Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/00381

 

2022 оны 01 сарын 31 өдөр                            Дугаар 102/ШШ2022/00381                          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо, Хайрханы .. тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ..., Т.. овогтой М..ын Х,

            Хариуцагч: Баянгол дүүргийн ..-р хороо, Эрчим хүчний гудамж, өөрийн байр, регистр ... Д... ТӨХК,

Нэхэмжлэлийн шаардлага: 1 244 800 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б... оролцов.

Нэхэмжлэлийн өмгөөлөгч З.Х..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б... нар эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Х... нь Д... ТӨХК-д холбогдуулан хувь хүний орлогын албан татварт суутгасан 1 244 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

М.Х. нь тус станцад тасралтгүй 32 жил 5 сар ажилласан. Үүнээс 20 жил нь Түлш дамжуулах цехэд илчит тэрэгний машинист, 13 жил нь Нийгэм ахуйн хэлтэст ажилласан. 2018 оны 7-р сарын 5-ны өдрийн Б/237 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан. Д... ТӨХК-ний захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороонд  байгуулсан хамтын гэрээний 12.1-д заасны дагуу миний бие 32 жил 5 сар ажилласан хугацааны эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж 12 448 000 төгрөг олгохоор болсон. Ингээд миний мөнгийг 2018 оны 10-р сарын 19-ний өдөр шилжүүлэхдээ 10 хувийн хүн амын албан татвар суутгаж нийт 12 639 573 төгрөгийг миний ХААН банкны 5022379825 тоот данс руу шилжүүлсэн. Дээрх мөнгө хүн амын орлогын татварын хуулиар татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх атал надаас 10 хувийг суутгаж авсан. Иймд Д.ТӨХК-иас үндэслэлгүйгээр авсан 1 244 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

2.Хариуцагч хариу тайлбартаа:  Иргэн М.Х... нь Д... ТӨХК-д нийт 32.05 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 201.07.06-ны Б/234 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын Д... ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу М.Х...ын эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 12 448 0000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж МТА, татварын дансанд шилжүүлсэн тул Баянгол дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байна. мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс 2018 оны 7-р сарын 5-ны өдрийн Б/237тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай” тушаал /хх 5/, ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад олгох тэтгэмж /хх 6/, ХААН банкны дансны хуулга /хх 7/ зэрэг баримтуудыг,  хариуцагчаас суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлан /хх 16/, 2018 оны 7-р сарын 5-ны өдрийн Б/237 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай” тушаал /хх 17/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргажээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Дулааны ... ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2018 оны 07-р сарын 05-ны өдөр Б/237 тоот тушаалаар Нийгэм ахуйн хэлтсийн тохижилт үйлчилгээний үйлчлэгч М...ын Х...ыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ТӨХК-ний захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны байгуулсан Хамтын гэрээний 12-р зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар 12 448 000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэжээ. Талууд тэтгэвэр тогтоолгосон, тэтгэмж олгосон үйл баримтын талаар маргаагүй байна.

 Гагцхүү нэхэмжлэгчид олгосон тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувь суутгасан  нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж маргажээ.

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг маргаж байгаа үндэслэлээ...татварыг суутгаж Баянгол дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тайлбарлажээ. 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны 6-р сарын 16-ны өдрийн/ 16-р зүйлийн 16.1.1 дэх хэсэг, 2019 оны 3-р сарын 22-ны өдрийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт зааснаар ...тэтгэмж...орлогыг татвараас чөлөөлөхөөр заасан байх ба харин хуулиар татвар төлөх үүрэг үүсээгүй байхад Д... татварт 10 хувийг суутгаж тооцсон нь үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4-р зүйлд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон, энэ талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь энэ хуулийн 129-р зүйлийн 129.1-д заасан Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй, харин Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.1 дэх  хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жилд хамаарна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22-р зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д... ТӨХК-иас 1 244 800 /нэг сая хоёр зуун дөчин дөрвөн мянга найман зуу/ гаргуулж М.Х-т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 426 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Д...ТӨХК-иас 34 426 төгрөг гаргуулж М.Х.т олгосугай.   

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

       

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.АЛТАНТУЯА