| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/04403/И |
| Дугаар | 102/ШШ2022/01412 |
| Огноо | 2022-04-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2022/01412
|
|
|
|
| 2022 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2022/01412 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... оршин суух, Ж овогтой С-ийн ***гийн /РД:***/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***, өөрийн байр, *** ХХК-д /РД:***/ холбогдох,
гэрээний дагуу 98-104 мкв талбайтай 3 өрөө байрны сонголт хийлгүүлэхийг даалгах, дахин төлөвлөлтийн байрны 10 давхрын 1010 тоот, 104.51 кв.м талбай бүхий 3 өрөө орон сууц сонгосныг хууль бусаар татгалзсан болохыг тогтоолгох, түрээсийн төлбөрт 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие *** тоотод оршин амьдардаг байсан. Тус байр дахин төлөвлөлтөд орж, *** ХХК-ийн гүйцэтгэх захирал *** нь оршин суугч нартай уулзаж, та нар хуучин байранд амьдарч байснаас манайхтай гэрээ байгуулчих, бид хуучин байрны м.кв дээр чинь нэмж 8 м.кв талбай өгье, мөн 1 өрөө байраа 3-4 өрөө болгох боломжтой ба үлдэх м.кв дээр банкны /ипотек/ шиг зээлийн гэрээ байгуулж авах боломжтой гэсэн. Би Барилга, хот байгуулалтын Сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам-ын 4.8-д зааснаар гэрээ байгуулах, 5.4-д Төсөл хэрэгжүүлэгч нь хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан гурван талт гэрээний үлгэрчилсэн загварын дагуу сууц өмчлөгч болон аймаг, нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээ байгуулна гэж зааснаар 2017 оны ***дугаар гурван талт гэрээг байгуулсан, төсөл хэрэгжүүлэгч буюу ***ХХК нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган, шинээр орон сууцны барилга барьж, сууц өмчлөгчийг шинэ орон сууцаар хангахаар тохиролцсон. Миний бие ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 28.09 м.кв талбайн хэмжээг гэрээний 2.3-т зааснаар 8 м.кв талбайг үнэ төлбөргүй олгосноор нийт 36.09 м.кв талбай эзэмших эрхтэй. Тодруулбал, тус ***тоот гэрээний 2 дугаар зүйлд гэрээний үндсэн нөхцөлийг тодорхойлсон, 2.2-т Сууц өмчлөгчид шинэ орон сууц олгохдоо ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны талбай болох 28.09 мкв талбайн хэмжээгээр шинэ орон сууц олгоно гэж, 2.3 Талууд орон сууцны талбайн хэмжээг 8 мкв-аар нэмэгдүүлэн үнэ төлбөргүй өгөхөөр тохиролцов гэж зааснаар миний бие нийт 36.09 мкв талбай эзэмших эрхтэй байна. Мөн гэрээний 2 4-д Сууц өмчлөгч нэмж талбай авах хүсэлт гаргасан тохиолдолд 1мкв талбайг 2,5 сая төгрөгөөр тооцон энэ үнээс 20% хөнгөлөлт үзүүлнэ гэж зааснаар гэрээний 4.2.2-д зааснаар 36.09 мкв буюу түүн дээр нэмж талбай авах эрхтэй байна. Гэтэл тус дахин төлөвлөлтийн байр 2021 оны 12 сард ашиглалтад орох үед би *** ХХК-тай уулзаж, гэрээнд зааснаар 36.09 мкв талбай эзэмших эрхтэй 1 өрөө бус 3 өрөө байр буюу танай захиалгын зураг дээрх буюу 104.42 м.кв талбайтай 3 өрөө байранд орох хүсэлтээ илэрхийлэхэд манайд 104.42 мкв талбай өрөө байхгүй, 98 м.кв талбайтай 3 өрөө байр байгаа гэж хариуг амаар хэлсэн бөгөөд миний зүгээс 104.42 мкв талбай байхгүй бол 98 м.кв талбайтай 3 өрөө байранд орох хүсэлтээ илэрхийлсэн. 1 мкв талбайг 2,0 сая төгрөгөөр бодож төлбөрөө төлж оръё гэхэд хариуцагчаас манайх их алдагдалтай байгаа, 1 мкв талбайг 3 сая гаруй төгрөгөөр буюу одоогийн зах зээлийн ханшаар бодож өгөх тайлбарыг өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж, намайг зөвхөн 36.09 мкв талбай 1 өрөө байранд орохыг зөвшөөрч байна. Манай бие ам бүл 5, нэг өрөө байранд багтахгүйгээс гадна, орох сонирхолгүй байна. Хариуцагчаас худалдан борлуулж байгаа 3 өрөө байрнаас аль нэг сонголтыг өгөөгүйн зэрэгцээ гэрээний 4.1.3-д шинээр баригдсан орон сууцнаас энэ гэрээний дагуу сууц өмчлөгчид шилжүүлснээс бусад орон сууцыг зах зээлийн үнээр бусдад худалдах эрхтэй гэж, 4.1.5-д шинээр баригдсан орон сууцнаас энэ гэрээний дагуу сууц өмчлөгчид шилжүүлснээс бусад орон сууцыг зах зээлийн үнээр бусдад худалдах эрхтэй гэж заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл хариуцагч нь захиалагчид тэргүүн ээлжид сонголтыг өгөлгүйгээр бусад этгээдэд байраа худалдан борлуулж байгаа нь нэхэмжлэгчийн иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх эрхийг хариуцагчаас зөрчиж, нэхэмжлэгчийн тус байрны 2 орц, 10 давхар, *** тоот, 98 м.кв талбайтай 3 өрөө байр сонгосныг хүлээн зөвшөөрөөгүй. Хариуцагчаас нэхэмжлэгчид 1 өрөө байр тулгаж байгаа нь үндэслэлгүй, тэргүүн ээлжинд захиалагчид сонголтыг өгөлгүй бусад этгээдтэй байр зарах гэрээ хийж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн гэрээний 4.2.3-д сууц өмчлөгч нь талбай нэмж авах тохиолдолд энэ гэрээний 2.4-т заасан үнээр худалдан авах эрхтэй гэж тодорхойлсон, хариуцагчаас нэхэмжлэгчид 36.09 мкв буюу түүн дээр нэмж мкв талбай авах хүсэлт гаргасныг ямар үндэслэлээр татгалзаж байгаа нь ойлгомжгүй, хариуцагчаас дахин төлөвлөлтийн байрнаас 3 өрөө байрны сонголтыг хийлгэж, надтай гэрээ байгуулахгүй байгаа нь үндэслэлгүй. Гэрээний 4.2.11-д сууц өмчлөгч, түүний төлөөлөгч нь энэ гэрээнд зааснаас өөр ямар нэгэн нэмэлт шаардлага тавьж, төслийн ажлыг удаашруулах, бусад сууц өмчлөгчдөөс давуу эрх эдлэхээр төсөл хэрэгжүүлэгчийн бизнесийн үйл ажиллагаа, нэр хүндэд халдах, худал мэдээлэл санаатайгаар тараах зэрэг үйлдлийг гаргуулахгүй байх, гаргасан тохиолдолд энэ гэрээний 2.3, 2.4-т заасан урамшуулал, хөнгөлөлтийг эдлэх эрхгүй болно гэж заасныг нэхэмжлэгчээс зөрчөөгүй. Нөгөө талаар хариуцагчаас 36.09 мкв талбайтай гэж тодотгосон 1 өрөө орон сууц хийгээгүй, өөрөөр хэлбэл тус орон сууцад 36.09 мкв талбай 1 өрөө гэж байхгүй бөгөөд 36.09 мкв талбай орон сууц гэхээс үл хамааран захиалагч буюу нэхэмжлэгчид 1, 2, 3, 4 өрөө байрны сонголтоо хийх бүрэн эрхийг гэрээнд тусгаж өгсөн нь илэрхий харагдана. Нэхэмжлэгч 1010 тоот, 98 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг сонгосон тул 104.51 кв.м талбай бүхий 3 өрөө орон сууц сонгосныг хууль бусаар татгалзсан болохыг тогтоож, 2021 оны 11, 12, 2022 оны 1, 2, 3 сарын буюу нийт 5 сарын түрээсийн төлбөрт 2,0 сая төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх С.***той байгуулсан Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах тухай гэрээний үндсэн нөхцөл болох 2.2-т зааснаар өмнө нь амьдарч байсан орон сууцны ижил 28.09 м2 бүхий талбай орон сууцыг үнэ төлбөргүй олгоно. Мөн тус гэрээний 2.3-т заасан өмнөх орон сууцны талбай дээр нэмж 8м2 талбайг үнэ төлбөргүй олгоно. Мөн гэрээний 2.4-т зааснаар м2-ийн үнэ 2,5 сая төгрөгөөс 20% хөнгөлөлттэй 2,0 сая төгрөгөөр худалдан авах тус тус гэрээний нөхцөлүүдийг бүгдийг нь биелүүлэх үүргээ зөрчөөгүй. Манайх гэрээний дагуу бүхий л хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүлээн зөвшөөрсөн. Бодит байдал дээр нэхэмжлэгч манайхаас гэрээний нөхцөлд заасан 1 өрөө орон сууц 36.09м2 талбайг үнэгүй авч дахиад нэмж гэрээний 2.4-т заасныг баримтлан хямдралтай үнээр 2 өрөө орон сууц нэгийг авна гэж шаардсан. Харин энэ шаардлагыг манайх зөвшөөрөөгүй. Тус гэрээний 2.4-т Сууц өмчлөгч нэмж талбай авах хүсэлт гаргасан тохиолдолд м2 талбайн үнийг 2,5 сая төгрөгөөр тооцон энэ үнээс 20% хөнгөлөлт үзүүлнэ гэж, 4.2.3-т сууц өмчлөгч нь талбай нэмж авах тохиолдолд энэ гэрээний 2.4-т заасан үнээр худалдан авах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч зөвхөн тухайн үнэгүй олгох орон сууцны талбай болох 36.09 м2 дээр нэмэлт талбай авах хүсэлт гаргасан тохиолдолд манайх гэрээний дагуу хөнгөлөлттэй өгөх болохоос нэмж орон сууц авахад хөнгөлөлттэй үнээр өгнө гэж гэрээнд заагаагүй, энэ нь гэрээний гол нөхцөлийг урвуулан ашиглах гэж буй явдал юм. Хэрэв гэрээний нөхцөлийг ингэж ашиглавал 3 талын гэрээ байгуулсан иргэн бүр ашиг сонирхлын хэмжээнд дуртай орон сууцаа биднээс хөнгөлөлттэй үнээр шаардаж, үнэ унагаж зах зээлийн үнээр худалдаалах сонирхол бүхий болох билээ. Мөн нэхэмжлэгчийн шаардаж байгаа 1010 тоот 98м2 талбай бүхий 3 өрөө орон сууц манайд байхгүй, зөвхөн байгаа 1 өрөө болон 2 өрөө орон сууцнуудаас өөрөө орон сууцаа сонгоод ороход ямар ч асуудалгүй. Улсын комисс барилгыг 2021 оны 12 сард хүлээн авсан тул түрээсийн урамшуулал төлөхгүй гэв.
Шүүхэд нэхэмжлэгчээс ***-ний өдрийн Гурван талт гэрээ, Хаан банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга баримтыг, хариуцагчаас Хот байгуулалт хөгжлийн газрын 2021.12.01-ний өдрийн *** болон 2022.01.31-ний өдрийн *** тоот албан бичиг, 2015.08.10-ны өдрийн Орон сууцны нөхцөл сайжруулах, хамтран ажиллах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2016.06.20-ны өдрийн Түрээсийн урамшуулал, хамтран ажиллах гэрээ, Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна. Шүүхийн журмаар Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах тухай 2017 оны ***дугаар гурван талт гэрээ, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын зураг, Улсын комиссын үүрэг даалгаврын биелэлтийн хуудас болон улсын комисс байнгын ашиглалтад авсан акт, ***ХХК-ийн барьсан барилгад хаяг дугаар олгож, мэдээллийн санд бүртгэсэн эсэх талаарх лавлагаа, хаяг дугаар хүссэн өргөдөл, Барилга, байгууламжийн байр зүйн зураг, бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
С.*** нь *** ХХК-д холбогдуулан ***-ний өдрийн ***дугаар гэрээний дагуу 98-104 мкв талбайтай 3 өрөө байрны сонголт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа дахин төлөвлөлтийн байрны 10 давхрын 1010 тоот, 104.51 кв.м талбай бүхий 3 өрөө орон сууц сонгосныг хууль бусаар татгалзсан болохыг тогтоолгох, түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ гэрээний заалтуудыг зөрчсөн, захиалагчид тэргүүн ээлжинд сонголт хийх эрхийг олгоогүй, улсын комисс хүлээн аваагүй тул түрээсийн урамшууллыг гаргуулна гэж тайлбарлав.
Хариуцагч нь гэрээний нөхцөлүүдийг бүгдийг нь биелүүлэх үүргээ зөрчөөгүй, үнэгүй олгох орон сууцны талбай дээр нэмэлт талбай авах хүсэлт гаргасан тохиолдолд хөнгөлөлттэй өгөх болохоос нэмж орон сууц авахад хөнгөлөлттэй үнээр өгнө гэж гэрээнд заагаагүй, улсын комисс 2021 оны 12 сард хүлээн авсан тул түрээсийн урамшуулал төлөхгүй гэж маргалаа.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр эрх зүйн харилцаа үүснэ гэж, 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас үүсэхээр зохицуулсан байна.
С.*** нь 2 иргэний хамт ***тоот орон сууцыг өмчлөх эрхтэй байсан ба өмчлөгч нар 2015.08.10-ны өдөр Орон сууцны нөхцөл байжруулах, хамтран ажиллах гэрээг *** ХХК-тай байгуулж, ***-ний өдөр ***дугаар гурван талт гэрээгээр баталгаажуулсан байна.
Зохигчийн дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, хэлцэл хүчин төгөлдөр болжээ.
Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх *** дугаар гэрээгээр захиалагч буюу С.*** нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон 1 өрөө орон сууцаа буулгуулж, төсөл хэрэгжүүлэгч буюу *** ХХК нь дахин барилгажуулан нэхэмжлэгчийн өмчлөлийн 28.09 м.кв талбай дээр шинээр баригдах орон сууцнаас 8 кв.м талбайг үнэ төлбөргүй өгөх үүрэгтэй байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөл болон хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэхэд арилжааны гэрээний эрх зүйн харилцаа үүссэн ба Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээхээр зохицуулжээ.
Гэрээний дагуу нэхэмжлэгч өөрийн өмчилж байсан 28.09 м.кв талбай бүхий хуучин орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн, хариуцагч нь гэрээний 3.1-д зааснаар нэмж шинээр баригдах орон сууцнаас 8 кв.м талбайг үнэ төлбөргүй өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгчид 36.09 м.кв талбай бүхий орон сууцыг өмчлөх эрх үүссэн, энэ талаар талууд маргаагүй байна.
Хариуцагч нь 2021 оны 12 дугаар сард дахин барилгажилтад хамрагдсан иргэдэд сонголтыг хийлгэсэн байх бөгөөд 36.09 м.кв талбай бүхий орон сууцыг өмчлөх эрх үүссэн С.*** нь нэмж талбайг гэрээнд заасан үнээр тооцон 3 өрөө байр сонгох хүсэлтийг гаргасныг *** ХХК нь зарагдсан, 2 болон 1 өрөөнөөс сонголт хийх боломжтой талаар маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь тухайн төслийн дагуу баригдсан барилгаас 3 өрөө орон сууцыг дээрх гэрээний 5.2.1-д зааснаар захиалагч нь гэрээ хийсэн дарааллын дагуу тэргүүн ээлжинд сонголт хийх эрхийг эдлэхээр тохиролцсон ба тэргүүн ээлжинд сонголт хийх гэдэг нь нийт 35 айл дахин барилгажилтад хамрагдахаас нэхэмжлэгч нь 14 дугаарт эрэмбэлэгдсэний дагуу сонголтыг хийх эрхтэйгээс гадна бусдад худалдан борлогдохоос өмнө сонголт хийх боломж юм.
Иймд гэрээний дагуу нэхэмжлэгчид 3 өрөө байрны сонголт хийлгүүлэхийг хариуцагчид даалгахаар шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг өмнө нь 2016 онд 36,09 м.кв талбайг сонголт хийсэн гэж байгаа боловч үүнээс хойш хугацаанд тухайн барилга барих явцад очиж танилцан, сонголт хийх боломжийг хайж байсан байх бөгөөд сонголтоо өөрчлөх боломжийг хязгаарлахгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь дахин төлөвлөлтийн байрны 10 давхрын 1010 тоот 3 өрөө орон сууц сонгосныг хууль бусаар татгалзсан болохыг тогтоолгох тухай шаардлагын үндэслэлээ хариуцагчийн шүүхэд гаргасан татгалзлыг хууль бус гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх, цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж, 261 дүгээр зүйлийн 261.1-д худалдах худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан гэм хор арилгах нийтлэг журмыг баримтална гэжээ.
Нэхэмжлэгч нь хамтран өмчлөгч *** нараас олгосон бүрэн эрхийн хүрээнд хариуцагчтай 2016.06.20-ны өдөр Түрээсийн урамшуулал, хамтран ажиллах гэрээг байгуулж, гэрээний хугацааг орон сууцыг ашиглалтад орох хүртэл гэж 4.2 дахь заалтаар, урамшууллыг сар бүр 400,000 төгрөгөөр 6 сар тутамд хэсэгчлэн төлөхийг гэрээний 3.3 дахь заалтаар тохиролцжээ.
Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, *** ХХК-ийн захиалгатай, 28 автомашины зогсоолтой, үйлчилгээтэй 98 айлын орон сууцны барилгыг улсын комисс байнгын ашиглалтад 2022.02.25-ны өдөр оруулсан байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид 3 өрөө байрны сонголт хийлгүүлээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан, энэ хугацааны түрээсийн урамшууллыг аваагүй байх тул арилжааны гэрээний эрх зүйн харилцаанаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэн 2021 оны 11 болон 12 дугаар сарын, 2022 оны 1 болон 2 дугаар сарын буюу нийт 4 сарын түрээсийн урамшуулалд 1,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шаардлагаас үлдэх 2022 оны 3 дугаар сарын түрээсийн урамшуулалд 400,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд, гэрээний дагуу 3 өрөө байрны сонголтыг нэхэмжлэгчээр хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж, хариуцагчаас түрээсийн төлбөрт 1,600,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх дахин төлөвлөлтийн байрны 10 давхрын 1010 тоот, 104.51 кв.м талбай бүхий 3 өрөө орон сууц сонгосныг хууль бусаар татгалзсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс /70,200+46,950/ төлсөн 117,150 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас /70,200+38,950/ хураамжид 109,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт заасныг баримтлан ***-ний өдрийн ***дугаар гэрээний дагуу 3 өрөө байрны сонголтыг Ж овогтой Сгийн ***гоор хийлгүүлэхийг *** ХХК-д /РД:***/ даалгаж, түрээсийн төлбөрт 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх дахин төлөвлөлтийн байрны 10 давхрын 1010 тоот, 104.51 кв.м талбай бүхий 3 өрөө орон сууц сонгосныг хууль бусаар татгалзсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 117,150 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 109,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ