Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/00282

 

2022 оны 01 сарын 31 өдөр                           Дугаар 102/ШШ2022/00382                           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ...-р хороо, Б... тоотод оршин суух, “Та...” ХХК-д өрмийн мастер ажилтай, регистр ...., Б... ургийн овогтой Л...ийн Ч,

            Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, ..-р хороолол, ХД-86 байр, ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр  ..., Б. ургийн овогтой О.ийн Э,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн хүүг 3 хувь болгож бууруулах, хүүнд төлсөн 16 200 000 төгрөгийг зээлд төлснөөр тооцуулах тухай,

Сөрөг нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 22 500 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б. нар оролцов.                            

                                   

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.Ч... нь О.Э...т холбогдуулан зээлийн гэрээний хүүг 3 хувь болгож бууруулах, хүүнд төлсөн 16 200 000 төгрөгийг зээлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

О.Э...тай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1 жилийн хугацаатай 15 000 000 төгрөг зээлсэн. Энэ гэрээгээр хүү тохироогүй. 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гэрээнд өөрчлөлт оруулж сарын 4,5 хувийн хүүтэй болгож, хугацаа нь хэвээрээ гэж өөрчилсөн. Энэ хугацаанд хүүг төлж байсан боловч зээлээ төлж чадахгүй болж 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 4,5%-ийн хүүтэйгээр гэрээг сунгасан. Гэтэл цар тахлын улмаас ажил зогссон учраас хүү болон үндсэн зээлээ төлж чадахгүй байгаа. Ковид цар тахалтай холбоотой түүнээс урьдчилан сэргийлэх Нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаалан зээлдүүлэх газар болон иргэд хоорондын зээлийг зохицуулахдаа 14.1.4 дэх хэсэгт зээлийн хүүг 3%-иар, алдангийг 0,2%-иас дээш хэтрүүлэхгүйгээр төлөх эрхтэй бөгөөд нэмэгдэл хүү, шимтгэл хураамжаас чөлөөлөх эрхтэй байхаар зохицуулсан байна. Иймд зээлийн хүүг 3 хувь болгон бууруулж, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 24 сарын хугацаанд төлсөн 16 200 000 төгрөгийг зээлд төлснөөр тооцож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч хариу тайлбартаа: Талууд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1 жилийн хугацаатай 15 000 000 төгрөгийг сарын 4,5%-ийн хүүтэй зээлж зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч зээлээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-ийн алданги тооцохоор талууд тохиролцож нотариатаар баталгаажуулсан. Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасны дагуу талууд тохиролцон гэрээ байгуулсан учраас хэн аль нь хүлээн зөвшөөрсөн хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн гэж үзэж байгаа. Талуудын хүсэл зоригоос үндэслэсэн гэрээнээс үзэхэд шүүх хөндлөнгөөс оролцон гэрээний нөхцөлийг өөрчилж зээлийн хүүг тогтоох хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            3.Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээний үүрэгт 22 500 000 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Талууд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1 жилийн хугацаатай 15 000 000 төгрөгийг 1 сарын 4,5%-ийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1 жилээр сунгаж нотариатаар гэрчлүүлсэн. Зээлдэгч нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй байсан тул 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр барьцааны гэрээ байгуулж Ү2203... улсын бүртгэлийн дугаартай 116 м.кв орон сууц, Г2203... улсын бүртгэлийн дугаартай 600 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан. Тус барьцааны гэрээ хуулийн шаардлага хангаж улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тухайн үед зээлдэгч нар орон сууцыг 8 000 000 төгрөг, газрыг 9 000 000 төгрөгөөр үнэлж барьцаалсан. Зээлдэгч нарын хүсэлтээр удаа дараа хүүг бууруулж байсан. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нар үндсэн төлбөрөөс мөнгө төлөөгүй зөвхөн хүү төлж байсан. Гэрээний дагуу 0,5%-ийн алданги тооцож 50%-иас хэтрэхгүй байгаа учраас 7 500 000 төгрөгийн алданги тооцсон. Иймд зээлдэгчээс үндсэн зээл 15 000 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг нийт 22 500 000 төгрөгийг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

            4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зээлийн хугацааг хэтрүүлж төлж байгаагүй, 2-3 хоног хэтрүүлдэг байсан нь үнэн. Анх хүү тохироогүй байхад 4 725 000 төгрөг төлсөн. Түүнээс гадна хуулиар 3 хувийн хүү тооцуулж, төлсөн төлбөрөө хасуулах, үлдэх төлбөрийг төлөх бодолтой байгаа гэжээ.

            5.Нэхэмжлэгчээс   2019.10.16-ны өдрийн зээлийн гэрээ, 2020.05.21-ний өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2020.12.21-ний өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх 6-8/, ХААН банкны дансны хуулга /хх 15-36, 65/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх 71/, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх 72-75/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 79-81/ зэрэг баримтуудыг,

хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд 2019.10.16-ны өдрийн зээлийн гэрээ, 2020.05.21-ний өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2020.12.21-ний өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх 42-45/, 2020.05.21-ний барьцааны гэрээ /хх 46-47/, ХААН банкны дансны хуулга /хх 52-56/ зэрэг баримтуудыг тус тус гаргажээ.                                                                                                      

                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 11 182 500 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ. О.Э...аас зээлсэн 15 000 000 төгрөгийн хүүнд 16 200 000 төгрөг төлсөн. Гэтэл цар тахлын улмаас ажил зогссон учраас хүү болон үндсэн зээлээ төлж чадахгүй болсон. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаалан зээлдүүлэх газар болон иргэд хоорондын зээлийн хүүг 3%-иас, алдангийг 0,2%-иас хэтрүүлэхгүйгээр төлөх эрхтэй бөгөөд нэмэгдэл хүү, шимтгэл хураамжаас чөлөөлөх эрхтэй байхаар зохицуулсан. Энэ үндэслэлээр зээлийн хүүг 3 хувь болгох, зээлийн хүүнд төлсөн 16 200 000 төгрөгийг зээлд төлснөөр тооцуулахаар шаардсан байна.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...Иргэний хуулийн 195 дугаар зүйлд зааснаар талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлж гэрээ байгуулсан. Шүүх хөндлөнгөөс оролцож талуудын хүсэл зоригоос гадуур гэрээний нөхцөлийг өөрчилж зээлийн хүүг тогтоох үндэслэлгүй гэжээ.

 

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлжээ. Талууд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1 жилийн хугацаатай 15 000 000 төгрөгийг 1 сарын 4,5%-ийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1 жилээр сунгаж нотариатаар гэрчлүүлсэн. Зээлдэгч нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй байсан тул 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр барьцааны гэрээ байгуулж Ү-2203....улсын бүртгэлийн дугаартай 116 м.кв орон сууцыг 8 000 000 төгрөгөөр, Г-2203... улсын бүртгэлийн дугаартай 600 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг 9000 000 төгрөгөөр үнэлж тус тус барьцаалсан, барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн. Зээлдэгч нарын хүсэлтээр удаа дараа хүүг бууруулж байсан, зээлээс төлөөгүй, зөвхөн хүү төлсөн. Иймд зээлдэгчээс үндсэн зээл 15 000 000 төгрөг, гэрээний дагуу 0,5%-ийн алданги тооцож 50%-иас хэтрэхгүй хэмжээний алданги 7 500 000 төгрөг нийт 22 500 000 төгрөгийг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

 

5.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...зээлийг 2-3 хоног хэтрүүлдэг байсан, анх хүү тохироогүй байхад 4 725 000 төгрөг төлсөн. Түүнээс гадна хуулиар 3 хувийн хүү тооцуулж, төлсөн төлбөрөө хасуулах, үлдэх төлбөрийг төлнө гэжээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019.10.16-ны өдрийн зээлийн гэрээ, 2020.05.21-ний өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2020.12.21-ний өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2020.05.21-ний барьцааны гэрээ, ХААН банкны дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

 

Л.Ч нь О.Э..тай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлжээ.

Талууд зээлийн гэрээнд 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж,  гэрээний 3.1-ийн 1-д “гэрээний 3.3 дахь хэсэг сар бүр хүүтэй гэж хувь оруулаагүй байсныг сар бүр 4.5 хувийн хүүтэй гэж өөрчлөх бөгөөд сар бүр 4.5 хувийн хүү төлөхөөр тохирсон байна.

Түүнчлэн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлийн Ү-2203.... дугаарт бүртгэгдсэн, Л.Ч...ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, Бэлхийн 3... тоот 116 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2203.. дугаарт бүртгэгдсэн 600 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан, барьцааны гэрээг бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Талууд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ хийж гэрээний хугацааг 1 жилийн хугацаагаар буюу 2021 оны 10 дугаар сарын 16-ыг хүртэл хугацаагаар сунгасан байна. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр байна.

Талууд зээлийн гэрээгээр 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн болон барьцааны гэрээний талаар маргаагүй байна. Гагцхүү   2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээг “хүү төлөхөөр” байгуулсан эсэх, нэмэлт өөрчлөлт оруулах хүртэлх хугацаанд төлсөн 4 875 000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн эсхүл, зээлд төлсөн, тогтоосон хүүг 3 хувь болгох, төлсөн мөнгийг зээлд төлснөөр тооцуулах талаар маргажээ.

Зохигч 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний 3.3-т “хүүтэй” гэж заасан боловч хувь хэмжээ тогтоогоогүй байсныг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний гэрээний 3.1-ийн 1-д “гэрээний 3.3 дахь хэсэг сар бүр хүүтэй гэж хувь оруулаагүй байсныг сар бүр 4.5 хувийн хүүтэй” гэж өөрчилснөөр энэ үеэс хүү тогтоосон гэрээг бичгээр хийсэн гэж үзнэ.

Зээлдэгч Л.Чу...ын зээлийн гэрээний үүргийг дараах байдлаар тодорхойллоо. Үүнд:

-Үндсэн зээл 15 000 000 төгрөгөөс  хүү тогтоосон өөрчлөлт оруулах хүртэлх хугацаанд төлсөн 4 875 000 төгрөгийг зээлээс төлөгдсөнд тооцож, зээлээс 10 125 000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Төлсөн үнийн дүнгийн талаар талууд маргаагүй.

-2020 оны 5-р сарын 21-нээс 2020 оны 10-р сарын 16-ныг хүртэл сар бүр 4.5 хувийн төлөх ба хүү 455 625 төгрөгийг 5 сараар тооцвол 2 278 125 төгрөг болно.

-2020 оны 10-р сарын 16-наас 2021 оны 10-р сарын 16-ныг хүртэл төлөх хүү 5 467 500 төгрөг болно.

-Зээл 10 125 000 төгрөг, хүү 2 278 125 төгрөг, хүү 5 467 500 төгрөг нийт 17 870 625 төгрөгийг гэрээний хугацаа дуусахад төлж дуусгах үүрэгтэй байжээ. Үүнээс гэрээний хугацаанд төлсөн 10 375 000 төгрөгийг хасч 7 455 000 төгрөгийг төлөөгүй гэж үзнэ. Төлсөн 10 375 000 төгрөгийн талаар талууд маргаагүй.

-Гэрээний 3.7-д зааснаар зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон тул 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 3 727 500 төгрөг  нийт 11 182 500 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

   Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт барьцаалан зээлдүүлэх газар болон иргэд хоорондын зээлийн хүүг 3%-иас, алдангийг 0,2%-иас хэтрүүлэхгүйгээр байхаар тогтоосон бөгөөд энэ нь иргэд хоорондын зээлд хамаарахгүй гэж дүгнэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн “төлсөн мөнгийг зээлд төлснөөр тооцуулах”  шаардлага нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэл болсон байх ба нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд нь түүний өмчлөх эрх, бүртгэлтэй холбоотой бөгөөд энэ гэрээний барьцааны зүйл байна.

Харин шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэлээ. 

 

7. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа 270 450 төгрөгийг тус тус төлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар талуудын төлсөн хураамжийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар хэмжээгээр буюу 193 870 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэлээ.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                            

                                           ТОГТООХ нь:

 

1.Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн хүүг 3 хувь болгож бууруулахыг хүссэн Л.Ч...ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

  2.Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1, 232-р зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Л...ийн Ч..аас 11 182 500 /арван нэгэн сая нэг зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж О...ийн Э.т олгож, сөрөг нэхэмжлэлээс 11 317 500 /арван нэгэн сая гурван зуун арван долоон мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Л.Ч... нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203... дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, Б... тоот 116 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2203... дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, Бэ... тоот 600 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хариуцуулсугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 56.2 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 270 450 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Ч...аас 193 870 /нэг зуун ерэн гурван мянга найман зуун дал/  төгрөг гаргуулж О.Эрдэнэбаярт олгосугай.    

 

5.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Р.АЛТАНТУЯА