| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2021/03249/И |
| Дугаар | 183/ШШ2021/02854 |
| Огноо | 2021-12-07 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2021/02854
2021 оны 12 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2021/02854 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон 18134, товчооны зам, ****тоотод байрлах, *********** ХХК /рд:XXXXXXXX/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ өргөө хотхон, **** тоотод байрлах, Н Э Конс****** ХХК /рд:XXXXXXX/-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 104 823 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, хариуцагчийн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*********** ХХК нь Н Э **** ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 22 тоот түрээсийн гэрээг Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож, Н Э **** ХХК-ийг төлөөлөн захирал Д.Бгарын үсэг зурж байгуулсан. Түрээсийн гэрээгээр Н Э **** ХХК нь хэв, тулаас, труба гэх мэтийн нийт 6 473 ширхэг барилгын туслах материалыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах Хан төгөл хотхоны барилга барихад ашиглах зорилгоор түрээслэн авсан. Нийт түрээслэн авсан 6 473 ширхэг бараа, материалаас 6 449 ширхэг бараа материалыг буцаан хүлээлгэн өгсөн. Түрээсийн гэрээгээр түрээслэн авсан 6 473 ширхэг барилгын туслах бараа материалын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нийт түрээсийн төлбөр 103 129 480 төгрөг, буцаан хүлээлгэн өгөөгүй 24 ширхэг бараа материалыг акталж зарах үнийн дүнгээр тооцсон төлбөр 720 800 төгрөг, нийт түрээслэн авсан бараа материалын эвдрэл гэмтлийн төлбөр 4 192 800 төгрөг, нийт 108 043 080 төгрөгөөс 38 161 080 төгрөгийг төлж, барьцаа 2 000 000 төгрөгийг хасаж үлдэгдэл 69 882 000 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй байна. 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Түрээсийн гэрээний 4.2-т түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувиар бодож алданги тооцно гэж заасан. Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 69 882 000 төгрөг, алданги 34 941 000 төгрөг, нийт 104 823 000 төгрөгийг Н Э **** ХХК-иас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Н Э Конс****** ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Манай компани нь Хан уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, Хан төгөл хотхоны 1 дүгээр ээлжийн барилгууд дээр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэхээр болсон. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд түрээсийн газруудаас хэв хашмал түрээслэх шаардлага гарсан. Уг шаардлагын дагуу *********** ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, хэв хашмал түрээсэлж хэрэглэсэн. Манай компанийн хийж гүйцэтгэж байгаа уг төслийн ажил нь одоогоор дуусаагүй байгаа бөгөөд энэ хавар 2 дугаар ээлжийн барилгын ажлууд үргэлжлэн явагдах байсан боловч Ковид-19 цар тахалтай холбоотойгоор барилгын материалын үнэ өсөж, олдоц ховордсон тул 2 дугаар ээлжийн барилга угсралтын ажил хойшлогдож зогссон. Энэ хугацаанд манай компани өөр угсралтын ажил тохиролцож хийж эхэлсэн боловч материалын үнийн өсөлтөөс болж гэрээ цуцлагдсанаас хойш өөр тогтсон ажил хийж гүйцэтгэхгүй байсаар дулааны улирлыг дуусгасан. Бид энэ бүх хугацаанд хэв хашмалын түрээсийн үнийг яаж төлж дуусгах талаар олон удаа ярилцсан. Бартерт орж ирсэн автомашиныг хүртэл өгөх талаар санал хүргүүлж байсан. Манай компани нь барилгын бетон цутгалтын ажил хийж гүйцэтгэдэг. Энэ ажил нь зөвхөн дулааны улиралд хийгддэг тул хүйтний улирал эхэлсэн тул одоогоор ажил зогссон. Хэв хашмалын түрээсийн үндсэн үнийг 2022 оны 4 дүгээр сараас барилгын ажил эхлэхтэй холбогдуулан төлж барагдуулах саналтай байна. Энэ гарсан хэв хашмалын үндсэн үнэ 69 882 000 төгрөгийг манай компани маргалдах зүйлгүй зөвшөөрч байна. Харин нэмж гарсан хүү алдангийг төлөх боломжгүй” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *********** ХХК нь хариуцагч Н Э Конс****** ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үндсэн төлбөрт 69 882 000 төгрөг, алданги 34 941 000 төгрөг, нийт 104 823 000 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хариуцагч зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийн баримтаар, *********** ХХК болон Н Э Конс****** ХХК нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 22 тоот түрээсийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр *********** ХХК нь барилгын туслах материалыг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд түрээслүүлэх, түрээслэгч Н Э Конс****** ХХК нь сард 1 687 500 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдох бөгөөд талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй.
Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан түрээсийн төлбөрийн үлдэгдэл болон түрээсийн зүйлээс дутагдуулсан эд зүйлсийн үнэд нийт 69 882 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Харин хариуцагч нь “...Ковид-19 цар тахалтай холбоотойгоор барилгын материалын үнэ өсөж, олдоц ховордсон тул 2 дугаар ээлжийн барилга угсралтын ажил хойшлогдож зогссон. Энэ хугацаанд манай компани өөр угсралтын ажил тохиролцож хийж эхэлсэн боловч материалын үнийн өсөлтөөс болж гэрээ цуцлагдсанаас хойш өөр тогтсон ажил хийж гүйцэтгэхгүй байсаар дулааны улирлыг дуусгасан тул алдангийг төлөх боломжгүй” гэж маргасан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан байх бөгөөд зохигчдын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т алданги тооцох талаар талууд тохиролцсон нь хуулийн дээрх заалттай нийцэх боловч шүүх тухайн хэргийн нөхцөл байдал, хариуцагчийн тайлбарыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан алдангийг тал хувиар бууруулах боломжтой гэж үзлээ..
Иймд хариуцагч Н Э Конс****** ХХК-иас түрээсийн гэрээний үндсэн үүрэгт 69 882 000 төгрөг, алданги 17 470 500 төгрөг нийт 87 352 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 470 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 682 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 594 712 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.8-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н Э Конс****** ХХК-иас 87 352 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *********** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 470 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 682 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 594 712 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ