| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/04303/И |
| Дугаар | 102/ШШ2022/00272 |
| Огноо | 2022-01-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2022/00272
2022 оны 01 сарын 13 өдөр Дугаар 102/ШШ2022/00272 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...-р хороо, .-..р хороолол, ..тоот өөрийн байр, “Т.” сууц өмчлөгчдийн холбоо,
Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, ... байр, ... тоотод оршин суух, “Г...” ХХК-д нягтлан бодогч ажилтай, регистр ., А... овогтой Т....ын Ц...,
Нэхэмжлэлийн шаардлага: Сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний зардал 1 033 400 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У
Хариуцагч Т.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Т...” сууц өмчлөгчдийн холбоо нь Т.Ц...д холбогдуулан засвар үйлчилгээний зардал 1 033 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.”Тэнгэр” сууц өмчлөгчдийн холбоо нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын орон сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгө, үйл ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу явуулдаг. 87/3 дугаар байрны 73 тоотод оршин суугч Т.Ц... нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ олон жил биелүүлэхгүй өнөөдрийг хүрч шүүхэд хандсан. Хариуцагч нь бусад оршин суугчдын эрх ашгийг хохироож бусдын мөнгөөр засвар үйлчилгээний мөнгийг төлүүлэх үйлдэл гаргаж байна. Улмаар Иргэний хуулийн 147.1, 148.2, 149.1.2 дахь хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасныг зөрчиж 2016 оны 12 дугаар сарын төлбөр 15 400 төгрөг , 2017 оны 1-12 дугаар сарын төлбөр нийт 195 800 төгрөг, 2018 оны 1-12 дугаар сарын төлбөр 196 800 төгрөг, 2019 оны 1-12 дугаар сарын төлбөр 207 800 төгрөг, 2020 оны төлбөр 208 800, 2021 оны 1-12 сарыг дуусталх 197 970 төгрөг нийт 1 033 400 төгрөгийг төлөөгүй байгаа тул хариуцагч Т.Ц...аас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие 87/3 дугаар байрны 73 тоот орон сууцанд амьдардаг, манайх энэ байрны 12 давхарт буюу хамгийн дээд давхарт байдаг. 2017 оны анхны бороо ороход дээврийн ус зайлуулах хоолой бөглөрснөөр борооны ус гоожиж 5 000 000 төгрөгний хохирол учирсан. Ингээд өөрийн зардлаар засвар хийж хохирлоо арилгасан. “Тэнгэр” сууц өмчлөгчдийн холбоо дээврийн засвар хийж 500 000 төгрөгөөс чөлөөлсний дараа дахин дээврээс ус гоожиж засвар хийсэн. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1.”Орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, дээвэр, дээврийн хонгил...”орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамааруулдаг. Иймд ус зайлуулах хоолойг шалгаж засвар үйлчилгээ үзүүлэх ёстой. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6.”Орон сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой бусдад учруулсан гэм хорыг холбооны дүрэм, сууц өмчлөгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 147.2, 147.3-т заасан журмын дагуу арилгана” гэж заасан. Хуульд заасан энэ үүргийнхээ хүрээнд сар болгоны төлбөрөөс хохирол хасагдаж байгаа гэж ойлгосон. Ковидын үед манай нөхөр энэ талаар харилцан ойлголцож төлбөрийн талаар тохиролцох, төлбөрөөс 500 000 төгрөгийг төлөөд эвлэрэх саналтай байсан гэв.
3.Нэхэмжлэгчээс Төрийн банкны 2016 оны 12 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын төлбөрийн нэхэмжлэх /хх 12-17/, 2016, 2019 оны төлбөр төлөхийг мэдэгдсэн хуудас /хх 34-38/, Ханын материал ХК-ний 365 тоот кассын зарлагын баримт /хх 39/, Г.Галбадрахын Т... СӨХ-д гаргасан 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн өргөдөл /хх 40/, Төрийн банкны 2012-2015 оны төлбөрийн баримт /хх 42-50/, Т... СӨХ,Ж.Батдаръяа нарын хооронд байгуулсан 2016 оны 5-р сарын 20-ны өдрийн дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээ, фото зураг /хх 51-54/, Т... СӨХ,Ж.Батдаръяа нарын хооронд байгуулсан 2017 оны 6-р сарын 10-ны өдрийн дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээ, фото зураг /хх 55-58/, Т... СӨХ-ний 2019, 2020 оны ажлын тайлан /хх 59-60/, Т... СӨХ-ны 87/3 дугаар байрны орцны 2015 оны засварын ажлын төсөв /хх 61-67/, 87/3-р байрны орцны иж бүрэн засварын ажил гүйцэтгэх 2015 оны 8-р сарын 12-ны өдрийн 17/15 тоот гэрээ /хх 68-70/, засварын ажлын үнэлгээ /хх 71-73/ зэрэг баримтуудыг гаргасан, хариуцагч баримт гаргаагүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Т..” сууц өмчлөгчдийн холбоо нь Т.Ц...д холбогдох засвар үйлчилгээний зардал 1 033 400 төгрөг гаргуулахыг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 614 570 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсэг болох 418 830 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
”Т..” сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 147.1, 148.2, 149.1.2 дахь хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр 87/3 дугаар байрны 73 тоот сууц өмчлөгч Т.Ц...аас дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардал 2016 оны 12 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны нийт 1 033 400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр татгалзжээ. Үүнд:
-Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны байшингийн дээвэр, дээврийн хонгил нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах ба 73 тоот нь 12 давхарт байрладаг. Сууц өмчлөгчдийн холбоо нь ус зайлуулах хоолойн засвар үйлчилгээг хийх ёстой. 2017 онд дээврийн ус зайлуулах хоолой бөглөрснөөр ус гоожиж 5 000 000 төгрөгний хохирол учирсан тул өөрийн зардлаар засварласан.
-Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6 дахь хэсэг зааснаар сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой бусдад учруулсан гэм хорыг холбооны дүрэм, сууц өмчлөгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 147.2, 147.3-т заасан журмын дагуу арилгах бөгөөд сар болгоны төлбөрөөс хохирол хасагдаж байгаа гэж ойлгосон.
-Төлбөрөөс 500 000 төгрөгийг төлж эвлэрэх саналтай гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Төрийн банкны 2016 оны 12 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын төлбөрийн нэхэмжлэх /хх 12-17/, 2016, 2019 оны төлбөр төлөхийг мэдэгдсэн хуудас /хх 34-38/, Ханын материал ХК-ний 365 тоот кассын зарлагын баримт /хх 39/, Г.Галбадрахын Т... СӨХ-д гаргасан 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн өргөдөл /хх 40/, Төрийн банкны 2012-2015 оны төлбөрийн баримт /хх 42-50/, Тэнгэр СӨХ, Ж.Батдаръяа нарын хооронд байгуулсан 2016 оны 5-р сарын 20-ны өдрийн дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээ, фото зураг /хх 51-54/, Тэнгэр СӨХ, Ж.Батдаръяа нарын хооронд байгуулсан 2017 оны 6-р сарын 10-ны өдрийн дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээ, фото зураг /хх 55-58/, Т... СӨХ-ны 2019, 2020 оны ажлын тайлан /хх 59-60/, Т... СӨХ-ны 87/3 дугаар байрны орцны 2015 оны засварын ажлын төсөв /хх 61-67/, 87/3-р байрны орцны иж бүрэн засварын ажил гүйцэтгэх 2015 оны 8-р сарын 12-ны өдрийн 17/15 тоот гэрээ /хх 68-70/, засварын ажлын үнэлгээ /хх 71-73/ зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Сууц өмчлөгч Т.Ц... нь Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд сууц өмчлөгч нь 2016 оны 12-р сараас 2022 оны 1-р сар хүртэлх хугацааны засвар үйлчилгээний зардал 1 033 400 төгрөгийг төлөөгүй нь зохигчийн тайлбар, Төрийн банкны 2016 оны 12 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын төлбөрийн нэхэмжлэх /хх 12-17/ 2016, 2019 оны төлбөр төлөхийг мэдэгдсэн хуудас /хх 34-38/ зэрэг баримтаар тогтоогдсон байна.
5. Т... сууц өмчлөгчдийн холбоо нь Ж.Батдаръяатай 2017 оны 6-р сарын 10-ны өдөр “Дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж 87/3 дугаар байрны дээврийн засварын ажлыг гүйцэтгүүлсэн /хх 55-56/ байна. Хариуцагч нь 2017 онд дээврийн ус зайлуулах хоолой бөглөрснөөр ус гоожиж 5 000 000 төгрөгний хохирол учирсан, хохирлыг өөрийн зардлаар арилгасан гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй байна.
Нөгөө талаас, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6 дахь заалтаар сууц өмчлөгчдийн холбоо нь засвар үйлчилгээ хийх зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлох агуулгатай байна. Харин Т... сууц өмчлөгчдийн холбоо нь засвар үйлчилгээний зардлыг өөрөө гаргасан боловч сууц өмчлөгч Т.Ц...ийн оролцох хэмжээг хуульд зааснаар тодорхойлж шаардаагүй, “сар болгоны төлбөрөөс хохирол хасагдаж байгаа” гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Хариуцагчийн “Төлбөрөөс 500 000 төгрөгийг төлж эвлэрэх санал”-ыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй болно.
6. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.3 дахь хэсэгт заасан “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” байх хугацааг хэтрүүлсэн байх ба 2016 оны 12-р сараас 2019 оны 1-р сар хүртэлх хугацааны 418 830 төгрөгийн шаардлага нь энэ хугацаанд хамрагдахаар байна. Иргэний хуулийн 79-р зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй байна.
7. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 147-р зүйлийн 147 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгчөөс 2019 оны 01-р сараас 2022 оны 1-р сар хүртэлх хугацааны төлбөл зохих засвар үйлчилгээний зардал 614 570 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэлээ.
8. Хэрэгт авагдсан Ханын материал ХК-ний 365 тоот 2009 оны 5-р сарын 15-ны өдрийн кассын зарлагын баримт /хх 39/ нотлох баримтын шаардлага хангаагүйгээс гадна талуудын маргаж байгаа 2016 оноос төлбөр төлөөгүй гэх хугацаанд хамаарахгүй, Г.Галбадрахын Т... СӨХ-д гаргасан 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн өргөдөл /хх 40/, Төрийн банкны 2012-2015 оны төлбөрийн баримт /хх 42-50/, Т... СӨХ, Ж.Батдаръяа нарын хооронд байгуулсан 2016 оны 5-р сарын 20-ны өдрийн дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээ, фото зураг /хх 51-54/, Тэнгэр СӨХ-ны 87/3 дугаар байрны орцны 2015 оны засварын ажлын төсөв /хх 61-67/, 87/3-р байрны орцны иж бүрэн засварын ажил гүйцэтгэх 2015 оны 8-р сарын 12-ны өдрийн 17/15 тоот гэрээ /хх 68-70/, засварын ажлын үнэлгээ /хх 71-73/ зэрэг баримтууд нь 2016 оноос хойшх хугацаанд хамаарахгүй, Т... СӨХ-ны 2019, 2020 оны ажлын тайлан /хх 59-60/ нь нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзалтай холбоогүй байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 29 352 төгрөг төлснийг улсын орлогот хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр буюу 19 087 төгрөгийг хариуцагч Т.Ц...аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т...ын Ц...аас 614 570 /зургаан зуун арван дөрвөн мянга таван зуун дал/ төгрөг гаргуулж “Т...” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 418 830 /дөрвөн зуун арван найман мянга найман зуун гуч/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 352 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц...аас 19 087 төгрөг гаргуулж Т... сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА