгүй байсан бол би үхэнгээ алдлаа шүү” гэж утсаар ярьсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-23, 25 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182 дугаартай “...Үзүүлэгч ******ын биед зүүн уушгины дээд дэлбэнд шарх, няцрал, цээжний зүүн хөндийд цус, хий хуралдалт, цус алдалт, цээжний зүүн дээд хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.3.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 29-31 хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хар өнгийн бариултай, бариул хэсэг нь 9 см, ажлын хэсэг нь 9.5 см, нийт урт нь 18.5 см 1 ширхэг хутгыг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-ийн 4-7, 151 хуудас), шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ****** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тухайн этгээд хийсэн эсэх, үүссэн хор уршиг нь үүнтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэгт ач холбогдолтой.
Шүүгдэгч ******ын согтуурсан үедээ хохирогч ******ын зүүн эгэмний доод хэсэгт 1 удаа хутгалсан үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ****** нь хохирогчийн зүүн эгэм хэсэгт хутгалсан хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Хууль тогтоогчоос “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно” гэж Эрүүгийн хуульд тайлбарласан.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга нь иж бүрдэл, бүтцийн хувьд ир үзүүртэй, бусдын бие махбодид гэмтэл учруулах боломжтой “зэвсэг” гэж дүгнэн ******ын хутга хэрэглэн бусдын эрүүл мэндэд халдаж хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ******гийн гаргасан “Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулсан гэм буруутай байна.” гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч ****** нь ам бүл ганцаараа, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 44 дүгээр гудамжны 11 тоотод оршин суудаг болох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаантын 8 дугаар багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 127 дугаартай тодорхойлолт, гэрч ******, ******нарын мэдүүлэг (хх-ийн 186-190 хуудас) зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ****** нь хохирогч ******д гэм хорын хохиролд 1,200,000 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигт 5,800,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2024 оны 04 дүгээр сарын 19, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шилжүүлгийн мэдээллүүд, хохирогч ******ын “хохирогч ****** миний бие шүүгдэгч ******аас өөрийн сэтгэцэд учирсан хохиролд 5,800,000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хүсэлт (хх-ийн 55,152-153 хуудас) зэргээр тогтоогдож байх тул түүнийг хохирогч ******д төлөх төлбөргүй гэж үзэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаа нь хохирогч ******ын Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн 6,403,500 төгрөгийг нэхэмжилжээ.
Хэрэгт “ЭМДЕГ-цахим систем. ЙЙ80052516, ****** ******, Арвайхээр сум, Зардлын түүх “2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл S21.1, S27.3, R57.1, Z48.0, Z54.0, J41.0, T91.4 гэсэн оношоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан баримт авагдсан байх бөгөөд эдгээр онош нь ямар өвчний онош болох, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эдгээр эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг тодруулаагүй, үүнийг давхар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 6,403,500 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж байна.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Л.Галбадрах шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн шинж, хувийн байдалтай нь холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байранд эдлүүлэх, түүний 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай, 18.5 см урттай, бариул хэсэг нь 9 см, ажлын хэсэг нь 9.5 см урттай хутгыг устгуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хэрэглэх эсэхийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...****** нь гэм буруугаа хүлээсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардал төлсөн. Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлын хувьд сахарын өвчтэй бөгөөд хэвтсэн цагаасаа эмчийн хяналтанд байж, байнга эмч дуудаж эмчилгээ хийлгэж, сахарын түвшинг зохих байдалд нь хянадаг төхөөрөмжийг хэрэглэж байгаа зэрэг эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч ******ын хувийн байдлыг харгалзан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү. Цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ****** “Би буруугаа хүлээж байна. Бид найзууд. ******, Д.****** нар надтай 3 сар хамт амьдарсан. Тус болох үедээ тус болж явсан. Өөр хэлэх зүйл байхгүй.” гэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ****** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж хуульчилсан.
Шүүгдэгч ******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******т оногдуулсан гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШТ/08 дугаартай шүүхийн тогтоолоор шүүгдэгч ******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шүүгдэгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 (тавин зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар бариултай, бариул хэсэг нь 9 см, ажлын хэсэг нь 9,5 см, нийт 18,5 см урттай хутгыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овгийн ****** ******ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ****** овгийн ****** ******ыг гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******т оногдуулсан гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******ын цагдан хоригдсон тавин зургаа хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаагийн нэхэмжилсэн 6,403,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ****** нь хохирогч ******д гэм хорын хохиролд 1,200,000 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигт 5,800,000 төгрөгийг төлсөн, хохирогч ****** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар бариултай, бариул хэсэг нь 9 см, ажлын хэсэг нь 9,5 см, нийт 18,5 см урттай хутгыг устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР