Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Сэргэлэнд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Б.Сэргэлэн түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Сэргэлэнд холбогдох эрүүгийн 1937000150136 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Сэргэлэн түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, ПИ96032811 дугаарын регистртэй, Хангай овгийн Банзрагчийн Сэргэлэн нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Заяа” зочид буудлын гадна иргэн Б.Угтахбаярыг зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “Шүүгдэгч Хангай овогт Банзрагчийн Сэргэлэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Сэргэлэнг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Сэргэлэнд оногдуулсан торгох ялыг 3/гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сэргэлэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг тайлбарлаж, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Сэргэлэн түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Л.Ган-Очир нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн, мөн шинжээч эмч нарын дүгнэлтүүд, Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт байрлах Заяа зочид буудлын  хяналтын камерын 4 минут 54 секундийн эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг зэрэг нь эргэлзээтэй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг нь хавтаст хэргийн материалаас алга болсон үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байна.Тухайн бичлэгийг өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Б.Сэргэлэн болон улсын мөрдөн байцаах газрын Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөгч нар нь Ховд аймгийн Цагдаагийн газрын байцаалт авах өрөөнд хавтаст хэргээс үзсэн байдаг. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан дээр Монгол улсын үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 69 дугаартай гишүүн Г.Туулхүүгийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, нэгтгэн шалгах тухай тогтоолд үндэслэн хүсэлт гаргасан ч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр нь хуулийг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаан дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь тодорхой харагдаж байгаа шүүхээс дээрх нотлох баримтуудад зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Б.Сэргэлэнд холбогдох хэргийн буюу хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрөөгүй байхад Б.Сэргэлэнг яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх   ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Сэргэлэн түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Л.Ган-Очир нарын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар  хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

            Б.Сэргэлэн нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 21-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “ Заяа “ зочид буудлын гадна иргэн Б.Угтахбаярыг зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай  бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримт болон бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг  хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Б.Сэргэлэн түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Л.Ган-Очир нарын “ . . . Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох . . .2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн 699 дугаартай дүгнэлт . . .Заяа зочид буудлын хяналтын камерын 4 минут 54 секундийн эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг зэрэг нь эргэлзээтэй мөн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн . . .” гэх давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг Дүгнэвэл:

            Б.Сэргэлэн нь 2019 оны 4 сарын 20-ны өдрөөс 2019 оны 4 сарын 21-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “ Заяа “ зочид буудлын гадна иргэн Б.Угтахбаярыг зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Хохирогч Б.Угтахбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ . . . Би 2019 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө дэлгүүрээс тамхи авах гэж Заяа буудлын дэлгүүрт очиход хаасан байсан. Буудлын үүдэнд зогсож байсан жижиг суудлын хар машины хаалгыг татахад миний татсан хаалганы эсрэг тал буюу жолооч талын суудал дээрээс нэг залуу гарч ирээд чи яагаад томроод байгаан гээд боогоод татаж унагаад нүүр лүү цохисон.

            Би босоод явж байтал нүүр лүү өшиглөөд би араараа газар унасан.Тэгээд намайг зодсон залууг Б.Сэргэлэн гэж цагдаа гэдгийг мэддэг. Б.Сэргэлэн надтай уулзаад би чамд эмчилгээний зардалд 3 сая төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд надад 980000 төгрөг  миний дансанд  шилжүүлсэн байсан  болохоор би гомдлоо прокурорт гаргасан юм . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 21-23х /,

            Гэрч Ц.Ононбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ . . . Б.Сэргэлэнгийн гэрт очиж хоол идсэн. Тэгээд Б.Сэргэлэн машинаар бид хоёрыг манай гэрт хүргэж өгөхөөр явсан. Би замдаа “ Заяа “ зочид буудал ороод хүнтэй уулзахаар буудал руу орсон. Буудал ороод нэг их удалгүй гарч ирээд машинд суухад Б.Сэргэлэн би нэг хүнтэй маргалаа гэж ярьж байсан . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 27х /,

            Гэрч Л.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ . . . Би 2019 оны 04 дүгээр сарын 20-ны орой шинжээч Ц.Ононбатын хамт цагдаа Б.Сэргэлэнгийн гэрт очиж хоол идсэн. Б.Сэргэлэн машинаар бид хоёрыг Ц.Ононбатын гэрт хүргэж өгөхөөр явж байгаад замдаа “Заяа “ зочид буудал орсон. Тэнд Ц.Ононбат хүнтэй уулзана гээд буудал руу орсоны дараа нэг танихгүй согтуу залуу ирээд машины хаалга онгойлгоод юу байна, хаанаас яваа юм бэ гээд хаалга бариад зогсоод байхаар нь та явж амар бид нар явлаа гэхэд явахгүй зогсоод байсан. Тэгээд Б.Сэргэлэн буугаад машинаас тэр хүнийг холдуулаад цааш нь аваад явсан.

            Би машин дотор сууж байгаад Б.Сэргэлэн ирэхгүй болохоор нь дуудсан. Б.Сэргэлэн ирээд нөгөө нөхөр чинь газраас юм аваад над руу гүйгээд ирэхээр нь гар луу нь өшиглөх гэж байгаад нүүрлүү нь өшиглөчихлөө гэсэн . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 28-29 /,

            Гэрч Х.Хишгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ . . . Манай хүү “Заяа “ зочид буудлын гадна цагдаагийн хэлтсийн цагдаа Б.Сэргэлэнгээр зодуулаад маргааш нь Ховд аймаг орж  “Ач заяа “ эмнэлэгт очиж Шинэбаяр эмчид үзүүлэхэд хамар мурийлттай, ухархайн яс цуурсан яаралтай хотод очиж нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэж хэлсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан  . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 32-33х /, Б.Угтахбаярын биед гэмтэл тогтоогдоогүй гэх 215 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт / 1-р хх-н 40х /, 2019.05.29-ны өдрийн 699 дугаартай . . . урьд гаргасан № 215 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Б.Угтахбаярын биед . . .  хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаарх  шинжээч эмч нарын дүгнэлт,  / 1-р хх-н 46-47х /, 2019.08.20-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын  Б.Угтахбаярын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь үндэслэлтэй байна гэх дүгнэлт / 1-р хх-н 57-59х /, эд мөрийн баримтаар “Заяа” зочид буудлын хяналтын камерын бичлэгийг хураан авсан баримт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, / 1-р хх-н 17-19х /эмчлүүлэгчийн карт / 1-р хх-н 80-85х /, Б.Угтахбаярын толгойн компьютерт томографийн шинжилгээнд: “ . . . хамрын таславч урд хэсгээр зүүн тийш муруйлттэй гэх эмч З.Хишигжаргалын бичсэн дүгнэлт / 1-р хх-н 86х /, Б.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “ . . . Миний цохисон үйлдлээс гэмтэл учраагүй гэж бодож байна. Би намайг цохих гэж байна гэж бодоод гар луу нь өшиглөсөн. Маргааш өглөө нь над дээр нүүр нь хөхөрсөн, баруун талынх нь нүд хавдсан байдалтай ирсэн. Чи намайг зодоод ийм болгочихлоо гэж хэлсэн.Би эхлээд 150000 төгрөг өгсөн, дараа нь нэг сая төгрөг өгсөн  . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 73-74 / зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            Б.Сэргэлэнгийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон, шүүх түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Сэргэлэн түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Л.Ган-Очир нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Сэргэлэн түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Л.Ган-Очир нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

           

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

                                              ШҮҮГЧИД                                         М.НЯМБАЯР

                                                                                                        Б.ДАМБА