Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 135

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч /хохирогч/ Б.Батсуурь,

шүүгдэгч /хохирогч/ М.Баянмөнх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржгин овогт Бадамцэрэнгийн Батсуурь, Боржигон овогт Мягмарсүрэнгийн Баянмөнх нарт холбогдох эрүүгийн 201726030516 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 22а дугаар байрны 128 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржгин овогт Бадамцэрэнгийн Батсуурь /РД:УХ90041131/

            2. Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 16-нд Баянхонгор аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Хана” ресторанд тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 6а дугаар байрны 12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Мягмарсүрэнгийн Баянмөнх /РД:ВЮ95071671/

 

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Батсуурь нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шинэ Өргөө хорооллын 603 дугаар байрны 06 тоотод иргэн М.Баянмөнхтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч М.Баянмөнх нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шинэ Өргөө хорооллын 603 дугаар байрны 06 тоотод иргэн Б.Батсуурьтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Батсуурь нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шинэ Өргөө хорооллын 603 дугаар байрны 06 тоотод иргэн М.Баянмөнхтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч М.Баянмөнх нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шинэ Өргөө хорооллын 603 дугаар байрны 06 тоотод иргэн Б.Батсуурьтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч /хохирогч/ Б.Батсуурийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”... Би тухайн өдөр найзуудтайгаа хөзөр тоглосон. Тэгээд М.Баянмөнхтэй үл ойлголцож муудалцаад бие биедээ гэмтэл учруулсан...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрөө сайн дурын үндсэн дээр Баянмөнхтэй эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Шүүгдэгч /хохирогч/ М.Баянмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”... Би тухайн өдөр Б.Батсуурь, Эрдэнэпүрэв ах, түүний найз охин нартай уулзсан. Би пиво ууж бусад нь нэг шил “Болор” архи авч ууцгаасан. Тэгээд хөзөр тоглож байгаад Батсуурь ах бид хоёр муудалцаж би эхлээд Батсуурь ахыг цохьсон. Тэгээд бие биедээ гэмтэл учруулсан...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрөө сайн дурын үндсэн дээр Батсуурьтай эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хохирогч М.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Бид нар авсан пиво архиа уунгаа 2 талцаад хөзөр тоглосон юмаа, би Б.Батсуурьтай нэг баг болсон бөгөөд бид хоёр гар нийлэхгүй хожигдоод байсан юмаа, Б.Батсуурь ч нилээд үглээд чи гар муутай байна, мод ирэхгүй байна гээд над руу үг хаяад байсан бөгөөд би ч биеэ барьж Эрдэнэпүрэв ахын найз юм чинь гээд нилээд биеэ барьсан бөгөөд тоглож дуусаад балкон дээр гарч тамхи татацгаагаад Б.Батсуурь бид хоёр өрөөнд орж ирээд газар байсан хөзөр холиод 21 татаж тоглосон бөгөөд Б.Батсуурь нь намайг хожчихоод чи бас л хожигдлоо гээд байхаар нь уур хүрээд шууд өшиглөөд авсан бөгөөд намайг зөрүүлэн заамдаж аваад нүүрлүү цохьсон тэр үед Эрдэнэпүрэв ах балкон дээр тамхи татаж байгаад орж ирээд бид хоёрыг салгасан юмаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24/

            4. Хохирогч Б.Батсуурийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Тухайн үед Эрдэнэпүрэв нь 0,75 грамм Болор архи авч ирсэн байсан юмаа, тэгээд Яармагт байрлах Эрдэнэпүрэвийн гэрлүү явахаар болоод замаараа Эрдэнэпүрэв найз охиноо аваад явсан юмаа. Тэгээд бид нар такси аваад Эрдэнэпүрэвийн гэр болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Шинэ өргөө хорооллын 603 дугаар байрны 06 тоотод ирж гэрт нь ууцгаасан юмаа, тухайн үед М.Баянмөнх архинаас уугаагүй харин пиво ууж байсан, тухайн үед бид нар 2 талцаад хөзөр тоглоцгоож байсан бөгөөд М.Баянмөнх бид хоёр хөзөрнөөс болоод чи муу тоглодог юм байна, чамд ямар ч мод алга гээд жаахан маргалдаад өнгөрсөн хөзөр тоглож дуусаад бид нар балкон дээр гарч тамхи татаад буцаж орж ирээд сууж байгаад М.Баянмөнх бид хоёр хөзрөөр 21 татаж тоглосон бөгөөд би хожоод хөзрөө холиод газар тавихад М.Баянмөнх нь хөзөр тоглоод хожигдоод миний нүүрлүү шууд өшиглөөд авсан юмаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20/

            5. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№5139/-ын дүгнэлт:

                        -М.Баянмөнхийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанааны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 26/

            6. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№5131/-ын дүгнэлт:

                        -Б.Батсуурь-н биед баруун доод 1-р шүдний булгарал, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус харвалт, зүүн сарвууны ард цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Нэг шүдний булгарал нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5% нөлөөлнө. /хх-ийн 30/

             7. Сэжигтэн Б.Батсуурийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2017 оны 4 дүгээр сарын 13-ны орой 22:00 цагийн үе байсан бөгөөд манай найз Эрдэнэпүрэв надтай яриад хамт уулзахаар болсон бөгөөд бид хоёр манай байрны гадна уулзахаар тохирч уулзсан бөгөөд тухайн үед найз гээд Солонгост ажиллаж байсан М.Баянмөнхийг дагуулан ирсэн юмаа. Тэгээд бид 3 дэлгүүр ороод 0,75 граммын Болор архи, 2,5 литрийн Нийслэл пиво аваад замаараа Эрдэнэпүрэвийн найз охиныг аваад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Шинэ өргөө хороололд ирээд авч ирсэн архи пивоо ууцгаасан юмаа, тэр үед Эрдэнэпүрэв бид хоёр 0,75 граммын Болор архийг хувааж уусан, харин М.Баянмөнх нь пиво ууж байсан архинаас уугаагүй амсаад өгөөд байсан юмаа, пиво нилээн их уусан юмаа. Тэгээд М.Баянмөнх Эрдэнэпүрэв, түүний найз охин бид 4 талцаад хөзөр тоглохоор болоод М.Баянмөнх бид хоёр нэг баг болж хамт тоглосон бөгөөд архи нилээд уусан байсан болохоор тэр үү надад сайн мод огт ирэхгүй, М.Баянмөнхөд ч ирэхгүй байсан юмаа, тэгээд тоглож байхдаа М.Баянмөнх бид хоёр жаахан маргалдаж чи муу юм байна, хөзөр ч ирэхгүй гэх мэтээр маргалдаж байсан юмаа. Түүний дараагаар хөзрөө тоглохоо зогсоогоод балкон дээр тамхи татчихаад М.Баянмөнх бид хоёр дахин хөзрөө хольж 21 татахаар болсон юмаа, 21 татаад би хожчихоод чи бас л хожигдчихлоо гэж хэлэхэд үгний зөрөөгүй шууд өшиглөөд авсан юмаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44/

            8. Сэжигтэн М.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Шинэ өргөө хорооллын 603 дугаар байрны 06 тоотод ирсэн бөгөөд бид нар талцаад хөзөр тоглож эхэлсэн бөгөөд би Б.Батсуурьтай нэг баг болсон. Тоглож байх хугацаандаа бид нар авсан 0,75 граммын Болор архи, пивоо ууцгаасан би архинаас огт уугаагүй харин пиво их хэмжээгээр уусан юмаа. Б.Батсуурь бид хоёр хөзөр тоглож байхдаа нилээд хожигдсон бөгөөд Б.Батсуурь нь архи уучихаараа үглээ болчихдог, хөзөр тоглоод хожигдоод уурлаад гарт мод ирэхгүй байна, чи муу тоглож байна, чамд бас мод алга гэх мэтээр үглээд л байсан. Би ч тэсээд байж байсан бөгөөд ахын найз гэж бодоод тэссээр байгаад хөзрөө тоглож дуусаад хамт тамхилахаар болоод балкон дээр гараад тамхи татсан юмаа, тамхи татаад дуусчихаад Б.Батсуурь бид хоёр хөзөр холиод 21 татаж тоглох үед Эрдэнэпүрэв ах балкон дээрээ байсан бөгөөд Б.Батсуурь нь намайг хожчихоод чи муу юм дахиад хожигдлоо гэхээр нь уур хүрээд шууд өшиглөөд авсан юмаа, тэгтэл намайг эргүүлэн нэг цохиод багалзуурдаад байсан бөгөөд энэ үед Эрдэнэпүрэв ах балкон дээрээс орж ирээд салгасан ийм л зүйл болсон юмаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Батсуурь, М.Баянмөнх нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54, 55/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№5139, №5131/-ын дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

            Иймд шүүгдэгч Б.Батсуурь, М.Баянмөнх нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Харин шүүгдэгч /хохирогч/ Б.Батсуурь, М.Баянмөнх нар нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч М.Баянмөнх нь шүүгдэгч Б.Батсуурьтай, хохирогч Б.Батсуурь нь шүүгдэгч М.Баянмөнхтэй харилцан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сайн дураар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан /хх-ийн 78, 79/ байх тул М.Баянмөнх, Б.Батсуурь нарт холбогдуулан прокуророос сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржгин овогт Бадамцэрэнгийн Батсуурь, Боржигон овогт Мягмарсүрэнгийн Баянмөнх нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Шүүгдэгч Боржгин овогт Бадамцэрэнгийн Батсуурь, Боржигон овогт Мягмарсүрэнгийн Баянмөнх нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Б.Батсуурь, М.Баянмөнх нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Б.Батсуурь, М.Баянмөнх нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

  5.  Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6.  Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Батсуурь, М.Баянмөнх нарт таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                            

    

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР