| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/00331/И |
| Дугаар | 183/ШШ2022/00215 |
| Огноо | 2022-01-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2022/00215
| 2022 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2022/00215 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ****** гудамж, ** дүгээр байр, ** тоот хаягт оршин суух Сартуул овогт З.М /РД:ИЭ*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, *** байр, *** тоот хаягт оршин суух Боржигон овогт У.С /РД:УЮ******/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч З.М,
хариуцагч У.С,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.М би У.Стой 2007 онд танилцаж, 2008 оноос хамтран амьдарсан. Хамт амьдрах хугацаанд 2009 оны 5 сарын 16-ны өдөр охин М.Ц, 2012 оны 4 сарын 09-ний өдөр охин М.Ц нар төрсөн. З.М би хөдөө ажилладаг байсан тул бидний дунд үл ойлголцол үүсэж бид 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа одоо хэн хэн нь тусдаа амьдралтай болсон. Бидний дунд хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай байна гэв.
Хариуцагч У.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие З.Мтай 2007 онд танилцаж, 2008 оноос хамтран амьдарсан. Бид дундаас 2 охинтой. 2015 оноос хойш тусдаа амьдралтай болсон. Бидний дунд хүүхдийн асрамж, эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй гэв.
Нэхэмжлэгчээс хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдүүдийн сургуулийн тодорхойлолт, эрүүл бойжиж байгаа талаарх бичиг зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.М хариуцагч У.Сд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
З.М, У.С нар 2007 онд танилцаж, гэр бүл болж 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд 2009 оны 5 сарын 27-ны өдөр охин М.Ц, 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр охин М.Ц нарын эцэг, эх болцгоож, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 00022 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна. /хх-9/
Гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй, цаашид хамтран амьдрах нөхцөл байдал байхгүй талаар хэн аль нь тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд 2009 оны 5 сарын 27-ны өдөр охин М.Ц, 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр охин М.Ц нарыг эх У.Сын асрамжинд үлдэхээр харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр эх У.С нь охин М.Ц, М.Ц нарыг эцэг З.Мтай уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг тайлбарлах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгээд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, охин М.Ц, М.Ц нарыг эх У.Сын асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сартуул овогт З.М /РД:ИЭ*******/, Боржигин овогт У.С /РД:УЮ*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 5 сарын 27-ны өдөр охин М.Ц, 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр охин М.Ц нарыг эх У.Сын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг З.Мыг охин М.Ц, М.Ц нартай уулзуулахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх У.Сд даалгасугай.
5. Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ