Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/хт2026/00180

 

Б.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, бүрэлдэхүүнд танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2026/02360 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2026/00976 дугаар магадлалтай,

Б.Ц-ын нэхэмжлэлтэй,

“М” ХК-д холбогдох,

Даатгалын гэрээний үүрэгт 30,255,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч “М” ХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 30,255,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2026/02360 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.1-д зааснаар хариуцагч “М” ХК-д холбогдох 30,255,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2026/00976 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2026/02360 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ц-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.03.20-ны өдөр урьдчилан төлсөн 309,225 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г

, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.Ц-ыг “замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явах үүргээ биелүүлээгүйгээс зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдсон тул осол гарах орчин нөхцөлийг өөрөө бүрдүүлсэн буруутай” гэх агуулгаар гэрээний 3.1.1-д заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бий болсон гэж хууль болон гэрээний агуулгыг буруугаар тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг;” 4.1.5-д “даатгалын хураамж” гэж даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг”, 4.1.6-д “даатгалын нөхөн төлбөр” гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг” гэж, талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний удиртгал буюу эрсдэлийн хамгаалалт хэсэгт “зам тээврийн бүх төрлийн осол”-ыг даатгалын тохиолдолд хамаарахаар тус тус заажээ.

Даатгуулагчийн зүгээс хураамжаа төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд даатгалын тохиолдол үүссэн даруй гэрээний дагуу холбогдох арга хэмжээг авч ажилласан. Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээнд зам тээврийн бүх төрлийн осол, гэмтлийг даатгасан тул гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон байдаг.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч байгууллагыг буруугүй мэт дүгнэж, нэхэмжлэгчийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохыг хариуцагч байгууллагын хүсэлтийн дагуу зөвлөх инженер гэх хүний гаргасан дүгнэлтээр тодорхойлж, хэрэгт 3 өөр байдлаар авагдсан байгаа Архангай аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Ц.А-ы тодорхойлолтыг хариуцагчид ашигтай байдлаар тайлбарлан дүгнэж байгаад гомдолтой байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохыг тогтоосон хангалттай баримт байхгүй бөгөөд дүрэм зөрчсөн нь гэрээний 3.1.1-д заасан орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй юм. Даатгуулагчийн зүгээс зам тээврийн ослыг санаатайгаар гаргасан зүйл байхгүй бөгөөд нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь зам тээврийн осол нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд даатгуулагчийн зүгээс санаатайгаар адуу мөрдөж, зам тээврийн осол гаргаж, даатгалын тохиолдлыг зориудаар үүсгэсэн зүйл байхгүй. Энэ нь зөвхөн нэхэмжлэгчийн хүчин зүйлээс бус хатуу хучилттай авто замд малаа хариулгагүй үлдээсэн малчин буюу гуравдагч этгээдийн буруутай хүчин зүйл нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Тиймээс үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар, эсрэг урсгалын хурц гэрлийн гялбаанд орсны улмаас зам тээврийн осол гарч, даатгалын тохиолдол үүссэн байхад уг нөхцөл байдлыг жолооч буюу даатгуулагч Б.Ц зориуд, санаатайгаар бий болгосон гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь тогтоосон дүрэм, журмын хүрээнд зөвшөөрөгдсөн зам дээр хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд адуу мал байх ёсгүй гэсэн итгэл үнэмшилтэй байж болох ба хариулгагүй адуу шөнийн цагаар зам хөндлөн гарах гэж байгаад тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн тул болгоомжгүй зам тээврийн осолд хамаарахаар байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх жолоочийг зам тээврийн осолд орох үеийн хөдөлгөөний хурд 100 км цагаас доошгүй байсан, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдсон гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх Даатгалын тухай хуулийн зорилт болох “даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах”, хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтыг тус тус буруугаар тайлбарлаж, хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг бий болгосон. Учир нь хуулийн 8.5.1-д “даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн” тохиолдолд нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болохоор хуульчилсан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.1-д мөн адил байдлаар тусгасан байдаг. Хуулийн дээрх агуулгын бичиглэл болон хууль зүйн техникийн хүрээнд авч үзвэл даатгуулагч нь нөхөн төлбөр авах зорилгоор санаатайгаар хохирол учруулсан тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзах бөгөөд уг үндэслэлээр буюу санаатайгаар даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол мөн нөхөн төлбөр олгохоос татгалзахаар заасан байна. Тодруулбал, хуулийн дээрх 2 агуулга нь “Буюу” гэх зэрэгцүүлэх утгатай холбох үгээр холбогдсон байгаа нь ижил утгатай үг, өгүүлбэр юм.

Гэтэл нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн шууд болон шууд бус санаатай үйлдэл байхгүй, зам дээр гэнэт адуу гарч ирсэн гадны хүчин зүйлийн нөлөөллөөс үүдэлтэйгээр зам тээврийн осол болсон байхад даатгуулагчийг буруутгаж, нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Энэ нөхцөл байдлыг эрх бүхий мэргэжлийн байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс даатгуулагчийн гомдлоор хянаад нөхөн төлбөр олгох үндэслэлтэй гэж үзсэн байгааг хоёр шатны шүүх анхаараагүй. Санхүүгийн зохицуулах хорооноос нөхөн төлбөр олгохыг. даалгасан шийдвэрийг даатгалын компанид хүргүүлсээр байхад татгалзаж, уг нөхцөл байдлыг шүүх анхаарахгүй байгаа нь цаашид урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах бодит шаардлага байгаа эсэхийг хяналтын шатны шүүх анхаарах нь зүйтэй гэж үзэж байна.

Нөгөө талаар, сайн дурын даатгал нь даатгуулагчийг аливаа төрлийн эрсдэлээс хамгаалах, гэнэтийн аваар ослын улмаас учирч болох хохирлыг бууруулах зорилготой байхад бодитоор учирсан даатгалын тохиолдолд даатгуулагчийг буруутгаж татгалзаж байгаа нь цаашид даатгалын компани байх эсэх иргэд үйлчилгээ авах шаардлагагүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Ялангуяа зам тээврийн ослын улмаас үүсч байгаа даатгалын тохиолдлыг яг ямар нөхцөлд даатгалын компани хариуцах эсэх нь тодорхойгүй байдлыг үүсгэж байна.

Хариуцагч нь даатгуулагчийг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулан, бүрэн бүтэн тээврийн хэрэгсэлдээ хохирол учруулан санаатайгаар зам тээврийн осол гаргасан гэх байдлаар тайлбарлаж байхад анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн уг хууль бус тайлбарыг дэмжиж, хуулийг буруугаар тайлбарлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Түүнчлэн даатгалын үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага нь гэрээний утга, агуулгыг ойлгомжтой тодорхойлох байтал гэрээний 3.1.1-д “... нөхцөл, орчныг бүрдүүлсэн” гэж тодорхой бус байдлаар тусгаж, даатгуулагчийн аливаа үйлдлийг уг нөхцөлд хамааруулж, татгалзаж байгаа нь хууль бус юм. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасан “...нөхцөл, орчныг бүрдүүлсэн” гэх агуулгыг даатгалын компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөлөөс хамаарч гэрээндээ тодорхой, дэлгэрүүлэн заах ёстой байсан. Энэ нөхцөл байдлыг шүүх анхаараагүй. Зам тээврийн ослын улмаас даатгалын тохиолдолд бий болж байгаа нь маргааны зүйл болох “... нөхцөл, орчныг бүрдүүлсэн...” гэж үзэх үндэслэлд хамаарахгүй талаар Улсын дээд шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх байдлаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг 2023.02.14-ний өдрийн 001/XT2023/00030 дугаар, 2026.04.09-ний өдрийн 001/XT2023/00081 дүгээр тогтоолоор тус тус тогтоосон байхад шүүх уг тогтоолоос өөрөөр тайлбарлаж байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.06.25-ны өдрийн 001/ШХТ2026/00826 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.  

7. Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч “М” ХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 30,255,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Нэхэмжлэгч нь “М” ХК-тай 2025.07.31-ний өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, *** ӨМН улсын дугаартай, Lexus RХ-450 маркийн тээврийн хэрэгслийг 78,000,000 төгрөгөөр үнэлж, даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлыг 100 хувь хариуцахаар харилцан тохиролцсон. Гэтэл даатгуулагч нь гэрээний зүйл болох *** ӨМН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад 2025.08.12-ны өдөр Архангай аймгийн *** нутаг дэвсгэрт зорчих үед, шөнийн цагаар гэрлийн гялбааны улмаас 3 тооны адуу мөргөж, зам тээврийн осол гарсан. Энэ талаар “М ХК-д мэдэгдэн бүртгүүлж, улмаар даатгалын нөхөн төлбөр авахаар холбогдох материалыг бүрдүүлэн, гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр авах хүсэлтийг гаргасан. Гэвч “М” ХК-аас 2025.09.24-ний өдрийн 01/1048 дугаар албан бичгээр даатгалын тохиолдол бий болгох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад ... даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу олгох талаар хариуг ирүүлсэн. Хариуцагч нь нэгэнт гарсан шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэсэн. Хурд хэтрүүлсэн гэх нөхцөл байдал нь баримтаар тогтоогдоогүй, даатгалын гэрээний 3.1.1-д заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй, талуудын хооронд байгуулсан гэрээнд зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол үндсэн эрсдэлээс хамгаалагдахаар заасан бөгөөд гэрээний 2.2-т “Даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлыг 100-аар тооцож, даатгагчаас даатгуулагчид нөхөн төлбөр олгоно” гэж, гэрээний 2.4-т “Даатгагч хохирлын үнэлгээний зардлыг даатгуулагчид олгох нөхөн төлбөрийн дүн дээр нэмж олгоно” гэж тус тус заасан тул хариуцагч нь даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй. Иймд даатгалын тохиолдол бий болсонтой холбоотойгоор оношилгоо хийлгэсэн 160,000 төгрөг, машин ачилтын төлбөр 180,000 төгрөг, даатгалын үнэлгээний хөлс 2,000,000 төгрөг, засвар үйлчилгээний хөлс 18,300,000 төгрөг, сэлбэг хэрэгслийн зардал 9,615,000 төгрөг, нийт 30,255,000 төгрөгийн зардал гарсан. ...” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “М” ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2025.09.05-ны өдрийн тодорхойлолтод жолооч Б.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна гэж үзсэн. “М” ХК-ийн зүгээс Цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 болон даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээний 5.1.12-т заасны дагуу мэргэжлийн байгууллагаас дүгнэлт, тодорхойлолт гаргуулах шаардлагатай гэж үзээд Зам тээвэр, аялал жуулчлалын яам болон Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо, Зам тээвэр ажлын мэргэжлийн боловсролын институтийн гэрчилгээтэй этгээд болох Монгол Улсын зөвлөх инженер, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн ухааны доктор А.Ц-д хандаж, хурдыг тодорхойлох дүгнэлт гаргуулахад 2025.09.10-ны өдрийн 2514 дүгнэлтээр даатгуулагч нь адуу мөргөж, зам тээврийн осолд орох үед хөдөлгөөний хурд нь 100 км/цагаас доошгүй байна гэж үзсэн. ...Түүнчлэн осол нь суурин газрын гадна болсон бөгөөд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км/цаг, суурин газрын гадна 80 км/цагаас хэтрүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн буюу ... нэхэмжлэгч Б.Ц нь даатгалын гэрээгээр зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол болон мал амьтнаас учруулах үеийн эрсдэлийг хамгаалсан боловч хурд хэтрүүлсний улмаас олон тооны адуу буюу 3 тооны адууг мөргөж, даатгалын тохиолдол бий болгох орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж, нөхөн төлбөрийг олгоогүй. ...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “... Маргаж буй осол нь тууш замд гарсан гэх үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй, улмаар хариуцагчаас шүүхэд ирүүлж, нэхэмжлэгч үгүйсгээгүй зам тээврийн ослын талаарх дүгнэлтээс үзэхэд тээврийн хэрэгсэл нь тухайн үед 100.58 км.цагийн хурдтай явсан нь тогтоогдсон. Энэхүү хурд нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасныг зөрчсөн болох нь эрх бүхий албан тушаалтан буюу замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн гаргасан 2025.09.05-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдсон тул ... даатгалын гэрээний 3.1.1-д заасан нөхцөлийг бүрдүүлсэн гэх үндэслэлд хамаарч, мөн гэрээний 3.1-д зааснаар даатгагч нь нөхөн төлбөр төлөхөөс татгалзах үндэслэлийг бий болгожээ.” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “... Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэнийг зөв тогтоосон ба нэхэмжлэгч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, даатгалын гэрээний 3.1.1-д заасан даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх үндэслэлд хамаарч, мөн гэрээний 3.1-д заасан даатгагч нь нөхөн төлбөр төлөхөөс татгалзах үндэслэлийг бий болгосон гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.  ... Иймд даатгуулагч даатгалын тохиолдол бий болгох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, хариуцагч “М” ХК даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэгч Б.Ц-ад олгохоос татгалзсан нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1, даатгалын гэрээний 3.1.1-д заасантай нийцсэн.” гэсэн дүгнэлт хийсэн байна.

11. Дээрх байдлаар хоёр шатны шүүх зохигчийн хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн болон даатгалын тохиолдол бий болсон, даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэл, нөхцөл байдлын талаар хуулийг зөрүүгүй тайлбарлан хэрэглэсэн боловч хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “... даатгуулагч даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн эсэх ...” тухай гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т зааснаар хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

12. Хэргийн баримтаар “М” ХК болон Б.Ц- нарын хооронд 2025.07.31-ний өдөр “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр “М” ХК нь *** ӨМН улсын дугаартай, Lexus RX-450h AL10 маркийн тээврийн хэрэгслийг 2025.07.31-ний өдрөөс 2028.07.30-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаанд гэрээнд заасан эрсдэлээс хамгаалах, Б.Ц- нь нэг жилийн даатгалын хураамжид 624,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцож, эхний жилийн хураамжийг төлсөн, даатгалын гэрээний хугацаанд буюу 2025.08.12-ны өдрөөс 2025.08.13-ны өдөр шилжих шөнө нэхэмжлэгч Б.Ц уг тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Архангай аймгийн *** нутаг Хөтөл нуур гэх газрын улсын чанартай авто замд 3 тооны адуу мөргөж, зам тээврийн осол гаргасан тухай үйл баримт тогтоогдсон талаар хоёр шатны шүүх зөв дүгнэсэн.

13. Зохигч ийнхүү бий болсон даатгалын тохиолдол нь талуудын байгуулсан гэрээгээр тохиролцсон болон хуульд заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болох эсэх талаар маргасан.

14. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, даатгуулагч даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн үндэслэлээр даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

15. Талууд гэрээгээр хамгаалагдах үндсэн эрсдэлийг “Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол”, “бүх төрлийн гал түймэр, тэсрэлт, дэлбэрэлт /зогсоол гаражид байх үеийн болон бусад үеийн/” ... гэж тохирсон, гэрээний 2.2-т зааснаар даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлыг 100 хувиар тооцож, даатгагчаас даатгуулагч нөхөн төлбөр олгох ба энэ хэргийн тохиолдолд даатгуулагч Б.Ц нь зам тээврийн осол гаргасан нь даатгалын тохиолдол бий болсон гэж үзнэ.

16. Гэвч талууд гэрээний 3.1.1-д “Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн” нь нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл гэж тохиролцсон.

Хариуцагч нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ гэрээний дээрх тохиролцоо болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасан даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэсэн ба зохигч зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөлийг ийнхүү дүгнэх эсэх талаар мэтгэлцсэн байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэгч Б.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан хурдыг хэтрүүлснээс осол гарах шалтгаан болсон гэж дүгнэж, энэхүү нөхцөл байдлыг гэрээний З.1.1-д заасан даатгуулагч даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн буюу даатгагчийг даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлтэй гэж дүгнэсэн.

17. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д даатгагч нөхөн төлбөрийг олгохгүй байх нөхцөлийг заасан бөгөөд үүнд 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж заасан, уг нөхцөлийг талууд гэрээндээ тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн, мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасан харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Даатгал нь аливаа эрсдэлээс хамгаалах, учирсан хохирлыг арилгах зорилготой, эрсдэл нь тохиолдлын шинжтэй гэнэтийн үйл явдал боловч нөгөө талаас эрсдэл, даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөлийг бүрдүүлэхгүй байхыг даатгуулагч эрмэлзэх учиртай төдийгүй хохирлын хэмжээ нэмэгдэхэд даатгуулагчийн санаатай үйлдэл, эс үйлдэл нөлөөлөөгүй байх ёстой.

Хэдийгээр зам тээврийн осол нь ихэнх тохиолдолд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг зөрчил боловч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан явах, хэтрүүлэхгүй байх нь жолоочийн үүрэг бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйгээс үүссэн эрсдэл нь гэрээний 3.1.1-д даатгуулагч даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл болно. 

18. Хэрэгт авагдсан “Х” ХХК-ийн хохирлын үнэлгээ тогтоосон тайланд тусгагдсан автомашин техникийн үнэлгээний тайлан, автомашинд үүссэн эвдрэл гэмтлийн гэрэл зураг, эрх бүхий албан тушаалтны осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Монгол Улсын зөвлөх инженер А.Ц-гийн 2025.09.10-ны өдрийн дүгнэлтэд “... уг автомашин өөрөө зогсоогүй, замдаа гурван адууг гурван удаа мөргөхөд тодорхой хэмжээний энерги зарцуулагдаж хурд саарна ...” гэж дурдсанаас тус тус үзэхэд нэхэмжлэгч Б.Ц- нь суурин газрын гадна замд тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 3 адууг дараалан дайрсан буюу 3 дахь адууг дайрсны дараа тээврийн хэрэгсэл зогсолт хийсэн болох нөхцөл байдал тогтоогдсон.

Түүнчлэн 2025.09.25-ны өдрийн 02 дугаартай, эрх бүхий албан тушаалтны магадалгаанд “... 2.1. Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт: “асфальтан, халтиргаагүй, зохицуулдаггүй, үзэгдэх орчин хангалтгүй, шөнийн цагаар” 2.2. Lexus RX450h маркийн *** ӨМН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцож явсан Б.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн арван хоёр дугаар бүлэг. 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэснийг, Архангай аймгийн Цагдаагийн газрын зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.А-ы 2025.09.02, 2025.09.25-ны өдрийн тодорхойлолтод тус тус жолооч Б.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн, Мөн Монгол Улсын зөвлөх инженер А.Ц-гийн 2025.09.10-ны өдрийн дүгнэлтэд “...Toyota Lexus RX450h маркийн *** ӨМН улсын дугаартай автомашины адуу мөргөж, зам тээврийн осолд орох үеийн хөдөлгөөний хурд 100 км/цагаас доошгүй байсан гэж үзэх үндэслэлтэй, “Хөдөлгөөний хурд гэсэн нэр томьёог MNS ISO 12353-1:2016 стандартын 5.7 дахь заалтын дагуу “Осолд холбогдсон тээврийн хэрэгслийн осолд холбогдох аливаа үйлдэл хийхээс өмнө агшин дахь хурд” гэж ойлгоно.” гэжээ. 

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Б.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж заасныг болгоомжгүй байдлаар зөрчиж, хурдыг тохируулан яваагүй нь тогтоогдсон, энэ нь осол гарах шалтгаан болсон байна.

Энэ үндэслэлээр даатгалын гэрээний 3.1.1-д заасан даатгуулагч даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий болсон гэж үзнэ.

19. Түүнчлэн Архангай аймгийн Цагдаагийн газрын зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.А-ы эрх бүхий албан тушаалтны магадалгаанд Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасныг, тодорхойлолтод Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасныг зөрчсөн талаар заасан боловч энэ нь аль ч тохиолдолд жолооч тээврийн хэрэгслийг хурдыг тохируулаагүйгээс зам тээврийн осол гарсан болохыг тогтоосон тул давж заалдах шатны шүүх уг дүгнэлтийг агуулгын хувьд хоорондоо зөрчилгүй гэж үзсэнийг буруутгахгүй.

20. Мөн хоёр шатны шүүх даатгуулагчийг тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан яваагүй гэж үзэхдээ осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, түүнд үндэслэж гарсан Монгол Улсын зөвлөх инженер А.Ц-гийн 2025.09.10-ны өдрийн дүгнэлтээр даатгуулагч нь уг 3 адууг дараалуулан мөргөсөн нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т зааснаас хэтрүүлсэн гэж үзсэн нь нотлох баримт үнэлэх журамд нийцсэн.

21. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2026/02360 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2026/00976 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.05.28-ны өдөр төлсөн 309,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Н.БАЯРМАА

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                           Н.БАТЧИМЭГ

                                                                                            Э.ЗОЛЗАЯА