Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/хт2026/00181

 

“Т” ТБАГУТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, бүрэлдэхүүнд танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн  

2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/00959 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2026/00855 дугаар магадлалтай,

“Т” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй,

“Б” НҮТББ-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Улсын ерөнхий прокурорын газар

*** тоот хаягт байрлах, Ү-*** дугаартай авто сургуулийн барилга, байгууламж, түүний бүрдэл болон дагалдах эд хөрөнгүүдийг төрийн өмч болохыг тогтоолгох, уг эд хөрөнгүүдийг төрд хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э, Б.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, С.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.М, Ж.Э, О.Т, Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ТБАГУТҮГ нь хариуцагч “Б” НҮТББ-д холбогдуулан *** тоот хаягт байрлах, Ү-*** дугаартай авто сургуулийн барилга, байгууламж, түүний бүрдэл болон дагалдах эд хөрөнгүүдийг төрийн өмч болохыг тогтоолгох, уг эд хөрөнгүүдийг төрд хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/00959 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б төв зөвлөл” НҮТББ-д холбогдох *** тоот хаягт байрлах, Ү-*** дугаартай авто сургуулийн барилга, байгууламжийг төрийн өмч болохыг тогтоолгох, уг эд хөрөнгүүдийг төрд хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2026/00855 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/00959 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан 350 суралцагчид хичээллэх корпус /15х60 метрийн палан хэмжээтэй, хонгилын системтэй 3,3 метрийн өндөртэй гурван давхар барилга/, 150 ортой нийтийн байр /39х15 метрийн талбайтай 3,3 метрийн өндөртэй 3 давхар барилга/, Техник үйлчилгээний пункт /тус бүр нь 15 машины зориулалттай хоёр гарааш, шалган нэвтрүүлэх байр/, Төвлөрсөн дулааны пункт /9х9 кв.м талбайтай барилга/, Трансформаторын дэд станц /авто сургуулийн барилга байгууламжуудыг цахилгаанаар хангах зориулалттай, ТМ-250/6-0,4 маркийн хоёр трансформатороор тоноглогдсон 9,35х4,65 кв.м талбайтай барилга/, бетон хавтангаар барьсан 184 ширхэг бетон хашаа бүхий барилга байгууламжуудыг төрийн өмч болохыг тогтоож, эдгээр эд хөрөнгийг нэхэмжлэгч “Т” ТБАГУТҮГ-т хүлээлгэн өгөхийг хариуцагч “Б” НҮТББ-д даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.04.17-ны өдрийн 210/MA2026/00855 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. 1963 оны Иргэний хуулийн өмчийн эрх зүйн зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүх 1963 оны Иргэний хуулийн өмчийн эрх зүйн зохицуулалтыг “социалист өмч бол төрийн өмч” юм гэсэн агуулгаар хэрэглэсэн. 1963 оны Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд “Өмчийн төрлийг социалист өмч, амины өмч гэж ялгана...” гэж заасан нь өмчийн төрлийг тодорхойлж байгаагаас бус өмчлөгчийг тодорхойлоогүй. Мөн хуулийн Өмчийн эрх зүй хэсгийн Хоёрдугаар бүлэгт Улсын өмч, Гуравдугаар бүлэгт Хоршооллын өмч, Дөрөвдүгээр бүлэгт Олон нийтийн бусад байгууллагын өмч гэж ялгаж хуульчилсан бөгөөд 69 дүгээр зүйлд “... олон нийтийн ... байгууллагын үйлдвэрийн газар, барилга, байгууламж ... болон эдгээр байгууллагын үйл ажиллагааны зорилгод нийцэх бусад эд хөрөнгө тэдгээрийн өмч байна” гэж зааснаараа олон нийтийн байгууллага өмчлөгч байх эрх зүйн үндсийг тодорхойлсон. 1963 оны Иргэний хуульд заасан Улсын өмч бол төрийн өмч мөн. Харин олон нийтийн байгууллагын өмч бол төрийн өмч бишээ. Хууль хэрэглээний энэхүү зөрүүгээс болоод шүүхийн шийдвэр буруу гарсан. Анх 1929 онд байгуулагдсан “Монгол Улсыг хамгаалах явдалд туслах эвлэл” нэртэй байгууллага нь одоогийн “Б” НҮТББ юм байна гэдгийг шүүхүүд хүлээн зөвшөөрсөн. Мөн маргаан бүхий хөрөнгийг ЗСБНХУ-ын арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгээс өөрийн хөрөнгөөр барьж байгуулан БНМАУ-ыг Б-т бэлэг болгон өгсөн гэдэг нь маргаангүй юм байна гэдгийг шүүхүүд хүлээн зөвшөөрсөн.

Б энэ хөрөнгөө хүлээн авах үед олон нийтийн байгууллагын статустай байсан. Гэтэл шүүх Бийг улсын байгууллага мэтээр илтэд буруу тодорхойлж, 1963 оны Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн “.. улсын бүх байгууллагын эд хөрөнгө улсын өмчид байна” гэсэн заалтыг хэрэглэн тус байгууллагыг “хөрөнгө өмчлөх” эрх зүйн үндэслэлгүй байсан мэтээр дүгнэсэн.

4.2. Анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий хөрөнгийг Б өмчлөх эрхтэй гэдгийг “төр өөрөө үйлдэл эс үйлдэхүйгээрээ хүлээн зөвшөөрч ирсэн” байдлыг ялгаатай дүгнэж хууль хэрэглээний зөрүү үүсгэсэн.

Анхан шатны шүүх маргаан бүхий хөрөнгийг 1997 онд төрийн өмчийн бүртгэл, тооллогод хамруулаагүй, 2000.03.29-ний өдөр уг хөрөнгийг Бийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрч улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ” олгосон, Төрийн өмчийн хорооноос 2010 болон 2012 онуудад уг хөрөнгийг Бийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрсөн утга агуулга бүхий хүсэл зоригоо илэрхийлсэн албан тоот илгээсэн үйлдлийг “төрийн зүгээс Бийн өмлөх эрхийг хүлээн зөвшөөрч байсан” үйл баримт тогтоогдсон гэж зөв дүгнэсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх энэ хөрөнгийг төрийн өмчийн бүртгэл тооллогод хамруулаагүй нь, Б-т өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь, Төрийн өмчийн хороо төрийн өмчид хамааралгүй гэсэн байр суурь илэрхийлж байсан нь “Б” НҮТББ “өмчлөх эрхээ хууль ёсоор олж авсан гэж үзэх үндэслэл болохгүй” гэсэн илт зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.

4.3. Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг шүүхүүд илтэд зөрүүтэй хэрэглэсэн.

Б энэ хөрөнгийг ЗСБНХУ-ын арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгээс бэлгэнд авсан цаг/1984 он/-аасаа хойш өнөөдрийг хүртэл хугацаанд илээр, шударгаар өмчилж байгаа. Төр энэ хөрөнгийг 1997 онд хийсэн төрийн өмчийн бүртгэл тооллогод хамруулаагүй эс үйлдэхүйгээрээ “Б” НҮТББ-ын өмч гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Төр Б-т 2000.03.29-нд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгож албан ёсоор бүртгэж баталгаажуулсан. Төрийн өмчийн хорооны даргын 2010.09.20-ны өдрийн 12/1757 дугаартай албан тоотод: “...Төрийн өмчийн хорооноос төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой, орон нутгийн өмчийн хөрөнгийг тоолж төрийн өмчийн мэдээллийн санг байгуулахдаа Бийг хамааруулаагүй юм” гэж бичсэн. Төрийн өмчийн хорооны 2012.08.20-ны өдрийн 2/1372 дугаартай албан тоотод “Б нь төрийн бус байгууллагын статустайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төрийн өмчийн оролцоогүй тул төрийн болон орон нутгийн өмчийн тооллогод хамрагдаагүй байна. Тус нийгэмлэгийн эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн маргаантай асуудал байхгүй болно.” гэсэн байдаг.

Эдгээр цаг хугацааны алинаас нь ч тоолсон Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа дууссан. Тиймээс анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаарх хариуцагчийн тайлбарыг “үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүх Засгийн газрын хуралдааны 2020.10.21-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолно хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийж хууль хэрэглээний зөрүү үүсгэсэн. Давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг 2020.10.21-ний өдрөөс тооцсон хууль зүйн үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй. Иймд дээрх үндэслэлээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын нэхэмжлэлтэй, “Б” НҮТББ-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.04.17-ны өдрийн 210/МА2026/00855 дугаартай магадлалыг эс зөвшөөр, хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

5.1. “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлийн тухайд анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааныг шийдвэрлэхдээ БНМАУ-ын 1963 оны Иргэний хуулийг үндэслэл болгон шийдвэрлэсэн юм. Ингэхдээ шүүхүүд тус Иргэний хуулийн 59-70 дугаар зүйлд зохицуулсан өмчийн төрөл, хэлбэр, өмчлөх эрх үүсэх үндэслэл, өмчлөх эрхийн хүрээ хязгаарыг эрс ялгаатай тайлбарласан. ... 1980.03.07-ны өдрийн “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэг/ДОСААФ/-ээс Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Б-т бэлэг болгон авто сургуулийн барилгыг барьж байгуулах тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэр болоод агуулгад бэлэглэгч болоод бэлэг хүлээн авагчийг тусгайлан нэр зааж, авто сургуулийн барилга байгууламжийг үнэ төлбөргүй барьж байгуулан бэлэглэж буй талаар тодорхой дурдсан байдаг. Засгийн газар хоорондын олон улсын хэлэлцээр батлагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1963 оны Иргэний хуулийн 306 дугаар зүйлд Бэлэглэлийн гэрээний харилцааг зохицуулсан байх бөгөөд бэлэглэлийн гэрээгээр нэг этгээд нь эд хөрөнгийг нөгөө этгээдийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх ба нөгөө этгээд нь уг хөрөнгийг хүлээн авна гэж заасан байгаагаас үзвэл тухайн цаг үед бэлэглэлийн журмаар эд хөрөнгө өмчлөлдөө хүлээн авахыг хуулиар зөвшөөрсөн байна.

Иймд бэлэглэлийн гэрээний дагуу тухайн эд хөрөнгийг хариуцагч өөрийн эзэмшил, ашиглалтад хүлээн авснаар бэлэг хүлээн авагч Б/олон нийтийн байгууллага/-т тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн болох нь тодорхой байна. Анхан шатны шүүхээс Засгийн газар хоорондын хэлэлцээрийн зорилго, бэлэг бэлэглэгч болоод бэлэг хүлээн авагчийг хуульд зааснаар зөв тодорхойлж, шийдвэртээ тусгажээ. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд бэлэг хүлээн авагч нь БНМАУ-ыг Б мөн гэж дүгнэсэн атлаа өмчийн төрөл хэлбэрийг тайлбарлахдаа 1963 оны Иргэний хуулийг илтэд үндэслэлгүйгээр тайлбарлан хэрэглэсэн байна. ... Хариуцагч Б нь анх 1929 онд байгуулагдаж, 1975 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Улс төрийн товчооны 1975 оны 18 дугаар тогтоолын дагуу 1976 онд анхдугаар их хурлаа хийж, УБХТН нь хөдөлмөрчдийн сайн дурын биеэ даасан олон нийтийн байгууллага болон өөрчлөгдөн зохион байгуулагдаж, олон нийтийн байгууллагын статустайгаар, дүрэмдээ заасан үйл ажиллагаа явуулах болсон юм.

1963 оны Иргэний хуулийн 60 дугаар зүйлд улсын өмч, хоршооллын өмч, үйлдвэрчний эвлэл, олон нийтийн бусад байгууллагын өмчийг социалист өмчийн төрөлд хамааруулан томьёолж хуульчилсан нь тухайн үеийн нийгмийн байгуулалт, улс төрийн намын удирдлагын бодлоготой салшгүй холбогдолтой байсан болно. Улсын болон олон нийтийн байгууллагын өмч хөрөнгө нь өөр хоорондоо ялгаатай бөгөөд холбоо хамааралгүй, зэрэгцэн оршиж, өөр өөрсдийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж байхаар хуульчлан зохицуулж байжээ. Олон нийтийн байгууллагын өмч хөрөнгө нь тухайн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд зориулагдсан, өөрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх хангалттай эх үүсвэр болж байсан тул улсын өмчид хамаарч байгаагүй, улсаас ямар нэг байдлаар санхүүжилт авч байгаагүй юм.

Мөн хуулийн 69, 70 дугаар зүйлд олон нийтийн байгууллага өөрийн өмчлөлд эд хөрөнгөтэй байхыг зөвшөөрсөн байхад давж заалдах шатны шүүхийн зүгээс олон нийтийн байгууллага өмчлөлдөө эд хөрөнгөтэй байх нь өмчийн өөр хэлбэрт хамаарах мэтээр 1963 оны Иргэний хуулийн 60, 69, 70 дугаар зүйлүүдийг шууд үгүйсгэсэн, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс улсын болоод төрийн өмчид байгаагүй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг төрийн өмчид хамааруулахын тулд 1960 оны БНМАУ-ын Үндсэн хууль болон 1963 оны Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зориуд мушгин гуйвуулж, нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарлаж, магадлалынхаа үндэслэл болгосон байна.

Үүнээс гадна 1996 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдахаас өмнө “төрийн өмч” гэх ойлголт огт байгаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх “Хянавал хэсгийн 10-т авто сургуулийн барилга байгууламж нь социалист өмч буюу төрийн өмч ... Хянавал хэсгийн 17-д маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрх анх 1984 онд улсын өмчид буюу төрийн өмчид үүссэн” гэж дүгнэсэн нь авто сургуулийн барилга, байгууламж бий болсон цаг үед байгаагүй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1963 оны Иргэний хуулийн 91 дүгээр зүйлд өөрчлөлт оруулсан 1990 оны хуулийг буцаан хэрэглэж, дүгнэлт хийснийг хууль хэрэглээний хувьд ноцтой алдаа гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 1976 оноос хөдөлмөрчдийн сайн дурын биеэ даасан олон нийтийн байгууллагын статустай үйл ажиллагаа явуулж байсан УБХТН нь үйл ажиллагааныхаа зорилгыг биелүүлэхийн тулд өөрийн өмчтэй байх, өмч олж авах эрхтэй байсан бөгөөд дээрх хөрөнгө нь улсын өмчид байгаагүй, “төрийн” өмчид хамаарахгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Учир нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ЗХУ-ын ДОСААФ-аас адил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг олон нийтийн байгууллага болох БНМАУ-ын УБХТН-т бэлэг болгон хүлээлгэн өгч, өмчлөлд нь шилжүүлсэн асуудал нь тухайн үеийн БНМАУ-ын Үндсэн хууль, Иргэний хуульд бүрнээ нийцсэнээс гадна Олон улсын гэрээний дагуу 1984 онд БНМАУ-ын УБХТН-т үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүссэн болох нь одоо хүчин төгөлдөр байгаа дээрх Олон улсын гэрээгээр бүрэн нотлогддог болно. Монгол Улс 1990 оноос ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээр өмчийн аливаа хэлбэрийг улс төрийн өнгө аясад оруулахаа больсноор “социалист өмч” гэх ойлголт оршин тогтнохоо больсон. БНМАУ-ыг Б гэх олон нийтийн байгууллагын өмч хөрөнгө нь “социалист өмчид хамаарна” гэх хамаарлаас салж, зөвхөн тухайн олон нийтийн байгууллагын үндсэн өмч хөрөнгө хэвээр үлдсэн юм.

БНМАУ-ыг БХТН-т бэлэглэсэн дээрх хөрөнгүүд нь улсын болон төрийн өмчид хамаарч, бүртгэгдэж байгаагүй талаар дараах нотлох баримтууд хэргийн материалд авагдаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон болно. Тухайлбал Төрийн өмчийн хороо/хуучнаар/-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Төрийн өмчийн удирдлагын хэлтсийн дарга Х.Володягаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2012.08.20-ны өдрийн 2/1372 дугаартай тодорхойлолтыг хүргүүлсэн байдаг. ... Мөн Төрийн өмчийн хороо/хуучнаар/-ны дарга Д.Сугараас Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болдод 2010.09.20-ны өдрийн 12/1757 дугаартай албан бичгийг хүргүүлсэн ... нь хариуцагч “Б” НҮТББ-ын өмчлөлийн эд хөрөнгө нь төрийн өмчид байгаагүй, хамааралгүй болохыг мөн тус үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ямар нэг шаардлага гаргаж байгаагүй, гаргахгүй болохыг нотолдог. Авто сургуулийн барилга байгууламжийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б-т шилжүүлсэн ямар ч баримт, шийдвэр байхгүй талаар нэхэмжлэгч байнга дурддаг нь уг хөрөнгө бэлэглэлийн журмаар олон нийтийн байгууллагын өмчлөлд шилжсэн болохыг давхар нотолдог юм.

Нэхэмжлэгч нь анхнаасаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байгаагүй болохоо хүлээн зөвшөөрч, үүнийгээ нотолж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “төрийн өмч болохыг тогтоолгох” гэсэн байдаг. Авто сургуулийн барилга байгууламжийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь анхнаасаа төр байсан бол нэхэмжлэгч нь төрийн өмч болохыг тогтоолгох бус, харин эсрэгээрээ бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэгч гаргах учиртай байсан.

Хариуцагч нь 1980 оны Засгийн газар хоорондын олон улсын хэлэлцээрийн үндсэн дээр 1984 онд авто сургуулийн барилга байгууламжийг өөрийн өмчлөлд хүлээн авч, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд заасны дагуу өөрийн өмчлөх эрхийг баталгаажуулан Улсын бүртгэлд бүртгүүлснээр авто сургуулийн барилга байгууламжийг хууль ёсны дагуу өмчлөх эрхтэй байсаар ирсэн болохоо төрдөө бүртгүүлж, өмчлөх эрхээ давхар баталгаажуулсан үйл явдал болсон юм.

5.2. Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухайд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байх ба 76 дугаар зүйлийн 1,2-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох ба шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ гэж хуульчилжээ.

Энэ талаар Улсын дээд шүүхийн 2024.11.12-ны өдрийн 001/XT2024/00257 дугаартай тогтоолд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан “...шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан” хугацаа нь эрх бүхий этгээд эрхээ албадан хэрэгжүүлэхээр шүүхэд хандах боломжтой болох үеэс эхлэн тодорхойлогдоно” гэж тайлбарласан байна. Монгол улс 1990 онд нийгмийн өөр тогтолцоонд шилжиж, 1992 онд шинэ Үндсэн хууль болон Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай зэрэг хуулиуд батлагдсантай холбогдон өмчийн төрөл, хэлбэр өөрчлөгдсөнөөр эрх зүйн харилцааг зохицуулж буй хууль тогтоомж бүхэлдээ шинэчлэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэлжүүлж эхэлснээр БХТН-ийн авто сургуулийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Улсын бүртгэлийн газраас БХТН-ийн өмчлөлд бүртгэж, 2000.03.29-ний өдөр *** тоот гэрчилгээ олгон өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Улсын бүртгэл нь эрх зүйн харилцаанд оролцогч этгээдийн эрх, үүргийг баталгаажуулсан, олон нийтэд итгэл төрүүлэхүйц ил тод үнэн зөв мэдээлэлд суурилсан байх ёстой бөгөөд бүртгэлийн мэдээлэл нь бодит эрх зүйн байдлыг үнэн зөв тусгасан байх зарчимд тулгуурладаг бөгөөд өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэснээр тухайн этгээдийн өмчлөх эрхийг хууль ёсоор баталгаажуулж, гуравдагч этгээдийн өмнө хүчин төгөлдөр болгодог эрх зүйн үр дагавартай. Авто сургуулийн барилга байгууламж нь хариуцагчийн өмчлөлд хууль ёсоор бүртгэгдсэн цагаас хойш хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэж үзэх эсхүл хугацааг сэргээх нөхцөл байдал үүссэн гэх ямар нэг баримт бичиг хэрэгт байхгүй байхад давж заалдах шатны шүүх магадлалынхаа Хянавал хэсгийн 22-т “Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан 2020.10.21-ний өдрөөс нэхэмжлэлийн зүйл болох өмчийн асуудлаар нэхэмжлэгч нь шалгалт, дүгнэлтийг хийж, дараа нь шүүхэд нэхэмжлэл гарган маргасан байх тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх 10 жилийн хугацааг энэ үеэс буюу 2020.10.21-ний өдрөөс эхлэн тоолоход хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна” гэж Улсын дээд шүүхийн тогтоолоос зөрүүтэй дүгнэлт хийж, хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хувийн эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн өмчийн маргаанд төр нь энэ харилцааны бусад оролцогчидтой тэгш эрхийн үндсэн дээр оролцох учиртай. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өөрийнх нь хийж гүйцэтгэсэн шалгалтын гэх дүгнэлтийг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх агуулга бүхий дүгнэлт хийсэн явдал нь төрд давуу эрх олгож буй асуудал гэж үзэж байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хуулиар тогтоож байгаа нь цаг хугацаа өнгөрөх тусам маргаантай байдлыг тогтооход хүндрэл бэрхшээл гардагтай холбоотой, учир нь цаг хугацааны эрхэнд үйл баримт мартагдах, нотлох баримт устаж алга болох, маргааны зүйлийн хувьд ач холбогдол багатай болох зэрэг нөхцөл үүсдэг, нөгөө талаас эрхээ хамгаалах арга хэмжээг аль болох цаг хугацаанд нь авч байхыг анхааруулах зорилгын үүднээс хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэдэг.

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн өмчлөлийн биш, өмчлөлд нь байгаагүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн хууль бус шаардлагыг шүүхийн магадлалаар хангаж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч буюу “төр”-ийн зүгээс өмчлөх эрхтэй болохоо нотолж, өөрийнх нь өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзсэн тохиолдолд хариуцагчаас өмчлөх эрхээ баталгаажуулж, авто сургуулийн барилга байгууламжийн өмчлөгчөөр бүртгэгдсэн цагаас эхлэн шүүхэд хандан эрхээ хамгаалуулахаар шаардлага гаргах боломжтой байсан. Тиймээс давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй болох нь нотлогдож байгаа юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э, Б.М нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.07.03-ны өдрийн 001/ШХТ2026/00831 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

7. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э, Б.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.  

8. Нэхэмжлэгч “Т” ТБАГУТҮГ нь хариуцагч “Б” НҮТББ-д холбогдуулан *** тоот хаягт байрлах, Ү-*** дугаартай авто сургуулийн барилга, байгууламж, түүний бүрдэл болон дагалдах эд хөрөнгүүдийг төрийн өмч болохыг тогтоолгох, уг эд хөрөнгүүдийг төрд хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ:

8.1 “...ЗСБНХУ-ын Засгийн газраас буюу ЗСБНХУ-ын арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгээс Улаанбаатар хотод авто сургуулийн барилга байгууламж барьж, БНМАУ-д бэлэг болгон өгөхөөр 1980.03.07-ны өдөр хэлэлцээр байгуулж, энэ хэлэлцээрийн үндсэн дээр 1980.05.26-ны өдрийн 55-069/18300 дугаар гэрээний дагуу Ерөнхий захиалагчаар БНМАУ-ын М/С Комплексимпорт, Ерөнхий гүйцэтгэгчээр ЗСБНХУ-ын В/О Техноэкспорт *** нутаг дэвсгэрт Авто сургуулийн цогцолбор барилга, байгууламжийг ДОСААФ-ын 100 хувийн зардлаар барьж, Монгол улсад бэлэг болгон хүлээлгэн өгсөн юм.

8.2. ... Монгол Улсын Засгийн газрын 2020.10.21-ний өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлийн 1.3 дахь заалтыг үндэслэн улсын Б-ийн эзэмшилд байсан авто сургууль, сонсогчдын дотуур байр болон эзэмшил газрыг улсын байгууллагын нэрээр авч төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлж, захиран зарцуулсан байх тул төрийн өмчид буцаан авах асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэсэн дүгнэлт гаргасан.

8.3. Түүнчлэн, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Нийслэлийн Прокурорын газраас “Б” НҮТББ-ын даргад холбогдуулан гаргасан гомдол, мэдээллийн дагуу УБХТН-ийн Авто сургуулийн эзэмшил газрыг бусдад худалдсан, хууль бусаар хөрөнгөжсөн асуудлыг шалгаж байгаа талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт мэдэгдсэн бөгөөд Нийслэлийн Прокурорын газрын 2021.01.20-ны өдрийн 1/04 дүгээр прокурорын мэдэгдэлд “Б, түүний харьяа салбар нэгжүүдийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг төрийн өмч гэж үзэх үндэслэлтэй байна. Харин өмч хувьчлалын асуудлыг шийдвэрлэхдээ Бийн өмч хөрөнгүүдийг төрийн мэдэлд шилжүүлэн авалгүй орхигдуулсан нь төрийн өмч хөрөнгө үрэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн байна” гэсэн.

8.4. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль баталсан тухайн цаг хугацаанд Авто сургуулийн төвийн барилга байгууламжийг нь Улсыг Бийн эзэмшил ашиглалтад буюу төрийн өмчлөлд байсан тул ... мөн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна, төсөвт авсан зээл, хандив дэмжлэг тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна гэж заасан.  ...” гэж тодорхойлжээ.

9. Хариуцагч “Б” НҮТББ /цаашид БХТН гэх/ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч:

9.1. “…Б нь Улс эх орныхоо батлан хамгаалах хүчийг бэхжүүлэхэд туслах, иргэдэд цэргийн анхан шатны мэдлэг олгох үйл хэрэгт татан оролцуулах, цэрэг ардын холбоог бэхжүүлэх зорилгоор 1929.07.22-ны өдөр “Монгол Улсыг хамгаалах явдалд Туслах Эвлэл” нэртэйгээр анх байгуулагдсан. Тухайн үеийн төр засгийн бодлоготой уялдуулан зорилгоо тодорхойлж нэрээ өөрчилж ирсэн. ... Харин 1997 онд Төрийн бус байгууллагын тухай хууль батлагдсанаар ... хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж, “Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” болсон.

9.2. Б-ийн барилга байгууламжийг ЗХУ-ын Арми Нисэх хүчин Флотод туслах сайн дурын нийгэмлэг /ДОСААФ-аас/ БНМАУ-ын Улсыг Б-т буцалтгүй тусламжаар барьж байгуулж өгсөн.

9.3. ...Үл хөдлөх хөрөнгийг 2000.03.29-ний өдрийн *** тоот гэрчилгээ авч хууль ёсны өмчлөгч нь болсон юм. Мөн 2007.01.13-ны өдрийн *** тоот гэрчилгээ, 2011.09.07-ны өдрийн гэрчилгээ Ү-*** дугаарт бүртгэж авсан бөгөөд 2012.10.03-ны өдрийн дугаар *** тоот гэрчилгээгээр авто сургуулийн барилга байгууламжийн хууль ёсны өмчлөгч юм.

9.4. ... Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийгөө нэхэмжлэл гаргах эрхтэй болохоо нотолж чадаагүй ба ... нэхэмжлэлд хавсаргасан баримтад маргаж байгаа хөрөнгө нь төрийн өмч байсан талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй.

9.5. ... Өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй Нийслэлийн прокурорын газар болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргын албан бичгүүдийг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө анхнаасаа төрийн өмч байгаагүй гэдгийг давхар нотолж байна. ... Мөн Бийн удирдлагатай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа, эцэслэн шийдвэрлэгдээгүй.

9.6. ... шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, хэтэрсэн. ... Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.” гэж маргажээ.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэрт:

“10.1. ... дээрх авто сургуулийн барилга, байгууламжийг, тоног төхөөрөмжийн хамт ЗСБНХУ-ын арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгийн хөрөнгөөр барьж, байгуулан БНМАУ-ыг Б-т бэлэг болгон хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

10.2. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний хуулийн /1963 оны/ 59 ... , 60 ..., 61 ..., 62 дугаар зүйлд ... тус тус зааснаар ... тухайн барилга байгууламж бүхий хөрөнгө нь социалист өмчид хамаарч байсан,

10.3. УБХТН нь уг барилгыг эзэмшиж, ашиглаж байсан. Монгол улс 1990 онд нийгмийн өөр тогтолцоонд шилжиж, 1992 онд шинэ Үндсэн хууль болон Өмч хувьчлах тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай зэрэг хуулиуд батлагдсантай холбогдон өмчийн төрөл, хэлбэр өөрчлөгдсөн, үүнтэй уялдан төрийн өмчийг өөр хэлбэр, төрөлд шилжүүлэх шаардлага гарсан, үүний дагуу төр өөрийн хөрөнгөд бүртгэл, тооллого явуулж, ...1996 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдаж, Төрийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого явуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 13 дугаар тогтоол гарсан боловч, Авто сургуулийн барилга байгууламжийг төрийн өмчид бүртгээгүй байна.

10.4. ... Дээрх авто сургуулийн барилга байгууламжийг, газрын хамт БХТН нь өөрийн өмчлөлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөх эрхтэй болсон болох нь тогтоогдсон, ... төр уг эд хөрөнгийг өөрийн өмчлөлд бүртгэж, баталгаажуулж байгаагүй.

10.5. ...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгийг төрийн өмч гэж үзэхээр зохицуулсан боловч энэхүү хууль хүчин төгөлдөр болох үед болон одоог хүртэл маргаан бүхий хөрөнгө нь төрийн өмчлөлд бүртгэлтэй гэх баримтгүй, ...Төрийн өмчийн хорооны 2010.09.20-ны өдрийн 12/1757 албан бичигт “төрийн өмчийн хөрөнгийг тоолж, төрийн өмчийн мэдээллийн санг байгуулахдаа Бийг хамааруулаагүй” гэсэн зэргээс төр тухайн хөрөнгийг өөрийн өмчид бүртгэж аваагүй ... Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх … зэрэг зарчимд үндэслэн хийгдсэн, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан тухайн эд хөрөнгийн өмчлөгч болсон байна.

10.6. Хэргийн баримт, талуудын тайлбар зэргээс нэхэмжлэгч Т, хариуцагч БХТН төв зөвлөл нарын хооронд 2012 онд ТӨХ-ны 2012.07.05-ны өдрийн 323 дугаар тогтоолтой холбоотой маргаан бүхий захиргааны хэрэг шийдвэрлэгдсэн үйл баримт тогтоогдсон байх ба энэ үед маргаан бүхий эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргах боломжтой байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

10.7. Нэхэмжлэгч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Т нь Монгол Улсын Засгийн газрын 2016.07.27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор байгуулагдсан байх ба Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1 ... , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ... зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна.” гэсэн дүгнэлт хийжээ.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг хангасан бөгөөд магадлалд:

“11.1. ... хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ЗСБНХУ-ын арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгийн хөрөнгөөр барьж, бэлэг болгон хүлээлгэн өгсөн 350 суралцагчид хичээллэх корпус, 150 ортой нийтийн байр, техник үйлчилгээний пункт, төвлөрсөн дулааны пункт, трансформаторын пункт бүхий барилга, байгууламж, дагалдах хөрөнгө нь социалист өмчид хамаарах буюу төрийн өмч байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцсэн боловч ... тухайн хөрөнгө бий болох цаг хугацаанд төрийн эдийн засгийн үндэс нь улсын /бүх ард түмний/, хоршооллын /хөдөө аж ахуйн нэгдэл, хоршооллын бусад байгууллагын өмч/, үйлдвэрчний эвлэл, олон нийтийн бусад байгууллагын өмчөөс бүрдсэн социалист өмч байсан бөгөөд өмчийн нөгөө хэлбэр болох амины өмчийн талаар Иргэний хууль /1963 оны/-д зөвхөн иргэдийн материалын ба соёлын хэрэгцээнд зориулагдсан эд хөрөнгө байж болно гэж зааж, өмчийн өөр хэлбэрийг хориглосон байсан тул тухайн барилга байгууламж бүхий хөрөнгийг хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө байсан гэж үзэхгүй, ... хариуцагч Б НҮТББ нь уг төрийн өмчийн барилга байгууламжийг эзэмшиж, ашиглаж байсан тул анхан шатны шүүх ... нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

11.2. ... Хэргийн баримтын хүрээнд хожим нь өмчлөх эрх хууль буюу гэрээний дагуу үүссэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зорилт ..., мөн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д ... зааснаас үзэхэд маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрх нь анх 1984 онд улсын өмчид буюу төрийн өмчид үүссэн учраас эдгээр хөрөнгө төрийн өмчид бүртгэгдээгүй байсныг төрийн өмч биш гэж дүгнэх үндэслэл болохгүй. ... Өөрөөр хэлбэл маргаан бүхий хөрөнгө нь 1984 оноос төрийн өмч болж анхнаасаа төрийн өмч байгаа тохиолдолд бэлэглэлийн журмаар ирсэн, манай нийгэмлэгт бүртгэлтэй байсан, нийгэмлэг нь цаашаа эрх залгамжлах байдлаар ТББ-ын хэлбэрт шилжсэнээр эд хөрөнгийн эрх шилжсэн гэх агуулгаар гаргасан хариуцагч талын тайлбар, татгалзал үндэслэлгүй. ... хариуцагч төрийн өмчийн дээрх хөрөнгийг ийнхүү өөрийн өмчлөлд бүртгүүлснийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүйгээс гадна Иргэний хуулийн /1994 оны/ 135 дугаар зүйлийн 1-д “Хууль буюу гэрээгээр өмчлөлийн аливаа төрөл, хэлбэрийг өөрчилж, өмчлөх эрх үүсгэж болно”, мөн зүйлийн 2-т “Төрийн өмчийн эд хөрөнгийг өмчлөлийн өөр төрөлд шилжүүлэх нөхцөл, журмыг хуулиар тогтооно” гэсэнд нийцээгүй байна. Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар ***хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаар бүртгэлтэй авто сургуулийн барилга, байгууламжийг төрийн өмч гэж үзнэ.

11.3. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулахдаа хөрөнгүүдийн нэршлийг 1984.09.28-ны өдрийн “Улаанбаатар хотод 350 суралцагчтай авто сургуулийг ашиглалтад хүлээлгэн өгөх, хүлээн авах техникийн комиссын акт”-д тусгагдсан байдлаар ... барилга байгууламжуудыг нэхэмжлэгч “Т” ТБАГУТҮГ-т хүлээлгэн өгөхийг хариуцагч “Б” НҮТББ-д даалгах гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

11.4. Монгол Улсын Засгийн газрын 2020.10.21-ний өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлээр Улсыг Бийн /хуучнаар/ эзэмшилд байсан авто сургууль, сонсогчдын дотуур байр болон эзэмшил газрыг төрийн өмчид буцаан авах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалж, шаардлагатай арга хэмжээ шуурхай авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт даалгаж, энэ үүрэг, даалгаврыг гүйцэтгэх ажлын хэсэг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2021.01.15-ны өдрийн А/3 дугаар тушаалаар байгуулагдаж, ажлын хэсгийн ажиллах удирдамжийг баталсан байна. Тус ажлын хэсэг 2021.04.22-ны өдөр Улсын Б-ийн /хуучнаар/ эзэмшилд байсан авто сургууль, сонсогчдын дотуур байр болон эзэмшил газрыг улсын байгууллагын нэрээр авч, төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлж, захиран зарцуулсан байх тул төрийн өмчид буцаан авах асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Үүнээс үзэхэд Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан 2020.10.21-ний өдрөөс нэхэмжлэлийн зүйл болох өмчийн асуудлаар нэхэмжлэгч нь шалгалт, дүгнэлтийг хийж, дараа нь шүүхэд нэхэмжлэл гарган маргасан байх тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх 10 жилийн хугацааг энэ үеэс буюу 2020.10.21-ний өдрөөс эхлэн тоолоход хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна. Иймд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулгаар маргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.” гэсэн дүгнэлт хийсэн байна.

12. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх өмчлөх эрх үүсэх, олж авах талаарх эрх зүйн дүгнэлтийг хийхдээ хэргийн баримтыг өөр өөрөөр үнэлснээс хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн тул хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т зааснаар хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.

13. Зохигч нэхэмжлэлд дурдсанаар Улсыг Б-ийн авто сургуулийн төвийн барилга, байгууламж түүний бүрдэл болон дагалдах эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар маргасан ба энэхүү маргаан бүхий харилцаа нь Монгол Улсад 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, төрөөс нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, улмаар 1994 онд Иргэний хууль /шинэчилсэн найруулга/, 1996 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1997 онд Төрийн бус байгууллагын тухай хууль тус тус батлагдаж, өмчийн төрөл хэлбэр өөрчлөгдөж эхэлсэн цаг хугацаанд хамаарч байна.

14. Хэрэгт авагдсан Төрийн өмчийн хорооны 2010.09.20-ны өдрийн 12/1757 тоот албан бичигт “…Төрийн өмчийн хорооноос төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой, орон нутгийн өмчийн хөрөнгийг тоолж төрийн өмчийн мэдээллийн санг байгуулахдаа Батлах хамгаалахад туслах нийгэмлэгийг хамааруулаагүй юм.” гэж, мөн Төрийн өмчийн хорооны 2012.08.20-ны өдрийн 2/1372 тоот албан бичигт “…Б нь төрийн бус байгууллагын статустайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төрийн өмчийн оролцоогүй тул төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн тооллогод хамрагдаагүй байна. Тус нийгэмлэгийн эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн маргаантай асуудал байхгүй болно. …” гэж дурдагдсан талаар зохигч мэтгэлцсэн.

Хэргийн үйл баримт өрнөж байсан тухайн цаг хугацаанд төрийн өмч хувьчлал явагдаж байсан бөгөөд төр өмчөө хувьчлах явцдаа өөрийн үүсгэн байгуулсан болон олон нийтийн чанартай төрийн бус байгууллагын өмчийн тухайд ямар бодлого баримталж байсан, дээр дурдсан албан бичгүүдэд төрийн бус байгууллагыг хамааруулаагүй явдал нь улсын өмч хувьчлалын үзэл санаанд хэрхэн нийцэж байгаа эсэх асуудлаар холбогдох дүгнэлтийг өгөлгүйгээр маргааныг шийдвэрлэхэд учир дутагдалтай.

15. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2020.10.21-ний өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэл, ... Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020.03.27-ны өдрийн 06/3681 дүгээр албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын 2021.01.20-ны өдрийн 1/04 дүгээр мэдэгдлийг дурдаж, өмч хувьчлалын асуудлыг шийдвэрлэхдээ Бийн өмч хөрөнгүүдийг төрийн мэдэлд шилжүүлэн авалгүй орхигдуулсан нь төрийн өмч хөрөнгө үрэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, эрүүгийн хэргийг хэнд холбогдуулан шалгасан, хэрхэн шийдвэрлэсэн зэрэг үйл баримт тодорхойгүй байна.

Хэрэгт авагдсан Авлигатай тэмцэх газрын 2026.01.15-ны өдрийн 06/804 тоот албан бичигт Нийслэлийн Прокурорын газрын 2021.01.20-ны өдрийн 1/04 дүгээр Прокурорын мэдэгдэлд дурдсан асуудлаарх хэрэг бүртгэлтийн *** дугаартай хэргийг хаах саналтай Нийслэлийн прокурорт хүргүүлсэн талаар дурдсан байх боловч хэрхэн шийдвэрлэсэн талаар баримтгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өмчлөгчөөр тогтоолгох гэж шаардсан  боловч үндэслэл нь тодорхой бус буюу төр маргаан бүхий хөрөнгийг өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа үндэслэлээ чухам аль хуулийн аль үндэслэлээр тодорхойлж байгаагаа тогтоон мэтгэлцвэл зохино.

Учир нь түүний өмч гэж маргаж байгаа хөрөнгө бусад хуулийн этгээдийн эзэмшил ашиглалтад хамаарч, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар бусад этгээдийг өмчлөгч гэж бүртгэсэн ба эдгээр нь чухам ямар хуулийн хэм хэмжээг зөрчиж, түүний өмчийг олж авсан гэж үзэж байгаагаа нэхэмжлэгч тодруулах ёстой.

16. Мөн хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан маргаан бүхий хөрөнгийн шинж байдал нь биет байдлын болон хууль зүйн хувьд бүрэн тодорхой тогтоогдоогүй байгааг анхаараагүй, давж заалдах шатны шүүх эд хөрөнгийн нэршил, тоо ширхгийг заахдаа 1984.09.28-ны өдрийн “Улаанбаатар хотын 350 суралцагчтай авто сургуулийг ашиглалтад хүлээлгэн өгөх, хүлээн авах техникийн комиссын акт”-ыг үндэслэн шийдвэрлэсэн.

Тодруулбал, зохигч өмчлөх эрхийн талаар маргаж байгаа тохиолдолд тухайн хөрөнгийн бодит шинж байдал, тоо ширхэг, өөр этгээдүүдийн өмчлөх эрх хөндөгдөх эсэхийг тодорхойлсны үндсэн дээр зохих дүгнэлтийг хийх бөгөөд эдгээр нөхцөл байдал эргэлзээтэй байхад хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх, дүгнэлт өгөх боломжгүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгч шаардлагаа тодруулахдаа “...*** хаяг байршилтай, Ү-*** дугаартай авто сургуулийн барилга, байгууламжийг төрийн өмч болохыг тогтоолгох, Үл хөдлөх эд хөрөнгийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөд дараах үл хөдлөх эд хөрөнгүүд хамт бүртгэгдсэн. Үүнд: 1984 онд ашиглалтад орсон, 350 суралцагчийн хүчин чадалтай авто сургуулийн барилга,  3 давхар бөгөөд 4220 ам метр талбайтай, 60 гаруй өрөө тасалгаатай, Сонсогчдын нийтийн байрны барилга, 3 давхар бөгөөд 2700 ам метр талбайтай, 72 гаруй өрөө тасалгаатай, техник үйлчилгээний байр, автомашины гражын барилга, 1 давхар бөгөөд 2052 ам метр талбайтай, 60 гаруй өрөө тасалгаатай...”  гэж дурдсан.

Харин хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021.02.08-ны өдрийн 7/937 дугаар, 2023.05.18-ны өдрийн 5/4848 дугаартай албан бичигт тус тус дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн талаар “...нийт 8992 м.кв талбай бүхий хөрөнгөөс иргэн Ч.Б-т 470 м.кв талбайтай хэсгийг, иргэн Б.П-т 38,2 м.кв талбай бүхий хэсгийг, нэр бүхий 10 албан хаагчдад нийтийн байрнаас 398,6 м.кв талбайтай хэсгийг хувьчлан өгч, тус тус салган бүртгүүлж, одоо хөрөнгийн нийт хэмжээг 8085,2 м.кв ...” гэснээс үзэхэд нэхэмжлэгч уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь эдгээр өмчлөгчийн өмчлөх эрхэд хамааралтай эсэх, тэдний эрх ашиг хөндөгдөх эсэхийг тодорхойлоогүй.

Улмаар нэхэмжлэлийн шаардлагад “Авто сургуулийн төвийн барилга, байгууламжийн бүрдэл болон дагалдах эд хөрөнгө” гэж тодорхойлж, тухайлан эд хөрөнгийг нэрлэн заасан боловч эдгээр нь бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй.

17. Дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хяналтын шатны шүүхээс эцэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх нөхцөл бүрдээгүй байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/00959 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2026/00855 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “Б” НҮТББ-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.05.28-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2026.05.28-ны өдөр төлсөн 4,541,775 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Э.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Н.БАЯРМАА

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                           Н.БАТЧИМЭГ

                                                                                            Д.ЦОЛМОН