Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Мандалмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч ********** , түүний өмгөөлөгч Х.Чинбат /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овгийн **********н **********т холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

  

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

                                        

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ний өдөр, Архангай аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******** мэргэжилтэй, Эрдэнэс Таван Толгой ХХК-д уурхайн ******* ажилтай, ам бүл-****, Улаанбаатар хот ********** дүүргийн **** дугаар хороо *********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ********** овогт **********н ********** регистрийн дугаар: /РД:***************/

              Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч **********  нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн ********** сумаас Өвөрхангай аймгийн ********** сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэр хүртэл ******* улсын дугаартай хот хооронд явдаг нийтийн тээврийн хэрэгсэлд янгир ямааны 1 ширхэг толгой тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч **********  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Би 2009 онд Монгол Улсын Их сургуулийг төссөнөөс хойш одоогийн байдлаар 14 жил тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд геологи, уул уурхай, хүн үйлдвэрлэлийн яамнаас улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлдэг төсвийн ажлууд дээр дандаа геологич, ахлах инженерээр ажиллаж байсан. Өмнөх онуудад гэхэд Хөвсгөл аймагт 3 жил ажиллаж байсан. Сая 2023 оны 06 дугаар сараас эхлээд *********  төсөл дээр ирж ажилласан. Би *********н  оройд зураглалын маршрут хийж явахдаа энэ эврийг олсон. Манай ахынх шинэ байшин барьж байсан учраас сувинер хийж өгөх гэж байсан. Сувинер хийхээр их гоё болдог гэж хүмүүс яриад байсан. Тэгэхээр нь би авсан. Энэ янгирын эвэр тэр оройд их элбэг байдаг. Үнэнийг хэлэхэд ховор амьтны жагсаалтад байдаг гэдгийг мэднэ. Би өгрөөд байгаль дээр байж байсан болохоор л авсан юм. Бид нар 50,000 масштабтай судалгаа хийдэг учраас хоорондоо 500 метрийн зайтай нэг шугамын дагуу явдаг. Тийм болохоор би ганцаараа явж байсан Гэмшиж байна. Тээвэрлээд явсан нь үнэн. Цус огт байгаагүй. Яг үнэнийг хэлэхэд 1, 2 жил болсон байсан байх. Шанааны үс нь дэрвийгээд хатчихсан байсан гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би **********  гэх хүнийг танихгүй харж байгаагүй. Баянхонгор аймгийн ********** суманд “*********** ” хайрхан гэх нэртэй газар байдаг. ********** сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байдаг манай сумын тусгай агнуурын бүс нутаг байгаа юм. Манай ********** сумын 1 дүгээр баг ***********  хайрхан гэх газарт ховор амьтны жагсаалтад янгир ямаа гэх амьтан байдаг. Тус ***********  гэх газарт янгир нь өвөл, зунгүй байнга нутагладаг газар байгаа юм. Манай сумын тусгай зориулалтын ан агнуурын бүс нутаг байгаа гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

 

            Гэрч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би **********  гэх хүнийг танина ***********  Уулын төсвөөр хэрэгжүүлж байгаа төсөлд хамт ажиллаж байгаа. 2023 оны 07 дугаар сарын дундуур **********  ууланд ажиллаж байхдаа янгирын эвэр олсон гээд кемп дээр машиндаа хийгээд авчирсан байсан. Тэгээд тэрийгээ кемп дээр авч үлдсэн Би өөрөө нүдээрээ харсан. *********  гэх уулын баруун талын амны судагнаас олсон гээд сугандаа хавчуулчихсан явж байхыг би харсан. Тэгээд кемп рүү авч явсан. Намайг ажлаа хийж явахад янгир, ирвэс гэх мэт ховор амьтад таарч байсан. Ер нь бол ууланд эвэр уначихсан байдаг. Би нээх тоож авдаггүй юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

 

            Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би **********  гэх хүнийг танина. Бид “*********** ” ХХК-д 2020 оноос хойш одоог хүртэл цуг ажиллаж байна. Би энэ асуудлыг мэдэж байна. Учир нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бид нар өглөө ажилдаа буюу Баянхонгор аймгийн ********** сумын нутаг дэвсгэрт геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлаар геологийн маршрутын ажил хийж явж байгаад ажлын цаг дуусаад ********** хүмүүсээ машинаар нэг нэгээр нь цуглуулаад ирэхдээ фургон тээврийн хэрэгсэлд янгирын эвэр аччихсан байсан. Тэгээд тухайн эвэрнээс маш муухай өмхий үнэр үнэртэж байхаар нь манай нэг ажилчин энэ эврээ хаяач ээ гэж хэлтэл ********** “би маршрутад явж байгаад олсон юм. Уг эврээр сувинер хийх юм” гэж хэлээд уг эврийг кемп дээр авч ирсэн. Тухайн үед манай кемп Баянхонгор аймгийн *********** сумын *********** нэртэй бригадад байрлаж байсан. Тэгээд ********** эврээ гадаа авч ирээд хаячихсан байсан. Тухайн эврийг одоо хаана байгааг мэдэхгүй байна. Эвэр нь бол үрчгэр болчихсон хуучирсан. Толгойн үс нь хумхигдсан, зулай хэсэгтээ үстэй байсан. Ер нь бол хуучин эвэр байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

 

Гэрч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би ********** гэх хүнийг танина бид “*********** ” ХХК-д 2021 оны 06 дугаар сараас хойш одоог хүртэл цуг ажиллаж байна. Би энэ асуудлыг мэдэж байна. Учир нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бид нар өглөө Баянхонгор аймгийн ********** сумын ***********  хайрхан нэртэй газар зураглалын маршрут хийгээд ажилласан. Тэгээд орой 18 цагийн үед ажлаа тараад машин дээрээ суугаад байж байтал ********** ах чи хойшоо хардаа гэж хэлээд хойшоо хартал янгирын эвэр байсан. Тэгэхээр нь би хаанаас олсон юм бэ гэж асуухад хээрээс олсон юм гэж хэлсэн. Тэгээд тухайн эврээ аваад кемп дээр очсон. Тухайн эврээ кемпийн гадаа ил тавьчихсан байсан. Тухайн эврээ 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ********** ах гадаа байлгаж байсан. Тэгтэл замд буюу Өвөрхангайн пост дээр цагдаа нарт хураалгасан. Тухайн эврийг одоо хаана байгааг мэдэхгүй байна. Эвэр нь бол үрчгэр болчихсон хуучирсан байсан. Тухайн эвэр нь хуйхтайгаа байсан. Нэлээн өмхий үнэртэй хуучирсан эвэр байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

 

Гэрч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би ********** гэх хүнийг танина Бид “*********** ” ХХК-д 3 сарын хугацаагаар геологичоор хамт ажиллаж байсан. Тэнд байрлах байхдаа ********тай  нэг гэрт байрлаж байсан. 2023 оны 09 дүгээр сарын эхээр байх ********** бид хамт ажиллаж байсан. Тэгтэл тэр өдөр ********** уулнаас бууж ирэхдээ янгирын эвэр барьчихсан орж ирсэн. Тухайн эврийг жалганаас оллоо гээд хэлж байсан. Тэгээд кемп дээр авчраад ажил дээр тавьчихсан байсан. Ахдаа шинэ байранд ороход нь чихмэл болгоод өгнө дөө гэж ярьж байсан юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

 

   Гэрч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би тэр хүнийг танихгүй. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Би хот руу хүн ачаад явах гэж байтал драгон дээр 5 хүн ирж суугаад явсан. Тэгтэл Өвөрхангай аймгийн замын цагдаагийн пост дээр цагдаа зогсоож шалгаад машины орой дээр ачсан байсан шуудайтай зүйлийг буулгаад ир гэхээр нь би буулгаж өгсөн. Задалж үзээд хэний ачаа вэ гэж асуусан. Ачааны эзэн надтай хамт зогсож байсан. Цагдаа янгирын эврийг хурааж аваад үлдсэн. ********** гэгч нь надтай хамт явж байгаад Булган аймгийн Рашаан суманд бууж үлдсэн. ******* дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би янгирын эвэр гэдгийг мэдээгүй. Тухайн хүн энэ миний ачаа байгаа юм гэхээр нь би шуудайтай зүйлийг нь машины ачаан дээр ачиж явсан. Тухайн хүн надад янгирын эвэр авч явж байгаа талаар надад хэлээгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

 

2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 9-10-р хуудас/,

 

          2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 04/12 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээ хийсэн дүгнэлт, /хх-ийн 47-р хуудас/,

 

      Өвөрхангай аймгийн Музейн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай “Хууль бусаар тээвэрлэж яваад хураагдсан янгирын эврийг шинэ музейд үзмэрийн зориулалтаар шилжүүлж өгнө үү” гэсэн албан бичиг,

 

      Шүүгдэгч ********** ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:... Би 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа “***********” нэртэй төсөлд геологичоор ажиллахаар очсон. Миний ажиллахаар очсон газар бол Баянхонгор аймгийн *********** сумын нутагт байх кемп дээр байрлаж байсан. Нийт Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан, Заг, Байдраг, Галуут, Хүрээ марал гэх сумдын нутагт хамарсан 4 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх төслийн ажил дээр геологичоор ажиллаж байсан юм. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын дундуур ***********  Уулын хэсэгт зураглалын маршрут хийж явах хугацаанд жалганаас Янгирын эвэр олсон юм. Тэрийгээ аваад кемп дээрээ авч очоод байлгаж байгаад 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу явах замд Өвөрхангай аймгийн цагдаагийн пост дээр баригдсан. Баянхонгор аймгийн аль сумын нутаг гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан ***********  уулын урд талын хормой хэсгийн жалганаас олсон юм. Би тухайн Янгирын эврээ ахындаа сувинер хиж өгөх зорилгоор авсан юм. Манай ах шинэ байшин барьж байсан болохоор бэлэг болгож өгөх гэж байсан юм. Намайг ***********  уулын урд хормой хэсгээс жалганаас олох үед яг одоо байгаа хэвээрээ дагз хэсэгтээ үстэй байсан өөр зүйл байгаагүй. Ойр орчим ямар нэгэн эд зүйл байгаагүй. Хоёр хос эвэр л байсан тэрийг л авсан. Би тухайн эврийг олох үед ганцаараа маршрутаас бууж явах үедээ замдаа олсон юм. Би тухайн жолоочийг танихгүй Баянхонгор аймгаас Улаанбаатар хот явах гэж замын унаанд суусан юм. Надад санал, хүсэлт байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 хуудас/,

 

Шүүгдэгч ********** ийн хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р хуудас/,

 

2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн санал /хх-ийн 59-р хуудас/,

 

2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ********** дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 60-61-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    Улсын яллагч Б.Мандалмаа шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч **********  нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн ********** сумаас Өвөрхангай аймгийн ********** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр хүртэл ******* улсын дугаартай хот хооронд явдаг нийтийн тээврийн хэрэгсэлд Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон янгир ямааны 1 ширхэг толгойг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********н  мэдүүлэг, гэрч ***********н мэдүүлэг, гэрч ***********н мэдүүлэг, гэрч ***********н мэдүүлэг, гэрч ***********н мэдүүлэг, яллагдагч ********** ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч **********  нь Баянхонгор аймгийн ********** суманд геологичоор ажиллаж байхдаа үхсэн янгир ямааны толгойг олж эврийг ашиглах зорилгоор авч явсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Түүний үйлдлийн улмаас байгаль орчинд хохирол, хор уршиг учраагүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Шүүгдэгч ********** ийн тээвэрлэж явсан амьтны толгой нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад орсон янгир ямааны толгой болох нь Өвөрхангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 04/12 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байгаа учраас шүүгдэгч ********** ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн гэж тодорхой заасан байдаг. Энэ нь өөрөө шүүгдэгч ********** ийг янгир ямааны эврийг тээвэрлэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Гэрчүүдийн мэдүүлэг ********** ийг тээвэрлэсэн гэж хэлсэн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойгоор тээвэрлэсэн гэж заасан байдаг. Янгир ямааны эвэр, ховор  амьтны жагсаалтад орсон амьтны эвэр, бусад эд зүйлийг авч яваад тээвэрлэж байгаа нь өөрөө гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Үүнийг хуульд тусгайлан зааж өгсөн байгаа. Энэ болгоныг гэмт хэргийн шинжгүй гээд байх юм бол Монгол Улсын хууль юу болох вэ? ********** ийн үйлдлийг хуульд тусгай заагаад өгчихсөн учраас гэмт хэргийн шинжтэй, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг,

 

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Чинбат шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Х.Чинбат миний бие ********** эрүүгийн хэрэгт холбогдсон шүүгдэгч ********** ийн хууль ёсны эрх ашгийг нь хамгаалж өмгөөлөгчөөр ажиллаж байна. Өмгөөлөгч миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 34.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ********** ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай мэтгэлцэж оролцож байна. Хэргийн үйл баримтаар **********  нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн ********** суманд геологийн ажил хийж явж байх үедээ янгир ямааны эвэр олсон гэх үйл баримт байгаа. Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тухайн янгир ямааг агнасан гэх нөхцөл байдал тогтогдоогүй. Гэхдээ яг ямар нөхцөл байдлаар гэдэг нь тодорхойгүй. Гэхдээ унасан эвэр гэх юм уу, эсхүл байгалийн жамаараа үхсэн амьтны эвэр гэх юм уу ийм байдалтайгаар олсон байгаа. Энэ нь юугаар тогтоогдож байна гэхээр хавтаст хэрэгт авагдсан энэ эвэр нь хуучирсан, толгойн үс нь хумхигдсан, зулай хэсэгт нь үстэй байсан. Ер нь хуучин эвэр байсан гэх гэрч ***********н хавтаст хэргийн 33-34 дүгээр талд авагдсан мэдүүлгээр нотлогддог. Мөн гэрч ***********,********** нарын мэдүүлгүүдээр тухайн эвэр нь хуучин эвэр байсан гэдэг нь тогтоогддог. Үүнээс би юу тайлбарлах гээд байна гэхээр шүүгдэгч ********** т холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэдэг гэмт хэрэг. Энэ гэмт хэрэг нь дотроо хэд хэдэн объектив талын шинжүүдийг агуулсан байдаг. Прокурорын яллах дүгнэлтээр тээвэрлэсэн гэдгээр нь түүнийг буруутгаж оруулж ирсэн. Үүнийг би эргэлзээтэй байна гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нь өөрөө улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэдэг урьдчилсан нөхцөлтэй. Эндээс тэдгээрийн гаралтай түүхий эд гэдгийг би юу гэж ойлгож байна гэхээр, мөн дээрээс нь хуулийг агуулга юу гэж байна гэхээр тухайн ховор амьтныг агнасан байх ёстой юм байна. Хэн нэгэн хууль зөрчиж тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар агнаад, агнасны улмаас гарсан тухайн түүхийн эдийг өөр хэн нэгэн этгээд тээвэрлэж болохгүй, өөр нэгэн этгээд хадгалж, худалдаж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байна гэж үзэж байна. Тухайн хавтаст хэрэгт байгаа үйл баримтаар тухайн янгирыг **********  өөрөө агнаагүй байна. Тухайн янгир ямаа нь өөрөө байгалийн жамаараа юм уу бусад нөхцөл байдлын  улмаас үхсэн байна. Түүний улмаас толгой нь маш удаан хугацаанд тийм нөхцөл байдалтайгаар буюу эд зүйл маягтайгаар оршиж байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн дээрээс нь Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг нь өөрөө хамгаалагдаж байгаа объект нь өөрөө байгаль орчин, ан амьтан байдаг. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Амьтны тухай хуулийн зохицуулалтууд хэрэглэгдэнэ. Байгаль орчны тухай хуулийн 3.1-д энэ хуулиар байгалийн дор дурдсан объектыг байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлнэ. 1-д газар, түүний хөрс, 2-т газрын хэвлий, түүний баялаг, 3-т ус, 4-т ургамал, 5-д амьтан,  6-т агаар гэсэн зургаан зүйлийг тусгаж өгсөн. Үүнд нь амьтан гэж зааж өгсөн. Тэгэхээр Байгаль орчныг хамгаалах тухай хууль юуг хамгаалаад байна гэхээр амьд амьтныг хамгаалаад байна. Үүнтэй холбоотой Засгийн газрын тогтоолоор ховор амьтны жагсаалтыг гаргасан. Үүнд янгир ямаа ордог. Гэхдээ ингэж орохдоо хамгаалж байгаа объект нь амьд амьтныг хамгаалах, тэр ховор амьтныг хамгаалах, өсөх үржүүлэх зэргээр хамгаалдаг. Энэ байгалийн жамаар ч бай, бусад жамаар үхсэн байгаа амьтны олон жил байгаль дээрээ оршиж байгаа тодорхой хэмжээний түүхий эд, эврийг Эрүүгийн хууль болон Байгаль орчныг хамгаалах  тухай хуулиар шууд хамгаалахгүй гэж би үзэж байна. Мөн дээрээс нь үүнтэй холбоотой Амьтны тухай хууль яригдана. Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т энэ хуулийн 7.2-т зааснаас бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно гэж заасан байдаг. Үүнээс юу гэж дүгнэх вэ? гэхээр гол урьдчилсан нөхцөл нь агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйл нь хууль бусаар ан агнах гэж заасан. Тэгэхээр гол агуулга нь тухайн амьтныг агнасны улмаас түүхий эдийг нь тээвэрлэсэн байх юм бол энэ нь өөрөө гэмт хэрэг болох юм байна. Харин үхсэн, байгаль дээрээ жам ёсоороо оршиж байгаа тэр амьтны түүхий эдийг тээвэрлэх нь Эрүүгийн хуулиар хамгаалаад байхаа зүйлд хамаарахгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан. Энэ **********н үйлдээд байгаа унасан эврийг авч явж тээвэрлэж байгаа үйлдэл нь өөрөө нийгэмд аюултай юу? гэдэгт маш их эргэлзээ байна гэж үзэж байна. Шүүгдэгч **********  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг дээрээ ярьж байна. Би янгир амьтныг ховор амьтны жагсаалтад байдгийг сонсож байсан. Гэхдээ унасан, байгальд унасан энэ эврийг авсан нь гэмт хэрэг болох талаар тодорхой мэдээгүй гэсэн тайлбарыг хэлж байна. Энэ гэмт хэргийн урьдчилсан нөхцөл дээр мөн субьектив талын шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь тухайн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон ********** ийн мэдүүлгээс харахад энэ хүн өөрөө байгальд жам ёсоороо оршиж байгаа амьтны гаралтай байсан түүхий эдийг авах нь өөрөө гэмт хэрэг гэж бодоогүй байгаа нь энэ гэмт хэргийг үгүйсгэх нэг нөхцөл болно гэж үзэж байна. Тухайн янгирын эврийг авч явсан үйлдлийн прокурорын зүгээс яллах дүгнэлтдээ түүний үйлдлийн улмаас байгаль орчинд хохирол учраагүй байна гэж дүгнэсэн байгаа. Энэ нь өөрөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан нийгэмд аюултай гэх нөхцөл байдлыг хангаагүй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч ********** т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн урьдчилсан нөхцөлийг хангахгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Тийм учраас өмгөөлөгчийн өмнө нь хэлсэн үндэслэлүүд болон сая хэлсэн хуулийн зүйл заалтыг үндэслэн ********** т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна. Мөн дээрээс нь нэмж хэлэхэд хэдийгээр манай улс шүүхийн жишиггүй орон ч гэсэн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангаж ажилладаг эрх зүйн системтэй орон. Тэгэхээр энэ төрлийн олон хэрэг шүүхээр шийдэгддэг юм байна лээ. Үүн дээр өмгөөлөгчийн зүгээс бодож байгаа зүйл нь цустай буюу агнасан амьтны эвэр үү? эсхүл ясан, тодорхой хэмжээнд байгальд оршиж байсан эвэр үү? гэдэг дээр хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг шүүхээс хийж өгнө үү гэж хүсэж байна. Тийм учраас ********** т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

           

            Шүүгдэгч **********  нь “Саналгүй” гэсэн.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад “Яллагдагч ********** ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд хохирол, хор уршиг учруулаагүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлтийг бичгээр,

 

Улсын яллагч Б.Мандалмаа шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ “Шүүгдэгч ********** ийн дээрх үйлдлийн улмаас байгаль орчинд хохирол, хор уршиг учраагүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

Шүүгдэгч ********** ийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Баянхонгор аймгийн ********** сумын засаг даргын тамгын газарт хохирол, хор уршиг учраагүй буюу гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** нь “Гомдол саналгүй. Нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй” гэсэн тул шүүгдэгч ********** ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ********** т холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

            Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч **********  нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн ********** сумаас Өвөрхангай аймгийн ********** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр хүртэл ******* улсын дугаартай хот хооронд явдаг нийтийн тээврийн хэрэгсэлд Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11- ний өдрийн 07 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон янгир ямааны 1 ширхэг толгой тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг тус шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч ********** ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “Би 2009 онд Монгол Улсын Их сургуулийг төссөнөөс хойш одоогийн байдлаар 14 жил тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд геологи, уул уурхай, хүн үйлдвэрлэлийн яамнаас улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлдэг төсвийн ажлууд дээр дандаа геологич, ахлах инженерээр ажиллаж байсан. Өмнөх онуудад гэхэд Хөвсгөл аймагт 3 жил ажиллаж байсан. Сая 2023 оны 06 дугаар сараас эхлээд *********  төсөл дээр ирж ажилласан. Би *********н  оройд зураглалын маршрут хийж явахдаа энэ эврийг олсон. Манай ахынх шинэ байшин барьж байсан учраас сувинер хийж өгөх гэж байсан. Сувинер хийхээр их гоё болдог гэж хүмүүс яриад байсан. Тэгэхээр нь би авсан. Энэ янгирын эвэр тэр оройд их элбэг байдаг. Үнэнийг хэлэхэд ховор амьтны жагсаалтад байдаг гэдгийг мэднэ. Би өгрөөд байгаль дээр байж байсан болохоор л авсан юм. Бид нар 50,000 масштабтай судалгаа хийдэг учраас хоорондоо 500 метрийн зайтай нэг шугамын дагуу явдаг. Тийм болохоор би ганцаараа явж байсан. Гэмшиж байна. Тээвэрлээд явсан нь үнэн. Цус огт байгаагүй. Яг үнэнийг хэлэхэд 1, 2 жил болсон байсан байх. Шанааны үс нь дэрвийгээд хатчихсан байсан” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч ********** ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа “*********** -Уул 50” нэртэй төсөлд геологичоор ажиллахаар очсон. Миний ажиллахаар очсон газар бол Баянхонгор аймгийн *********** сумын нутагт байх кемп дээр байрлаж байсан. Нийт Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан, Заг, Байдраг, Галуут, Хүрээ марал гэх сумдын нутагт хамарсан 4 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх төслийн ажил дээр геологичоор ажиллаж байсан юм. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын дундуур ***********  уулын хэсэгт зураглалын маршрут хийж явах хугацаанд жалганаас Янгирын эвэр олсон юм. Тэрийгээ аваад кемп дээрээ авч очоод байлгаж байгаад 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу явах замд Өвөрхангай аймгийн цагдаагийн пост дээр баригдсан. Баянхонгор аймгийн аль сумын нутаг гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан ***********  уулын урд талын хормой хэсгийн жалганаас олсон юм. Би тухайн янгирын эврээ ахындаа сувинер хиж өгөх зорилгоор авсан юм. Манай ах шинэ байшин барьж байсан болохоор бэлэг болгож өгөх гэж байсан юм. Намайг ***********  уулын урд хормой хэсгээс жалганаас олох үед яг одоо байгаа хэвээрээ дагз хэсэгтээ үстэй байсан. Өөр зүйл байгаагүй. Ойр орчим ямар нэгэн эд зүйл байгаагүй. Хоёр хос эвэр л байсан тэрийг л авсан. Би тухайн эврийг олох үед ганцаараа маршрутаас бууж явах үедээ замдаа олсон юм. Би тухайн жолоочийг танихгүй. Баянхонгор аймгаас Улаанбаатар хот явах гэж замын унаанд суусан” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********н  “Баянхонгор аймгийн ********** суманд “*********** ” хайрхан гэх нэртэй газар байдаг. Манай ********** сумын 1 дүгээр баг ***********  хайрхан гэх газарт ховор амьтны жагсаалтад янгир ямаа гэх амьтан байдаг. Тус ***********  гэх газарт янгир нь өвөл, зунгүй байнга нутагладаг газар байгаа юм. Манай сумын тусгай зориулалтын ан агнуурын бүс нутаг байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, гэрч ***********н “2023 оны 07 дугаар сарын дундуур **********  ууланд ажиллаж байхдаа янгирын эвэр олсон гээд кемп дээр авчирсан байсан. Тэгээд тэрийгээ кемп дээр авч үлдсэн. *********  гэх уулын баруун талын амны судагнаас олсон гээд сугандаа хавчуулчихсан явж байхыг би харсан. Тэгээд кемп рүү авч явсан. Намайг ажлаа хийж явахад янгир, ирвэс гэх мэт ховор амьтад таарч байсан. Ер нь бол ууланд эвэр уначихсан байдаг. Би нээх тоож авдаггүй юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

 

Гэрч ***********н “Бид “*********** ” ХХК-д 2020 оноос хойш одоог хүртэл цуг ажиллаж байна. Учир нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бид нар өглөө ажилдаа буюу Баянхонгор аймгийн ********** сумын нутаг дэвсгэрт геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлаар геологийн маршрутын ажил хийж явж байгаад ажлын цаг дуусаад ********** хүмүүсээ машинаар нэг нэгээр нь цуглуулаад ирэхдээ фургонд янгирын эвэр авч ирсэн байсан. **********  “би маршрутад явж байгаад олсон юм. Уг эврээр сувинер хийх юм” гэж хэлээд уг эврийг кемп дээр авч ирсэн. Тухайн үед манай кемп Баянхонгор аймгийн *********** сумын *********** нэртэй бригадад байрлаж байсан. Тэгээд ********** эврээ гадаа авч ирээд хаячихсан байсан. Тухайн эврийг одоо хаана байгааг мэдэхгүй байна. Эвэр нь бол үрчгэр болчихсон хуучирсан. Толгойн үс нь хумхигдсан, зулай хэсэгтээ үстэй байсан. Ер нь бол хуучин эвэр байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

 

Гэрч ***********н “Би ********** гэх хүнийг танина бид “*********** ” ХХК-д 2021 оны 06 дугаар сараас хойш одоог хүртэл цуг ажиллаж байна. Учир нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бид нар өглөө Баянхонгор аймгийн ********** сумын ***********  хайрхан нэртэй газар зураглалын маршрут хийгээд ажилласан. Тэгээд орой 18 цагийн үед ажлаа тараад машин дээрээ суугаад байж байтал ********** ах чи хойшоо хардаа гэж хэлээд хойшоо хартал янгирын эвэр байсан. Тэгэхээр нь би хаанаас олсон юм бэ гэж асуухад хээрээс олсон юм гэж хэлсэн. Тэгээд тухайн эврээ аваад кемп дээр очсон. Тухайн эврээ кемпийн гадаа ил тавьчихсан байсан. Тухайн эврээ 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ********** ах гадаа байлгаж байсан. Эвэр нь бол үрчгэр болчихсон хуучирсан байсан. Тухайн эвэр нь хуйхтайгаа байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

 

Гэрч ***********н “Бид хоёр “*********** ” ХХК-д 3 сарын хугацаагаар геологичоор хамт ажиллаж байсан. Тэнд байрлаж байхдаа ********тай  нэг гэрт байрлаж байсан. 2023 оны 09 дүгээр сарын эхээр байх ********** бид хамт ажиллаж байсан. Тэгтэл тэр өдөр ********** уулнаас бууж ирэхдээ янгирын эвэр барьчихсан орж ирсэн. Тухайн эврийг жалганаас оллоо гээд хэлж байсан. Тэгээд кемп дээр авчраад ажил дээр тавьчихсан байсан. Ахдаа шинэ байранд ороход нь чихмэл болгоод өгнө дөө гэж ярьж байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

 

Гэрч ***********н “Би хот руу хүн ачаад явах гэж байтал драгон дээр 5 хүн ирж суугаад явсан. Тэгтэл Өвөрхангай аймгийн замын цагдаагийн пост дээр цагдаа зогсоож шалгаад машины орой дээр ачсан байсан шуудайтай зүйлийг буулгаад ир гэхээр нь би буулгаж өгсөн. Задалж үзээд хэний ачаа вэ гэж асуусан. Ачааны эзэн надтай хамт зогсож байсан. Цагдаа янгирын эврийг хурааж аваад үлдсэн. ********** гэгч нь надтай хамт явж байгаад Булган аймгийн Рашаан суманд бууж үлдсэн. ******* дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би янгирын эвэр гэдгийг мэдээгүй. Тухайн хүн энэ миний ачаа байгаа юм гэхээр нь би шуудайтай зүйлийг нь машины ачаан дээр ачиж явсан. Тухайн хүн надад янгирын эвэр авч явж байгаа талаар надад хэлээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

 

2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10-р хуудас/,

 

2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 04/12 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /хх-ийн 47-р хуудас/ зэрэг дээр дурдсан нотлох баримтуудыг шүүх дүгнэхэд шүүгдэгч **********  нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн ********** сумын ***********  Уулын урд талын хормой хэсгийн жалганаас байгальд унасан янгирын эвэртэй толгойг олж авч явсан үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль бусаар ан агнах гэмт хэргийн объектив тал нь “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн” идэвхтэй үйлдлээр илрэх юм.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн диспозицийн “тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн ” гэх агуулга нь мөн зүйлд заасан нөхцөл бий болсон буюу “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн” үйлдэлтэй холбоотойгоор бий болсон амьтны түүхийн эдийг ойлгох бөгөөд энэ нь амьтны аймгийг хамгаалах талаарх хууль, тогтоомжийг зөрчөөгүй тохиолдолд хууль бус үйлдэлд хамаарахгүй.

Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3. “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт /цаашид "тодорхойлолт" гэх/ олгоно”, 37.3. “ Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж хуульчилжээ.

 

 Хууль бусаар ан агнах гэмт хэрэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон амьтныг хамгаалах өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан үйлдэл юм.

 

Хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэвэл, хууль бус ан, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргах нь эдийн засгийн үр дагаврыг агуулдаг бөгөөд  шүүгдэгч ********** ийн үйлдэлд амьтны гаралтай түүхий эдийг ашиг орлого олохоор тээвэрлэсэн, хадгалсан, цуглуулсан, худалдсан, худалдсан авсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

            Түүнчлэн хүний хүчин зүйлээс хамаарахгүй буюу байгалийн гамшигт үзэгдэл тухайлбал ган, зуд, үер, цахилгаан, бусад араатан амьтан, биологийн жамаар үхэж хорогдсон ховор амьтны түүхий эд, эд эрхтнийг олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж үгүйсгэгдэнэ.

Мөн шүүгдэгч **********  нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн ********** сумаас Өвөрхангай аймгийн ********** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр хүртэл ******* улсын дугаартай хот хооронд явдаг нийтийн тээврийн хэрэгсэлд янгир ямааны 1 ширхэг толгойг авч явсан нь ямар нэгэн хувийн ашиг орлого олох зорилго агуулаагүй,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн” үйл баримт тогтоогдоогүй, хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол учруулаагүй байх тул

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овгийн **********н **********т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулж, шүүгдэгчийг цагаатгах тухай саналыг няцаан үгүйсгэх боломжгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Чинбатын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан учраас ********** т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овгийн **********н **********т холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ********** ийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Баянхонгор аймгийн ********** сумын засаг даргын тамгын газарт хохирол, хор уршиг учраагүй буюу уг гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй. Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ “Шүүгдэгч ********** ийн дээрх үйлдлийн улмаас байгаль орчинд хохирол, хор уршиг учраагүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** нь “Гомдол саналгүй. Нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй” гэсэн тул шүүгдэгч ********** ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч **********  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Өвөрхангай аймгийн Музейн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай албан бичигт “Хууль бусаар тээвэрлэж яваад хураагдсан янгирын эврийг шинэ музейд үзмэрийн зориулалтаар шилжүүлж өгнө үү” гэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн янгирын эвэр 1 ширхгийг Өвөрхангай аймгийн Музейд шилжүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ********** т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

 1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овгийн **********н **********т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

 2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овгийн **********н **********т холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

 3.  Шүүгдэгч **********  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

     

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн янгирын эвэр 1 ширхгийг Өвөрхангай аймгийн Музейд шилжүүлсүгэй.

 

 5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ********** т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ             Х.ОТГОНЖАРГАЛ