Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/00246

 

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/00246

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                 

УДИРТГАЛ ХЭСЭГ

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоот хаягт оршин суух Ч.Х/РД:УД******/-ийн нэхэмжлэлтэй

 

  Хариуцагч: Хан-Уул дүүрэг,**хороо, ******* гудамж, өөрийн байранд байрлах ЗТН холбогдох

 

  Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, хэлтсийн даргыг түр орлосны нэмэгдэл цалин 220 000 төгрөг, 57 хоногийн цалин 2 420 000 төгрөг, нийт 2 640 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгч Ч.Х, түүний өмгөөлөгч М.Ө

хариуцагчийн төлөөлөгч Ц.Б, Н.Б, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Х нь хариуцагч ЗТН холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх, хэлтсийн даргыг түр орлосны нэмэгдэл цалин 220 000 төгрөг, 57 хоногийн цалин 2 420 000 төгрөг, нийт 2 640 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ч.Х нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.    Миний бие 2013 оны 3 сард А-3 ОНӨААТҮГазарт олон нийт, гадаад

харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан албан тушаалд ажилд орсон. 2014 оноос А 1-2 баазуудыг нэгтгэж, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазар болгосон. 2015 оноос уг байгууллагын ашиглалтын инженер албан тушаалд шилжиж ажиллаж байгаад тус оны 7 сараас хүүхэд асрах чөлөөний амралтаа авч, энэ хугацаанд 2 удаа амаржиж, мэргэжил дээшлүүлэхээр МУИС-д суралцсан. 2021 оны 1 сараас ажилдаа орох өргөдлөө өгч байгаад 2021 оны 4 сарын 10-ны өдөр ашиглалтын инженерээр ажилдаа орсон. Гэтэл 2021.07.08-ны өдөр бүтэц орон тоо хасагдсан НЗД-ын А/388 захирамж, байгууллагын захирлын 2021.07.08-ны өдрийн А/39 тушаалаар халагдах болж байгаа талаар мэдэгдэх хуудас өгсөн. Би дараа нь гарын үсэг зурна гэтэл зүгээр хүлээж авсан гээд зурчих гэж хэлээд гарын үсэг зуруулсан. Хүний нөөцийн ажилтнаас тушаалаа авах гэтэл тушаал гараагүй гэсэн. Маргааш нь хэлтсийн дарга нараар өчигдрийн он сараар зураад өгөөрэй гээд тушаал, захирамж өгч танилцуулаагүй зуруулж байсан. Тус байгууллага нь дотроо 1,2 дугаар баазад хуваагддаг. Миний ажиллаж байсан Тээвэрлэлт үйлчилгээний хэлтэс нь хэлтсийн дарга, ашиглалтын инженер гэсэн удирдлагаар хоёр баазын ахлах инженер, хэсгийн дарга, жолооч, шалгагч гээд 800 орчим хүн харьяалагддаг гол үндсэн үйл ажиллагаа явуулдаг хэлтэс юм. Байгууллагын шинэ бүтэц орон тоог харахад ганц хэлтсийн дарга байхаар батлагдсан байна. Гэтэл тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн орон тоог 36-гаар үндэслэлгүй хассан хэрнээ санхүүгийн бүртгэлийн хэлтэст шинээр 45 ажлын байр нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй, энэ талаар холбогдох байгууллагад нь шалгуулахаар гомдол гаргасан. Надад нэг сарын тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн боловч одоог хүртэл олгоогүй байна. Мэдэгдэл авсан хугацаанд наадмын амралт таарч, 7 сарын 20-нд ажилдаа ирээд 23-наас хэлтсийн дарга амарсан учир орлож ажиллаж байгаад 08 сарын 23-нд ажилдаа ороход нь ажлаа өгөөд тушаалаа аваад явсан. Надтай хамт мэдэгдэл авсан хүмүүс ажил хайж байгаа гээд ажилдаа ирээгүй ч мэдэгдлийн 45 хоногийн цалингаа бүтэн авсан. Ковид-19-ийн цар тахал онц байдлын зэрэг буураагүй энэ үед бага насны 3 хүүхэдтэй ээж хүнийг ажилдаа ороод 3 сар болоогүй байхад өөрийн хүсэлтийг харгалзан үзэлгүй, 1 сарын тэтгэмж өгөөд ажлаас халж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэл гаргасан.

2. Дээрх ажлаас халагдах мэдэгдэл хүлээн авсан 45 хоногийн хугацаанд буюу 7 дугаар сарын 23-ны өдрөөс хэлтсийн дарга амарсан учир дотоод журмын 9.1.3 дахь хэсэгт зааснаар хэлтсийн даргын ажлыг орлон гүйцэтгэсэн. Дотоод журмын уг заалтад зааснаар үндсэн цалингийн 20 хувиар тооцож нэмэгдэл цалин олгох ёстой байсан. Гэтэл уг нэмэгдлийг хүний нөөцийн ажилтан цалин бодоход оруулж тооцуулна гэчихээд уг нэмэгдлийг олгоогүй тул хэлтсийн даргын ажлыг түр орлон гүйцэтгэсний 20 хувийн нэмэгдлийг гаргуулах хүсэлтэй байна. Уг нэмэгдэл нь 220 000 төгрөг болно. Хэдийгээр намайг ажлаас халсан тушаал 8 дугаар сарын 23-ны өдөр гарсан ч миний бие ажлаа хэвийн үргэлжлүүлж, 10 дугаар сарын 03-ны өдөр ажлын тайлангаа хэлтсийн даргадаа өгч, 10 дугаар сарын 19-ний өдөр чамайг өөр ажилд томилж чадахгүй боллоо, тэтгэмжийг шилжүүлсэн гэхээр нь тойрох хуудсаа зуруулж, ажлаа хүлээлгэн өгсөн. Үүнийг хариуцагч тал ч хүлээн зөвшөөрч хариу тайлбартаа дурьдсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар ажил хүлээлгэн өгч, тойрох хуудас зуруулсан өдрийн ажлаас халагдсан өдөр гэж үзэх тул 8 дугаар сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 57 хоногийн цалин 2 420 000 төгрөг, нийт 2 640 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2014 онд А-3 ОНӨААТҮГ, А нэг ОНӨААТҮГ, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ууд нэгтгэн ЗТН ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулагдахад А-3 компаниас ирж байсан. 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/258 дугаар тушаалаар нэгтгэлийн Тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн ашиглалтын инженерээр шилжүүлэн ажиллуулсан. Нэхэмжлэгчид байгууллага 2015 оны 11 сарын 02-ны өдрийн Б/ 1614 тоот тушаал хүүхэд асрах чөлөөг хуулийн дагуу олгосон. Ингээд нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж ажилдаа орох хүсэлт гаргасны дагуу 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/189 дугаар тушаалаар ажилд орсон. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/388 дугаар захирамжаар байгууллагын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан ба тээвэрлэлт үйлчилгээний хэлтсээс ашиглалтын инженер гэдэг орон тоо хасагдсан. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу байгууллагын захирлын 2021 оны 07 дугаар сарын өдрийн А/39 дугаар тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу анд 45 хоногийн өмнө орон тоо хасагдсан тухай мэдэгдлийг өгсөн. Нэхэмжлэлд дурдсанаар байгууллага дотроо 1, 2 баазад хуваагдаг бөгөөд бааз тус бүр дээр ахлах инженер, 4 хэсгийн дарга ажилладаг. Баазын ахлах инженер нь хэсгийн дарга, ээлжийн инженер, тусгай үйлчилгээний жолооч нарыг удирдан ажилладаг. Хэсгийн дарга нь жолооч, шалгагч нийт 100-120 ажилтны өдөр тутмын хөдөлмөр зохион байгуулалтыг хариуцаж ажилладаг. Байгууллагын захиргаа буюу нэгтгэлд нийт 53 ажилтан ажиллаж байсан ба А/388 захирамжаар ажлын байрны давхардал буюу ажлын ачааллыг тэнцүүлэн тодорхой хэд хэдэн орон тоо хасагдсан. Тухайлбал нэгтгэлийн ерөнхий механикийн ажил үүргийн хувиар нь баазын ерөнхий механиктай ижил буюу давхацсан, нэгтгэлийн ХАБЭАА-ны албаны даргын үүргийн хувиар баазын ХАБЭАА-ны ажилтантай ижил, нэгтгэлийн ашиглалтын инженерийн ажил үүргийн хувиар нь баазын ахлах инженерийн ажил үүргийн хувиартай давхацсан нийт 10 ажлын байрыг цомхотгосон. Бааз дээр байрлан ажиллаж байгаа ахлах инженер нь нэгтгэл дээр байрлан ажиллаж байгаа хэлтсийн даргын удирдлага доор ажилладаг. Хэлтсийн дарга нь бүрийн мэдээ тайланг баазыг ахлах инженерээс авч нэгтгэн дээд шатны байгууллага буюу Нийтийн тээврийн үйлчилгээний газар болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар бусад холбогдох газруудад хүргүүлэн ажилладаг. Нэгтгэлийн хэмжээнд тээвэрлэлт үйлчилгээний хэлтэс нь 1 удирдлагатай /хэлтсийн дарга/ бааз тус бүр дээр баазын дарга, ахлах инженер гэсэн удирдлага аж байна. Өөрөөр хэлбэл олон удирдлага шаардлагагүй гэсэн бүтэц байсан нэхэмжлэгчид ажлаас чөлөөлсөн тушаалыг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гардуулсан ба байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6.4.8-д Ажлаа хүлээлгэн өгч байгаа ажилтан ажил үүргийн болон санхүүгийн, сан эд хөрөнгийн тооцоог бүрэн дуусгаж энэ тухай актыг хариуцсан албан тушаалтнаар баталгаажуулсан байна гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ажлаа хүлээлгэн өгч холбогдох эд хөрөнгө болон бусад тооцоог хийн тойрох хуудасгүй байсан учир санхүүгийн хэлтсээс ажлаас чөлөөлөгдсөн тэтгэмжийг олгоогүй гэсэн тайлбарыг хэлсэн ба 2021 оны 10 дугаар сарын 19-ны өдөр нэхэмжлэгч тойрох хуудас зуруулж тухайн өдөр нь тэтгэмжийг байгууллагаас олгосон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.  

 

Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт авагдсан 2021.08.23-ны өдрийн Б/548 дугаар тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа, 2021.12.31-ний өдрийн ЗГХЭГ/3150 дугаар албан бичгийн хариу зэрэг баримтуудыг хх-ийн 3, 89-95, ,

хариуцагч талаас 2021.07.08-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021.08.23-ны өдрийн Б/548 дугаар тушаал, 2021.4.09-ний өдрийн Б/189 дүгээр тушаал, 2015.11.02-ны өрийн Б/1614 дүгээр тушаал, 2015.02.18-ны өдрийн Б-258 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, 2021.07.08-ны өдрийн А/39 дүгээр тушаал, бүтэц орон тооны хавсралт, 2020.01.24-ний өдрийн А/07 дугаар тушаал, 2021.05.25-ны өдрийн А/388 дугаар захирамж, 2020.01.20-ны өдрийн А/36 дугаар захирамж, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.02.17-ны өдрийн 43 дугаар Засгийн газрын тогтоол, ажил хүлээлцэх хуудас, цалингийн карт, тойрох хуудас, 2017.03.13-ны өдрийн А/25 дугаар тушаал, хөдөлмөрийн дотоод журам, тогтоол, захирамжийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-ийн 14-37, 75-78, 105-145, 149, 150/

Нэхэмжлэгчийн хүсэлтээр ахлах инженер, хэлтсийн дарга, ашиглалтын инженерийн ажлын байрны тодорхойлолтууд, албан тушаалын тодорхойлолт, 2021.04.09-ний өдрийн Ч.Хтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна. /хх-ийн 60-74,146-148/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.       Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2.       Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

ЗТН ОНӨААТҮГазар нь Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн ЗТН ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай А/388 дугаар Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэж тээвэрлэлт үйлчилгээний хэлтсээс ашиглалтын инженер гэдэг орон тоо хасагдсан шалтгаанаар тус нэгтгэлийн захирлын 2021 оны 08 сарын 23-ны өдрийн Б/548 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн тул өмнө ажиллаж байсан албан тушаалын зэрэг, цалинг бууруулахгүйгээр ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх, хэлтсийн даргыг түр орлосны нэмэгдэл цалин 220 000 төгрөг, 57 хоногийн цалин 2 420 000 төгрөг, нийт 2 640 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Мөн Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамж хууль зөрчсөн талаар холбогдох байгууллагад нь гомдол гаргасан гэж тайлбарласан.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/388 дугаар захирамжаар манай байгууллагын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан ба нэхэмжлэгч Ч.Хгийн ажиллаж байсан тээвэрлэлт үйлчилгээний хэлтсээс ашиглалтын инженер гэдэг орон тоо хасагдсан. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу байгууллагын захирлын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/39 дугаар тушаалаар Байгууллагын бүтэц, орон тоо, цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай тушаал гарч, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу анд 45 хоногийн өмнө орон тоо хасагдсан ажилчдад хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг өгсөн. Ингээд 2021 оны 08 сарын 23-ны өдрийн Б/548 дугаар тушаалаар Ч.Хтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй. Харин хэлтсийн даргын ажлыг түр орлон гүйцэтгэсний 20 хувийн нэмэгдлийг гаргуулах шаардлагыг зөвшөөрч байгаа бөгөөд уг нэмэгдлийн 220 000 төгрөгийг өгөхөд татгалзахгүй. Мөн Ч.Х нь 8 дугаар сарын 23-ны өдрөөс ажилдаа ирээгүй бөгөөд энэ нь цагийн бүртгэлийн программаас ажилдаа ирээгүй тогтоогдох бөгөөд ажиллаагүй хэрнээ 57 хоногийн цалин 2 420 000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй.

 

4.    Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар

зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ч.Х А-3 ОНӨААТҮГ-т 2013 оны 04 сарын 02-ны өдрөөс олон нийт, гадаад харилцаа, хэвлэлийн ажилтнаар анх ажилд орж, 2015 оны 02 сарын 18-ны өдрийн Б/258 дугаар тушаалаар тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн ашиглалтын инженерээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэх захирлын тушаалууд, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, төлөлтийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 18-21, 93-95/

Тус газрын захирлын 2021 оны 04 сарын 09-ний өдрийн Б/189 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орох хүсэлт гаргасан Ч.Хгийн хүсэлтээр түүнийг мөн өдрөөс эхлэн Тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн ашиглалтын инженерээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан байх бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/548 дугаар захирлын тушаал гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/388 дугаар захирамж, байгууллагын захирлын 2021 оны 07 сарын 08-ны өдрийн А/39 дүгээр тушаал, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Хөдөлмөрийн гэрээний 5.1.1, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.6.1.1, 9 дүгээр зүйлийн 9.2.1.1 дэх заалтуудыг баримтлан ...ашиглалтын инженерийн албан тушаал нь бүтэц орон тоогоор хасагдсан үндэслэл зааж Ч.Хтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна.

 

Хэрэгт хариуцагч талаас Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 сарын 25-ны өдрийн А/388 дугаар захирамжийг ирүүлсэн байх ба уг захирамжаар Нийслэлийн ЗТН ОНӨААТҮ Газрын бүтэц, орон тооны хязгаарт өөрчлөлт оруулсныг хавсралтаар баталж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны Нийслэлийн ЗТН ОНӨААТҮ Газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай А/36 дугаар захирамжийг хүчингүй болгож, нийт 1532 орон тоог, 1466 болгож бууруулж тогтоосон байна./хх-ийн 30-37/

Дээрх захирамжийн дагуу Нийслэлийн ЗТН ОНӨААТҮ Газрын захирлын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/39 дугаар тушаалаар Байгууллагын бүтэц, орон тоо, цалингийн сүлжээг шинэчлэн баталж, бүтэц орон тооны дээд хязгаарт өөрчлөлт оруулсантай холбогдуулан орон тоог хавсралтаар баталж, нийт орон тоог 1200 байхаар тогтоосон байх ба өмнөх Бүтэц, орон тоо, цалингийн сүлжээг шинэчлэн баталсан 2020 оны 01 сарын 24-ний өдрийн А/07 дугаар тушаалаар баталсан 1208 орон тоог, 8 орон тоогоор цөөрүүлж, ашиглалтын инженерийн орон тоог хассан байна.

 

Хариуцагч тал ашиглалтын инженерийн ажил үүрэг нь хэлтсийн дарга болон баазын ахлах инженерийн ажил үүргийн хувиартай давхцаж байгаа тул уг орон тоог хассан бөгөөд энэ нь ажлын байрны давхардлыг арилгах, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилготой гэж тайлбарлаж, ажлын байрны тодорхойлолтуудыг ирүүлсэн байна./хх-ийн 54-75/

 

Дээрх тушаалын дагуу хариуцагч байгууллага нь 2021 оны 07 сарын 08-ны өдөр Ч.Хтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021.08.23-ны өдрөөр тасалбар болгон цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар мэдэгдсэн мэдэгдэл хүргүүлснийг хүлээн авч, Ч.Х нь гарын үсэг зурсан баримт хавтаст хэргийн 24-р талд авагджээ.

 

5. Нэхэмжлэгч нь ...тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн орон тоог 36-гаар үндэслэлгүй хассан хэрнээ санхүүгийн бүртгэлийн хэлтэст шинээр 45 ажлын байр нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй, энэ талаар холбогдох байгууллагад нь шалгуулахаар гомдол гаргасан. ...ажлаас халах тушаал гаргасны дараа захирал өрөөндөө дуудаад чамд тохирох ажил олж өгнө, чамайг өөр ажил дээр томилно гэж хүлээлгэж байсан боловч өөр ажилд томилж чадахгүй боллоо гэсэн зэргээс миний эрх ашиг хөндөгдөөд байна. гэж тайлбар гаргасан байна.

 

Эдгээрээс дүгнэхэд ажилтан Ч.Хтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан ...орон тоо хасагдсан үндэслэлтэй нийцсэн, ажил олгогч нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар биелүүлсэн байгаа зэрэг нь хариуцагч байгууллагын захирлын Б/548 дугаар тушаал хууль зөрчөөгүй, үндэслэлтэй гарсан байна.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч нь Ч.Хгийн хэлтсийн даргын ажлыг түр орлон гүйцэтгэсний 20 хувийн нэмэгдлийг гаргуулах шаардлагыг зөвшөөрч, уг нэмэгдлийн 220 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэж тайлбарлажээ.

Харин нэхэмжлэгч Ч.Х нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 10 сарын 19-ний өдрийг хүртэл 57 хоногийн цалин нэхэмжилсэн байх ба ажлаас чөлөөлсөн тушаалд ажил хүлээлцэх өдрийг заагаагүй, түүнчлэн тойрох хуудас зуруулсан сүүлийн өдөр буюу 2021 оны 10 сарын 19-ний өдрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж тайлбар гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажилтан ажил хүлээлгэж өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ. гэж заасан байх бөгөөд Ч.Хгийн тойрох хуудас зуруулсан баримт нь ажил хүлээлцсэнийг нотлох баримт биш бөгөөд төлбөр, тооцоотой эсэхийг холбогдох хүмүүсээр хянуулсан баримт гэж үзэхээр байх ба тушаал гарсан 2021 оны 08 сарын 23-ны өдрөөс ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан цагийн бүртгэлийн баримтаар тогтоогдох ба нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...7 сарын 20-нд ажилдаа ирээд 23-наас хэлтсийн дарга амарсан учир орлож ажиллаж байгаад 08 сарын 23-нд ажилдаа ороход нь ажлаа өгөөд тушаалаа аваад явсан. гэжээ.

Дээрхийг нэгтгээд хэлтсийн даргыг түр орлосны нэмэгдэл цалин 220 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ч.Хг ажлаас чөлөөлсөн Б/548 тушаал үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх, 57 хоногийн цалин 2 420 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч байгууллагаас хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч Ч.Х нь 2021 оны 08 сарын 23-ны өдрийн Б/548 дугаар тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагын дагуу нэхэмжлэгч Ч.Х нь гомдлыг шуудангаар ирүүлж, 2021 оны 09 сарын 28-ны өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд гаргажээ. /Тус шүүх Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2021 оны 9 сарын 17-ны өдрөөс 2021 оны 9 сарын 24-ний өдрийг хүртэл нэхэмжлэл хүлээж аваагүй болно./

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЗТН ОНӨААТҮ Газраас дутуу олгосон цалин 220 000 төгрөгийг гаргуулж Ч.Хд олгож, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх, 57 хоногийн цалин 2 420 000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ЗТН ОНӨААТҮ Газраас улсын тэмдэгтийн хураамжинд 4 550 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ