Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/хт2026/00182

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 301/ШШ2026/00170 дугаар шийдвэртэй,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 211/МА2026/00012 дугаар магадлалтай,

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“А” төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар /цаашид ТБАГУТҮГ гэх/-т холбогдох,

Гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хохирол 51,523,138 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ж-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч холбогдуулан “А” ТБАГУТҮГ-т холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хохирол 51,523,138 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 301/ШШ2026/00170 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч А нарын байгуулсан М-ийн “Спорт заалны барилга”-н зураг төсөл боловсруулах зэргийн 2019.10.02-ны өдрийн Э-А-19/15 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 492 дугаар зүйлийн 492.1, 493.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч А-өөс нийт 42,915,188 /дөчин хоёр сая есөн зуун арван таван төгрөг нэг зуун наян найман мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,607,950 /найман сая зургаан зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг баримтлан хэрэгт авагдсан Спорт заалны барилгын ажлын зургийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагч А-д олгохыг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 437,449 /дөрвөн зуун гучин долоон мянга дөрвөн зуун дөчин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А-өөс нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 372,525.94 төгрөг /гурван зуун далан хоёр мянга таван зуун хорин таван төгрөг, ерэн дөрөв мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

3. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 211/МА2026/00012 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 301/ШШ2026/00170 дугаар шийдвэрийн “1” дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хариуцагч А-өөс 51,523,138 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, Шийдвэрийн 4 дэх заалтад “56.2” гэснийг “56.1” гэж, “437,449 төгрөгийг улсын орлогод хэвээр” гэсний дараа “үлдээж” гэснийг “үлдээсүгэй” гэж өөрчилж, түүнээс хойших хэсгийг хасаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тухайн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлаж, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийлгүй, нотлох баримтыг үнэн зөв талаас нь үнэлэлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Үндэслэх хэсгийн 20 дугаарт ..., 22 дугаарт ... талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуулиар хатуу тогтоосон хэм хэмжээнүүдийг зөрчиж хийгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзсэн. Мөн Үндэслэх хэсгийн 30 дугаарт “...Агуулгын хувьд хууль зөрчсөн хэлцэл нь талуудын хэлцэл хийх сэдэл, зорилго ямар байснаас үл шалтгаалан зөвшөөрөгдөх боломжгүй нөхцөлөөр хийгдсэний хувьд байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байх бөгөөд хэн ч, хэзээ ч, хууль ёсны болгох боломжгүй, үр дагаврын хувьд зөвтгөгдөх хууль зүйн үндэслэлгүй, талуудын хооронд иргэний эрх, үүрэг үүсгэдэггүй, шаардах эрхийн үндэслэл болдоггүй хэлцэл юм.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан аль нэг хэлцэл байна гэж шийдвэрлэсэн тохиолдолд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй нь шаардах эрх үүсэх үндэслэл болно. Магадлалын Үндэслэх хэсгийн 36-д дурдсан нотлох баримтуудыг ямар шалтгаанаар цаг хугацааны хувьд өөр байгаа, гүйлгээний утга дээр яагаад өөр гэрээний дугаар бичигдсэн гэдгийг нэхэмжлэгч талаас анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанд амаар тайлбар гаргаж болон шүүх хуралдаанаас өмнө бичгээр тайлбар гаргаж хэрэгт хавсаргаж байсан. М-ийн спорт заалны барилгын зургийн ажлыг хийж гүйцэтгэхийн тулд манай компани өмнө нь гэрээ байгуулж хийх гэж байсан ажлуудыг түр зогсоож М-ийн зураг төслийн ажлыг хийсэн талаар олон удаа тайлбарлаж, нотлох баримт гаргаж өгсөн атал уг тайлбар, нотлох баримтуудыг анхааралгүй тухайн гэрээтэй холбоотой зардал гэж үзэхэд эргэлзээтэй гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэхдээ тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж чадаагүй дүгнэлт болсон. Өөрөөр хэлбэл зарим өөр төрлийн ажлыг түр зогсоож М-ийн ажлыг хийлгэсэн эсэх нь үнэн зөв үү гэдэгт дүгнэлт өгөхдөө зураг төсөл боловсруулсан гарын үсэгт тухайн гэрээ байгуулсан хүмүүсийн нэр, гарын үсэг байгааг анхаарч үзэлгүй дүгнэлт хийжээ. Мөн давж заалдах шатны шүүх дүгнэлтдээ ажилчдын хөлс нь тухайн компанийн үйл ажиллагаанаас чөлөөлөгдөж зөвхөн тухайн ажилд бүх цагаа зарцуулсан зэрэг нь нотлогдсон байх ёстой гэсэн хууль тогтоомжид байхгүй дүгнэлт хийсэн байна. Учир нь тухайн зураг төслийг боловсруулахад шаардлагатай мэргэжлийн хүмүүсийг цалингийн түр данс нээж цалинжуулан, эдгээр хүмүүс нь бүгд зураг төсөл боловсруулах ажилд оролцож цаг зав зарцуулж, уг зураг төслийг бүтээж хариуцагчид бэлэн болгож хүлээлгэж өгсөн байхад ийм дүгнэлт хийж байгаа нь бодит нөхцөл байдлыг үгүйсгэсэн дүгнэлт болжээ. Уг зураг төсөл нь хэний ч оролцоогүйгээр өөрөө хэвлэгдээд гараад ирдэг зүйл биш гэдгийг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Хууль бус үйлдэл хийсэн этгээд тэрхүү хууль бус үйлдлийнхээ үр дагаврыг шүүхээр хамгаалуулах ёсгүй, хууль бус үйлдлийнхээ үр дүнд ашиг олох ёсгүй зэрэг онолын зарчмууд нь Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.6 дахь хэсгийн агуулгад тусгагдсан, эдгээр зарчмууд нь шүүх хууль бус үйлдэлд туслалцаа үзүүлбэл нийгэмд “хууль зөрчиж ашиг олох болно” гэсэн буруу ойлголт, жишиг тогтооно гэж үзэж түүнээс сэргийлэх зорилготой уялдаж бий болсон. Тиймээс нэхэмжлэгч “Э” ХХК болон хариуцагч А-ийн хооронд байгуулсан спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах гэрээг байгуулсан буруутай этгээд нь гэрээ байгуулагдсанаас учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй болно.” гэсэн дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Манай компани хариуцагчийн захиалгын дагуу тухайн зураг төслийг хийж боловсруулахдаа гаргасан зардал, зураг төслийг хийж бүтээхэд оролцсон инженер, техникийн ажилчдын цалин хөлс, магадлалын төлбөр, дүгнэлт гаргуулсан хөлс, нормчлолын сангийн шимтгэл, зарим төрлийн ажлыг түр зогсоож уг зураг төслийг боловсруулсан зардал зэрэг нь бодит гарсан зардлууд бөгөөд эдгээр хохирлыг нэхэмжилж аваад ашиг олох санаа зорилго огт байхгүй юм. Бодит нөхцөл байдалд гарсан зардлаа нөхөхөөр нэхэмжилж байгаа болохоос М-ээс хохирол гаргуулаад ашиг олох сонирхлоор нэхэмжлэл гаргаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасан хуулийн зохицуулалт нь хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагаврыг шийдвэрлэж, хохирлыг шийдвэрлэх зохицуулалт бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр зохицуулсан. Үүнийг давж заалдах шатны шүүх хууль бус үйлдлийнхээ үр дагаврыг шүүхээр хамгаалуулах ёсгүй гэж тайлбарлаж байгаа нь эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн талын эрхийг хязгаарлаж, үгүйсгэж байгаа хэрэг болно.

Мөн давж заалдах шатны шүүх Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2-т зааснаар зураг төсөл зохиогч нь барилга байгууламжийн зураг төслийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтын үр ашиг болон техникийн тооцоонд тулгуурлан боловсруулж баталгаажуулан мэргэжлийн хариуцлага хүлээхээр заасан. Энэ нь барилгын зураг төсөл зохиогч нь тухайн төслийг зөвхөн техникийн шаардлагад нийцүүлэх төдийгүй төсөл хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлд ч мэргэжилтний хувьд хариуцлагатай хандах агуулга илэрхийлж байна. Тиймээс зураг төсөл зохиогч нь зураг төсөл боловсруулах захиалга хууль бус болохыг мэдсээр байж захиалгыг гүйцэтгэсэн тохиолдол нь тухайн хууль бус үйл ажиллагааг дэмжсэн үйлдэл болох бөгөөд энэ тохиолдолд зураг төсөл зохиогч нь мэргэжилтний хувьд илүү гэм буруутайд тооцогдох эрсдэлтэйг мэдэж байх ёстой. “Э” ХХК нь мэргэжилтний хувьд өөрийн салбарын хууль тогтоомж, техникийн стандартыг гэрээнд заасан үйлчилгээтэй хамааралгүй сургалтын үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага болох Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс илүү сайн мэдэх боломжтой.” гэж дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3-т захиалагчийн чиг үүрэгт дээрх дүгнэлтэд дурдсан үүрэг хариуцлага хариуцагч талд мөн адил байгаа бөгөөд дан ганц нэхэмжлэгч талыг мэргэжилтэн гэдэг утгаар буруутгаж байгаа нь үндэслэлгүй хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж шийдвэр гаргасан гэж үзэх хардлага төрүүлж байна.Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ж-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.06.17-ны өдрийн 001/ШХТ2026/00774 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ж-ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.  

7. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “А” ТБАГУТҮГ-т холбогдуулан 55,899,807 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хохирол 51,523,138 төгрөг гаргуулах” гэж өөрчилж, үндэслэлээ “...А-тэй 2019.10.02-ны өдөр Э-А-19/15 тоот гэрээ байгуулан барилгын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэн хариуцагч талд хүлээлгэн өгсөн бөгөөд уг гэрээний үндсэн төлбөрт 48,790,968 төгрөг, алданги 7,108,839 төгрөг, нийт 55,899,807 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч нь “Надад хуулиар эрх олгогдоогүй байхад Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны өмнөөс “Э” ХХК-тай 2019.10.02-ны өдөр гэрээ байгуулсан учраас тус гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна” гэж тайлбарладаг, мөн анхан шатны шүүх 2 удаа гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон учраас Э-А-19/15 тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхээр байна. Манай компани нь зураг төсөл боловсруулах ажлын хөлсөнд хариуцагч талаас нэг ч төгрөг аваагүй бөгөөд уг зураг төсөл боловсруулах ажлыг бусад санхүүжилтээс авч нутаг дэвсгэрт баригдах А “Спорт заалны барилга”-н зураг төслийг хийж гүйцэтгэсэн. ... Холбогдох зардлуудыг өөрийн хөрөнгөнөөс гарган зураг төслийг боловсруулсан ба тухайн зураг төслийг буцаан авсан тохиолдолд ч уг зардлууд нь нөхөгдөх ямар ч боломжгүй юм. ...” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч А нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…Манай М-д спорт заалны барилгын зураг төслийг боловсруулахад зориулагдсан төсөв эрх бүхий байгууллагаас батлагдаагүй, ийм зардлын эх үүсвэр байдаггүй тул мөнгийг гаргаж өгөх боломжгүй. Манай байгууллага харьяа яамны сайдад спорт заал бариулах талаар хүсэлт гаргахад заалны зураг төсөлтэй болчихвол уг асуудлыг төрийн бодлого талаас нь анхааръя гэсэн хариу өгсөн. Үүний дагуу “Э” ХХК-аар спорт заалны барилгын зураг төслийн ажил хийлгэж, төсөвт тусгагдахаар нь төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэтэл төсвийн асуудал шийдвэрлэгдэхгүй өнөөдрийг хүрсэн. ... “Э” ХХК нь тухайн үед Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид зааснаар “Хөдөлмөр нийгэм хамгааллын яам”-тай гэрээ байгуулж барилгын зураг төсөл хийж гүйцэтгэх байтал гэрээ байгуулах эрхгүй А-тэй гэрээ байгуулж хохирол учирсан нь манай байгууллагаас хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “...Гэрээний талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. ... А-ийн “Э” ХХК-тай байгуулсан гэрээнд заасан барилгын зураг боловсруулах ажил нь Засгийн газрын тогтоолд заасан шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтэрсэн тул 2019.10.02-ны өдрийн Э-А-19/15 дугаартай гэрээнд заасан ажил гүйцэтгүүлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасны дагуу шууд худалдан авах ажиллагааны журмыг хэрэглэх үндэслэлгүй. А нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (2005 он) 7 дугаар зүйлийн 7.1-д худалдан авах ажиллагааны журамд заасан тендер шалгаруулалтын журмыг зөрчиж, шууд худалдан авах журмаар 48,790,968 төгрөгийн гэрээний үнэ бүхий ажлыг нэхэмжлэгч “Э” ХХК-аар гүйцэтгүүлсэн байна. Нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч А-ийн 2019.10.02-ны өдрийн Э-А-19/15 дугаартай Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутагт баригдах Архангай аймаг дахь М-ийн “Спорт заалны барилга”-ын зураг төсөл боловсруулах гэрээг хууль зөрчсөн үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. ... Хөрөнгө буюу М-ийн “Спорт заалны барилга”-ын зургийг олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч “Э” ХХК нарын хооронд үүссэн үүрэг хүчин төгөлдөр бус болсон буюу гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т ... зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй. Хариуцагч А нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмыг зөрчиж барилгын зураг төсөл боловсруулах захиалга өгч гэрээ байгуулж, барилгын зураг хийлгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар ... тогтоогдож байх тул нэхэмжлэгч “Э” ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлөх үндэслэлтэй. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 51,523,138 төгрөгөөс ... нийт 42,915,188 төгрөгийг хариуцагч Архангай аймгийн үйлдвэрлэлийн төвөөс гарган нэхэмжлэгч “Э” ХХК-д олгох нь зүйтэй ба ... зарим баримтууд нь ... нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, ... албан томилолтын зардалд нэхэмжилсэн 2,857,749 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй, өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөгийн нэхэмжлэл нь хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулан сайн дурын үйлчилгээ авсан, ... нийт 8,607,950 төгрөг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгоно. Хэрэгт авагдсан А-ийн “Спорт заалны барилга”-ын ажлын зургийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагч А-д буцаан олгох нь зүйтэй байна.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба магадлалд “...А-ийн спорт заалны барилгын ажлын төсөв батлагдаагүй, Нийгмийн хамгааллын яамны сайд нь Архангай аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн газрын захиралтай тус сургуулийн спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд гэрээ байгуулаагүй, түүнтэй холбоотой төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулах эрхээ шилжүүлсэн байдал нотлогдоогүй. ...Тухайн төсвийн жилд худалдан авах бараа, ажил үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэр хуулиар тогтоосон журмын дагуу батлагдсан байх ёстой бөгөөд захиалагч санхүүгийн эх үүсвэр батлагдаагүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авах нь хуулиар хориглогдсон байна. ... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. ... Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтууд эргэлзээтэй байхад тухайн нотлох баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагыг нотолж байна гэж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх шаардлагад нийцээгүй байна. ... Хэдийгээр төрийн байгууллага хууль биелүүлэх үүрэгтэй ч ... “Э” ХХК нь мэргэжилтний хувьд илүү өндөр хариуцлага хүлээх, анхаарал болгоомжтой хандах ёстой байтал хууль бус ажил гүйцэтгэхээр гэрээ хийсэн нь түүнийг илүү гэм буруутай гэж үзэх үндэслэл болж байна. ...Архангай аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь энэ хэлцлийн улмаас ямар нэгэн ашиг олоогүй, спорт заалны барилгын зураг төсөл нь оюуны өмчид хамаарах бөгөөд хариуцагч уг зураг төслийг ашиглаагүй байх тул нэхэмжлэгчид буцаан өгсөн нь үндэслэлтэй. ...” гэсэн дүгнэлт хийжээ.

11. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөрүүгүй дүгнэсэн боловч хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх талаарх хуулийг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэсэн, энэ тухай нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан гомдлын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т зааснаар хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.

12. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч А” ТБАГУТҮГ-ын хооронд 2019.10.02-ны өдрийн Э-А-19/15 дугаартай “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутагт баригдах Архангай аймаг дахь М-ийн “Спорт заалны барилга”-ын зураг төсөл боловсруулах гэрээ байгуулагдаж, гэрээгээр нэхэмжлэгч “Э” ХХК нь “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутагт баригдах Архангай аймаг дахь М-ийн “Спорт заалны барилга”-ын зураг төсөл боловсруулах, хариуцагч А нь 48,790,968 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн, нэхэмжлэгчээс зургийг боловсруулж, хариуцагч байгууллагад хүлээлгэн өгсөн боловч уг ажлын зардал нь төсөвт тусгагдаагүй үндэслэлээр ажлын хөлсийг төлөөгүй тухай үйл баримт тогтоогдсоныг хоёр шатны шүүх зөв дүгнэсэн.

13. Нэхэмжлэгч шаардлагаа үндэслэхдээ хариуцагчийг хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан буруутай гэж үзэж, гарсан зардлыг хохирол гэж нэхэмжилсэн ба хариуцагч зохих байгууллагад уг ажлын төсвийг шийдвэрлүүлэх талаар удаа дараа мэдэгдэж, өөрөөс шалтгаалах арга хэмжээг авсан тул буруугүй, зургийг ашиглаагүй гэжээ.

Эндээс үзвэл зохигч гэрээ хүчин төгөлдөр бус болох талаар маргаагүй, харин хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай эсэх, улмаар учирсан хохирлыг төлөх эсэх асуудлаар маргасан байна.

14. Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан 2019.10.02-ны өдрийн Э-А-19/15 дугаартай “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутагт баригдах Архангай аймаг дахь М-ийн “Спорт заалны барилга”-ын зураг төсөл боловсруулах гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэж, гэрээний харилцааг зөв тодорхойлсон, түүнчлэн хоёр шатны шүүх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тогтоосон нь үндэслэлтэй.

Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ.

Хоёр шатны шүүх зохигчийг гэрээ байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 оны/ 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д заасныг буюу захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна гэснийг зөрчиж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан босго үнээс бага өртөгтэй бараа ажил үйлчилгээнд хамаарахгүй байхад шууд худалдан авах ажиллагаа явуулсан үндэслэлээр хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

15. Харин хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдийн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргийн талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг залруулна.

16. Анхан шатны шүүх хариуцагчийг хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай гэж үзэж зарим зардлыг хохиролд гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу биш боловч хохирлын талаарх зарим нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, нотлох баримтаар тогтоогдсон гэж үзсэн хохирлыг бүхэлд нь хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д нийцээгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийснээс учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар зохицуулсан тул анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг хэрэглэсэн байгааг залруулна.

17. Давж заалдах шатны шүүх “...төрийн байгууллага хууль биелүүлэх үүрэгтэй ч барилгын зураг төсөл боловсруулах зэрэг нарийн мэргэжлийн мэдлэг, мэдээлэл дутмагийн улмаас тухайн асуудлаар зөвлөх үйлчилгээ авах хүсэлтээ илэрхийлж, итгэл хүлээлгэж гэрээ байгуулах санал гаргасан, энэ тохиолдолд “Э” ХХК нь мэргэжилтний хувьд илүү өндөр хариуцлага хүлээх, анхаарал болгоомжтой хандах ёстой байтал хууль бус ажил гүйцэтгэхээр гэрээ хийсэн нь түүнийг илүү гэм буруутай...” гэж дүгнэсэн нь дээрх хуульд заасан хэлцэл хийсэн буруутай этгээд гэдгийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болоогүй.

18. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх бөгөөд уг хохирлын хэмжээ нь гэм буруутай этгээдийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой, түүнээс хамаарч учирсан зардал, алдагдал, гэмтэл, олох ёстой орлого байна.

19. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар худалдан авах ажиллагаа нь тендер шалгаруулалтын үндсэн дээр явагдах бөгөөд энэхүү нөхцөл шаардлагыг талууд баримтлаагүй гэрээ байгуулж, улмаар нэхэмжлэгч гэрээний дагуу зураг төслийг гүйцэтгэж 2019.08.16, 2019.12.26-ны өдрүүдэд “Ажлын зураг хүлээлцэх” акт үйлдэж хүлээлгэн өгсөн, 2019.12.13-ны өдөр Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлт гарсан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2022.03.10-ны өдрийн 03/604 дүгээр албан бичгээр Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Ц-д М-ийн төвийн захирал Д.Т-ийн хүсэлтийн дагуу тус төвийн спорт заал барих барилгын ажлын зургийг /эх хувь/ шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

Түүнчлэн хариуцагч байгууллагын зүгээс спорт заал байхгүй, түүнийг шинээр бариулах хэрэгцээ шаардлага байсан, энэ талаар төсөв, хөрөнгийг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтанд удаа дараа хандаж байсан.

Тухайлбал, Архангай аймаг дахь М-өөс Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайд Ё.Б-т 2019.05.20, 2019.10.23, 2021.09.27, 2022.02.15-ны өдөр нийт 4 удаа, Улсын Их Хурлын гишүүн Ж.М-д 2019.10.23 2020.09.21, 2021.05.24, 2022.02.15-ны өдөр нийт 4 удаа, Улсын Их Хурлын гишүүн Г.Т-д 2020.09.21, 2022.02.15-ны өдөр нийт 2 удаа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Э-д 2022.02.09, 2022.02.15-ны өдөр нийт 2 удаа, Боловсрол, шинжлэх ухааны яамны санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга О.Х-д 2022.11.22-ны өдөр, Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ө-т  2019.05.20, 2021.03.09, 2022.02.15 нийт 3 удаа, ХНХЯ-ны сайд С.Ч-т  2019.05.20-ны өдөр, ХНХЯ-ны ХОҮ хэлтэст 2020.04.28-ны өдөр, ХНХЯ-ны СХОГазарт 2021.04.20-ны өдөр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.А-д 2021.03.09-ний өдөр, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Б-д 2022.02.14-ний өдөр, Архангай аймгийн Засаг дарга Ц.М-д 2019.11 сард тус тус хандсан нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан энэ талаарх албан бичгээр тогтоогдсон.

20. Талууд хэн аль нь гэрээ байгуулахаас өмнө захиалагч байгууллага нь төрийн байгууллага албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар болох нь тодорхой байсан, энэ тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар худалдан авах ажиллагаа нь тендер шалгаруулалтын үндсэн дээр явагдах учиртайг зохигч мэдэх ёстой, гэрээнээс үүсэх аливаа эрсдэлийг тооцоолох байсан, энэ нь гэрээний талуудад хэн алинд хамааралтай тул зөвхөн нэхэмжлэгчийг дангаар буруутай гэж үзэх нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ.” гэж заасанд нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид эрх, үүргээ сайн дураар шударгаар гүйцэтгэх ёстой бөгөөд нөгөө тал үүргээ гүйцэтгэхэд нь өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг хууль буюу гэрээнд заасны дагуу авах ёстой.

Иймээс гэрээ хуульд заасан шаардлагыг хангаагүй, хууль зөрчсөн байгаад хариуцагчийг буруугүй гэж үзэх үндэслэлгүй ба хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэнд талуудын хэн алиныг буруутай гэж үзэх тул хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон хохирлын хэмжээг тэнцүү хариуцуулах нь зүйтэй.

21. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дараах зардлыг хохиролд тооцож нийт 51,528,138 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнд:

“21.1. “Л” ХХК-аар спорт заалны барилгын талбайн инженер, геологийн ажлыг хийж гүйцэтгүүлсний төлбөрт 4,500,000 төгрөг,

21.2. “Ц” ХХК-д спорт заалны барилгын гадна дулааны ажлын зургийг боловсруулах ажлын төлбөрт 2,000,000 төгрөг,

21.3. Спорт заалны барилгын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн инженер болон архитектор, хянаж шалгасан инженер нарын цалин хөлсөнд 21,488,538 төгрөг,

21.4. Архангай аймгийн Онцгой байдлын газраар хянуулж дүгнэлт гаргуулсан тэмдэгтийн хураамжид 100,000 төгрөг,

21.5. Зураг төслийн магадлалын төлбөрт 2,217,780 төгрөг,

21.6. Нормчлолын сангийн шимтгэлд 87,824 төгрөг,

21.7. Менежмент удирдлагын зардалд 6,733,828 төгрөг,

21.8. Өмгөөлөгчийн хөлсөнд 1,500,000 төгрөг,

21.9. Албан томилолтын зардалд 2,857,749 төгрөг,

21.10. Барилгын дотор агаар сэлгэлт, цэвэр бохир усны зураг төслийг 3,500,000 төгрөгөөр “М” ХХК-аар, цахилгаан хангамж, холбоо, дохиолол, галын автоматжуулалтын зураг төслийг 3,037,419 төгрөгөөр “Т” ХХК-аар, барилга бүтээцийн ажлын зураг хийх ажлыг 1,100,000 төгрөгөөр иргэн Т.Б-ээр, барилгын нэгдсэн зураг төсөв боловсруулах ажлыг 2,100,000 төгрөгөөр иргэн Ч.Д-аар тус тус хийж гүйцэтгүүлсэн” гэжээ.

Эдгээр зардлаас анхан шатны шүүх спорт заалны барилгын талбайн инженер, геологийн ажлыг хийж гүйцэтгүүлсний төлбөрт 4,500,000 төгрөг, “Ц” ХХК-д спорт заалны барилгын гадна дулааны ажлын зургийг боловсруулах ажлын төлбөрт 2,000,000 төгрөг, спорт заалны барилгын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн инженер болон архитектор, хянаж шалгасан инженер нарын цалин хөлсөнд 21,488,538 төгрөг, зураг төслийн магадлалын төлбөрт 2,217,780 төгрөг, нормчлолын сангийн шимтгэлд 87,824 төгрөг, нийт 30,294,142 төгрөгийг хохирол гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д нийцсэн.

Харин бусад зардлын тухайд хүчин төгөлдөр бус хэлцэл хийснээс учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хохиролд хамаарах зарим нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмын дагуу үнэлээгүйг дээрх байдлаар залруулав. 

22. Дээр дурдсанаар хяналтын шатны шүүхээс хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийхэд зохигчийн хэн алиныг буруутай гэж үзсэн тул хэргийн баримтаар тогтоогдсон нийт 30,294,142 төгрөгийн хохирлын 50 хувьд ногдох хэсэг буюу 15,147,071 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, энэ хэмжэЭэр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

23. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Аийн “Спорт заалны барилга”-ын ажлын зургийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагч Ад буцаан олгохоор шийдвэрлэсэн талаар зохигч гомдол гаргаагүй тул энэ талаарх шийдлийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 211/МА2026/00012 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 301/ШШ2026/00170 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг

“Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг баримтлан хариуцагч “А” ТБАГУТҮГ-аас 15,147,071 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36,376,067 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,449 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ТБАГУТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 233,685 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ж-ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ж-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.05.22-ны өдөр төлсөн 415,566 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Н.БАЯРМАА

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                            Н.БАТЧИМЭГ

                                                                                            Э.ЗОЛЗАЯА

                                                                                            Д.ЦОЛМОН