Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2022/00373

 

2022 оны 01 сарын 26 өдөр                           Дугаар 102/ШШ2022/00373                            Улаанбаатар хот

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ....-р хороо, З... ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр .., С....  овогтой Р....ийн Ч...,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо, далангийн ... тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ...., Х... овогтой О.ийн.. Ү,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Р.Ч,

Хариуцагч О.Ү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Р.Ч нь О.Ү-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж,  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

            -Миний бие О.Ү-той 2006 онд танилцаж 2010 оноос хамт амьдарсан. Бидний дундаас 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр охин Ү.А, 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүү Ү.А нар төрсөн. Охиныг төрсний дараа Үүрцолмон Турк явсан, ирснээс хойш хүү А төрсөн Гэвч бид үүнээс хойш 2 жил амьдраад зан харьцаа, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2017 оноос тусдаа амьдарч байна. Цаашид хамт амьдрах боломжгүй. Хүүхдүүд сургуульд сурдаг, хичээлийн хэрэглэл бусад зардал их гардаг. Хүүхдүүдтэй уулздаггүй, тусалдаггүй. Иймд О.Ү-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.  

2.Хариуцагч хариу тайлбартаа: 2 хүүхэддээ тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Хүүхдүүд өвөө, эмээ дээрээ байдаг тул мөнгийг эмээ, өвөөд нь олгомоор байна гэв.

3. Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн 11-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 5/, өрхийн эмчийн тодорхойлолт /хх 6-7/, Нийслэлийн 28 дугаар сургуулийн тодорхойлолт /хх 8-9/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 10-11/ зэрэг баримтуудыг гаргажээ.                                    

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-О.Ү-той 2010 оноос хамт амьдарч, 2010 оны 07-р сарын 15-ны өдөр охин Ү.А, 2013 оны 05-р сарын 17-ны өдөр хүү Ү.А нарыг төрүүлсэн. Зан харьцаа, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2017 оноос тусдаа амьдарсан, цаашид хамт амьдрах боломжгүй. Хүүхдүүдэд зардал их гардаг, эцэг нь хүүхдүүдтэй уулздаггүй, тусалдаггүй тул О.Ү-гоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр нэхэмжилжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаагүй, тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянгол дүүргийн 11-р хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт, Нийслэлийн 28 дугаар сургуулийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.           

 

 Р.Ч, О.Ү нар нь 2010 оноос хамт амьдарч байгаад 2010 оны 07-р сарын 15-ны өдөр охин Ү.А, 2013 оны 05-р сарын 17-ны өдөр хүү Ү.А нарыг төрүүлжээ.

Тэд гэрлэлт бүртгүүлээгүй бөгөөд хүүхдийн эцгээр О.Ү-г бүртгэж, төрсний гэрчилгээ олгосон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүл болох зорилгоор хамт амьдарч байжээ. Харин талууд зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2017 оноос тусдаа амьдарч байгаа, улмаар хэн аль нь цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзжээ.  

Хэдийгээр талууд цаашид хамт амьдрах боломжгүй боловч хүүхдийн  хувьд эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэж, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс хэн аль нь чөлөөлөгдөхгүй болно. 

Түүнчлэн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т заасан хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхийг зөрчихгүй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй.

Иймд О.Ү...оос хуульд заасан журмаар тэтгэлэг гаргуулж охин Ү.А., хүү Ү.А. нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч О.Ү...оос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1 дэх хэсэг, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 05-р сарын 17-ны өдөр төрсөн хүү Ү.А...ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2010 оны 07-р сарын 15-ны өдөр охин Ү.А..., хүү Ү.А. нарыг 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг О.Ү...оор тэжээн тэтгүүлсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч О.Ү...оос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

3.Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА