Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 0297

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн

улсын яллагч: М.Хэрлэнчимэг

шүүгдэгчийн   өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ

шүүгдэгч: Э.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Шарнууд овогт Эрдэнэбатын Гантөмөрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625010166  дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Шарнууд овогт Эрдэнэбатын Гантөмөр,1994 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын  хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Сааралын 7 дугаар байрны 4-0 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2012.03.24-ний өдөр ялаа эдлэж дууссан, РД:РГ94021711,

Холбогдсон хэргийн талаар:

          Э.Гантөмөр нь давтан үйлдлээр орон байранд нэвтэрч 2015 оны 12 дугаар сарын 23-наас 2016 оны 1 дүгээр сарын 6-ны хооронд

 Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Дунд дарь эхийн 12-272 тоотод оршин суух иргэн Нямдоржийн өвлийн сууцны цонхыг түлхэн орж Самсунг брэндийн 32 инчийн ЛСД зурагт, гоёлын шигтгээтэй зүүлт, бор өнгийн өвлийн гутал, ягаан өнгийн эмэгтэй хүний дээл, Асер брэндийн суурин компьютер, ягаан өнгийн чемодан, хөөрөгний шүрэн толгой зэрэг эд зүйлийг хулгайлж 3.732.000 төгрөгний,

2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 10-151 тоотод оршин суух иргэн Л.Сундуйн өвлийн сууцны хаалгыг эвдэн орж Самсунг брэндийн 40 инчийн ЛСД зурагтыг хулгайлж 420.000 төгрөгийн,

           2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хандгайтын 3-32 тоотод оршин суух иргэн Н.Одонтуяагийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж Самсунг брэндийн 40 инчийн ЛСД зурагт, Сонимаркийн зургийн аппарат, мемори карт уншигч, мөнгөн бөгж, металл ээмэг, орны бүтээлэг, биет 20.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 625.000 төгрөгний буюу бусдад нийт 4.777.500 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

    Шүүгдэгч Э.Гантөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд үнэн зөв гэв.

          Шүүгдэгч Э.Гантөмөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 14.00 цагийн үед өөрийн найз Бямбацогтын гэрт очих гээд явж байгаад замдаа 7 буудлын орчимд хулгай хийсэн айлынхаа ойролцоо нэг гудамжинд орж дэлгүүрээс 0.5 литрийн савалгаатай Нийслэл пивыг ууж байгаад миний нүдэнд цоожтой гэр харагдахаар нь архиныхаа халуунд харагдаж байсан гэрийнхээ урд хэсгээр хашааг нь давж ороод уг гэрийн хаалгыг нь хөшиж онгойлгоод ороод гэрийн хойморт байсан зурагтын тавиур дээрх хар өнгийн ЛСД зурагтыг, мөн хажууд нь байсан хар өнгийн арьсан гардаргатай Сони брэндийн дижитал зургийн аппарат, шөр өнгийн гадаргуутай плаш диск, улаан өнгийн тосны савтай ээмэг, мемори карт уншигч зэрэг эд зүйл болон хажуу талд нь байсан улаан өнгийн түрүүвч байхаар нь түрүүвчийг онгойлгоод хартал дотор нь биетээр 20.000 төгрөг байхаар нь аваад түрүүвчийг нь буцаагаад байсан байранд нь тавьчихсан. Тэгээд хөр өнгийн 40 инчийн ЛСД зурагтыг орон дээр нь байсан бүтээлгээр ороогоод аваад гэрээс гараад анх орж ирсэн хашаагаараа давж гараад гудамж өгсөөд явж байгаад зурагтаа хашааны буланд тавьчихаад эргэж уруудаад дэлгүүр орох гэж яваад  найз Бямбацогтын ах Бямбасүрэнтэй таараад дэлгүүр орж 2 литрийн савалгаатай Нийслэл пиво авч хувааж уугаад зогсож байхдаа та хаа хүрэх гэж байгаа юм гэхэд зах орж мах авах гэж байна гэхээр нь за за тэгвэл хоёулаа цуг махыг чинь авчхаад танай гэр лүү явъя гэж хэлээд зурагт тавьсан хашааныхаа булан руу очоод бүтээлгийг нь авч хаяад зурагтаа аваад Бямбасүрэн ах юун зурагт юм бэ гэхээр нь найзыхаа зурагтыг аваад явж байгаа юмаа гэж хэлсэн. Авч явахаар хэцүү юм гэж хэлээд цаашаа зурагтаа аваад цуг явж байгаад уулын орой дээр байсан хоёр цагдаад баригдаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Би уг айл руу ганцаараа орж хулгай хийсэн. Би хулгай хийхдээ архи уучихсан байсан юм. Миний давж орсон хашаа намхан хашаа байсан юм. Надад мөнгөний хэрэг гараад би хулгай хийсэн. 2015 оны зун өөрийн найз болох Бямбацогтын хамт тэдний амьдарч байсан гэрт нь очсон. Тухайн үед Бямбацогтых айлын хашаанд түр амьдарч байсан юм. Уг хашаанд очиход нэг том байшин, урд талд нь өөр нэг жижиг байшин байсан. Манай найз жижиг байшинд нь ах, бэр эгч, дүү нарынхаа хамт амьдардаг байсан. Тухайн үед би найзындаа очиж хонож байсан. Тэр үед хойт талын айлд нь хүртэл орж хүмүүстэй нь уулзаж байсан. Тэр хүмүүс нь намайг харвал таних байх. 2015 оны 12 дугаар сард шинэ жил болохоос өмнө өөрийн найз Бямбацогт руу залгаад ард талын чинь айл байгаа юу түрээслэдэг юм уу би түрээслэх гэсэн юм гэж асуусан чинь манай найз ард талын айл байхгүй хөдөө явчихсан эзгүй байгаа гэсэн. Үүнээс 2-3 хоногийн дараа найзынхаа гэрийн ойролцоо явж байгаад найзынхаа гэрт очсон чинь хашаанд байх 2 байшинд хоёуланд нь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би ард талын том байшингийн цонхыг түлхэж ороод дотроос нь суурин компьютер, зурагт, дээл, гутал, гоёлын зүүлт зэрэг эд зүйлсийг хулгайлж авч гараад такси бариад Дарь-эх рүү өгсөж явж байгаад  зурагтыг нь 100.000 төгрөгөөр цуг ажилладаг байсан Батмөнхөд зарсан. Уг хүний утас болон гэрийг мэдэхгүй. Үлдсэн эд зүйлсийг чемоданд хийгээд Бямбацогтын амбаарт хийсэн. Гэтэл Бямбацогт тэр үед уг хашаанаас нүүгээд өөр газар оччихсон байсан. Гэтэл нөгөө айлын хүмүүс хөдөөнөөс ирээд Бямбацогт руу залгаад танай амбаараас эд зүйлээ авлаа үлдсэн зүйлийг авч ирж өг өгөхгүй бол цагдаад мэдэгдлээ гэсэн юм гэсэн. Тэгээд манай найз над руу уурлаад ярихаар нь би зурагт өгсөн хүнтэйгээ холбогдоод зурагтыг эргүүлж аваад эзэнд нь өгчихсөн гэжээ. /хх-ийн 141/

          Хохирогч Н.Нямдорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн дүү охин Н.Дэлгэрсайханы хамт Нисэхэд төрөл садангийнхаа хүний гэрт нь очиж байж байгаад 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 13.00 цагийн үед гэртээ ирсэн чинь манай байшингийн цонхоор хулгайч ороод авдранд байсан бичиг баримтууд, сейфэнд байсан гоёлын шигтгээтэй зүүлт, том өрөөнд байсан 32 инчийн Самсунг брэндийн зурагт, Асер маркийн хар өнгийн суурин компьютер, ягаан өнгийн эмэгтэй дээл, өвлийн бор гутал зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тухайн өдөр манай гэрт хэн ч байгаагүй. Манай дүү бид хоёр Нисэхэд садангийн айлдаа очсон байсан юм. Манайд өмнө нь ийм хулгай орж байгаагүй. Би алдсан зурагтаа 2014 онд Нэкст худалдааны төвөөс авч байсан 400.000 төгрөгөөр үнэлж байгаа  юм. Гоёлын шигтгээтэй зүүлт 60.000  төгрөг, Асер суурин компьютерээ 300.000 төгрөг, дээл 60.000 төгрөг гутал 30.000 төгрөгөөр тус тус үнэлнэ гэжээ. /хх-н12-15/

          Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-н 6-11/

          Шинжилгээ хийлгэх тогтоол/хх-н 19/

          2016.01.08-ны өдрийн 02/080 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

           2.3 дугаартай 1 ширхэг гарын мөр нь 2010.09.20-нд папилон  санд МN000210008938 дугаараар бүртгэгдсэн Эрдэнэбатын Гантөмөрийн /1994.02.17/ зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна.

           3.Хохирогч гэх Н.Нямдоржийн гарын дардсыг МN000320003054 дугаараар Н.Дэлгэрсайханы гарын дардсыг МN000320003053 дугаараар бүртгэн кодлон оруулж автомат хайлт хийж үзэхэд санд  бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн  газраас бэхжүүлсэн  гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

           4.2010.09.20-нд падилон санд МN000210008938 дугаараар бүртгэгдсэн Эрдэнэбатын  Гантөмөр нь 2011.04.06-нд МN004610003807 дугаартай Шарнууд овогтой Эрдэнэбатын Гантөмөр, 2006.06.20-нд 2717166 дугаараар  Цэрмаагийн Гантөмөр нэрээр тус тус бүртгэгдсэн байна гэжээ.  /хх-н 20/

         Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-н 45-50/

         Хохирогч Л.Сундуй мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би хэрэг гардаг өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 24-ны өдөр өглөө гэрээсээ 10.00 цагт гараад аавын гэр болох Чингэтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 12-219 тоотод очиж өөрийнхөө хувцасыг угаачихаад орой 16.00 цагт гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байхаар нь дотор нь ороод гэрлүүгээ ороод харсан чинь үүдний хаалганы цүүг нь хөшсөн байдалтай байхаар нь гэрлүүгээ оролгүй цагдаагийн 102 дугаарын утас руу өөрийн 99748737 дугаараас дуудлага өгөөд байж байтал цагдаа ирээд үзлэг хийхэд нь цуг орж үзтэл манай гэрийн цонхны доод талд байсан тавиур дээр байсан зурагтыг аваад гараад явсан байсан. Өөр эд зүйлүүдээ үзэж харахад өөр эд зүйл алдагдаагүй байсан. Манай гэрээс 40 инчийн Самсунг брэндийн ЛСД зурагт алдагдсан. Би уг зурагтыг 2015 оны 8 дугаар сард Некст худалдааны төвөөс 800.000 төгрөгөөр шинээр худалдаж авч байсан юм. Бичиг баримт нь надад байгаа. Манай гэрт өмнө нь хулгай орж байгаагүй. Манайх ер нь өдрийн цагаар байнга эзгүй байдаг юм гэжээ.  /хх-н 52-56/

         Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 71-78/

         Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл/ хх-н 88-91/

         Хохирогч Н.Одонтуяад эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд. Самсунг брендийн 40 инчийн ЛСД зурагт нэг ширхэг, хар өнгийн арьсан гадартай Сони загварын дижитал зургийн аппарат нэг ширхэг, шар өнрийн гадаргуутайнэг шошго тодорхойгүй Transcend гэсэн бичигтэй плаш диск нэг ширхэг, хэр шошгогүй хар өнгийн мемори карт уншигч төхөөрмж нэг ширхэ, металл цүнхний оосор, дөрвөлжин талстан шигтгээтэй мөнгөн бөгж нэг ширхэг, мушгирсан загвартай мөнгөн бөгж нэг ширхэг, шигтгээтэй эмэгтэй хүний ээмэг нэг хос, хар чулуун шигтгээтэй эмэгтэй металл ээмэг нэг хос,шигтгээтэй 5 хошуу хэлбэртэй кулон нэг ширхэг,шигтгээтэй таван хошуу хэлбэртэй эмэгтэй ээмэг нэг ширхэг өрөөсөн, шигтгээтэй бамбаруушан хэлбэртэй эмэгтэй ээмэг нэг ширхэг,өрөөсөн, зэрэг эд зүйлийг Н.Одонтуяад хүлээлгэн өгөв гэжээ./хх-н 83/

            Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 93-94/

            Хохирогч Н.Одонтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би нөхөр хүүхдүүдийнхээ хамт Чингэлтэй  дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 3-32 тоотод түр оршин суудаг юм. Манай нөхөр түр хугацаагаар Япон улсад ажил хийх гээд явсан. Би хүүхдүүдийнхээ хамт Сонгинохайрхан дүүрэгт эгчийндээ түр байсан юм. Би гэртээ хамгийн сүүлд 2017 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр 13.00 цагийн орчимд ирчихээд явсан. Тэгээд өнөөдөр өглөө буюу 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр манай хүүхэд гэртээ ирчихээд хулгай орсон байна гэдгийг мэдсэн. Тэгээд би гэртээ ирсэн. Манай гэрт байсан 40 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт хулгайд алдагдсан байсан. Уг зурагтыг би 2013 оны 11 дүгээр сарын 1-ны өдөр 899.900 төгрөгөөр Некст худалдааны төвөөс худалдан авч байсан юм. Ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Мөн хүүхдийн хувцасны шүүгээнд байсан миний түрүүвчнээс 20.000 төгрөг ХААН банкны карт авсан байлаа. Манай хүүхдийн өмсдөг хар өнгийн зуны ботинк алдагдсан. Уг ботинкыг 20.000 төгрөгөөр 2016 оны 12 дугаар сард авсан. Уг гутал шинээрээ гутал байсан юм. Манайх хашаандаа айлтай байдаг. Гэхдээ би уг хашаанд түрээсээр амьдардаг юм гэжээ.  /хх-н 95-99/

          Гэрч Д.Цэрмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Гантөмөр миний төрсөн хүүхэд байгаа юм. Айлын 2 дахь хүүхэд. Доороо 2 дүү, дээрээ 1 эгчтэй. Хөвсгөл аймгийн Их-Уул суманд сурч байсан. Сургуульд сурч байхдаа сурлага сайтай сайн хүүхэд байсан юм. Миний хүү зан байдлын хувьд гайгүй, зүрх муутай учраас огцом, түргэн ууртай, өөрөөр бол ямар нэгэн ааш зан байхгүй. Их цайлган сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Би өөрийн нөхөр болох Эрдэнэбатаас салаад 20 жил болж байна. Энэ хугацаанд миний хүү бид 2-ын дунд явдаг байсан. Голдуу аавтайгаа хамт байдаг байсан. Би хүүгээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхыг хараагүй. Тамхи татдаг юм. Өмнө нь хэрэгт орж байгаагүй.  Аавтайгаа хамт байхдаа хойт ээжтэйгээ таардаггүй юм шиг байсан. Тэгээд л гадуур тэнэж байгаад хэрэгт холбогдсон байх гэж бодож байна гэжээ.  /хх-н 100-101/

          Гэрч П.Гомбодорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 7 буудлаас урд зүгтээ явж байтал зам дээр такси барих гээд байгаа бололтой сэжиг бүхий зурагт тэвэрсэн хар өнгийн урт куртиктэй цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн хагас түрүүтэй гуталтай залуу нь зурагтыг тэвэрсэн, хажууд нь бас цагаан өнгийн куртиктэй хар өнгийн өмдтэй, түрийтэй гуталтай хоёр этгээд байдалтай зогсож байхаар нь очоод уг хоёр этгээдийг суулгаад аваад явсан чинь нилээн согтолттой байсан. Тэгэхээр нь хаанаас уг зурагтыг авсан талаар асуугаад өөрийгөө цагдаа гэдгийг танилцуулаад цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Тэгээд шалгасан чинь сэжигтний бүртгэлтэй байсан. Уг этгээдүүд нилээн согтолттой байсан учраас зурагт болон бусад эд зүйлсийг нь бүртгээд хураан авсан. Тэр өдрөө өөрийн хэлтэс дээр саатуулж хоноод маргааш нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Ц.Анхбаярт эд зүйлийн хамт хүлээлгэн өгсөн гэжээ. /хх-н 102-103/

          Эрдэнэбатын Гантөмөрийг баривчилсан тогтоол /хх-н 124-132/

          Э.Гантөмөрийг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 136-146/,

         Э.Гантөмөрийн  иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н147 /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас 148/,шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 149-155/зэрэг болно.

          Э.Гантөмөр нь 2015 оны 12 дугаар сарын 23-наас Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Дунд дарь эхийн 12-272 тоотод оршин суух иргэн Нямдоржийн өвлийн сууцны цонхыг түлхэн орж Самсунг брэндийн 32 инчийн ЛСД зурагт, гоёлын шигтгээтэй зүүлт, бор өнгийн өвлийн гутал, ягаан өнгийн эмэгтэй хүний дээл, Асер брэндийн суурин компьютер, ягаан өнгийн чемодан, хөөрөгний шүрэн толгой зэрэг эд зүйлийг хулгайлж 3.732.000 төгрөгийн,

          2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 10-151 тоотод оршин суух иргэн Л.Сундуйн өвлийн сууцны хаалгыг эвдэн орж Самсунг брэндийн 40 инчийн ЛСД зурагтыг хулгайлж 420.000 төгрөгийн,

           2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хандгайтын 3-32 тоотод оршин суух иргэн Н.Одонтуяагийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж Самсунг брэндийн 40 инчийн ЛСД зурагт, Сонимаркийн зургийн аппарат, мемори карт уншигч, мөнгөн бөгж, металл ээмэг, орны бүтээлэг, биет 20.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 625.000 төгрөгийн буюу бусдад нийт 4.777.500 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

Хохирогч Н.Нямдоржийн өгсөн …2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 13.00 цагийн үед гэртээ ирсэн чинь манай байшингийн цонхоор хулгайч ороод авдранд байсан бичиг баримтууд, сейфэнд байсан гоёлын шигтгээтэй зүүлт, том өрөөнд байсан 32 инчийн Самсунг брэндийн зурагт, Асер маркийн хар өнгийн суурин компьютер, ягаан өнгийн эмэгтэй дээл, өвлийн бор гутал зэрэг эд зүйлс алдагдсан байсан гэсэн мэдүүлэг

         Хохирогч Л.Сундуйгийн өгсөн…..орой 16.00 цагт гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байхаар нь дотор нь ороод гэрлүүгээ ороод харсан чинь үүдний хаалганы цүүг нь хөшсөн байдалтай байхаар нь гэрлүүгээ оролгүй цагдаагийн 102 дугаарын утас руу өөрийн 99748737 дугаараас дуудлага өгөөд байж байтал цагдаа ирээд үзлэг хийхэд нь цуг орж үзтэл манай гэрийн цонхны доод талд байсан тавиур дээр байсан зурагтыг аваад гараад явсан байсан. Гэсэн мэдүүлэг /хх-н 52-56/

Хохирогч Н.Одонтуяагийн өгсөн .. 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр манай хүүхэд гэртээ ирчихээд хулгай орсон байна гэдгийг мэдсэн. Тэгээд би гэртээ ирсэн. Манай гэрт байсан 40 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт хулгайд алдагдсан байсан. Мөн хүүхдийн хувцасны шүүгээнд байсан миний түрүүвчнээс 20.000 төгрөг ХААН банкны карт авсан байлаа. Манай хүүхдийн өмсдөг хар өнгийн зуны ботинк алдагдсан байсан гэсэн мэдүүлэг

          Гэрч П.Гомбодоржийн  мөрдөн байцаалтад өгсөн … Би 7 буудлаас урд зүгтээ явж байтал зам дээр такси барих гээд байгаа бололтой сэжиг бүхий зурагт тэвэрсэн хар өнгийн урт куртиктэй цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн хагас түрүүтэй гуталтай залуу нь зурагтыг тэвэрсэн, хажууд нь бас цагаан өнгийн куртиктэй хар өнгийн өмдтэй, түрийтэй гуталтай хоёр этгээд байдалтай зогсож байхаар нь очоод уг хоёр этгээдийг суулгаад аваад явсан чинь нилээн согтолттой байсан. Тэгэхээр нь хаанаас уг зурагтыг авсан талаар асуугаад өөрийгөө цагдаа гэдгийг танилцуулаад цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Тэгээд шалгасан чинь сэжигтний бүртгэлтэй байсан. Уг этгээдүүд нилээн согтолттой байсан учраас зурагт болон бусад эд зүйлсийг нь бүртгээд хураан авсан гэсэн мэдүүлэг /хх-н 102-103/

Шүүгдэгчийн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

            Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

  Э.Гантөмөр нь  3 удаагийн давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх ба түүний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна. Иймд Э.Гантөмөрийг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч давтан үйлдлээр үйлдсэн  гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.2  дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Э.Гантөмөр нь 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2012.03.24-ний өдөр ялаа эдлэж дууссан, Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялтай байдал дуусаагүй байхад дахин хулгайн гэмт хэрэгт холбогдсон. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25  жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг 43 см урттай махир төмөр, цоож зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй байна.

Э.Гантөмөрөөс 3.000.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Моносын 12-272 тоотод оршин суух /РД:РЮ95090759/ Н.Нямдоржид, 420.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 10-151 тоотод оршин суух /РД: ЧР84110814/ Л.Сундуйд тус тус олгох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хнүдрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шарнууд овогт Эрдэнэбатын Гантөмөрийг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч давтан үйлдлээр үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.2  дахь хэсэгт зааснаар  Э.Гантөмөрөөс эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаан/ сарын  хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Э.Гантөмөрийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд баривчлах ялыг ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Э.Гантөмөрийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 117 хоногийг  баривчлах ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг 43 см урттай махир төмөр, цоож зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Гантөмөрөөс 3.000.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Моносын 12-272 тоотод оршин суух /РД:РЮ95090759/ Төмөрбаатар овогт Намбардагвын Нямдоржид, 420.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 10-151 тоотод оршин суух /РД: ЧР84110814/ Баяндалай овогт Лхагвадашийн Сундуйд тус тус олгосугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Гантөмөрт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

9.Шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

11. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Гантөмөрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ                             С.ПҮРЭВСҮРЭН