Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2022/00344

 

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2022/00344

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

УДИРТГАЛ ХЭСЭГ

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *дугаар хороо, *** гудамж, *** хотхон, ****** тоот хаягт байрлах Боржигон овогт Б.Б /РД:ЧЛ*********/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,*** дугаар хороо, ***** 45, өөрийн байранд байрлах *** ТӨХК-д

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Э

хариуцагчийн төлөөлөгч Э.Р, Л.Г

гэрч Д.Б

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч *** ХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Миний бие *** ХК-д 2017.12.18-ны өдөр хангамж, үйлчилгээний хэлтсийн аж ахуйн ахлах мэргэжилтнээр ажилд орж байсан ба ажиллаж эхэлсэн хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалттай сайн биелүүлж, ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж байсан. *** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.7.23-ны өдрийн Б/119 дүгээр тушаалаар намайг Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргаар томилж, 2021.8.02-ны өдрийн 1779 дугаар хөдөлмөрийн гэрээгээр 3 сарын туршилтын хугацаатай томилсон бөгөөд гүйцэтгэх захирал Д.Бийн 2021.9.30-ны өдрийн Б/197 тушаалаар 2021.10.01-ний өдрөөр зорчигч үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд жинхэлсэн. Гэтэл энэ хугацаанаас хойш тус компанийн гүйцэтгэх захирал өөрчлөгдөж, Б.М гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж эхэлсэн. Тус захирлын 2021.10.21-ний өдрийн Б/220 дугаартай тушаалаар намайг жинхэлсэн өмнөх гүйцэтгэх захирлын Д.Бийн Б/197 дугаар тушаалыг хүчингүй болгосон ба уг тушаалыг гаргахдаа надад огт мэдэгдээгүй, тус албан тушаалд өөрийн хүнийг томилох зорилгоор миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тушаал гаргасан гэж үзэж байна. Иймд намайг *** ХК-ийн зорчигч үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

1.2 Мөн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мын 2021.10.21-ний өдрийн Б/220 дугаартай гүйцэтгэх захирлын Б/197 дугаар тушаалыг хүчингүй болгосон болон гүйцэтгэх захирлын 2021.11.02-ны өдрийн Б/234 дугаартай Б.Б намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч *** ТӨХК хариу тайлбартаа:  *** ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Б/119 дугаар тушаалаар Б.Быг 2021 оны 08 сарын 02-ны өдрөөс эхлэн зорчигч үйлчилгээний хэлтсийн даргаар 3 сарын туршилтын хугацаатайгаар томилж, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Гүйцэтгэх захирал Д.Бийг 2021 оны 09 сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд тус өдрөөс эхлэн Захираа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Б.Мыг гүйцэтгэх захирлаар томилсон.

Гүйцэтгэх захирал Д.Б нь ажил, үүргээс чөлөөлөгдсөн өдрөө буюу 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/197 дугаартай тушаалаар Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргaap хөдөлмөрийн түр гэрээтэй ажиллаж байсан Б.Быг хугацаанаас нь өмнө үндсэн ажилтнаар томилсон нь компанийн Гүйцэтгэх захирлын тушаалын төсөл боловсруулах, санал өгөх, албажуулах журам-ыг зөрчиж, ямар нэг санал авахгүйгээр гаргасан, Уг тушаалын дагуу Б.Бтай үндсэн ажилтнаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй болно. Нэгэнт үндсэн ажилтнаар томилсон 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/197 дугаартай тушаал нь компанийн холбогдох журмыг зөрчиж хариуцсан удирдлагад нь танилцуулж, хянуулаагүй, ямар нэгэн санал аваагүй байх тул Гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/220 дугаартай тушаалаар гүйцэтгэх захирал компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11-д заасан эрх мэдлийн хүрээнд тус тушаалыг хүчингүй болгосон.

Газрын үйл ажиллагааны ерөнхий менежер нь зорчигч үйлчилгээний хэлтсийн даргын шууд харьяалах дээд удирдлага нь бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Захиргаа хүний нөөцийн хэлтэст хандан ...туршилтын хугацаагаар ажиллаж байгаа Б.Б нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргийг биелүүлж чадахгүй, алдаа, дутагдал, зөрчлүүд гаргасан. Хариуцсан ерөнхий менежерийн хувьд хяналт тавьсны дагуу гарсан зөрчил, дутагдалыг засаж, залруулах арга хэмжээний төлөвлөгөөг гарган Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргад хүргүүлсэн бөгөөд туршилтын хугацаанд хангалтгүй ажилласан... гэж дүгнэсэн байна. Ажил олгогчийн Б.Бт 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 30/2021 дугаартай албан бичгээр туршилтын хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусч байгаа ба таныг уг албан тушаалд үргэлжпүүлэн ажиллуулах боломжгүй, туршилтын хугацаа дуусмагц дуусгавар болох тухай мэдэгдэлийг хүргүүлсэн. Хэдийгээр туршилтын хугацаа дуусмагц Б.Бын хөдөлмөрийн гэрээг хуульд заасны дагуу дуусгавар болгосон боловч Ажил олгогчоос ажилтны хөдөлмөрлөх эрхийг хүндэтгэж, Газрын үйл ажиллагааны хэлтэст алдагдсан ачаа тзэш хариуцсан мэргэжилтнээр ажиллах саналыг хүргүүлсэн. Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр уг саналын хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлж хариу ирүүлсэн. Үүний дагуу Гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5/272 дугаартай тушаалаар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Газрын үйл ажиллагааны хэлтсийн Алдагдсан ачаа, тээш хариуцсан мэргэжилтнээр томилсон бөгөөд өнөөдрийг хүртэл ажилдаа ирэхгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, компанийн дүрмийн 8.8.11 дэх хэсэг, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1 дэх хэсэг, ажилтанд хүргүүлсэн 2021 оны 30/2021 тоот мэдэгдлийг тус тус үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/234 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт 2021.08.02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 4-7, 56/ ,

 

4. Хариуцагчаас хавтаст хэрэгт *** ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Төрийн өмчийн хорооны 2012.06.22-ны өдрийн 300 дугаар тогтоол, *** ТӨХК-ийн дүрэм, 2021 оны 7 сарын 23-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/119 тушаал, 2021 оны 9 сарын 30-ны өдрийн Б/197 дугаар үндсэн ажилтнаар томилох тухай тушаал, 2021 оны 10 сарын 21-ний өдрийн Б/220 Тушаал хүчингүй болгох тухай тушаал, 2021 оны 11 сарын 02-ны өдрийн ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, 2021 оны 12 сарын 01-ний өдрийн Б/272 Ажилд томилох тухай тушаал, 30/2021 тоот мэдэгдэл, 2021.10.26-ны өдрийн Б.Бын тухай албан бичиг, 2018.7.6-ны А/527 гүйцэтгэх захирлын журам батлах тухай тушаал, *** ХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалын төслийг боловсруулах төсөлд санал, өгөх албажуулах журам, 2021.9.30-ны өдрийн 11/21 дугаар *** ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэр, 2015.03.23-ны өдрийн Б/170 дугаартай Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, Хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчийн хүсэлтээр *** ТӨХК-ийн eoffice.miat.com цахим хаягт үзлэг хийж, гэрчээр Д.Бг оролцуулав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ *** ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мын 2021.10.21-ний өдрийн Б/220 дугаартай гүйцэтгэх захирлын Б/197 дугаар тушаалыг хүчингүй болгосон болон гүйцэтгэх захирлын 2021.11.02-ны өдрийн Б/234 дугаартай Б.Б намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалуудыг хүчингүй болгож, Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулна. гэж тодорхойлжээ.

 

2.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй гээд Б.Быг

2021 оны 08 сарын 02-ны өдрөөс эхлэн зорчигч үйлчилгээний хэлтсийн даргаар 3 сарын туршилтын хугацаатайгаар томилж, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан боловч Гүйцэтгэх захирал Д.Б нь 2021 оны 09 сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн өдрөө 2021 оны 9 сарын 30-ны өдрийн Б/197 дугаар тушаал гаргаж, туршилтын хугацаа дуусахаас өмнө Б.Быг зорчигч үйлчилгээний хэлтсийн даргаар томилсон бөгөөд энэ нь *** ХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалын төслийг боловсруулах төсөлд санал, өгөх албажуулах журмыг зөрчиж холбогдох эрх бүхий албан тушаалтнуудаас санал авалгүйгээр гаргасан үндэслэлээр гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/220 дугаартай тушаалаар гүйцэтгэх захирал компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11-д заасан эрх мэдлийн хүрээнд тус тушаалыг хүчингүй болгосон. Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа 2021 оны 11 сарын 02-ны өдөр дуусах байсан тул 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 30/2021 тоот мэдэгдлийг хүргүүлж, гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/234 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, тушаал хууль зөрчөөгүй. Мөн Б.Бын хөдөлмөрлөх эрхийг зөрчихгүйн тулд ажил санал болгосон боловч уг ажлаа хийхгүй байгаа гэж тайлбарлажээ.

 

3.    Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар

зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Б нь 2017.12.18-ны өдрөөс *** ТӨХК-ийн хангамж, үйлчилгээний хэлтсийн аж ахуйн ахлах мэргэжилтнээр ажилд орж, улмаар гүйцэтгэх захирлын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Б/119 дугаар тушаалаар Б.Быг 2021 оны 08 сарын 02-ны өдрөөс эхлэн зорчигч үйлчилгээний хэлтсийн даргаар 3 сарын туршилтын хугацаатайгаар томилж, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэх захирлын тушаалууд, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, төлөлтийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 29-33,56/

Тус газрын гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/197 дугаартай тушаалаар Б.Быг Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргaap хугацаанаас нь өмнө үндсэн ажилтнаар томилсон байх ба дээрх тушаалыг гаргахдаа компанийн холбогдох журмыг зөрчиж хариуцсан нэгжийн удирдлагад нь танилцуулж, хянуулаагүй, батлагдсан үндэслэлээр Гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/220 дугаартай тушаалаар компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11-д заасан гүйцэтгэх захирлын эрх мэдлийн хүрээнд тус тушаалыг хүчингүй болгосон байна./хх-ийн 34,35/

Үүний дараа буюу 2021 оны 11 сарын 02-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/234 дугаар тушаалаар Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргаар туршилтын хугацаагаар түр томилогдон ажиллаж байгаа Б.Быг мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн түр гэрээг дуусгавар болгожээ. /хх-ийн 36/

Хариуцагч тал компанийн гүйцэтгэх захирал эрх хэмжээнийхээ хүрээнд Б/197 дугаартай Б.Быг Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргaap хугацаанаас нь өмнө үндсэн ажилтнаар томилсон тушаалыг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн гэж тайлбарлаж, компанийн дүрэм, *** ХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалын төслийг боловсруулах төсөлд санал, өгөх албажуулах журам зэргийг ирүүлсэн. /хх-ийн 65-72, 45-48/

*** ТӨХК-ийн дүрмийн 8.8.9, 8.8.11-т Компанийн гүйцэтгэх захирал Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан орон тоо, зохион байгуулалтын бүтцийн хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх, компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тушаал гаргаж, биелэлтийг хангуулах эрх эдэлнэ. гэж заажээ.

Дээрхээс дүгнэхэд *** ТӨХК-ийн гүйцэтгэх захирал эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал шийдвэр гаргах эрхтэй хэдий ч гаргасан тушаал, шийдвэрүүд нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай бөгөөд дээрх тушаалууд нь хуульд нийцээгүй байна.

4. Тухайн байгууллага дотооддоо тодорхой дүрэм, журмыг боловсруулж, түүний баримталж, мөрдөх нь өөрийн эрх хэмжээний асуудал хэдий ч *** ХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалын төслийг боловсруулах төсөлд санал, өгөх албажуулах журмыг зөрчсөн гэх үндэслэлээр Б.Быг Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргaap хугацаанаас нь өмнө үндсэн ажилтнаар томилсон Б/197 дугаар тушаалыг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.2-т Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна. гэж зааснаар ажил олгогч нь ажилтан Б.Быг туршилтын хугацаа дуусахаас өмнө тухайн албан тушаалд нь жинхэлсэн тушаал гаргасныг хууль зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасан Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй. гэсэнтэй нийцсэн байна.

Тодруулбал, ажилтан Б.Быг туршилтын хугацаа дуусахаас өмнө тухайн албан тушаалд үндсэн ажилтнаар томилсон тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын ямар заалтыг зөрчсөн эсэхийг дүгнэлгүйгээр, дээрх журмыг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь хууль зөрчиж, улмаар Б.Бын хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдсан гэж үзэхээр байна.

Иймд гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/220 дугаар тушаал хуульд нийцээгүйн дээр, 2021 оны 11 сарын 02-ны өдрийн Б/234 дугаар Б.Быг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зөрчсөн байх тул дээрх тушаалуудыг хүчингүй болгох үндэслэлтэй.

Нөгөөтэйгүүр, хариуцагч *** ТӨХК дээрх 2021 оны 09 сарын 30-ны өдрийн Б/197 дугаар тушаалаар Б.Быг ажилд томилсон хэдий ч энэ тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаагүй гэж тайлбар гаргасан байх ба энэ нь ажилтныг хөдөлмөрлөх үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч өөрөө ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулахаар хуульд заасан байна.

Дээрхээс дүгнэхэд Б.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/197 дугаар тушаалаар Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргaap томилогдсон болохыг тогтоож, түүний ажилгүй байсан 2021 оны 11 сарын 02-ны өдрөөс 2022 оны 02 сарын 14ий өдөр хүртэлх ажлын 69 хоногийн олговор 6 917 319 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Бын цалинг түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сард 2 155 399 төгрөгийн /сүүлийн 3 сард авч байсан цалингийн дундажаар/ цалин авсан байх ба 69 өдрийн /52 155 399:21,5100 251 төгрөг/ ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээг 6 917 319 төгрөгөөр /100 251х69 өдөртогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлөхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч байгууллагаас хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

6. Нэхэмжлэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/220 дугаар тушаалыг, 2021 оны 11 сарын 02-ны өдрийн Б/234 дугаар тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагын дагуу 2021 оны 11 сарын 19-ний өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/220 дугаар тушаал, 2021 оны 11 сарын 02-ны өдрийн Б/234 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/197 дугаар тушаалаар *** ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргaap томилогдсон болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6 917 319 төгрөгийг хариуцагч *** ТӨХК-иас гаргуулан Б.Бт олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Бын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг *** ТӨХК-д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч *** ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 125 627 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ