Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Саруул-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, яллагдагч М.Саруул-Эрдэнэ түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Б.Мөнхбат, яллагдагч Ц.Нарантуяагийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,  яллагдагч Н.Эрдэнэбатын өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 209 дугаар шүүгчийн захирамжтай М.Саруул-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 1936003380091 дугаартай хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 8, ээж, нөхөр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Булган сумын 6 дугаар багт оршин суух, БД72020808 регистртэй, Нүцгэд овогт Цэрэнгийн Нарантуяа

Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл-3 эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 06-14 тоотод оршин суух, ПЖ88102718 регистртэй, Тайвнаахан овогт Нямаагийн Эрдэнэбат

Монгол улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Баганат өргөө 18 айлын 04 тоотод оршин суух, ПБ82122819 регистртэй, Тарвагатайнхан овогт Мөнх-Очирын Саруул-Эрдэнэ

Яллагдагч Ц.Нарантуяа нь өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор яллагдагч М.Саруул-Эрдэнийг албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 4,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

Яллагдагч Н.Эрдэнэбат нь өөрийн хамаатан болох Б.Болдбаатарт давуу байдал бий болгох зорилгоор Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байсан М.Саруул-Эрдэнэд албаны чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлсний хариуд санал болгосон 4,000,000 төгрөгнөөс бэлнээр 3,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон,

Яллагдагч М.Саруул-Эрдэнэ нь нийтийн албан тушаалтан буюу Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байх үедээ иргэн Ц.Нарантуяагийн хүү Б.Болдбаатарыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нөөцөд бүртгэгдсэнийг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын нөөцөд шилжүүлэн ажилд оруулж өгнө гэж хэлж 4,000,000 төгрөг өгөхийг иргэн Н.Эрдэнэбатаар дамжуулан иргэн Ц.Нарантуяагаас шаардсан, мөн М.Саруул-Эрдэнэ нь ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Н.Эрдэнбатаар дамжуулан 3,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “М.Саруул-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж” шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яллагдагч М.Саруул-Эрдэнэ нь хахууль өгөгчийн ашиг сонирхол буюу иргэн Б.Болдбаатарын Ховд аймгийн Цагдаагийн газарт ажилд орох гэсэн ашиг сонирхолын үүднээс иргэн Б.Болдбаатарыг ажилд оруулахын тулд тус аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хошууч Н.Бямбажав, Б.Болдбаатарыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нөөцөд бүртгэгдсэн, Ховд аймгийн Цагдаагийн газарт томилуулах боломжтой эсэхийг судлах талаар танилцуулан, шилжүүлэн томилуулах боломжтой талаар судлаж мэдэн Ховд аймгийн Цагдаагийн газарт томилуулахаар болсоны хариуд нь яллагдагч Н.Эрдэнбатаар дамжуулан хахууль өгөхийг шаардаж авсан үйлдэл хийсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийг нотлох баримтуудаар тогтоогдсон, яллагдагч Ц.Нарантуяа нь өөрийн хүү Б.Болдбаатарыг амьдарч буй орон нутагт нь буюу Ховд аймгийн Цагдаагийн газарт ажилд оруулах ашиг сонирхлын үүднээс Ховд аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмын тасгийн дарга М.Саруул-Эрдэнэд бусдаар дамжуулан хахууль өгсөн болох нь тогтоогдсон байна. Яллагдагч М.Саруул-Эрдэнэнийн хувьд бусдын орон нутагтаа ажиллах гэсэн хүсэл сонирхлыг ашиглан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсанаар тухайн гэмт хэрэг төгссөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Яллагдагч М.Саруул-Эрдэнэ түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар прокурорын эсэргүүцэлтэй танилцаад  гаргасан хариу тайлбар болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тал бүрээс нь шалгаагүй байна. Б.Болдбаатар нь төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албанд орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн, уг нөөцөөс Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаагаар томилогдсон үйл баримтыг эцэслэн шалгах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Хахуул өгөх гэмт хэргийг нийтийн албан тушаалтан үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчлэгдэх тул Н.Эрдэнэбатыг ажилд томилсон шийдвэр, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтыг хэрэгт хавсаргаж, түүний эрх зүйн байдлыг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд ач холбогдолтой.

Өмгөөлөгч Б.Мөнхбат би 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр М.Саруул-Эрдэнэтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан гэтэл мөрдөгчөөс мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийг прокурорын хяналтад шилжүүлэхдээ өмгөөлөгч надад хавтаст хэргийн материал танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Яллагдагч М.Саруул-Эрдэнийн өмгөөлөгч Ж.Энхжаргал прокурорын эсэргүүцэлтэй танилцаад  гаргасан хариу тайлбар болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн, нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтуудыг хавтаст хэрэгт цуглуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байхад яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэнд гомдолтой байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-д хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг дутуу шалгасан байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Яллагдагч Ц.Нарантуяагийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа боловч эдгээр яллагдагч нар давуу байдал бий болгох эрх хэмжээний хүмүүс биш юм.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны гарсан гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Яллагдагч Н.Эрдэнэбатын өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, Л.Эрдэнэцэцэг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг шалгахдаа хэд хэдэн хуулийн заалт зөрчсөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

                Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын бичсэн эсэргүүцэлд  дурдсан асуудлаар  хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Ц.Нарантуяа нь өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор М.Саруул-Эрдэнийг албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 4,000,000 төгрөгний хахууль өгсөн гэмт хэрэгт,

            Н.Эрдэнэбат нь өөрийн хамаатан болох Б.Болдбаатарт давуу байдал бий болгох зорилгоор Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байсан М.Саруул-Эрдэнэд албаны чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлсний хариуд санал болгосон 4,000,000 төгрөгнөөс бэлнээр 3,000,000 төгрөгний хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэх хэрэгт,

            М.Саруул-Эрдэнэ нь нийтийн албан тушаалтан буюу Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байх үедээ иргэн Ц.Нарантуяагийн хүү Б.Болдбаатарыг, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нөөцөд бүртгэгдсэнийг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын нөөцөд шилжүүлэн ажилд оруулж өгнө гэж хэлж 4,000,000 төгрөг өгөхийг иргэн Н.Эрдэнэбатаар дамжуулан иргэн Ц.Нарантуяагаас шаардсан мөн М.Саруул-Эрдэнэ нь ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Н.Эрдэнэбатаар дамжуулан 3,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Ховд аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяа нь Ц.Нарантуяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

            Н.Эрдэнэбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

            М.Саруул-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж уг хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх Ц.Нарантуяа, Н.Эрдэнэбат, М.Саруул-Эрдэнэ нарт холбогдох  эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж М.Саруул-Эрдэнэ нь Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байх үедээ гэрч Б.Болдбаатарыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нөөцөд бүртгэгдсэнийг, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаагийн ажлын байранд томилоход ямар “Давуу байдал “ бий болгосон эсэхийг тогтоогоогүй, Б.Болдбаатар нь Цагдаагийн Ерөнхий газрын хүний нөөцөд бүртгэгдсэн эсэх, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад орсон эсэхийг тогтоогоогүй, Б.Болдбаатарыг дээрхи албан тушаалд томилоход ямар, хууль, журам зөрчсөн эсэхийг тогтоогоогүй, төрийн албан хаагчийн хувийн хэргийг хэрэгт хавсаргах шаардлагатай гэх үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Мөн тухайн үед Ховд аймгийн Цагдаагийн газрын хүний нөөцөд бүртгэлтэй, шаардлага хангасан хэдэн хүн байсан, Б.Болдбаатарт давуу байдал олгосноор хэний ажилд орох эрх ашиг нь хөндөгдсөн болохыг мөрдөн байцаалтаар тогтоосны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Прокуророос шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх талаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн  2020/ ШЗ/209  дугаартай  шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

             

           

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.ТУЯА

                                            ШҮҮГЧИД                                             М.НЯМБАЯР

                                                                                                          Б.ДАМБА