Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2022/00434

 

2022 оны 02 сарын 09 өдөр                           Дугаар 102/ШШ2022/00434                           Улаанбаатар хот

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Туушин тауэр, ... тоот, регистр ..., Б... ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, Эрчим хүчний гудамж, өөрийн байр, регистр ...., Ц. ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний улмаас учирсан хохирол 530 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О.,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Ж.,

Гэрч Б.М., А.Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б... нар оролцов.

                                                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь Ц... ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний улмаас учирсан хохирол 530 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

-“Б...” ХХК нь “Э...” ХХК-тай 2020 оны 01-р сарын 14-ний өдөр өдөр “Арматур нийлүүлэх гэрээ” байгуулж, 2020 оны 02-р сарын 13-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулж арматур нийлүүлэх гэрээний хэмжээг 2300 тонн болгож нэмэгдүүлсэн. “Б...” ХХК нь 2020 оны 10-р сард “Ц...” ХХК-иас 120 тонн барилгын арматур худалдаж авсан. Худалдаж авсан арматурыг “Э....” ХХК-д гэрээний дагуу худалдан борлуулсан. Гэтэл “Цамхаг гүүр” ХХК-иас худалдан авч борлуулсан арматур нь чанарын шаардлага хангахгүй талаар “Э....” ХХК мэдэгдсэн. Иймд “Ц...” ХХК-ийн захирал Б.М...т “арматур чанарын шаардлага хангахгүй байна” гэдийг мэдэгдсэн. Үүний дагуу “Ц...” ХХК нь Барилга хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторит арматурыг 2 удаа шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээ хийлгэхэд “Цамхаг гүүр” ХХК-ийн захирал Б.М..., манай менежер н.Г..., “Э...” ХХК-ийн инженерүүд байсан. Хоёр удаагийн шинжилгээгээр арматурын шинжилгээ муу гарсан.

-“Ц.. ” ХХК нь 120 тонн арматураас барилгад ороогүй үлдэгдэл болох 50 тонн арматурыг “Э....” ХХК-иас ачаад явсан. Харин 70 тонн арматурыг “Э...” ХХК-ний баригдаж байгаа барилгат орж баригдсан. “Э...” ХХК нь 70 тонн арматур орсон барилгад “Ца....бюлдинг” ХХК-иар барилгын хүчитгэл хийлгэсэн.

-Ц... ХХК-ийн чанаргүй эд хөрөнгийн доголдолтой арматураас болж “Э...” ХХК нь 2021 оны 09-р сарын 27-ны өдрийн албан тоот бичгээр Б... ХХК-иас 230 000 000 төгрөгийн барилгын хүчитгэл хийсэн зардлыг шаардсан, хохирлыг бараа материалаар нөхөн тооцож төлсөн.

-Үүнээс болж “Э....” ХХК нь 2020 оны 02-р сарын 13-ны өдрийн “Арматур нийлүүлэх гэрээ”-гээ цуцалсан.

-“Ц...” ХХК-иас учруулсан хохиролд 230.000.000 төгрөг, олох ёстой байсан ашиг 300.000.000 төгрөг, нийт 530.000.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

2.Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь ор үндэслэлгүй, болоогүй асуудлыг болсон мэтээр худал тайлбар гаргаж байна. Учир нь Хан-Уул дүүрэгт байрлах Номингийн Вива ситигийн барилга дээр М... захирлыг “хүрээд ир” гэж дуудаад уулзсан. Худалдан авалт хийгээд хэд хоногийн дараа хэлж байгаа юм бэ, манай худалдсан арматур гэж хэрхэн батлах юм бэ гэж асуухад, барилга дээр арматур удаан хадгалагддаггүй, их хэмжээний өндөр дүнтэй байдаг учраас барилгын компаниуд хурдан эргэлтэд оруулдаг. Номин манайхаас гэрээгээ цуцлах гээд байна, энэ арматурыг буцааж ав гээд байна, танай компани арматур зардаг юм чинь зараад мөнгийг нь гаргаад өгөөч гэж гуйсан. 

-2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 53 тонн арматур Вива сити компаниас манай хашаанд буулгасан. Нийт 53 тонн арматурын үнэ 86 390 000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 36 390 000 төгрөг, 11 дүгээр сарын 09-нд 25 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 11-нд 55 000000 төгрөг “Б...” ХХК-ийн ХААН банкны данс руу шилжүүлсэн.

-Үүнээс хойш утсаар яриагүй, худалдан авалт хийгээгүй. Гэтэл 2021 оны зун “Б...” ХХК-ийн өмгөөлөгч н.Б... гэх хүн Номингийн Вива ситид хүчитгэл хийсэн 240 000 000 төгрөг болсон, үүнээс 100 000 000 төгрөгийг өгчих гэж хэлсэн. Шинжилгээний бичиг, манайхаас худалдан авсан арматур гэдгийг нотлох нотолгоо, Номингийн барилгат хүчитгэл хийсэн акт зэрэг ямар ч баримт байдаггүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс 2018 оны 01-р сарын 01-ний өдрийн Захирлын тушаал /хх 12-13/, 2020 оны 01-р сарын 14-ний өдрийн “Бараа нийлүүлэх гэрээ” /хх 46-53/,  БН/20/0001 тоот гэрээний өөрчлөлт /хх 54/, 2021 оны 09-р сарын 27-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай албан бичиг /хх 55/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 56-146/,

Хариуцагчаас 2020 оны 08-р сарын 26-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0003447 /хх 147/, 2020 оны 08-р сарын 26-ны Сорилт шинжилгээний дүн 0003448 /хх 148/, 2020 оны 08-р сарын 26-ны Сорилт шинжилгээний дүн 0003452 /хх 149/, 2020 оны 08-р сарын 26-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0003449 /хх 150/, 2020 оны 08-р сарын 26-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0003450 /хх 151/,  2020 оны 08-р сарын 26-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0003451 /хх 152/, 2020 оны 08-р сарын 26-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0003446 /хх 153/, 2020 оны 08-р сарын 26-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0003442 /хх 154/,  2020 оны 08-р сарын 26-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0003440 /хх 155/,  2020 оны 08-р сарын 26-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0003444 /хх 156/, 2020 оны 08-р сарын 26-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0003446 /хх 157/, Чанарын гэрчилгээ /хх 158-171/, 2020 оны 04-р сарын 23-ны өдрийн “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ” /хх 216-217/, Чанарын гэрчилгээний хуулбар, албан ёсны орчуулга /хх 219-232/ зэргийг нотлох баримтаар гаргасан,

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр 2020 оны 11-р сарын 02-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0005397 /хх 184-190/, 2020 оны 11-р сарын 02-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0005398 /хх 191-197/, 2020 оны 11-р сарын 02-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0005399 /хх 198-203/, 2020 оны 11-р сарын 05-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0005453 /хх 204-206/, 2020 оны 11-р сарын 05-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0005454 /хх 207-208/, 2020 оны 10-р сарын 05-ны өдрийн “Нэхэмжлэх” /хх 233/, 2020 оны 10-р сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэх” /хх 235/ зэрэг баримтыг бүрдүүлсэн,

Хариуцагчийн хүсэлтээр гэрч Б.Мөнхбаатар, А.Буд нараас шүүх хуралдаанд мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-“Ц...” ХХК нь 120 тонн арматураас барилгад ороогүй үлдэгдэл болох 50 тонн арматурыг “Э...” ХХК-иас буцааж авсан. Харин 70 тонн арматурыг “Э...” ХХК-ний баригдаж байгаа барилгат орж баригдсан,

-Ц.. ХХК-ийн чанарын доголдолтой арматураас болж “Эн ...” ХХК нь 2021 оны 09-р сарын 27-ны өдрийн албан тоот бичгээр Ба... ХХК-иас 230 000 000 төгрөгийн барилгын хүчитгэл хийсэн зардлыг шаардаж хохирлыг бараа материалаар нөхөн тооцож төлсөн.

-Үүнээс болж “Э.” ХХК нь 2..020 оны 02-р сарын 13-ны өдрийн “Арматур нийлүүлэх гэрээ”-гээ цуцалсан.

-“Цамхаг гүүр” ХХК-иас учруулсан хохиролд 230.000.000 төгрөг, олох ёстой байсан ашиг 300.000.000 төгрөг, нийт 530.000.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:

-Б....компани “Номин манайхаас гэрээгээ цуцлах гээд байна, энэ арматурыг зараад өгөөч” гэж гуйсан бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 53 тонн арматур Вива сити компаниас манай хашаанд буулгасан. Нийт 53 тонн арматурын үнэ 86 390 000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 36 390 000 төгрөг, 11 дүгээр сарын 09-нд 25 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 11-нд 55 000000 төгрөг “Б...” ХХК-ийн ХААН банкны данс руу шилжүүлсэн.

-Гэтэл 2021 оны зун “Ба... ХХК-ийн өмгөөлөгч Г.Б... гэх хүн Номингийн Вива ситид хүчитгэл хийсэн 240 000 000 төгрөг болсон, үүнээс 100 000 000 төгрөгийг өгчих гэж хэлсэн. Шинжилгээний бичиг, манайхаас худалдан авсан арматур гэдгийг нотлох нотолгоо, Номингийн барилгат хүчитгэл хийсэн акт зэрэг ямар ч баримт байдаггүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

Б...ХХК /цаашид худалдан авагч гэх/ нь Ц... ХХК-тай /цаашид худалдагч гэх/ 2020 оны 04-р сарын 23-ны өдрийн “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ” байгуулж /хх 216-217/, 1 тн арматурыг 1 530 000 төгрөгөөр худалдан авахаар тохирчээ.  Талуудын хооронд Иргэний хуулийн 243-р зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Худалдан авагч нь энэхүү гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сард 120 тн 12 диаметртэй арматурыг /ган туйван/ худалдан авсан, түүнээс 50 тн арматурыг худалдагч буцаан авч зарсан, мөнгийг шилжүүлсэн, энэ талаар маргаагүй байна.

Худалдан авагч нь 70 тн арматурыг Э... ХХК-д нийлүүлсэн,  улмаар барилгат хүчитгэл хийгдсэн, Цамхаг гүүр ХХК-ний нийлүүлсэн энэ арматур нь чанарын шаардлага хангаагүй, доголдолтой байсан, улмаар гэрээгээ цуцалж 230 000 000 төгрөгийн хохирол төлүүлсэн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн 2020 оны 11-р сарын 02-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0005397 /хх 184-190/, 2020 оны 11-р сарын 02-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0005398 /хх 191-197/, 2020 оны 11-р сарын 02-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0005399 /хх 198-203/, 2020 оны 11-р сарын 05-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0005453 /хх 204-206/, 2020 оны 11-р сарын 05-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0005454 /хх 207-208/ зэрэг баримтыг бүрдүүлсэн бөгөөд эдгээрээс 0005398, 0005453, 0005454

дугаар дүгнэлтээр маргаж байгаа 70 тн арматур нь чанарын доголдолтой байсан гэжээ.

            Харин   0005453, 0005454 дугаар дүгнэлтийг Б... ХХК-ний захиалгаар хийсэн, 12 мм-ийн арматурын урсалтын болон бат бөхийн хязгаар, харьцангуй суналт доголдолтой буюу ашиглаж болохгүй тухай дүгнэлт гараагүй, 0005398 дугаар дүгнэлт Э... ХХК-ний захиалгаар хийгдсэн, 12 мм-ийн арматур гэсэн үзүүлэлт байхгүй боловч 10 мм-ийн арматурын хэмжээсүүд нь 12 мм-ийн арматуртай ижил байна. Энэ дүгнэлтээр “18 мм-ийн арматур нь 16.5 мм диаметртэй, диаметртээ хүрэхгүй байна” гэсэн дүгнэлт гарч, бусад арматур доголдолтой талаар дүгнэлт гараагүй байна.

            Үүнээс дүгнэвэл, худалдагчийн нийлүүлсэн 12 мм-ийн диаметртэй арматур доголдолтой байсан, чанарын шаардлага хангаагүй арматурыг Э... ХХК барилгатаа ашигласан, Ц... ХХК-ний авч борлуулсан гэх 50 тн арматур доголдолтой байсан, худалдан авсан компани энэ талаар гомдол гаргасан зэрэг үйл баримт тогтоогдоогүй байна.

Түүнчлэн гэрч Б.М...ын ...2020 оны 11-р сард намайг дуудсан, танайхаас авсан арматур асуудал үүсээд байна гэсэн. Номингийн барилга дээр очиход орос, хятад маш олон арматур холилдчихсон, манайхаас авсан арматур гэж ялгагдахгүй, 2 удаа шинжилгээ өгөхөд сайн гарсан, дараа нь муу гарсан гэсэн. Вечатаар надруу явуулсан шинжилгээний бичиг нь Мон чулуу гэсэн бичиг байсан.  2021 оны зун өмгөөлөгч Батбаяр гэх хүн надтай уулзаж “ноднингийн асуудал үүссэн, төлбөр тавигдах гэж байна, 100 сая төгрөг өгчих, тэгвэл хаалаа, шүүхэд өгвөл нилээн хүнд болно” гэсэн. Ямар ч лабораторын шинжилгээний бичиг, ямар компанид хүчитгэл хийсэн, акт бичиг баримт байхгүй, 240 сая төгрөг болсон бичиг баримт ч байхгүй байсан, дараа нь мөн “Хөсөг трейд” ХХК-ийн гадаа дахин уулзсан, 100 сая төгрөг өгчих гэдэг юмаа л ярьсан. 12-ын арматур нь барилгат хамгийн их ордог, олдоц муу, амархан зарагддаг, эдний хүсэлтийн дагуу 50 тн арматурыг зарж өгсөн гэсэн мэдүүлгээр “арматур нь чанарын доголдолтой байсныг нь няцаасан байна.

            Нөгөө талаас, Э...групп ХХК-иас Б...ХХК-д ирүүлсэн 2021 оны 09-р сарын 27-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” албан бичиг /хх 55/, 2022 оны 2-р сарын 8-ны өдрийн 8-39/22 тоот ...230 000 000 төгрөгийг бараа материалаар тооцуулан барагдуулсан тухай тодорхойлолтоор /хх 236/   хохирлыг арилгасан  гэх боловч Сангийн сайдын 347 тоот тушаалаар баталсан санхүүгийн баримт, санхүүгийн болон татварын тайлан зэрэг баримтаар нотлоогүй байна.

Хэрэгт авагдсан 2020 оны 08-р сарын 26-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0003447 /хх 147/, 2020 оны 08-р сарын 26-ны Сорилт шинжилгээний дүн 0003448 /хх 148/, 2020 оны 08-р сарын 26-ны Сорилт шинжилгээний дүн 0003452 /хх 149/, 2020 оны 08-р сарын 26-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0003449 /хх 150/, 2020 оны 08-р сарын 26-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0003450 /хх 151/,  2020 оны 08-р сарын 26-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0003451 /хх 152/, 2020 оны 08-р сарын 26-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0003446 /хх 153/, 2020 оны 08-р сарын 26-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0003442 /хх 154/,  2020 оны 08-р сарын 26-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0003440 /хх 155/,  2020 оны 08-р сарын 26-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0003444 /хх 156/, 2020 оны 08-р сарын 26-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0003446 /хх 157/, 2020 оны 11-р сарын 02-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0005397 /хх 184-190/, 2020 оны 11-р сарын 02-ны өдрийн Сорилт шинжилгээний дүн 0005399 /хх 198-203 зэрэг баримтууд, чанарын гэрчилгээ /хх 158-171/, чанарын гэрчилгээний хуулбар, орчуулга /хх 219-232/ зэрэг баримтууд нь энэ хэрэгт хамааралгүй байна.  

            4.Нэхэмжлэгч шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2 807 950 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 261-р зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц... ХХК-иас 530 000 000 /таван зуун гучин сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Б... ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 807 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.  

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА