Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2022/00736

 

2022 оны 03 сарын 22 өдөр                                  Дугаар 183/ШШ2022/00736                                  Улаанбаатар хот

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

         

Хариуцагч: Ш г т ХХК /РД:0000000-нд холбогдох

 

7.017.500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: А.м,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

                          

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Балжинням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Балжинням миний бие 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Шинэ гэр түншлэл” ХХК-тай хамтран ажиллах, хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээг тус тус байгуулж, өөрийн өмчлөлийн Ү-2206019311 дугаартай Хан-Уул дүүргийн 2-р хороо, БҮК-53 дугаар байрны 20 тоот 17 мкв, орон сууцыг хүлээлгэн өгч, тус компанийн барих шинэ орон сууцнаас 20.73 мкв байрыг авахаар харилцан тохиролцсон. Хариуцагч компанийн барилга нь 2020 оны 04 сарын эхээр ашиглалтад орж, 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр компанийн эрх бүхий ажилтан ирж түлхүүр гардуулж өгсөн. 2021 оны 03 сарын 02-ны өдөр компаниас “...ордер гаргуулах материалаа ирж авна уу...” хэмээн мэдэгдсэний дагуу очиж уулзахад миний хүлээж авах байр 18.5 м.кв хэмжээтэй байсан. Гэрээний дагуу 20.73 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, тагтны мөнгө хүлээн авах ёстой байсан учир албан ёсоор м.кв-ийн зөрүү мөнгийг авах эсхүл 20.73 m.ijb талбай бүхий орон сууцанд оруулж өгөх хүсэлтийг тус өдрөө гаргасан боловч өнөөдрийг хүртэл албан ёсоор хариу өгөөгүй байна. Ингээд 2021.08.11-ний өдөр хүлээн авсан байрандаа эрх бүхий байгууллагаар /Болор төсөл ХХК/ хэмжилт хийлгэж үзэхэд талбайн хэмжээ 16.72 мкв байсан. Мөн орон сууцны м.кв-ийн зөрүү төлбөрийг өгөх эсхүл гэрээнд заасны дагуу 20.73 м.кв бүхий орон сууцыг хүлээлгэж өгнө үү гэх хүсэлтийг албан ёсоор буюу баталгаат шуудангаар “Шинэ гэр түншлэл” ХХК-руу явуулсан бөгөөд тус компанийн ажилтан Н.Цолмон гэх хүн хүсэлтийг 2021.05.28-ны өдөр гардаж авсан боловч ямар ч хариу өгөөгүй. Дээр дурдсанаар хариуцагч байгууллага нь гэрээгээр тохиролцсон үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байх тул миний бие шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд хариуцагч нь гэрээгээр тохиролцсон ёсоор 20.73 мкв орон сууц хүлээлгэж өгөх үүрэгтэйгээс одоо хүлээлгэж өгсөн орон сууц нь 16.72 мкв байх тул 4.01 мкв талбайн зөрүү төлбөр болох 7 017 500 /20.73-16.72=4.01x1 750 000/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. 3 талт гэрээнд талууд 1 м.кв-ийн үнэ 1,750,000 төгрөг байхаар тохиролцсон болно гэжээ.

 

2. Хариуцагч Шинэ гэр түншлэл ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шинэ гэр түншлэл ХХК-д холбогдуулан гаргасан А.Балжиннямын нэхэмжлэлтэй танилцсан ба нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шүүх хурал дээр нэмэлт тайлбар гаргах болно гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас Иргэний үнэмлэхний хуулбар, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №074/18-2 дугаартай Хамтран ажиллах гэрээ, орон сууцны талбайн хэмжилт хийсэн акт, Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ, Монгол шуудангийн тодорхойлолт, Болор төсөл ХХК-ийн Сууцны өрөө тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон хэмжилт, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2021/03359 дугаар шийдвэр, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн хаяг тогтоосон тухай албан бичиг,

Хариуцагч талаас: Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Хариуцагчийн зүгээс Болор төсөл ХХК-ийн сууцны өрөө тасалгаанд хэмжилт хийх эрхтэй эсэх талаар баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, тус баримтыг шүүх бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. А.Балжинням Шинэ гэр түншлэл ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 20.73 м.кв орон сууц хүлээлгэн өгөх байтал 4.01 м.кв дутуу орон сууц хүлээлгэн өгсөн тул 4.01 м.кв-н төлбөр 7.017.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. 2018.09.25-ны өдөр А.Балжинням, Шинэ гэр түншлэл ХХК-ийн хооронд хамтран ажиллах 074/18-2 тоот гэрээ байгуулагдаж, Хан-Уул дүүрэг, 2-р хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон, хуучин БҮК 53 дугаар байрыг шинээр дахин төлөвлөх, орон сууцыг чөлөөлөх, орон сууцыг буулгах, шинэ орон сууц барих, хуучин орон сууц өмчлөгчид шинэ орон сууц өмчлүүлэх, А.Балжиннямын 15.73 м.кв талбайтай хуучин орон сууцыг буулгаж, төслийн үр дүнд бий болох шинэ орон сууцанд иргэний 15.73 м.кв талбай дээр нэмж урамшуулал 5 м.кв талбайг оролцуулан тооцож, нийт 20.73 м.кв ашигтай талбай бүхий шинэ сууцыг үл маргах журмаар иргэнд өмчлүүлэхээр тохиролцжээ.

 

4. Нэхэмжлэгч А.Балжинням Хан-Уул дүүргийн 2-р хороо, БҮК-ын 53 дугаар байрны 20 тоот орон сууцны өмчлөгч болох нь 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн орон сууц хувьчлах товчооны 0114271 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

5. 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт 074/18-3 тоот гэрээг нэхэмжлэгч А.Балжинням, хариуцагч Шинэ гэр түншлэл ХХК, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нар байгуулж, уг гэрээний 2.4-т “сууц өмчлөгч нэмж талбай авах хүсэлт гаргасан тохиолдолд 1 м.кв талбайн үнийг 1.750.000 төгрөгөөр тооцон хөнгөлөлт үзүүлнэ” гэжээ.

 

6. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч А.Балжинням хүлээн авсан м.кв дутуу байгаа талаар хариуцагч Шинэ гэр түншлэл ХХК-нд хуульд заасан хугацааны дотор мэдэгдсэн байгаа тул мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

   Учир нь хариуцагч Шинэ гэр түншлэл ХХК 2021.03.02-ны өдөр байрны ордер гаргуулах материалаа А.Балжиннямыг ав гэж хэлэхэд тухайн байрны м.кв дутуу байсныг мэдсэн гэж нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарласан, мөн 2021 оны 05 дугаар сард тухайн байрны м.кв дутуу байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг хариуцагч компанид хүргүүлж байсан болох нь Монгол шуудан ХК-ийн тодорхойлолтоор тогтоогдож байна гэж дүгнэв.

 

7. Хариуцагч Шинэ гэр түншлэл ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж  хариу тайлбар ирүүлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гаргаж өгөөгүй байна.

  

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, Г.Нацагдорж нарт шүүх 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагт болох шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

9. Нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээ, гурван талт гэрээний дагуу 4.01 м.кв талбай дутуу 1.м.кв тайлбайн үнийг 1.750.000 төгрөгөөр тооцож, 7.017.500 төгрөг шаардсан нь үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

10. Нэхэмжлэгч Болор төсөл ХХК-нд хүсэлт гаргаж,  тус компани 2021.08.11-ний өдөр 03/2021 тоот сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, Хан-Уул дүүрэг 20-р хороо, 92а байр 13 тоот орон сууцны нийт талбайн хэмжээ 16.72 м.кв байгааг тодорхойлжээ.

 

11. Шинэ гэр түншлэл ХХК 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүрэг 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, үйлдвэрчний гудамж, 92а байрны 1 давхарын 13 тоот хаалгатай, 1 өрөө орог сууцыг А.Балжиннямд хүлээлгэн өгсөн талаар баримт хэргийн 19 дүгээр талд авагдсан боловч хариуцагч нь энэ талаарх баримтаа нотлоогүй, мөн уг баримтад орон сууцыг хүлээлгэн өгсөн комиссын гарын үсэг гүйцэт зурагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүх дүгнээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

12. Иймд 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт 074/18-3 тоот гэрээний 2.4-т зааснаар 1 м.кв талбайг 1.750.000 төгрөгөөр тооцож, 4.01 м.кв талбайн зөрүү төлбөр /4х1.750.000=7.000.000, 1.750.000 төгрөгийн 0.1 хувь 17.500 төгрөг, 4.01=7.017.500/ 7.017.500 төгрөгийг хариуцагч Шинэ гэр түншлэл ХХК-иас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

 

13. Нэхэмжлэгч А.Балжинням Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт 074/18-3 тоот гэрээг эх хувь буюу /гэрээний зүйл заалт харагдаж байгаа байдлаар/ шүүх хуралдаанд өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц уг гэрээг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч Шинэ гэр түншлэл ХХК-иас 7.017.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Балжиннямд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 127.230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шинэ гэр түншлэл ХХК-иас 127.230 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Балжиннямд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгч А.Балжиннямын шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт 074/18-3 тоот гэрээг түүнд буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.СОЛОНГО