Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/179

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Б.Мандалмаа,

Шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч Б.Ууганжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овгийн ********** **********ад холбогдох 2426001600154 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол улсын иргэн, ***** оны *** дугаар сарын ***-ний өдөр, Өвөрхангай  аймгийн Уянга суманд төрсөн, **** настай, регистрийн дугаар **********, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Хурд” авто машин угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Өвөрхангай аймгийн **** сумын ***дугаар багт оршин суух хаягтай боловч Өвөрхангай аймгийн ***** сумын **** багийн ************  тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ********** овгийн ********** **********.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч ********** нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнс, барааны захын баруун талын авто замын уулзварт улсын дугааргүй “Арвайн хурд” загварын мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 10.8 А-д “уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тухайн замаар зүүн гар тал руу эргэх хөдөлгөөн үйлдэж байсан ********** улсын дугаартай “Sonatа-6” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас түүний жолоодож явсан мотоциклийн ард сундалж явсан зорчигч **********ийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Ажлаасаа буугаад гэртээ харих гээд явж байсан. Тэгээд согтуу ах замд таараад намайг хүргээд өг гэсэн. Тэгэхээр нь би гэртээ харих гээд яараад байна гэж хэлэхэд ахыгаа хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд би заа гээд ардаа суулгаад явсан. Тэгэхэд ард гуйваад яваад байхаар нь ахаа та битгий гуйваарай, би зөөлхөн явж байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд нэг мэдэхэд тийм зүйл болсон. Би их гэмшиж байна.” гэв.

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Талийгаач эхнэр хүүхэдтэй байсан. Салаад 10 гаруй жил болж байна. Хүүхэд нь хол ажилтай байдаг тул хууль ёсны төлөөлөгчөөр оролцохгүй гэсэн. Энэ жил ах минь Өвөрхангай аймгийн төвд ирээд манай ах **********гийн гэрт амьдраад хамаатны хүний барилгын ажил дээр ажиллаж байсан.  2024 оны 03 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг өнгөрч байхад ангийнх нь хүүхэд ********** манайд ирээд ах чинь осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг рүү очиход эмч нь энэ хүний зүрх нь зогсонги байдалтай ирсэн, зүрх дэмжих эмчилгээ хийлгээд зүрх нь хөдлөөд ажиллаад байх шиг байсан. Ямар ч ухаан мэдрэлгүй байсан. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-24 хуудас),

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар баримт гэх зүйл байхгүй. Баримт цуглуулахтай манатай байлаа. Сэтгэл санааны хохирлоо барагдуулмаар байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33-34 хуудас),

 

Иргэний нэхэмжлэгч **********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 26-ны орой 21 цаг 30 минутын үед хүүхэд **********ыг хүүхдийн яаралтай тусламжийн тасагт үзүүлчихээд Арвайхээр сумын 11 дүгээр багаас бага охин **********ийг аваад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багт байрлах гэр рүүгээ явж байх зам буюу хүнс барааны захын баруун талын уулзвар дээр зүүн гар тал руугаа эргэж байхад гэнэт машин зүүн талаас “шар” гэх чимээ гарсан. Машины хажуу талаар нэг юм яваад өнгөрсөн. Тэгээд гараад хартал хайс мөргөөд зогсчихсон, явган хүний зам дээр нэг толгой хэсэг нь урагшаа хараад хэвтэж байсан. Тэгээд би дуу гарахад шууд зогсоод буухад мотоциклийн тэндээс нэг залуу гүйж ирээд түргэн дуудаарай гэж хэлэхээр нь түргэн рүү залгахад утас нь яриад 15-16 удаа залгасан. Хажуугаар явж байсан машинд суулгаад эмнэлэг рүү явуулсан. Тэгээд би эмнэлэг рүү залгаж яриад цагдаа руу дуудлага өгсөн. Миний сууж явсан машиныг би өөрөө барьж явсан. Би 10-20 км цагийн хурдтай явж байсан. Эргэх үйлдэл хийж байсан учраас ер нь зөөлөн явж байсан. Би эргэх тал руугаа буюу зүүн гар тал руугаа эргэх дохиогоо өгсөн байсан. Толинд харахад юм харагдаагүй. Би 2 хүүхэдтэйгээ явж байсан. Миний машины зүүн талын карлон, урд буфер, копуд, обуд зурагдсан. Өөр гэмтсэн зүйл байхгүй. Би журмын хашааны мөнгө 240,000 төгрөг, үнэлгээчинд өгсөн 60,000 төгрөг, үнэлгээчнээр гаргуулсан 765,000 төгрөгийг гаргуулан авна. Өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-29 хуудас),

 

Насанд хүрээгүй гэрч **********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Осол болдог орой 21 цаг өнгөрч байхад эмнэлэгт ходоодоо үзүүлчихээд эмээ Т.Дуламсүрэнгийн гэрт очоод гэр рүүгээ явж байсан чинь нэг мотоцикл гэнэт машины хажуу тал руу орж ирээд хажуу талын хайс руу орчихсон. Тэгтэл ээж машинаа зогсоосон. Гэр рүү явахад тэр уулзвараар дандаа эргэдэг. Миний сууж явсан машин удаан явж байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-36 хуудас),

 

Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Өвөрхангай аймгийн төрийн нэгдсэн цэгийн үйлчилгээний хяналтын камераас Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Хүнс барааны захын баруун талын авто замын уулзварын хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авсан CD-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 42-44 хуудас), 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг (хх-ийн 112 хуудас), 

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №47 дугаартай цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 46-51 хуудас),

 

Өвөрхангай аймгийн Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №280 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 59-60 хуудас),

 

Өвөрхангай аймгийн Политехник коллежийн Автомеханикийн багш, мэргэшсэн инженер Ц.Болдбаатарын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №24 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 80, 84 хуудас),

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5/25 дугаартай “...Hyundai Sonata-NF маркийн ********** улсын дугаартай автомашины эвдрэлийн хэмжээг үнэлбэл 765,000 төгрөг.” гэсэн тайлан (хх-ийн 88-91 хуудас),

 

 Тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********ад шүүх хуралдааны тов мэдэгдсэн мэдэгдэх хуудас,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********ын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлт,

 

Иргэний нэхэмжлэгч **********ийн 2024 оны 08 дугаар сарын 06, 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлт,

 

        Шүүгдэгч **********ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 281 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 06/49 дугаартай тодорхойлолт, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, төрийн үйлчилгээний нэгдсэн системийн нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 622879 дугаартай шийдвэр, амбулаторийн картын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 113, 116-123 хуудас) зэрэг болно.

 

1.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч **********ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

       Шүүгдэгч ********** нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүнс барааны захын баруун талын авто замын уулзварт улсын дугааргүй “Арвайн хурд” загварын мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 10.8 А-д “уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, тус замаар зүүн гар тал руу эргэх хөдөлгөөн хийж байсан ********** улсын дугаартай “Sonatа-6” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас түүний жолоодож явсан мотоциклийн ард сууж явсан зорчигч **********ийн амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна.

 

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж, 

 

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол” гэж,

 

       Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1, 4.2-т “Монгол улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно. Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална.” гэж хуульчилсан.

      

       Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм нь Монгол Улсын Засгийн газраас  хуульд нийцүүлэн баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд энэ дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохирсон бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон.

 

Шүүгдэгч ********** нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********ын “...Энэ жил ах минь Өвөрхангай аймгийн төвд ирээд манай ах **********гийн гэрт амьдраад хамаатны хүний барилгын ажил дээр ажиллаж байсан. Би 2024 оны 03 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг өнгөрч байхад ангийнх нь хүүхэд ********** манайд ирээд ах чинь осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг рүү очиход эмч нь энэ хүний зүрх нь зогсонги байдалтай ирсэн, зүрх дэмжих эмчилгээ хийлгээд зүрх нь хөдлөөд ажиллаад байх шиг байсан. Ямар ч ухаан мэдрэлгүй байсан. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-24 хуудас),

 

Иргэний нэхэмжлэгч **********ийн “...2023 оны 03 дугаар сарын 26-ны орой 21 цаг 30 минутын үед хүүхэд **********ыг хүүхдийн яаралтай тусламжийн тасагт үзүүлчихээд Арвайхээр сумын 11 дүгээр багаас бага охин **********ийг аваад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багт байрлах гэр рүүгээ явж байх зам буюу хүнс барааны захын баруун талын уулзвар дээр зүүн гар тал руугаа эргэж байхад гэнэт машин зүүн талаас “шар” гэх чимээ гарсан. Машины хажуу талаар нэг юм яваад өнгөрсөн. Тэгээд гараад хартал хайс мөргөөд зогсчихсон явган хүний зам дээр нэг толгой хэсэг нь урагшаа хараад хэвтэж байсан. Тэгээд би дуу гаргахад шууд зогсоод буухад мотоциклийн тэндээс нэг залуу гүйж ирээд түргэн дуудаарай гэж хэлэхээр нь түргэн рүү залгахад утас нь яриад 15-16 удаа залгасан. Хажуугаар явж байсан машинд суулгаад эмнэлэг рүү явуулсан. Тэгээд би эмнэлэг рүү залгаж яриад цагдаа руу дуудлага өгсөн. Миний сууж явсан машиныг би өөрөө барьж явсан. Би 10-20 км цагийн хурдтай явж байсан. Эргэх үйлдэл хийж байсан учраас ер нь зөөлөн явж байсан. Би эргэх тал руугаа буюу зүүн гар тал руугаа эргэх дохиогоо өгсөн байсан. Толинд харахад юм харагдаагүй. Би 2 хүүхэдтэйгээ явж байсан. Миний машины зүүн талын карлон, урд гуппер, копуд, обуд зурагдсан. Өөр гэмтсэн зүйл байхгүй. Би журмын хашааны мөнгө 240000 төгрөг, үнэлгээчинд өгсөн 60000 төгрөг, үнэлгээчнээр гаргуулсан 765000 төгрөгийг гаргуулан авна. Өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-29 хуудас),

 

Насанд хүрээгүй гэрч **********ын “...Осол болдог орой 21 цаг өнгөрч байхад эмнэлэгт ходоодоо үзүүлчихээд эмээ Т.Дуламсүрэнгийн гэрт очоод гэр рүүгээ явж байсан чинь нэг мотоцикл гэнэт машины хажуу тал руу орж ирээд хажуу талын хайс руу орчихсон. Тэгтэл ээж машинаа зогсоосон. Гэр рүү явахад тэр уулзвараар дандаа эргэдэг. Миний сууж явсан машин удаан явж байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-36 хуудас),

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №47 дугаартай цогцост үзлэг хийсэн “...1. Талийгаач **********ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Гавал ясны суурь, орой хэсгийн хамарсан аалзавч хэлбэрийн хугарал, цээжний 3-р нугалмын их биеийн нугас бүрэн тасарсан хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа /100-150гр/, их тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн тал бөмбөлгийн дух, чамархайн суурь, бага тархины зүүн бөмбөлгийн тархины эдийн няцрал, ховдлын цус харвалт, баруун ухархай, хамар, баруун зүүн хацар, дээд, доод эрүүний ясны зөрүүтэй хугарал, хуйхны дотор гадаргуу, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалганд цус хуралт, зүүн хөмсөгт шарх, дух хацар, баруун нүдний зовхи, бугуй, сарвуу, шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, гавал ясны суурь, орой хэсгийн хамарсан аалзавч хэлбэрийн хугарал, цээжний 3-р нугалмын их биеийн нугас бүрэн тасарсан хугарал, хатуу хальсан дээрх цусан хуруу /100-150гр/, их тархины аалзан хальс нь доорх цус харвалт, зүүн тал бөмбөлгийн дух, чамархайн суурь, бага тархины зүүн бөмбөлгийн тархины эдийн няцрал, ховдлын цус харвалт, баруун ухархай, хамар, баруун зүүн хацар, дээд доод эрүүний ясны зөрүүтэй хугарал, хуйхны дотор гадаргуу, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт шарх дух хацар, баруун нүдний  доод зовхи, бугуй, сарвуу, шилбэнд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу 3.1.2, 3.1.3, 3.1.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун бугалганд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар  гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

 

2. Нас барсан хугацааг цогцосны гадна үзлэг хийсэн анхны хугацаагаар тогтооно.

 

3. Талийгаач ********** нь тархи, цээжний хавсарсан битүү хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

 

4. Талийгаачийн ходоодны шингэнд 2,3 промилли спиртийн зүйл илэрсэн талийгаачийн согтолтын зэргийг тогтоох боломжгүй.

 

5. Задлан шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал тогтоогдсонгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 46-51 хуудас),

 

Өвөрхангай аймгийн Политехник коллежийн Авто механикийн багш, мэргэшсэн инженер, техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №24 дугаартай “...1. Уг үйлдэл нь зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч, гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ.” гэж заасан байна.

 

2. ********** улсын дугаартай “Sonata-6” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна. “Арвайн хурд” нэртэй хөх өнгийн, улсын дугааргүй мотоциклийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна.

 

  1.МУ-ын ЗХД-ийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”

 

  2.МУ-ын ЗХД-ийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”

 

  3.МУ-ын ЗХД-ийн 10.8А-д “Уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ.”

 

3. Тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй.

 

4. “Арвайн хурд” нэртэй хөх өнгийн улсын дугааргүй мотоциклийн жолооч нь МУ-ын ЗХД-ийн 10.8-ийн А-д “Уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна.” гэсэн техникийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 84 хуудас),

 

Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Захын баруун талын уулзварын камерын бичлэгт үзлэг хийсэн “...03/26/2024 22.02.36 гэсэн цагаар нэг тээврийн хэрэгсэл камер байрлах зүг рүү өнгөрөв. Уг машин өнгөрөхөд тус камер байрлаж буй хэсэг рүү тод гэрэл, уг гэрлийн баруун хойд талд нь нэг гэрэл харагдах бөгөөд урд явсан тээврийн хэрэгсэл уулзвар руу зүүн гар тийш эргэхэд ард нь явсан тээврийн хэрэгсэл давхар эргэж урд явсан тээврийн хэрэгслийг мөргөж уг уулзварын хойд тал руу шидэгдэхэд мотоцикл болон нэг хүн замын хойд тал руу гарч камерт харагдахгүй болов. Нэг хүн нь замын явган хүний зам дээр хэвтсэн байх бөгөөд босож ирээгүй, камерын хойноос нэг хүн гарч ирээд хэвтэж байгаа хүн дээр ирэхэд машинаас нэг хүн гарч ирэв. Осол гарахад машины дохио асаж байгаа бололтой зүүн талын гэрэл нь анивчиж байгаа нь харагдаж байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 42-44 хуудас),

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг (хх-ийн 112 хуудас), 

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5/25 дугаартай “...Hyundai Sonata-NF маркийн ********** улсын дугаартай автомашины эвдрэлийн хэмжээг үнэлбэл 765,000 төгрөг.” гэсэн тайлан (хх-ийн 90-91 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

      Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

       Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

      Шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдэгдэх үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох “А” ангиллын эрхгүй байсан болох нь жолоочийн лавлагааны хуудас, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлагч А.Ганзоригийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...**********ын согтуурлыг согтуурал хэмжигч Алкотест AL7510 багажаар шалгахад 0.00 хувьтай” гэсэн тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.

 

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тухайн этгээд хийсэн эсэх, үүссэн хор уршиг нь үүнтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэгт ач холбогдолтой.

       Шүүгдэгч ********** нь  улсын дугааргүй “Арвайн хурд” загварын мотоциклийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасан үйлдэл нь **********ийн амь нас хохирсонтой шууд шалтгаант холбоотой байна.

       Шүүгдэгч ********** нь дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч **********ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Улсын яллагч Б.Мандалмаагийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан “...Шүүгдэгч **********ыг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнс, барааны захын баруун талын авто замын уулзварт улсын дугааргүй “Арвайн хурд” загварын мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 10.8 А-д “уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тухайн замаар зүүн гар тал руу эргэх хөдөлгөөн үйлдэж байсан ********** улсын дугаартай “Sonatа-6” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас түүний жолоодож явсан мотоциклийн ард сундалж явсан зорчигч **********ийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ууганжаргалын шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан “...********** нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 10.8 А-д “уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч мотоциклийн ард зорчиж явсан **********ийн амь нас хохирсон нь шууд шалтгаант холбоо үүсэж хохирогчийн амь нас эрсэдсэн байна. ********** нь дээрх Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хүний амь нас эрсэдсэн үйл явдалд ихээр харамсан гашуудаж, прокуророос сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлан ойлгосон.” гэсэн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

 

       3. Гэмт хэргийн улмаас хохирол, хор уршгийн талаар:

 

 Улсын яллагч Б.Мандалмаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар “...Энэ гэмт хэргийн улмаас хохирогч **********ийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохиролтой холбоотой ямар нэгэн баримт гаргаж хавсаргуулаагүй бөгөөд сэтгэл санааны хохирлыг барагдуулмаар байна гэж мэдүүлсэн учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар гэм хороо арилгуулах эрхийг нь нээлттэй үлдээх саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ууганжаргал гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар “...Хохирлын тухайд хохирогчийн ар гэр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдал болон болгоомжгүй гэмт хэрэг гарсан нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэргийн улмаас гарсан хохирын баримт гаргаж өгөөгүй, гэмт хэргийн улмаас нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 300,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөөс гадна сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн учраас үүнийг шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** шүүхэд  “...Намжилдорж овогтой Эрдэнэбат миний бие **********ад холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Гэм буруутай этгээдээс ямар нэгэн мөнгө болон эд зүйл аваагүй болно. Цаашид мөнгө болон ямар нэгэн эд зүйл авах хүсэлгүй байна. Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч ********** 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Би журмын хашааны 240,000 төгрөг, үнэлгээчинд өгсөн 60,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Үнэлгээчнээр гаргуулсан машинд учруулсан хохирол 765,000 төгрөгийг авах хүсэлгүй байна.” гэсэн,

 

Мөн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “Миний бие ********** шүүгдэгч **********аас гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Нэхэмжилсэн 300,000 төгрөгийг авсан болно.” гэсэн хүсэлтүүдийг тус тус ирүүлсэн байх тул шүүгдэгч **********ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

      4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ********** нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрдөг. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдуулж нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн. Мөн иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,065,000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхийн шатанд 300,000 төгрөг хүлээж авсан, өөр хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгч нь амьжиргааны түвшин доогуур, ээжийн хамт амьдардаг, ээжийнх нь биеийн байдал муу, ээжийгээ асардаг, шүүгдэгч нь машин угаалгын газарт ажилладаг боловч цалин хөлс муу олдог учраас хохирол төлбөртэй холбоотой төлбөр мөнгө өгөх боломжгүй гэж үзсэн. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ууганжаргал шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...********** нь хувийн байдлын тухайд төлөв даруу, огт архи, дарс хэрэглэдэггүй, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 66 настай хараагүй ээжийгээ асран хамгаалж амьдардаг. ...********** нь амьдралын төлөө зүтгэж яваа залуу хүн. Гэвч харамсалтайгаар болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон. Үүнийг нь хохирогчийн ар гэр, хууль ёсны төлөөлөгч нар ойлгож шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн иргэний нэхэмжлэгч нь 300,000 төгрөгийг авч өөр нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хамарсан гэмшиж байгаа байдал, хохирогчийн ар гэр, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нараас гомдол саналгүй, хохирол төлбөргүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн, мөн өндөр настай хараагүй хөгжлийн бэрхшээлтэй ээжийгээ харж асран хамгаалж амьдардаг, мөн болгоомжгүй гэмт хэрэгт анх удаагаа холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх ялын саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

       Шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.           

       Шүүгдэгч ********** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар,

       Шүүгдэгч ********** нь ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, ээж Ц.Мягмарсүрэн нь баруун нүдний хараа муу, зүүн нүд харахгүй буюу зүүн нүдний алимгүйдэл (хиймэл нүд) оношоор хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас шүүгдэгч **********ын асаргаанд байдаг, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх болох нь Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 06/49 дугаартай тодорхойлолт, төрийн үйлчилгээний нэгдсэн системийн нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 622879 дугаартай шийдвэр, амбулаторийн картын хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч **********ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа болон дээрх хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялыг оногдуулах шаардлагагүй гэж үзлээ.

 

       Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овгийн ********** **********ад тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж,

 

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч **********ад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********ад тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч **********ыг тэнссэн хугацаанд, тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолж,

Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овгийн ********** **********ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овгийн ********** **********ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч **********ыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********ад тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч **********ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ял, тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

7. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч **********т 300,000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, иргэний нэхэмжлэгч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Д.ЦЭЦЭГЭЭ