| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 191/2025/12027/И |
| Дугаар | 001/хт2026/00196 |
| Огноо | 2026-10-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн
2026 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 001/хт2026/00196
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Э.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/02215 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2026/01030 дугаар магадлалтай,
178,407,501 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч У-т холбогдуулан 178,407,501 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/02215 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч У-ээс 168,026,931 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 10,380,570 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,049,988 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У-ээс 998,085 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2026/01030 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/02215 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч У-ээс 135,069,880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 43,337,621 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “998,085” гэснийг “833,299” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Алдангийн талаар анхан болон давж заалдах шатны шүүх өөр өөрөөр хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан хууль хэрэглээний зөрүүтэй нөхцөл байдлыг бий болгосон ба дээрх зөрүүг арилгахаар нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гомдлыг гаргасан.
... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Тодруулбал хариуцагч байгууллага нь анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэх буюу 2026.02.09-ний өдрийн шүүх хуралдаанд Улсын 2-р төв эмнэлгийн 2025.07.24-ний өдрийн 2/982 албан тоот, Эрүүл мэндийн яамны 2025.10.13-ны өдрийн 2/4931 албан тоотыг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн. Давж заалдах шатны шүүх хариуцагчаас гаргаж өгсөн, алданги шаардах эрхгүй талаар эрх зүйн дүгнэлт өгсөн Улсын 2-р төв эмнэлгийн 2025.07.24-ний өдрийн 2/982 албан тоот, Эрүүл мэндийн яамны 2025.10.13-ны өдрийн 2/4931 албан тоотыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, мөн зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлгээгүй болно. ... “Чиглэл хүргүүлэх тухай” албан тоотыг санхүүжилт шаардсан Улсын 2-р төв эмнэлгийн 2/982 дугаартай албан тоотын хариу гэж хоорондоо шалтгаант холбоогүй, хариуцагчийн 1 талын нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. ...Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын хүрээнд нэхэмжлэгч “Б” ХХК нь У-тэй гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлж, гэрээнээс үүсэх үүрэг, хариуцлагыг гэрээгээр тодорхойлох замаар харилцан тохиролцож улмаар 2025.05.26-ны өдөр дээрх гэрээ байгуулагдсан. Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17-р тогтоолын 2.2-т “..энэ зүйлийн 42.2-т заасан “гарын үсэг зурснаар” гэдэгт хэлцэлд оролцогчдын хэн алины хүсэл зоригийг тусгасан нэгдсэн нэг баримтын агуулгыг хүлээн зөвшөөрснийг баталгаажуулах зорилгоор хэлцэл хийж буй эсхүл эрх бүхий этгээд өөрийн нэр болон бусад тодорхой тэмдэглэлийг уг баримтад тусгахыг ойлгоно...” гэж тайлбарласан ба сантехникийн сэлбэг материалыг худалдах-худалдан авах гэрээгээр талуудын тохиролцоогүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдагч худалдан авагч нарын хэлэлцэн тохиролцсон нөхцөлд тусгагдаагүй, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар гэрээний хүлээн зөвшөөрсөн нөхцөлөөс өөр байдлаар алдангийг дүгнэж шийдвэрлэсэн давж заалдах шатны магадлал үндэслэлгүй гэж үзэж байна. Талууд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт зааснаар гэрээний гол нөхцөлийг дараах байдлаар тохиролцсон. Үүнд: Талуудын хооронд байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан талуудын хэлэлцэн үнэ болох 135,069,880 төгрөгийн үнэ бүхий сантехникийн сэлбэг, материалыг нийлүүлнэ, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар гэрээний хугацааг 2025.05.26-2026.05.26-ны өдрийг хүртэл тогтоосон, гэрээний тусгай нөхцөлийн 3.9-т төлбөр төлөх хугацаа, гүйцэтгэлээр сар бүрийн 5-ны дотор төлнө, гэрээний тусгай нөхцөлийн 4.17-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.2 хувийн алдангийг төлнө гэж тус тус заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж хуульчлан тогтоосон. Дээрх хуулийн зохицуулалттай холбогдуулан “Б” ХХК нь У-тэй байгуулсан гэрээний дагуу хариуцагч байгууллагын гэрээгээр хүлээсэн үүргийг, гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу шаардсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлага гэрээ болон хуульд заасан хэм хэмжээнд нийцүүлж шаардах эрхээ хэрэгжүүлсэн байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг алданги шаардах эрхгүй гэх байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал “Б” ХХК нь У-тэй байгуулсан 2025.05.26-ны өдрийн гэрээний ГТН-ийн 3.9-т заасан, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт заасан, талуудын хэлцлийн гол нөхцөл болох төлбөрийн нөхцөл нь Эрүүл мэндийн яамны санхүү, эдийн засгийн бодлогын газраас төлөх төлбөрөөс хамаарч төлөхөөр гэрээгээр тохиролцоогүй байхад Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар “хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж үзэж алдангийг шаардах эрхгүй гэж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал, алдангийг шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зэргээс дүгнэлт хийхэд 2 шатны шүүх алдангийг шаардах эрхтэй, эрхгүй талаар хууль хэрэглээний зөрүүтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. “Б” ХХК нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан “хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх” мөн зүйлийн 9.4.6-д “хууль болон гэрээнд заасан анз төлүүлэх” тухай иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлж өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээн зорилготой байсан.
Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасан “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэх хуулийн зохицуулалтыг зөрчиж талуудын байгуулсан 2025.06.26-ны өдрийн “Урсгал засварын бараа материал худалдах авах гэрээний 3.9-т “...гүйцэтгэлээр сар бүрийн 5-ны өдрийн дотор...” гэж төлбөр төлөх хугацааг хэсэгчлэн тогтоосон Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.1-д заасан зохицуулалтыг зөрчиж, талуудын тохиролцоогүй харилцаанд дүгнэлт хийж анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.07.07-ны өдрийн 001/ШХТ2026/00927 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч У-т холбогдуулан 178,407,501 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “... У-тэй 2025.05.26-ны өдөр урсгал засварын бараа материал худалдан авах тухай УХТЭ/20250102010-1 тоот гэрээ байгуулсан. Гэрээгээр хүлээсэн 135,069,880 төгрөгийн үнэ бүхий сантехникийн сэлбэг материалыг худалдан авагч талд гэрээний ерөнхий нөхцөлийн 2.6, гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаа болох 2025.06.30-ны өдрийн дотор нийлүүлэх үүргээ биелүүлж, ... гэрээнд заасан сантехникийн сэлбэг, материалыг комиссын акт үйлдэн хүлээлгэж өгсөн. ...Гэтэл худалдан авагч У- нь гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн ба ... төлбөрийг төлөхийг удаа дараа бичгээр шаардахад хариу өгдөггүй, биечлэн очиж уулзахад санхүүжилт орж ирээгүй гэсэн хариуг өгдөг. ...У- нь гэрээний дагуу төлөх төлбөрөө тогтоосон хугацаандаа төлөөгүйгээс шалтгаалан зээлийн төлбөр төлөх хугацаа хойшлон зээлийн хүүгийн зардал нэмэгдсэн. Иймд хариуцагч У-ээс гэрээний үндсэн төлбөр 135,069,880 төгрөг, алданги 34,577,889 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 8,759,731 төгрөг, нийт 178,407,501 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч У- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “… Уг гэрээний дагуу 135,069,880 төгрөгийн бараа материалыг хүлээн авсан, ... төлбөрийг “Б” ХХК-тай хугацаа тохиролцон төлөхөд татгалзах зүйлгүй. Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан алданги 34,577,889 төгрөгийг төлөх боломжгүй байна. Учир нь Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн газарт 2025.07.04-ний өдөр 1/954 тоот, 2025.07.24-ний өдөр 2/982 тоот, 2025.09.15-ны өдөр 1/1155 тоот албан бичгээр, мөн Сангийн яаманд 2025.09.18-ны өдөр тус тус хүсэлт хүргүүлж байсан боловч урсгал засварын төлбөрийг төсөвт суулгаагүйн улмаас төлөлт хийгдээгүй. Иймд хугацаа хэтрэлтээс үүссэн нөхцөл байдал нь манай буруутай үйл ажиллагаанаас болоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч “Б” ХХК нь Худалдаа хөгжлийн банктай 2025.03.17-ны өдөр зээлийн эрх нээлгэх гэрээ байгуулж үйл ажиллагаагаа зээлийн санхүүжилтээр явуулсан үйлдэл нь хариуцагч У-тэй хамааралгүй ба ...зээлийн хөрөнгийг хүлээн авч ашигласан, эрсдэлийг нь өөрөө хариуцах ёстой. ...” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх “... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч тал хүлээн авсан бараа материалын үнийг төлөх үүрэгтэй. ... Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.17, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасны дагуу алданги төлөх үүрэгтэй. Тухайн байгууллагын гэрээний дагуу төлөх төлбөрийг төсөвт суутгаагүй гэх тайлбар нь талуудын хооронд харилцан тохиролцон байгуулсан гэрээний дагуу хүлээх хариуцлагаас буюу алданги төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Гэрээний 3.9-д “Төлбөр төлөх хугацаа: Гүйцэтгэлээр сар бүрийн 5-ны дотор ...” гэж зааснаар 2025.07.05-ны өдрөөс 2025.11.05 хүртэл хугацааны алдангид 32,957,051 төгрөг хариуцагч төлөх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө зээлийн эрх нээх гэрээ байгуулсан, тухайн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашиглахаар харилцан тохиролцсон нь хариуцагчтай байгуулсан гэрээний үүрэгт хамааралгүй тул гэрээнээс учирсан хохирол 8,759,731 төгрөгийг хариуцагч хариуцахгүй.” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 168,026,931 төгрөгийг хангаж, үлдэх 10,380,570 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэсэн ба магадлалд “...Талуудын байгуулсан гэрээнд алданги тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцжээ. Гэвч анхан шатны шүүх хариуцагчаас алданги гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй. ... Учир нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй гэж заасан. ... Хэргийн баримтаар тус эмнэлгээс 2025 оны цалин болон урсгал засварын зардал хүрэлцэхгүй байгаатай холбоотой цалингийн зардал нийт 630,000,000 төгрөгийг зардал хооронд шилжүүлэх өгөх хүсэлтийг 2025.07.24-ний өдөр Эрүүл мэндийн яамны санхүү, эдийн засгийн бодлогын газарт хүргүүлж байсан, Эрүүл мэндийн яамны 2025.10.13-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай албан бичигт дурдсан үйл баримтаас дүгнэхэд хариуцагч У-т төсвийн ерөнхийлөн захирагчаас 2025 оны урсгал засварын зардлыг зарцуулах эрх нээгээгүйтэй холбоотойгоор тус байгууллагад аж ахуйн нэгж байгууллагуудын төлбөр тооцоог хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь тогтоогдож байх ба нэгэнт санхүүжилтийг олгоогүй тохиолдолд төлбөрийг төлөх боломжгүй юм. Иймээс төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэнд хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй тул түүнийг төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр алданги шаардах эрхгүй. Түүнчлэн ... гэрээнээс учирсан хохирол 8,759,731 төгрөгийг хариуцагч У- хариуцахгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. ...” гэсэн дүгнэлт хийж, алдангид нэхэмжилсэн 34,577,889 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, өөрчлөлт оруулсан.
11. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөрүүгүй дүгнэсэн боловч алдангийн талаарх хуулийн зохицуулалтыг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т зааснаар хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
12. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Б” ХХК болон хариуцагч У-ийн хооронд 2025.05.26-ны өдөр УХТЭ/20250102010-1 дугаартай “Урсгал засварын бараа материал худалдан авах гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 135,069,880 төгрөгийн үнийн дүн бүхий сантехникийн сэлбэг, материалыг 2025.06.30-ны өдрийн дотор нийлүүлэх, хариуцагч үнийг төлөхөөр тохиролцсон, нэхэмжлэгч 2025.06.09-2026.06.26-ны хугацаанд нийт 163 нэр төрлийн 109,841,270 төгрөгийн, 2026.06.27-2026.06.30-ны хугацаанд 20 нэр төрлийн 25,228,610 төгрөгийн сантехникийн бараа материал нийлүүлж дууссан, энэ талаар талууд 2026.06.30-ны өдөр “Материал хүлээн авсан комиссын акт” үйлдэж, гэрээний гүйцэтгэлээ 100 хувь биелүүлсэн гэж дүгнэсэн үйл баримтыг хоёр шатны шүүх зөв тогтоосон.
13. Зохигч гэрээний үндсэн төлбөрийг төлөх болон түүний хэмжээний талаар маргаангүй боловч гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн явдалд хариуцагч буруутай эсэх, улмаар алданги төлөх эсэх асуудлаар маргасан.
14. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж, хариуцагч У-ээс худалдан авсан барааны үнэ 135,069,880 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн, хуулийг зөв хэрэглэсэн.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлж, гэрээгээр тохирсон нийт 183 нэр төрлийн сантехникийн бараа материалыг хариуцагчид нийлүүлсэн тул хариуцагч гэрээнд заасны дагуу үнийг төлөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хэргийн баримтаар тогтоогдсон.
15. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.”, 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан.
Хуулийн зохицуулалтаар анзын талаарх тохиролцоог бичгээр хийх, гэрээнд заасан тохиолдолд үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр алданги төлөх үндэслэл болно.
16. Зохигч 2025.05.26-ны өдрийн УХТЭ/20250102010-1 дугаартай “Урсгал засварын бараа материал худалдан авах гэрээ”-ний ерөнхий нөхцөлийн 4.17-д “Нийлүүлэгч нь барааг хуваарийн дагуу буюу гэрээнд заасан хугацаанд нийлүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр ГТН-д заасан хувь хэмжээгээр алдангийг Захиалагчид төлнө.”, 4.18-д “Захиалагч нь төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн ГТН-д заасан хувь хэмжээгээр алдангийг Нийлүүлэгчид төлнө.” гэж, гэрээний тусгай нөхцөлийн ГЕН 4.17 хэсэгт “Алданги тооцох эсэх: Тийм, Захиалагч болон нийлүүлэгч үүргээ гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувь” гэж тохиролцож гэрээг бичгээр байгуулсан тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.
17. Мөн талууд гэрээний ерөнхий нөхцөлийн 3.9-д “Захиалагч нь төлбөрийг хүсэлт, нэхэмжлэхийг үндэслэн ГТН-д заасан хугацаанд төлбөрийг нийлүүлэгчид төлнө.” гэж, гэрээний тусгай нөхцөлийн ГЕН 2.6 хэсэгт “Бараа нийлүүлэх хугацаа: 2025.05.25-2025.06.30”, 3.9 хэсэгт “Төлбөр төлөх хугацаа: Гүйцэтгэлээр сар бүрийн 5-ны дотор” гэж тохирсон бөгөөд энэ хугацааг хариуцагч хэтрүүлсэн.
Харин хариуцагч ийнхүү үнийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа “...улсын төсвөөс санхүүждэг, ... урсгал зардлын төлбөрийг төсөвт суулгаагүйн улмаас тухайн төлбөр хийгдээгүй тул хугацаа хэтэрсэн. ...” гэж тайлбарлаж, хугацаа хэтрүүлсэнд буруугүй гэжээ.
Иймээс гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг хэтрүүлэхэд хариуцагчийг гэм буруутай эсэх асуудлаар дүгнэлт хийх шаардлагатай.
18. Анхан шатны шүүх хариуцагчийн дээрх тайлбар нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хүлээх хариуцлагаас буюу алданги төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж дүгнэн, гэрээний тусгай нөхцөлийн 3.9 хэсэгт зааснаар гэрээний үүргийг биелүүлэх хугацааг гүйцэтгэлээр сар бүрийн 5-ны дотор буюу 2025.07.05-ны өдрөөр тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн тул энэ талаарх шийдлийг хэвээр үлдээнэ.
19. Давж заалдах шатны шүүх “... хариуцагч У-т төсвийн ерөнхийлөн захирагчаас 2025 оны урсгал засварын зардлыг зарцуулах эрх нээгээгүйтэй холбоотойгоор тус байгууллагад аж ахуйн нэгж байгууллагуудын төлбөр тооцоог хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн, ... нэгэнт санхүүжилт олгогдоогүй тохиолдолд төлбөрийг төлөх боломжгүй үндэслэлээр хариуцагчийг төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэнд буруугүй ...” гэж үзэхдээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн ба нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.” гэж заасан бөгөөд хариуцагчийг хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдалд гэм буруугүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Тодруулбал, хариуцагч улсын төсвөөс санхүүждэг төрийн байгууллага болохын хувьд аливаа худалдан авах ажиллагаа, түүний төлбөр төлөх хугацааг холбогдох хуульд нийцүүлэн худалдагч талтай харилцан тохиролцон тогтоох боломжтой ба гэрээг байгуулахад талууд үүрэг биелүүлэх хугацааг тогтоохдоо ийнхүү тохиролцоогүй гэж үзэх үндэслэлгүйгээс гадна урсгал засварын зардлыг зарцуулах эрх нээгээгүйгээс төсөвт тусгагдаагүй төлбөрийг төлөх боломжгүй байсан гэх нөхцөл байдал нь хугацаа хэтрэхэд хүргэсэн гэж үзэх нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцэхгүй юм.
20. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу зээлийн төлбөр төлөх хугацаа хойшлон зээлийн хүүгийн зардал нэмэгдсэн үндэслэлээр хохиролд 8,759,731 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасныг хэрэглэснийг залруулж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 гэж өөрчилнө.
21. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2026/01030 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/02215 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч У-ээс 168,026,931 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,380,570 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.06.08-ны өдөр төлсөн 374,639 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД