Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/240

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Б.Мандалмаа,

Шүүгдэгч Д.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овгийн *****ын *****д холбогдох 2426001780227 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол улсын иргэн, ****** оны ***** дүгээр сарын ****-ны өдөр, Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн, 32 настай, регистрийн дугаар *****, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ********* хамт Өвөрхангай аймгийн ***** сумын **** дугаар багийн ***** дугаар гудамжны ***** тоотод түр оршин суух, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2017/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаас чөлөөлсөн, хэрэг хариуцах чадвартай, ***** овгийн *****ын *****.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Д.И нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гор газ” шатахуун түгээх станцийн хойд талд байх цохион дунд задгай хээр газар төрж, улмаар сэтгэл санааны гүн хямралтай байх үедээ буюу төрсөн даруйдаа нярай хүүхдээ алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.И шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Хүүхдээ цэцэрлэгээс аваад гэртээ ирсэн. Тэгээд өвдөөд байсан. Хөдөө яах гэж явсан, яаж төрснөө огт санахгүй байгаа. Хэзээ төрөхөө мэдэхгүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 09-ний орой эхнэр ***** руу утсаар залгах үед утас нь холбогдохгүй байсан. Түүнээс хойш 21 цагийн орчимд манай хүргэн ***** над руу залгаад “танай эхнэр ***** чинь машинаа чулуун дээгүүр тэгнүүлсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ утсаар яриад юу болсон талаар асуухад “хог шатаах гэж яваад буцаж ирж байхдаа чулуун дээр тэгнэчихлээ” гэж надад хэлсэн. Би хөдөө гэрээсээ шөнө 01 цаг өнгөрч байх үед аймагт байх гэртээ ирсэн. Гэртээ ирэх үед манай эхнэрийн царай цонхигор унтаж байсан. ***** ах гэрт сууж байсан. Тэгтэл машин гаргаж ирсэн *****, *****, ***** нар араас орж ирээд ***** надад “эхнэр чинь дутуу төрчихсөн юм биш үү, машины чинь хажуу тал чинь цус болчихсон байна” гэж хэлсэн. Тэгээд би эхнэрээсээ “чи төрчихсөн юм уу?” гэж асуухад “тийм ээ” гэж хэлсэн. Төрсөн газар луу нь очих гэсэн чинь шөнө байсан учраас өглөө үүр цайлгаад 04 цаг 30 минутын орчимд ***** ах, бэр эгч *****, *****, ***** бид 5 яваад аймгийн зүүн талын “Гор газ”-ын арын цохион дунд очиход манай эхнэр ураг байгаа газраа зааж өгсөн. Очиход цагаан, цус болсон даавуугаар ороочихсон, амьгүй байхаар нь аваад гэртээ 05 цаг 30 минутын үед ирсэн. Тэгээд орой 18 цагийн орчимд эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд шахуурга байна, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гээд эмнэлэгт хэвтсэн. Бид хоёр 2010 онд танилцаад 2013 онд хуримаа хийгээд түүнээс хойш хамтран амьдарч байгаа, дундаасаа 5 хүүхэдтэй болсон, гэрлэлтээ батлуулаагүй. Би цагаан сарын үеэр жирэмсэн юм уу гэж асуухад үгүй гэж хэлсэн. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр манай эхнэр надад амьгүй 2 сартай жирэмсэн гэдэг талаараа хэлсэн. Сая 04 дүгээр сарын 07-ны өдөр манай хүүхэд *****ийн төрсөн өдөр болоод хөдөөнөөс ирээд гэдсийг нь үзэхэд хатуу байхаар нь асуусан чинь эмчилгээ хийлгээд шимэгдээд гарчихна гэж хэлсэн. Би маргааш нь хөдөө явсан. Надад жирэмсэн талаараа огт хэлээгүй. ...Надад авахуулна гэж тийм зүйл ярьж байгаагүй. Эмчийн хяналтад орсон эсэхийг мэдээгүй. Надад бол хэлээгүй. ...Намайг харахад урд гупер хэсэгт их цус болсон байсан. Би сайн ажиж хараагүй. Машины доод талын кроп цоорсон, тос нь гоожсон байсан. Надад хэлэхдээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг “Гор газ” шатахуун түгээх станцын хойд талд цохион дотор төрсөн талаараа хэлсэн. ...Төрөх үедээ ганцаараа явсан гэж хэлсэн. Урьд нь 2017 онд бас тийм зүйл болоод шүүхээр ороод торгуулийн ял авч байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-24 хуудас),

 

Гэрч Т.*****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн орчимд *****ын гэрийн гадаа очсон чинь *****ын хүүхэд гарч ирэхээр нь ээж нь байгаа юм уу? гэж асуусан чинь байгаа гэхээр нь би гэрт нь орсон. Гэрт нь ороход ***** зуухныхаа өмнө галаа түлээд сууж байсан. *****гоос машинаа яасан юм гэхэд ойрхон газар хог шатаагаад машинаа чулуун дээр мордуулсан гэж хэлсэн. Тэгээд чих рүү хатгаад, толгой өвдөөд байна гэж хэлээд орон дээр хэвтсэн. Тэгээд би гадаа тамхи татаж байхад гаднаас 2 хүн гэр лүү нь орсон . Намайг гадаа зогсож байхад нөгөө 2 хүн *****г дагуулаад гэрээс нь гарч ирээд миний машинд суугаад машинаа авчрах гээд хашаанаас гараад зүүн талын айлаас 2 хүн аваад гэрийнхээ зүүн хойд талын цохио рүү 1 км гарантай яваад машин дээр очсон. Машин руу гэрэл тусгаад хартал өндөр чулуун дээр машин нь тэгнээд урд 2 дугуй газраас хөндийрсөн байдалтай байсан. Би машиныхаа запас дугуйг данхраадтай өгсөн чинь надтай хамт явсан 3 эрэгтэй хүн данхраадаад түлхээд машиныг гаргасан. Хамт явсан улсууд нь машин дотор цус байна гэхээр нь би айгаад харж чадаагүй, хашаанд очиж үзье гэж хэлсэн. Тэгэхээр нь би *****гоос “янз бүрийн асуудал болсон юм уу” гэж асуухад болоогүй гээд байсан. ...Буцаж гараад машины дотор талыг харсан чинь цус үнэртээд машины руль, шалавч цус болсон, мөн жолоочийн арын суудлын шалавч цус болсон байсан. Тэгээд ***** гэрээсээ гарч ирээд шалны алчуураар арчаад алчуураа базаж асгаад машинаа цэвэрлэсэн. Машинаа цэвэрлэчихээд гэр лүүгээ ороод нөхөртэйгөө яриад ***** “***** ах байгаа юм уу, яръя” гэсэн чинь “гараад явсан” гээд худлаа яриад байхаар нь би дэлгүүр орлоо гэж гараад “*****” гэх газар луу яваад нөхөр *****ыг авчирсан. Гэртээ ирээд ***** нь *****гийн гэдсийг барьж үзээд “Зөөлөн байна, чи яагаад нуугаад байгаа юм, цагдаа дуудлаа” гэж хэлсэн чинь “янз бүрийн юм болоогүй, гарын алга шиг хэмжээтэй цус гарсан” гээд байсан. Би гараад тамхи татчихаад гэрт нь орж ирсэн чинь ***** нь *****той “амьтай байсан, уйлаад хоцорсон, би цагаан бүрээсэнд боогоод үлдээсэн, айгаад зугтсан” гэх яриа өрнөж байсан. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 05 цагийн үед тухайн нярайг хаясан газар очиж авчирсан. ...Нярайг авчрахдаа *****, *****, *****, ***** нарын хамт явсан. ...Ямар шалтгааны улмаас төрсөн талаараа хэлээгүй. Би “ингэж сарын тэмдэг ирдэггүй юм, хүүхэд зулбасан юм биш үү гэж хэлсэн чинь  “үгүй энэ талаар *****од битгий хэлээрэй” гээд надаас гуйгаад байхаар нь би “янз бүрийн юм болсон бол би нууж чадахгүй” гэж хэлсэн. ...Би машин байсан газар нь очиж зогссон чинь *****, *****, ***** 3 машинаас бууж алхаад нярайг авчирсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29-30 хуудас),

 

Гэрч Ё.*****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 05 цагийн үед ***** залгаад “энд нэг юм болжээ, би хөдөө яваад *****ыг аваад ирсэн. Өөрөө хүрээд ирэхгүй юу” гэхээр нь “би яаж очих уу?” гэсэн чинь “би яваад очьё” гээд гадаа ирж авсан. Тэгээд “***** хөдөө хээр төрчихөөд ирсэн байна, тэрийгээ нуугаад байна. Гэгээ орж байна, тэр хүүхдийг нь олж авч ирье, хамт яваадахья” гээд байсан. ***** бид хоёр нэг айлын бэрүүд байгаа юм. Тэгээд ***** зам заагаад *****гийн машинтай *****, *****, ***** гээд нөхрийнх нь эгчийн хүргэн залуу бид нар явсан. ***** замаас гарч явсан гээд аймгийн зүүн талд цохион дотор газар заасан. Тэр заасан газар нь төрүүлсэн нярай нь байсан. Би ойроос очоогүй. Амьгүй байна” гээд байсан. Аймагт ирээд би морь малын тэжээл өгнө гээд явсан. Эмнэлэгт үзүүлье гэхээр ***** өөрөө “зүгээр зүгээр яах юм” гээд байсан. Тэгж тэгж орой дуудсан. Эмнэлгээс цагдаа дуудсан. Эхлээд хэлэхгүй байсан гэсэн. Сүүлд нь уйлсан гэсэн. Нөхөртөө хэлсэн гэсэн. Надад бол тэгж хэлсэн юм байхгүй. Цагаан сарын үеэр тэрнээс хойш би таарахаараа асууж байсан. Тэгэхээр өөрөө жирэмсэн биш, саяхан Ганбат эмчид үзүүлсэн, спраль тавиулахаар таргалаад байгаа юм гэсэн юм ярьж байсан. Нөхөр нь хөдөө мал дээр байдаг,хаа нэг ирдэг. Жирэмсэн байна гээд асуухаар үгүй гээд байсан гэсэн. Тэгээд чи мэддэггүй юм уу? гэсэн чинь 2, 3 сартай амьгүй ураг байна гэсэн юм хэлж байсан гэсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32 хуудас),

 

2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6 хуудас),

 

2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 8-13 хуудас),

 

2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн нярайг хаясан гэх газарт хэргийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 14-17 хуудас),

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №56 дугаартай цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 63-72 хуудас),

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №304 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 37-39 хуудас),

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн “Шүүх сэтгэц эмгэг судлал”-ын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт (хх-ийн 128-129 хуудас) зэрэг болно.

 

       Хэрэгт шүүгдэгч Д.Игийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 255 дугаартай тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 87, 89-102, 129 хуудас) авагдсан байна.

 

2.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Б.Мандалмаа шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Д.И нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах зүүн талын задгай хээр газар төрж, улмаар сэтгэл санааны гүн хямралтай байх үедээ буюу төрсөн даруйдаа нярай хүүхдээ алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

      Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Д.И нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

      Шүүгдэгч Д.И нь хүүхдээ хөдөө хээр газар төрүүлсний улмаас айж, сэтгэл санааны цочролд орсон болох нь Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 30 дугаартай “1.Яллагдагч Д.И нь Сэтгэл гутрах дунд зэргийн тохиол өвчтэй байна.

 

      2. Яллагдагч Д.И нь тухайн тохиолдолд гэмт хэрэг гарах үр дагаврыг урьдчилан тооцоолоогүй байсан байна.

 

      3. Яллагдагч нь төрсөн даруйд сэтгэл хямарч айж түгшсэн байсан байна.

 

      4. Яллагдагч Д.И нь гэмт хэрэг үйлдэх үед сэтгэл санаа нь цочрон давчидсан байсан байна.

 

      5. Яллагдагч Д.И нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлтээр (хх-ийн 128-129 хуудас) тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Д.И нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гор газ” ШТС-ийн хойд зүгт байх цохион дунд хөдөө хээр газар хүүхдээ төрүүлж, төрүүлсэн нярай хүүхдээ хээр орхисны улмаас түүний төрүүлсэн нярай хүүхэд нь амьсгалын зам зунгаг болон ураг орчмын шингэнээр бөглөрч амьсгалын дутагдалд орж нас барсан үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****ын “...2024 оны 04 дүгээр сарын 09-ний орой эхнэр ***** руу утсаар залгах үед утас нь холбогдохгүй байсан. Түүнээс хойш 21 цагийн орчимд манай хүргэн ***** над руу залгаад танай эхнэр ***** чинь машинаа чулуун дээгүүр тэгнүүлсэн байна гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ утсаар яриад юу болсон талаар асуухад хог шатаах гэж яваад буцаж ирж байхдаа чулуун дээр тэгнэчихлээ гэж надад хэлсэн. Би хөдөө гэрээсээ шөнө 01 цаг өнгөрч байх үед аймагт байх гэртээ ирсэн. Гэртээ ирэх үед манай эхнэрийн царай цонхигор унтаж байсан ***** ах гэрт сууж байна. Тэгтэл машин гаргаж ирсэн *****, *****, ***** нар араас орж ирээд ***** надад “эхнэр чинь дутуу төрчихсөн юм биш үү машины чинь хажуу тал чинь цус болчихсон байна” гэж хэлсэн. Тэгээд би эхнэрээсээ “чи төрчихсөн юм уу?” гэж асуухад “тийм ээ” гэж хэлсэн. Төрсөн газар луу нь очих гэсэн чинь шөнө байсан учраас өглөө үүр цайлгаад 04 цаг 30 минутын орчимд ***** ах, бэр агч *****, *****, ***** бид 5 яваад аймгийн зүүн талын “Гор газ”-ын арын цохион дунд очиход манай эхнэр ураг байгаа газраа зааж өгсөн. Очиход цагаан цус болсон даавуугаар ороочихсон, амьгүй байхаар нь аваад гэртээ 05 цаг 30 минутын үед ирсэн. Тэгээд орой 18 цагийн орчимд эмнэлэгт очиж үзүүлсэн эмнэлэгт үзүүлэхэд шахуурга байна, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гээд эмнэлэгт хэвтсэн. ...Би цагаан сарын үеэр жирэмсэн юм уу гэж асуухад үгүй гэж хэлсэн. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр манай эхнэр надад амьгүй 2 сартай жирэмсэн гэдэг талаараа хэлсэн. Сая 04 дүгээр сарын 07-ны өдөр манай хүүхэд *****ийн төрсөн өдөр болоод хөдөөнөөс ирээд гэдсийг нь үзэхэд хатуу байхаар нь асуусан чинь эмчилгээ хийлгээд шимэгдээд гарчихна гэж хэлсэн.  ...Надад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг “Гор газ” шатахуун түгээх станцын хойд талд цохион дотор төрсөн. Төрөх үедээ ганцаараа явсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-27 хуудас),

 

Гэрч Т.*****гийн “...Гэрт нь ороход ***** зуухныхаа өмнө галаа түлээд сууж байсан. *****гоос машинаа яасан юм гэхэд ойрхон газар хог шатаагаад машинаа чулуун дээр мордуулсан гэж хэлсэн. Тэгээд чих рүү хатгаад, толгой өвдөөд байна гэж хэлээд орон дээр хэвтсэн. ...нөгөө 2 хүн *****г дагуулаад гэрээс нь гарч ирээд миний машинд суугаад машинаа авчрах гээд хашаанаас гараад зүүн талын айлаас 2 хүн аваад гэрийнхээ зүүн хойд талын цохио рүү 1 км гарантай яваад машин дээр очсон. Машин руу гэрэл тусгаад хартал өндөр чулуун дээр машин нь тэгнээд урд 2 дугуй газраас хөндийрсөн байдалтай байсан. ...Хамт явсан улсууд нь машин дотор цус байна гэхээр нь би айгаад харж чадаагүй, хашаанд очиж үзье гэж хэлсэн. Тэгээд би *****гоос “янз бүрийн асуудал болсон юм уу” гэж асуухад “болоогүй” гээд байсан. ...Буцаж гараад машины дотор талыг харсан чинь цус үнэртээд, машины руль, шалавч цус болсон, мөн жолоочийн арын суудлын шалавч цус болсон байсан. ***** гэрээсээ гарч ирээд шалны алчуураар арчаад алчуураа базаж асгаад машинаа цэвэрлэсэн. ...Би дэлгүүр орлоо гэж гараад “*****” гэх газар луу яваад нөхөр *****ыг авчирсан. Гэртээ ирээд ***** нь *****гийн гэдсийг барьж үзээд “зөөлөн байна, чи яагаад нуугаад байгаа юм, цагдаа дуудлаа” гэж хэлсэн чинь “янз бүрийн юм болоогүй, гарын алга шиг хэмжээтэй цус гарсан” гээд байсан. Би гараад тамхи татчихаад гэрт нь орж ирсэн чинь ***** нь *****той “амьтай байсан, уйлаад хоцорсон, би цагаан бүрээсэнд боогоод үлдээсэн, айгаад зугтсан” гэх яриа өрнөж байсан. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 05 цагийн үед тухайн нярайг хаясан газар очиж авчирсан. ...Нярайг авчрахдаа *****, *****, *****, ***** нарын хамт явсан. ...Би “ингэж сарын тэмдэг ирдэггүй юм, хүүхэд зулбасан юм биш үү” гэхэд “үгүй энэ талаар *****од битгий хэлээрэй” гээд надаас гуйгаад байхаар нь би “янз бүрийн юм болсон бол би нууж чадахгүй” гэж хэлсэн. ...Би машин байсан газар нь очиж зогссон чинь *****, *****, ***** 3 машинаас бууж алхаад нярайг авчирсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29-30 хуудас),

 

Гэрч Ё.*****ын “...2024 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 05 цагийн үед ***** залгаад “энд нэг юм болжээ, би хөдөө яваад *****ыг аваад ирсэн. Өөрөө хүрээд ирэхгүй юу” гэсэн. Би яаж очих уу? гэсэн чинь би яваад очъё гээд гадаа ирж авсан. Тэгээд “***** хөдөө хээр төрчихөөд ирсэн байна, тэрийгээ нуугаад байна. Гэгээ орж байна, тэр хүүхдийг нь олж авч ирье, хамт яваадахъя” гээд байсан. ...Тэгээд ***** зам заагаад *****гийн машинтай *****, *****, ***** бид нар явсан. ***** замаас гарч явсан гээд аймгийн зүүн талд цохион дотор газар заасан. Тэр заасан газар төрүүлсэн нярай нь байсан. Би ойроос очоогүй. Амьгүй байна гээд байсан. ...Цагаан сарын үеэр тэрнээс хойш би таарахаараа асууж байсан. Тэгэхэд өөрөө жирэмсэн биш, саяхан Ганбат эмчид үзүүлсэн. Спраль тавиулахаар таргалаад байгаа юм гэсэн юм ярьж байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32 хуудас),

 

2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” (хх-ийн 6 хуудас),

 

Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн “...Нярай хүүхдийн цогцос байрлах газар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 22 дугаар гудамжны 4 тоотод урагш харсан улаан хүрэн өнгийн банзан хашаа байх ба ногоон өнгийн төмөр хаалгатай, том хаалга буюу машин орох хаалга нь онгорхой байв. Хашааны дотор талд баруун хойд талын булангийн хэсэгт 5 ханатай цагаан бүрээстэй монгол гэр байх ба гэрийн урд талд хойд зүгт харж зогссон саарал өнгийн “Samsung SМ 5” маркийн 02-12 ӨВО улсын дугаартай автомашин байх ба гэрийн зүүн талд хашааны хойд булангийн хэсэгт цэнхэр өнгийн 69-29 ӨВА улсын дугаартай “Porter” маркийн автомашин байв. Уг автомашин нь урагш харсан байдалтай зогссон байх ба тэвшний арын хэсэгт цагаан өнгийн шуудайтай зүйл, шар өнгийн шуудай, хар өнгийн гялгар ууттай зүйл байх ба модон шалны хэсэг машины өндөрлөгөө байна. Түүний хойд хэсэгт цагаан өнгийн бүтээлэг даавуунд боолттой толгойдоо үстэй, хүйтэй дөнгөж гарсан гэмээр нярай хүүхдийн цогцос байв. Шар өнгийн шуудайнд “Сэнгүр” 2,5 литрийн хэмжээтэй пивоны сав байв. Цагаан шуудайнд хар гялгар ууттай зүйл, 2 ширхэг цагаан даавуу байв. Уутан дотор ягаан өнгийн эмэгтэй хүний куртка, хар өмд байх ба цус мэт зүйлээр бохирлогдсон, мөн эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл цус мэт зүйлээр бохирлогдсон, 2 ширхэг цэнхэр өнгийн тавчик байв. Хар өнгийн гялгар уутан дотор цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн даавуун алчуур, эхэс байв. Уг эд зүйлүүдийн шинж байдлыг гэрэл зураг авч бэхжүүлэв. ...Гэрийн урд талын хэсэгт байх 02-12 ӨВО улсын дугаартай автомашины буферийн зүүн хойд хэсэгт цус мэт зүйлийн толбо болсон, мөн жолооны хүрдтэй талын эсрэг тал буюу баруун хойд дугуй обудны хэсэгт цус мэт зүйлийн толбо байв. Автомашины дотор талд хойд суудлын зүүн хажуу хэсэг, дунд суудлын урд хэсэгт цэнхэр өнгийн усны сав байв. Мөн хойд суудлын ард шилтэй хойд хэсэгт эмэгтэй хүний хар өнгийн цүнх, pepsi ундааны сав байв. Уг автомашины хөдөлгүүрийн доод хэсэгт газрын хөрс, тос мэт зүйл гоожсон бохирлогдсон байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 8-13 хуудас),

 

Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн нярайг хаясан гэх газарт хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн зүүн талын чулуу хадтай хуучин оршуулгын газрын зүүн урд хэсэгт байрлана. ***** нь 02-12 ӨВО улсын дугаартай машин зогссон байсан, тэгнэээд доор нь байсан чулуу хэмээн GPS-н N46.28395, Е102,73324 цэгт байрлах 124 см урт, 54 см өндөр газрын хөрснөөс цухуйсан чулууг заав.  Уг чулууны дээд хэсгээс доош урсаж тогтсон тээврийн хэрэгслийн тос гэмээр зүйлийн толбо байв. Уг чулууны урд талд тээврийн хэрэгслийн дугуйн мөр байх ба уг мөр нь 2,19 метр урт, 15 см өргөнтэй хойд талын төгсгөл хэсэгтээ газрын хөрс хөндөгдөж хонхойсон байна. Уг чулууг 1 дугаараар тэмдэглэв. Уг чулуунаас урд тал руу 32,4 метр зайд газрын хөрс чулууны хэсгүүд улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байх ба уг хэсэгт эхэс нь байсан хэмээн гэрч ***** заав. Уг хэсэг нь GPS-н N46.28382, Е102.79358 цэгт байрлах ба уг хэсгийг 2 дугаараар тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлэв.  02-12 ӨВО улсын дугаартай автомашин зогсож байсан гэх хэсгээс зүүн зүгт 49,3 метр зайд GPS-н N46.28397, Е102.79377 цэгт том хэмжээтэй 3 ширхэг чулуу байх ба уг хэсгийг “А” үсгээр тэмдэглэв. Уг хэсэгт нярайн даавуунд боолттой цогцос байсан гэх. Хэрэг үйлдэгдсэн газар нь элсэрхэг хөрстэй, тачир өвс ургасан, шарласан, том хад чулуу тогтоцтой газар байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 14-17 хуудас),

 

Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 18-19 хуудас),

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №56 дугаартай цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.2.3. Д.Игийн төрүүлсэн гэх нярайн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдоогүй болно.

 

4.5. Д.Игийн төрүүлсэн гэх нярай нь гүйцэд тээгдсэн байх боломжтой бөгөөд 38-40 долоо хоногтой, эд эрхтэн бүтэн, 3 кг 652 гр жинтэй /хэвийн/, урт 46 см /хэвийн/, биеийн хөгжил гүйцэд бүрэн байгаа шинжүүд болон амьсгалын зам зунгаг болон ураг орчмын шингэнээр бөглөрсөн байдал нь нярай гүйцэд төрсөн, нярай төрөөд амьсгалсан байх ба амьдрах чадвартай байдал тогтоогдож байна.

 

6.7. Уг нярай нь амьд төрсөн байх ба амьдрах чадвартай байсан нь дээрх шинж, шинжилгээний хариугаар тогтоогдсон болно.

 

8. Нас барсан хугацаа 20-25 цаг болсон байх боломжтой.

 

9. Д.Игийн төрүүлсэн нярай нь амьсгалын зам зунгаг болон ураг орчмын шингэнээр бөглөрч амьсгалын дутагдалд орж нас баржээ.

 

10. Шинжилгээ хийж дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 63-71 хуудас),

 

Өвөрхангай аймгийн Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №304 дугаартай “...1.2.3 Үзүүлэгч Д.Игийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

 

4. Үзүүлэгч Д.Игийн биед хийсэн үзлэг болон эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр эмнэлгийн бус нөхцөлд төрсөн байх боломжтой.

 

5. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал тогтоогдсонгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 37-39 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

            

       Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

      Шүүгдэгч Д.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

       Шүүгдэгч Д.И нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Ид холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

      Шүүгдэгч Д.Ид холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай байна. 

      

     3. Гэмт хэргийн улмаас хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч Д.И нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

     4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирол, хор уршиг зэргийг харгалзан түүний хувийн байдал буюу өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан хэрнээ дахин ийм гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж түүний хувийн байдал зэргийг харгалзаад шүүхээс 1 удаа боломж олгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн дээрх үйлдсэн гэмт хэргийн шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

       Шүүгдэгч Д.И нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.           

       Тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.И нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаас чөлөөлөгдөж байсан болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр,

        Шүүгдэгч Д.И нь ам бүл 7, нөхөр болон 2014, 2015, 2018, 2020, 2022 онд төрсөн 2-10 насны 5 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын  6 дугаар багийн 22 дугаар гудамжны 14 тоотод оршин суудаг болох нь хэрэгт авагдсан охин А.*****ийн 6240000016, хүү *****ийн 6240000001, хүү *****ын 624000042, охин *****гын 62400000054, охин *****гийн 6240000028 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын  6 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 255 дугаартай тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Д.Ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

       Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах” гэж,

 

      Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх” гэж,

      Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.” гэж тус тус заасан.

      Шүүгдэгч Д.Игийн бага насны 5 хүүхдийн эхтэйгээ хамт амьдрах, эхийнхээ анхаарал, хайр халамжид байж эрүүл, аюулгүй өсөж торних, сурч боловсрох эрхийг харгалзан үзэж, эдгээр боломж нөхцөлөөр хангаж,  шүүгдэгч Д.Ид хуульд заасан хорих ялыг оногдуулах шаардлагагүй гэж үзлээ.

 

       Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овгийн *****ын *****г нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

      

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ид нэг жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Д.Ид оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 

 

Шүүгдэгч Д.И нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                        ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч ***** овгийн *****ын *****г эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овгийн *****ын *****г нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Иг нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Д.Ид мэдэгдсүгэй.

 

 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Д.Ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 6. Шүүгдэгч Д.И нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Д.ЦЭЦЭГЭЭ