| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/00300/И |
| Дугаар | 183/ШШ2022/00360 |
| Огноо | 2022-02-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2022/00360
| 2022 оны 02 сарын 16 өдөр | Дугаар 183/ШШ2022/00360 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, *** гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт оршин суух Л.Х /РД:ДЮ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, *** мянгат, * дүгээр байр,*** тоот хаягт оршин суух Ө.Уд холбогдох
251 700 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Л.Х
хариуцагч Ө.У
нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Х хариуцагч Ө.Уд холбогдуулан дутуу орсон сургалтын төлбөрийн 180 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гаргасан зардал 70 200 төгрөг, нотариатын зардал 1 500 төгрөг, нийт 251 700 төгрөгийг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2021оны 6 сарын 14-ны өдөр Ө.Утай англи хэлний сургалтанд 2 сар суухаар тохирч 480000 төгрөгийг Хаан банкны ******** дансанд шилжүүлсэн. Ингээд сургалтанд эхлээд сар болж байхад уг хүн утсаа унтраагаад алга болсон ба 8 сарын 9-ний өдрөөс арай хийж холбогдож сургалтаа үргэлжлүүлсэн боловч 3 хичээл орсны дараа дахиад амарлаа гэсэн. Энэ мэт алга болоод байсан тул төлбөрөө өдрөөр нь тооцож, үлдэгдэл төлбөрөө авах гэтэл торгууль, алданги нэхээд яриад төлбөр үлдвэл аваарай гэсэн. Бид цаасаар гэрээ байгуулаагүй бөгөөд ямар нэгэн журам танилцуулж байгаагүй. Одоо хүртэл үлдэгдэл төлбөрөө өгөхгүй байгаа бөгөөд миний тооцоогоор 180 000 төгрөгийн төлбөр байна. Иймд хариуцагчаас 180 000 төгрөгийг эрэн сурвалжлахад зарцуулсан 70 200 төгрөг, нотариатын зардал 1 500 төгрөг, нийт 251 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 6 сарын 14-ний өдөр утсаар холбогдож Л.Х нь ирж түвшин тогтоох шалгалт өгсөн. Ингээд 2 сарын хугацаатай IELTS буюу олон улсын англи хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлдүүлэх зорилгоор ганцаарчилсан сургалтыг орж эхэлсэн. Би суралцагчийнхаа түвшинг тогтоож, сургалтын программаа гаргадаг бөгөөд IELTS-д бэлдэх 1 сарын төлбөр 300 000 төгрөг бөгөөд тухайн үед Л.Х нь 480 000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг дараа нь шилжүүлэхээр болсон. нийт 16 цагийн хичээл орсон бөгөөд үлдэгдэл 80 000 төгрөгийг буцааж өгч болно. Харин би хаягтаа байсан, шүүхээс дуудаагүй 70 200 төгрөгийг зөвшөөрөхгүй.
3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт 2021.06.14-ний өдрийн Хаан банкны мөнгө шилжүүлсэн баримт,Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.21-ний өдрийн 2709 дугаартай шийдвэр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Цагдаагийн газрын албан тоот,
Хариуцагчаас багшийн журнал гэх дэвтэр, Л.Хгаас авсан шалгалтын материал, зохигч талуудын хоорондоо бичсэн мессэж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
4. Хариуцагч талын хүсэлтээр шүүх хариуцагчийн **** фейсбүүк мессэнжэр хаягнаас нэхэмжлэгчийн Sanhuugiin Tailan Tailan мессэнжэр хаягт хоорондоо харилцан явуулсан 2021.08.16-ний өдрөөс 2021.08.30-ны өдрийн хоорондох захидалд үзлэг хийж, баримтыг хавсаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардалгын үндэслэлээ 2021оны 6 сарын 14-ны
өдөр Ө.Утай англи хэлний сургалтанд 2 сар суухаар тохирч 480 000 төгрөгийг төлсөн бөгөөд нийт 24 цагийн хичээл орохоос 15 цагийг орж, үлдсэн 9 цагийг ороогүй. 1 цагийг 20 000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл 180 000 төгрөгийг гаргуулна. Мөн энэ хүн хаягтаа байхгүй үндэслэлээр шүүхээр шийдвэр гаргуулж эрэн сурвалжлуулахад 70 200 төгрөгийн зардал гарч, нотариатад 1 500 төгрөг төлсөн. гэж тайлбарлав.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй
үндэслэлээ 2021 оны 6 сарын 14-ний өдөр утсаар холбогдож Л.Х нь ирж түвшин тогтоох шалгалт өгсөн. Ингээд 2 сарын хугацаатай IELTS буюу олон улсын англи хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлдүүлэх зорилгоор ганцаарчилсан сургалтыг орж эхэлсэн. Би суралцагчийнхаа түвшинг тогтоож, сургалтын программаа гаргадаг бөгөөд IELTS-д бэлдэх 1 сарын төлбөр 300 000 төгрөг бөгөөд нийт 16 цагийн хичээл орсон бөгөөд үлдэгдэл 80 000 төгрөгийг буцааж өгч болно. Харин би хаягтаа байсан, шүүхээс дуудаагүй 70 200 төгрөгийг зөвшөөрөхгүй. гэж тайлбар гаргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар
зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Л.Х нь англи хэлний түвшингөө ахиулах зорилгоор хариуцагч Ө.Утай 2021 оны 06 сарын 14-ний өдөр харилцан тохиролцож, англи хэлний ганцаарчилсан сургалтанд хамрагдах болж, улмаар нэхэмжлэгч Л.Х нь төлбөрт 480 000 төгрөгийг төлж, хариуцагч Ө.У нь суралцагчид тохирсон хичээлийг заахаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан дансны хуулга, Л.Хгийн түвшинг тогтоосон шалгалтын хуудас зэргээр тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчийг 15 удаагийн хичээл орсон бөгөөд IELTS-ийн хичээл ороогүй, 1 цагийн хичээлийн төлбөр 20 000 төгрөг тул ороогүй 9 цагийн төлбөрийг буцаан гаргуулна гэж тайлбарласныг, хариуцагч нийт 16 цагийн хичээл орсон бөгөөд түвшинд нь тохируулж, IELTS-ийн хичээл орсон 1 цагийн хичээл 25 000 төгрөг байдаг гэж тайлбар гаргаж, маргажээ.
Хариуцагчийн хүсэлтээр хариуцагчийн **** фейсбүүк мессэнжэр хаягнаас нэхэмжлэгчийн Sanhuugiin Tailan Tailan мессэнжэр хаягт хоорондоо харилцан явуулсан 2021.08.16-ний өдрөөс 2021.08.30-ны өдрийн захидалд үзлэг хийхэд Л.Хгаас нийт 15 удаагийн хичээл орсон гэж бичсэнийг хариуцагч Ө.У зөвшөөрч бичсэн агуулга бүхий хэсэг нь хэрэгт ач холбогдолтой, түүнчлэн аудио бичлэгт үзлэг хийхэд дуу нь сонсогдохгүй, түүнчлэн уг бичлэг нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй тул дээрх бичлэгт хэн аль нь үзлэг хийх шаардлагагүй гэснээр дуусгав.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь нийт 24 удаагийн хичээлийг 1 цагийг 20 000 төгрөгөөр тохирсон гэж тайлбарласан хэдий ч энэ талаараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд хариуцагч Ө.Угийн суралцагчийнхаа түвшинг тогтоож, тохирсон хичээлийг зааж, 1 цагийн төлбөрийг 25 000 төгрөгөөр тооцдог гэж тайлбарлажээ.
Дээрхээс дүгнэхэд талууд хэн аль гэрээний гол нөхцлийн талаар зөрүүтэй тайлбар гаргаж маргаж байх боловч хариуцагч Ө.Уг хичээл заасан асуудлаар маргаагүй байх тул дээрх төлбөрийг хичээл заасан багш Ө.Угийн тайлбарын хэмжээнд шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай хэл амаа ололцоогүйгээс шүүхэд хэд хэдэн удаа хандсан, улмаар хариуцагч Ө.Уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эрэн сурвалжлуулж, цагдаагийн байгууллагаар хаягийг тогтоолгосон тул улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба энэ нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэснээр дээрх зардлыг хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.
Дээрхийг нэгтгээд сургалтын төлбөрийн 105 000 төгрөг/480 000-15х25 000/, гаргасан зардлын 70 200 төгрөг, нийт 175 200 төгрөгийг хариуцагч Ө.Угаас гаргуулах нь зүйтэй.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Угаас 175 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Хд олгож, илүү нэхэмжилсэн 76 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Хгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8 201 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ө.Угаас улсын тэмдэгтийн хураамжинд 5 906 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Хд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ