Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 55

 

     “Ц.К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/02233 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Ц.К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Х.С.Х” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 50 000 000 төгрөг, хүү 11 583 334 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 083 333 төгрөг, зээл олголтын шимтгэл 500 000 төгрөг, бүгд 64 166 667 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч “Централ капитал ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч “Хэг стар холдинг” ХХК нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагатай ЗГ-201818 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 14 хоногийн хугацаатай зээлсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 50 000 000 төгрөг, хүүд             11 583 334 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 083 333 төгрөг, зээл олголтын шимтгэлд 500 000 төгрөг, нийт 64 166 667 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийнэтгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х.С.Х” ХХК-иас бүгд 53 749 999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ц.К ББСБ” ХХК-д олгон, үлдсэн 10 416 668 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Ц.К ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хэг стар холдинг”  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 426 699 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ц.К ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Централ капитал ББСБ” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт зохигчид гэрээнд хэтэрсэн хугацааны хүүгийн хувь хэмжээг заагаагүй байх тул Иргний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү гаргуулах үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.4-д зааснаар “...зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ" гэж тайлбарласан. Гэтэл шүүх хуулийг зөвхөн хариуцагчид ашигтайгаар, буруугаар тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн зээлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт "...Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү төлнө" гэж зохицуулсан. Хэрэв шүүх энэхүү хуулийг зүйл заалтыг хэрэглэсэн байсан бол гэрээнд заасан харилцан тохиролцсон үндсэн хүүг хэтэрсэн хугацааны хүү гэж ойлгон, хэргийг үнэн зөв шийдвэрлэх боломжтой байсан. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагч "Хэг стар холдинг" ХХК-д 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно" гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр тооцож хэргийг хянан шийдвэрлэлгүй нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг үндэслэлгүйгээр хасаж шийдвэрлэсэн нь хууль бус байгаа болно. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж зээлийн хүүд тооцсон 10.416.668 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Централ капитал ББСБ” ХХК хариуцагч “Х.С.Х” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 64.166.667 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Х.С.Х” ХХК-д 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

Хариуцагч “Х.С.Х” ХХК-иас иргэн Б.Ганбатад 2017 оны 09 дүгээр сарын     18-ны өдөр нэг жилийн хугацаатай олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дах хэсэгт заасан шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35, 36 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн байна. /хх-ийн 30/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Шүүх Б.Ганбатад олгосон итгэмжлэл хүчинтэй эсэхийг тодруулаагүй тохиолдолд түүнд хэргийг материал танилцуулсан, эрх, үүргийг тайлбарласан шүүхийн ажиллагааг хуулийн дагуу хийгдсэн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн хариуцагч, түүний төлөөлөгч  нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөв хэрэглээгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс хэргийн оролоцогчийн хуулиар олгогдсон эрх нь хангагдаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/02233 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                      ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

                                                                                                Н.БАТЗОРИГ