Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 0295

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Билгүүн

улсын яллагч: О.Багшбаяр

шүүгдэгчийн   өмгөөлөгч:С.Энх-Эрдэнэ

хохирогч : Б.Болдсайхан

шүүгдэгч: О.Баянмөнх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Илжэгэн овогт Очирбаярын Баянмөнхөд холбогдуулж яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725016386 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын  15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Илжэгэн овогт Очирбаярын  Баянмөнх, 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн  хамт Баянзүрх  дүүргийн 8 дугаар хороо Ус-15-н 3-59 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 942 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж хоёр жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, РД:ЧЖ83061016,

Холбогдсон хэргийн талаар:

          О.Баянмөнх нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.Болдсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож бие махбодид нь  тархи доргилт, хамар ясны ил хугарал, таславчийн муруйлт, хамрын уг хэсгийн няцарсан шарх зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулсан, уг хэрэгт шалгагдаж байх хугацаандаа давтан үйлдлээр буюу 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Б.Болдсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож биед нь хамар ясны далд хугарал, хамарт няцарсан шарх зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

  Шүүгдэгч О:Баянмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 12.00 цагийн орчимд би байрныхаа улсуудтай жоохон архи уусан. Болдсайхан тэр өдөр жоохон уусан ирсэн. Тэгээд нийлээд 5 дугаар байрны 5 давхарын 00 тоотод Балчиндорж гэдэг айлынд орж архи уусан. Архи ууж байсан чинь Болдсайхан өмнөх Нэргүйгийн хэргээс болж надтай маргалдсан. Тухайн үед хамар руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд би гараад  хажуу талых нь Батсүхийнд орсон. Тэгсэн 2 цагдаа ирээд намайг аваад явсан.2017 оны 1 дүгээр  сарын 8-ны өдөр манай найз Хуягбаатар бид 2  Болдсайхантай утсаар яриад учираа олъё, нэг байрны улсууд байна гээд Болдсайханыг дуудсан. Тэгээд Болдсайхан ирээд бид 2 нэг шил архи уусан. Ууж байгаад тэгээд хоорондоо дахиад маргалдсан, Болдсайхан намайг чи миний хамрыг янзалж өгөхгүй бол би чамайг шоронд чинь оруулна гэж хэлсэн. Би дараагийн үйлдэл дээр бол цохиогүй. Маргалдаад тэгээд явах гэсэн намайг араас зуураад байсан би гарыг нь тавиулахгээд гарыг нь өчсөн чинь өөрөө боржурын хажуу талын цасан дээр нүүрээрээ газар унасан. Тэгээд би орхиод гэр рүүгээ орсон гэв.

  Хохирогч Б.Болдсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Баянмөнх тэр байрны уудаг хэдэн улсуудтай дэлгүүрт зогсож байсан. Намайг нэг шил архи аваад өг гэхээр нь би нэг шил архи авч өгсөн. Тэгсэн бас нэг байрны ах пиво, архи нэмж авсан тэгээд гараад хажуу талын орцонд орсон. Архи, пиво авч өгсөн ах орцонд орж 100 гр татчихаад өөрөө яваад өгсөн. Тэгээд ууж байгаад тэр орцонд Баянмөнх, Нэргүй 2 маргалдаж цохилцсон тэр үед  Баянмөнх, Нэргүй бид 3 үлдээд бусад нь зугтаад гараад явсан. Би айл орж ус гуйж аваад тэр хоёрын цусыг угааж өгсөн. Тэгтэл дараа нь Нэргүй Баянзүрх дүүргийн цагдаагийн газар өргөдөл өгсөн байсан.  Асуудал яг юунаас болсон гэхээр Баянмөнх, Нэргүй 2 нийлээд намайг Нэргүйг зодсон гэж хэлсэн байсан. Тэр хэрэг нь над дээр хаагдсан. Дараа нь би Баянмөнхөд архи ууж байгаад хэлсэн, чиний хэргийг би хаасан шүү гэж хэлсэн тэгсэн тэрхэн үедээ надтай маргалдаад л өнгөрсөн.   Дараа нь би таксинд явж байгаад гэрийн гадаа ирээд машинаа тавьж байсан чинь  Баянмөнх хэдэн залуучуудын хамт 2 дугаар байрны 4 дүгээр орцны үүдэнд зогсож байсан. Би гэр рүүгээ орох гэсэн чинь машинаа тавьчаад хүрээд ирээ гэж дуудсан.  Очсон чинь 2 шил найрсаг гэдэг архи авсан байсан. Баянмөнх хоёулаа айлд орж уулзаадахъя гэсэн тэгээд би дагаад орсон. Тэгээд айлд ороод Нэргүйг хэн зодсон талаар маргаан дахиад эхэлсэн.Тэгээд би гарах гэсэн намайг нөгөө хэд нь гаргахгүй байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан энд асуудал болох гээд байна гэж. Цагдаа дуудлага хүлээн авлаа одоо очлоо гэсэн. Тэгээд жоохон байж байгаад дахиад гарах гэсэн чинь намайг Баянмөнх цохисон. Нүүрээ дараад сууж байсан чинь удалгүй цагдаа орж ирээд Баянмөнхийг аваад явсан. Дараа нь 2017 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр би халтуур хийгээд явж байхад Хуягбаатар надруу залгаад би Баянмөнхтэй хоёулаа байж байна та хоёр нэг байрны улсууд учир зүгээ олчихоо гээд дуудсан. Би тэгээд байрны гадаа ирсэн. Тэр хоёрт мөнгө байхгүй байсан. Тэгээд би дэлгүүр ороод нэг шил архи аваад учраа олж  байгаа нь сайхан учираа олчихъё гэсэн. Тэр архиа ууж байхдаа би Баянмөнхөд чи хамар янзлаад өгчихөө тэгвэл би өргөдөлөө буцаагаад авчихъя гэсэн Баянмөнх за тэгье гэж бид хоёр тохирсон.Тэгээд нөгөө ууж байсан архи дуусчихаар нь нэмж архи аваад уусан. Тэрийгээ ууж байгаад дахиад маргалдсан. Дараагийн болсон явдал дээр Баянмөнх цохъё гэж цохиогүй бид хоёр жоохон маргалдаад би Баянмөнхийн гар, куртикнээс  зуурсан чинь Баянмөнх гар тавиулах гээд гараа татсан чинь би өөрөө халтираад унасан. Одоо миний хацрын яс цөмөрсөн, хамар хугарсан байгаа. Би Баянмөнхийг мөрдөн байцаалтын шатанд байхад хэлж байсан чи  өөрөө дуртай эмнэлэг рүүгээ дагуулж очоод ямар ч үнэ ханш нь хамаагүй хагалгаанд оруулаад өг, хацрынхаа ясыг татуулчихвал хамар бол яахав гэж зөндөө гуйсан. Би өөрөө мөнгө төлөөд орьё гэхээр саяхан аавынхаа тэтгэвэрийг зээлээд машин авсан боломжгүй байгаад байна. Баянмөнх нь хохиролыг ажил хийж байгаад  төлнө гэж байна, удахгүй цалин нь бууна гэж байна. Иймд гомдол санал байхгүй гэв.

         Шүүгдэгч  О.Баянмөнх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 11.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ус-15-ын байрны орчимд тэр хавийн залуус болох Мөнхөө, Алагаа хоёрын хамт 1 шил 750 граммын Найрсаг архийг уучихаад тэр хавиар явж байтал, найз Болдсайхантай таарсан. Бид дөрөв уулзчихаад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ус-15-ын 5 дугаар байр 5 давхарт байрлах 00 тоотод оршин суудаг Балжкагийн гэрт орсон. Тэдний гэрт Балжка болон Бат-Эрдэнэ хоёр нэг шил архи уугаад сууж байхаар нь бид дөрөв нэмэгдээд цуг суугаад ууцгаасан. Тэр үед гаднаас хөрш Батаа ах дахин нэг шил архи авч орж ирсэн. Уг архийг уучихаад нэлээд согтож байтал Болдсайхан над руу агсарч эхэлсэн. Агсам тавих болсон шалтгаан нь гэвэл 2016 оны 11 дүгээр сард Болдсайхан, Нэргүй, Балжка бид нар архидаж байхад Нэргүй, Болдсайхан нар хоорондоо маргалдаж Болдсайхан нь Нэргүйг зодчихсон юм. Уг асуудал дээр ямар нэг шалтгаангүй Болдсайхан намайг зодсон гээд л би чиний өмнөөс хэрэг даасан гээд л дандаа тэгдэг юм. Уг асуудал болдог өдөр  Болдсайхан нь 11 сард гарсан хэргийн талаар ярьж би чиний хэргийг даасан гээд миний дагз руу алгадаад авахаар нь би болилдоо гэсэн. Тэгтэл намайг ална гээд байхаар нь түүний нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Надад цохиулаад Болдсайхан нь нүүрээ дараад орны буланд суучихаар нь би нэмж зодоогүй. Тэр үед Болдсайхан цагдаа дуудаад удалгүй цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан. Би цагдаагийн хэлтэс дээр очоод зугтаачихсан юм. Уг асуудал болсноос хэд хоногийн дараа буюу 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 19.00 цагийн орчимд би найз Хуягаагийн хамт явж байгаад Болдсайханаас уучлал гуйгаад эв зүйгээ олъе гэж бодоод утас руу нь залгаад хоёулаа учраа олъе уулъя гээд Ус-15-даа уулзсан. Бид гурав уулзаад байж байхад Болдсайхан дэлгүүр ороод 0.5 литрийн  Хараа архи авч ирээд бид нар хувааж уусан. Уг архийг ууж байтал Болдсайхан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Сармисны хонхорт байх Ганаагийнд очъе гэхээр нь би хамт очсон. Тэндээс Ганааг нь аваад бид дөрөв буцаж Ус-15-д ирээд Болдсайхан дэлгүүрээс  дахин 1 шил архи авч гарч ирээд уг архийг ууцгаасан. Тэгтэл Болдсайхан намайг хүүхэн олж өг гэхээр нь би  за гэсэн. Болдсайхан, Хуягаа, Ганаа бид дөрөв Улаанбаатар зочид буудлын орчимд байдаг биеэ үнэлдэг хүүхэн авахаар яваад олоогүй учраас буцаж Ус-15-д ирсэн. Уг архийг уучихаад Болдсайхан би чамтай ер нь дахиж учраа олохгүй чамайг шоронд чинь явуулна гээд миний амруу салаавч өгөхөөр нь би  дахиад зодоон болох нь гээд зугтаасан. Тэгтэл миний куртикны араас татхаар нь би хөл рүү нь хавирч унагаачихаад зугтаачихсан. Тухайн үед Болдсайхан нүүр хэсгээрээ унах шиг болсон. Уг хэрэг болсноос хойш бид хоёр хэд хэдэн удаа уулзаж хамт архи уусан. Тэр үед Болдсайхан би өргөдлөө татаад авчихна гэж ярьж байсан. Ер нь Болдсайхан хүн болгоныг өддөг, аль болох өдөж байгаад цохиулчихдаг юм. Тэгээд мөнгө төгрөг нэхээд яваад байдаг юм. Хүний хувьд их муу хүн байгаа юм гэжээ. /хх-ийн 18/

          Хохирогч Б.Болдсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 10.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ус-15-ын орчимд гэрийнхээ ойролцоо байхад манай найз Баянмөнх нь ойр хавийн уудаг хэдэн нөхдүүдтэй зогсож байсан ба намайг дуудаад хөгшөөн хоёулаа ийшээ ороод уулзаадхий гэж хэлээд намайг Ус-15-ын 5 дугаар байр 1 дүгээр орц, 5 давхарт байх Балжаа гэх айлын гэрлүү дагуулж орсон. Тэдний гэрт ер нь л ойр хавийн уудаг хүмүүс цугладаг ба тухайн өдөр ч мөн адил байсан. Тэгээд бид нар тэнд 2 шил 750 граммын Сайхан архийг хувааж уусан. Уг архийг ууж байхдаа би түүнд хандаж чи урьд өмнө нь хогийн зан гаргаж хүн зодчихоод намайг гүтгээд гэж хэлтэл Баянмөнх за би чамайг одоо алнаа гээд шууд агсарсан. Тэгэхээр нь би түүнд зодуулчихаж магадгүй юм байна гэж бодоод цагдаагийн 102 дугаарын утас руу залгаж намайг хүн зодох гээд байна гээд дуудлага өгчихөөд сууж байтал Баянмөнх над руу агсараад байхаар нь би явлаа гээд босоод хажуугаар нь гарах гэтэл Баянмөнх шууд миний нүүрэн тус газарт 2 удаа цохиж гэмтээсэн. Тэр үед гэрт байсан Дагваа, сахал Мөнхөө нар бүгд байсан тэд бүгдээрээ харсан. Тэгээд би цохиулчихаад цусаа гоожуулаад байж байтал цагдаа нар ирээд бид нарыг авч явсан. 2016 оны 11 дүгээр сард манай Ус-15-ын орчмын хүмүүс болох Нэргүй, Баянмөнх бид нар архи ууж байгаад Нэргүй, Баянмөнх хоёр маргалдаад Баянмөнх нь Нэргүйг цохьчихсон юм. Тэгчихээд дараа нь намайг Нэргүйг цохьсон гээд гүтгээд байсан юм. Би уг маргаан болсон өдөр энэ талаар л ярьсан юм. Тэгтэл уурлаад маргалдаад намайг цохисон юм гэжээ. /хх-н7-12 /

          Хохирогч  Б.Болдсайхан мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: 2017 оны 1 дүгээр сарын 8-ний өдөр 16.00 цагийн орчим Хуягаа гээд Баянмөнхийн найз залгаад бид 2 хамт байна уулзая гэсэн тэгэхээр нь би 20.00 цагийн орчим Ус-15-д очоод Баянмөнх, Хуягаа 2-той миний машинд орж ирээд уулзсан тэр хоёр нэг шил архи аваад орж ирсэн ба бид нар түүнийг нь хувааж уусан. Бид нар хоорондоо эмнэлгээр яваад эмчилгээний зардлаа гаргаж өгчих өргөдлөө авчих гэж Баянмөнх гуйж байсан. Би за тэгий гээд бид нар зөвшилцөж байтал Хуягаа явсан. Баянмөнх миний машиныг унаад явж байгаад Ус-15-ын 2 бацааныг дуудаад машинаа бариулж байсан. Баянмөнх бид хоёр хойд суудал дээр сууж байтал Баянмөнх надтай маргалдаад дахин миний хамар луу 1 удаа цохисон. Би машинаасаа буугаад зугтаасан ба цагдаа дуудсан. Цагдаагийн хэлтэс дээр иртэл хамраас гарч байсан цус тогтохгүй байсан тул эмнэлэгт очиж 2 оёдол тавиулсан. Би одоо хацраа янзлуулах гэхээр 1.500.000 төгрөг хэрэгтэй байгаа. Үүнийг Баянмөнхөөр төлүүлмээр байна гэжээ. /хх-н 48-50 /

          Б.Болдсайхан,О:Баянмөнх нараас асууж авсан тайлбар/ хх-н 5-6/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 7-9/

Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 1855 тоот Дүгнэлт:

          1.Б.Болдсайханы биед тухайн үед хамар ясны далд хугарал, хамарт няцарсан шарх гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтлүүд нь 2017.01.08-нд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-н 13/

Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 1203 тоот Дүгнэлт:

1.Б.Болдсайханы биед тархи доргилт, хамар ясны ил хугарал, таславчны муруйлт, хамрын уг хэсгийн няцарсан шарх, хамрын уг, хоёр нүдний доод зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 14/

Шинжээч эмч С.Чулуунсүх мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: Б.Болдсайхан нь 2017 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр зодуулсан гэх ба 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр  ГССҮТөвд үзүүлсэн байсан ба уг үзлэгт хамар ясны далд хугарал, хамрын няцарсан шарх байсан. Үүнээс үзэхэд уг гэмтэл 2017 оны 1 дүгээр сарын 8-ний өдөр үүссэн байх боломжтой ба  уг  гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-н 15/

Шижнээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-н 18-19/

Гэрч Ж.Отгонбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Баянмөнх нь миний төрсөн хүү байгаа юм. Баянмөнх нь 1983 оны 6 дугаар сарын 10-ний өдөр Улаанбаатар хотод 2 дугаар төрөх эмнэлэгт Очирбаяр бид хоёрын 2 дахь хүү болон мэндэлсэн юм. Баянгол дүүргийн 51 дүгээр дунд сургуулийг  1991-1999 он хүртэл суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд цэргийн албанд татагдаж очоод өвчний учир цэргийн албанаас чөлөөлөгдөөд Илчит тэрэгний Депо-д засварчингаар ажилд ороод тэндээ ажиллаж байгаад 2016 онд цомхотголоор гараад ажилгүй байж байгаад одоо Хос ирвэс гэрээт харуул хамгаалалтын албанд ажиллаж байгаа юм. 2013 онд Ялалт гэдэг эмэгтэйтэй гэр бүл болоод 2 хүүхэдтэй болсон. Одоо Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Ус-15 3-59 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Зан байдлын хувьд эцэг эхийнхээ үгэнд ордог, ажилсаг нямбай сайн хүү байгаа юм. Ажилгүй болохоор архи дарс уугаад байгаа байх гэжээ. /хх-н 51-52

Гэрч О.Амгалан мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: Баянмөнх миний төрсөн ах байгаа юм. Баянмөнх 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод 2 дугаар төрхөд төрсөн. Баянгол дүүргийн 51 дүгээр дунд сургуулийг  1991-1999 он хүртэл суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд цэргийн албанд татагдаж очоод өвчний учир цэргийн албанаас чөлөөлөгдөөд Илчит тэрэгний Депо-д засварчингаар ажилд ороод тэндээ ажиллаж байгаад 2016 онд цомхотголоор гараад ажилгүй байж байгаад одоо Хос ирвэс гэрээт харуул хамгаалалтын албанд ажиллаж байгаа юм. 2013 онд Ялалт гэдэг эмэгтэйтэй гэр бүл болоод 2 хүүхэдтэй болсон. Одоо Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Ус-15 3-59 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Зан байдлын хувьд эцэг эхийнхээ үгэнд ордог, ажилсаг нямбай сайн хүн байгаа юм. Ар гэртээ их халамжтай, гэрийн бүх л ажлаа хийдэг юм.  Ажилгүй болохоор архи дарс уугаад байгаа байх гэжээ.  /хх-н  53-54/

Гэрч У.Батсүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 1 дүгээр сарын 5-ний өдөр Баянмөнх, Балчиндорж, Мөнхөө бид нар уулзаад Балчиндоржийн гэрт ороод архи уусан. Тэгээд байж байтал Болдсайхан согтуу орж ирээд Баянмөнх рүү агсраад банди хошногоор нь дуудаад Нэргүйг чи зодсон биз дээ чиний өмнөөс мөнгө өгсөн гээд хэрүүл хийгээд Болдсайхан Баянмөнхийг заамдаад өдөөд байсан чинь Баянмөнх Болдсайханы нүүр орчим нэг удаа цохисон. Тэгэхээр нь бид нар салгаад би Баянмөнхийг гэртээ аваад орсон. Араас Болдсайхан орж ирэхээр нь битгий хэрүүл хий гээд Болдсайханыг гаргасан чинь цагдаа орж ирээд манайхаас Баянмөнхийг аваад гарсан. Нэргүйг Баянмөнх зодоод түүний эмчилгээний зардалыг Болдсайхан  зодсон болоод төлсөнюм шиг л юм яриад байсан. Болдсайханы нүүр хэсэг рүү Баянмөнх нэг удаа цохисон чинь түүний нүүрнээс бага хэмжээний цус гарсан тэгтэл уг цусыг Болдсайхан нүүрэндээ тараагаад байсан юм гэжээ. /хх-н 59-60/

Гэрч А.Мөнхтөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2017 оны 1 дүгээр сарын 5-ний өглөө Баянмөнх, Батаа, Балчиндорж бид нар таараад Балчиндоржийн гэрт ороод нэг шил архи хувааж ууж байсан чинь гаднаас Болдсайхан согтуу орж ирсэн. Болдсайхан Баянмөнх 2 хоорондоо маргалдаад Болдсайхан Баянмөнхийг лалар гөлөг зэргээр дуудаад ам руу нь салаавч өгөөд  байсан. Баянмөнх хохино шүү гээд нэлээн тэвчсэн боловч Болдсайхан доромжлоод байсан тул Баянмөнх босоод Болдсайханы хамар луу нэг удаа цохисон чинь Болдсайхан цагдаа дуудчихсан. Баянмөнх хажуу талын айлд сууж байсан ба цагдаа ирээд аваад явсан. Яг юунаас болоод маргалдаад байгааг нь би сайн мэдээгүй учир нь би бие засчихаад ороод ирсэн чинь л маргаан болж байсан юм гэжээ.  /хх-н 61-62/

Гэрч Л.Балчиндорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 1 дүгээр сарын 5-ний өдөр би гэртээ согтуу орж ирээд байж байтал гаднаас Батсүх, Мөнхтөр, Батхуяг, Баянмөнх нар манайд орж ирсэн. Бид нар нэг шил архи хувааж ууцгаасан. Гэтэл гаднаас Болдсайхан орж ирээд Баянмөнх тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Баянмөнх Болдсайханы нүүр хэсэг рүү нэг удаа цохиж байсан. Гэтэл Болдсайханы амнаас цус гарч байх шиг байсан би нилээн муудсан байсан болохоор сайн анзаараагүй. Нэг мэдэхэд 2 цагдаа орж ирээд байж байсан. 2016 оны 11 дүгээр сард Болдсайхан Нэргүйг зодсон  тэр үед Баянмөнх бид хоёр тэр хоёрын хажууд байсан юм. Тэгээд Нэргүй өргөдөл гаргаад Болдсайханыг шалгуулаад сүүлдээ хоорондоо зохицоод салсан гэсэн асуудлаас болоод л маргаад байсан гэжээ.  /хх-н 65-66/

         О.Баянмөнхийг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 16-19/,/ хх-н 67-70/,

        О.Баянмөнхийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 71/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/, хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 21/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 73-84/ зэрэг болно.

         О.Баянмөнх нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.Болдсайханыг би чиний хэргийг хаалгасан шүү гэж хэлсэн асуудлаас болж түүнтэй  маргалдан түүний хамар луу гараараа  цохиж бие махбодид нь  тархи доргилт, хамар ясны ил хугарал,таславчийн муруйлт, хамрын уг хэсгийн няцарсан шарх зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулсан, уг хэрэгт шалгагдаж байх хугацаандаа давтан үйлдлээр буюу 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Б.Болдсайхантай  эмнэлэгийн зардлаа гаргаад өгчих тэгээд өргөдлөө авчих гэсэн асуудал ярилцаж байгаад тохирохгүй хоорондоо  маргалдан түүний нүүр орчимд нь гараараа цохиж биед нь хамар ясны далд хургал, хамарт няцарсан шарх бүхий  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна Үүнд:

       Б.Болдсайханы биед тархи доргилт, хамар ясны ил хугарал, таславчны муруйлт, хамрын уг хэсгийн няцарсан шарх, хамрын уг, хоёр нүдний доод зовхины цус хуралт бүхий  хөнгөн гэмтэл учирсанг тогтоосон шүүх эмнлэгийн үзлэг хийсэн акт /хх-н 14/

        Хохирогч Б.Болдсайханы мөрдөн байцаалтад өгсөн … бид нар Балжаагийнд  2 шил 750 граммын Сайхан архийг хувааж уусан. Уг архийг ууж байхдаа би түүнд хандаж чи урьд өмнө нь хогийн зан гаргаж хүн зодчихоод намайг гүтгээд гэж хэлтэл Баянмөнх за би чамайг одоо алнаа гээд шууд агсарсан.  Баянмөнх над руу агсараад байхаар нь би явлаа гээд босоод хажуугаар нь гарах гэтэл Баянмөнх шууд миний нүүрэн тус газарт 2 удаа цохиж гэмтээсэн, дараа нь Баянмөнх, Хуягаа 2-той миний машинд орж ирээд уулзсан тэр хоёр нэг шил архи аваад орж ирсэн ба бид нар түүнийг нь хувааж уусан. Бид нар хоорондоо эмнэлгээр яваад эмчилгээний зардлаа гаргаж өгчих өргөдлөө авчих гэж Баянмөнх гуйж байсан. Би за тэгий гээд бид нар зөвшилцөж байтал Хуягаа явсан. Баянмөнх бид хоёр хойд суудал дээр сууж байтал Баянмөнх надтай маргалдаад дахин миний хамар луу 1 удаа цохисон. Би машинаасаа буугаад зугтаасан ба цагдаа дуудсан. Цагдаагийн хэлтэс дээр иртэл хамраас гарч байсан цус тогтохгүй байсан тул эмнэлэгт очиж 2 оёдол тавиулсан. Би одоо хацраа янзлуулах гэхээр 1.500.000 төгрөг хэрэгтэй байгаа. Үүнийг Баянмөнхөөр төлүүлмээр байна гэсэн мэдүүлэг  /хх-н 48-50 /

Гэрч У.Батсүхийн  мөрдөн байцаалтад  өгсөн … Болдсайхан согтуу орж ирээд Баянмөнх рүү агсраад банди хошногоор нь дуудаад Нэргүйг чи зодсон биз дээ чиний өмнөөс мөнгө өгсөн гээд хэрүүл хийгээд Болдсайхан Баянмөнхийг заамдаад өдөөд байсан чинь Баянмөнх Болдсайханы нүүр орчим нэг удаа цохисон. Тэгэхээр нь бид нар салгаад би Баянмөнхийг гэртээ аваад орсон. Болдсайханы нүүр хэсэг рүү Баянмөнх нэг удаа цохисон чинь түүний нүүрнээс бага хэмжээний цус гарсан тэгтэл уг цусыг Болдсайхан нүүрэндээ тараагаад байсан юм гэсэн мэдүүлэг  /хх-н 59-60/

Гэрч А.Мөнхтөрийн  мөрдөн байцаалтад өгсөн …. Болдсайхан Баянмөнх 2 хоорондоо маргалдаад Болдсайхан Баянмөнхийг лалар гөлөг зэргээр дуудаад ам руу нь салаавч өгөөд  байсан. Баянмөнх хохино шүү гээд нэлээн тэвчсэн боловч Болдсайхан доромжлоод байсан тул Баянмөнх босоод Болдсайханы хамар луу нэг удаа цохисон чинь Болдсайхан цагдаа дуудчихсан гэсэн мэдүүлэг/хх-н 61-62/

Гэрч Л.Балчиндоржийн  мөрдөн байцаалтад өгсөн …Болдсайхан орж ирээд Баянмөнх тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Баянмөнх Болдсайханы нүүр хэсэг рүү нэг удаа цохиж байсан. Гэтэл Болдсайханы амнаас цус гарч байх шиг байсан би нилээн муудсан байсан болохоор сайн анзаараагүй. гэсэн мэдүүлэг/хх-н 65-66/

Шүүгдэгч О.Баянмөнхийн өгсөн … Архи ууж байсан чинь Болдсайхан өмнөх Нэргүйгийн хэргээс болж надтай маргалдсан. Тухайн үед хамар руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд би гараад  хажуу талых нь Батсүхийнд орсон. Тэгсэн 2 цагдаа ирээд намайг аваад явсан.2017 оны 1 дүгээр  сарын 8-ны өдөр манай найз Хуягбаатар бид 2  Болдсайхантай утсаар яриад учираа олъё, нэг байрны улсууд байна гээд Болдсайханыг дуудсан. Тэгээд Болдсайхан ирээд бид 2 нэг шил архи уусан. Ууж байгаад тэгээд хоорондоо дахиад маргалдсан, Болдсайхан намайг чи миний хамрыг янзалж өгөхгүй бол би чамайг шоронд чинь оруулна гэж хэлсэн. Би дараагийн үйлдэл дээр бол цохиогүй. Маргалдаад тэгээд явах гэсэн намайг араас зуураад байсан би гарыг нь тавиулах гээд гарыг нь өчсөн чинь өөрөө боржурын хажуу талын цасан дээр нүүрээрээ газар унасан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

         Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

          О.Баянмөнх нь Б.Болдсайхантай Нэргүйг зодсон хэргийг чинь би дааж хаалгасан гэсэн асуудал ярилцаж байгаад маргалдан нэг удаа хамар луу цохисон, мөн дараа нь цагдаад өгсөн өргөдлөө авчих би зардлыг төлье гэж гуйж очоод ярилцаж байхдаа тохиролцож чадалгүй  маргалдан зууралдаж байхдаа гарыг нь өчсөнөөс газар харуулдан унаж хамраа гэмтээсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон,түүний энэ үйлдлүүдийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цохисноос  тархи доргилт, хамар ясны ил хугарал, таславчны муруйлт, хамрын уг хэсгийн няцарсан шарх, хамрын уг, хоёр нүдний доод зовхины цус хуралт бүхий  хөнгөн гэмтэл учирсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2  дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

         Иймд  О.Баянмөнхийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэргийг давтан үйлдлээр  үйлдсэн  гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.2  дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Болдсайхан нь эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг нэхэмжилсэн ба энэ зардал нь одоогоор гарсан бодитой зардал биш байна. Иймд гарсан үед нь нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч О.Баянмөнх нь эмчилгээний зардалд 120.000 төгрөг төлсөн ба үлдэх хохирлыг ажилд орсон, цалин буумагц  бүрэн төлж барагдуулах талаар хоорондоо тохиролцсон болно.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, О.Баянмөнх нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр  гэмт хэрэг үйлдсэн , үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан албадан ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг мөн харгалзан үзэв.

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Илжэгэн овогт Очирбаярын  Баянмөнхийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэргийг давтан үйлдлээр  үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.2  дахь хэсэгт зааснаар  О.Баянмөнхийг 300 /гурван зуун/  цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн  50.3 дахь хэсэгт зааснаар О.Баянмөнх нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурьдсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, О.Баянмөнх нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурьдсугай.

5.Хохирогч Б.Болдсайханд эмчилгээний зардалд 120.000 төгрөг төлсөн ба хохирогч цаашид гарах зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Баянмөнхөд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                С.ПҮРЭВСҮРЭН