| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2022/01472 |
| Дугаар | 102/ШШ2022/01472 |
| Огноо | 2022-04-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2022/01472
| 2022 оны 04 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2022/01472 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоот, *** Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогтой ***ын ***ад /РД:***/ холбогдох,
Дундын өмчлөлийн ашиглалт засвар, үйлчилгээний зардалд 2,218,601 /хоёр сая хоёр зуун арван найман мянга зургаан зуун нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч М.***, нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Иргэний хуулийн зуйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун ус, цэвэр, бохир ус, ариутгал, хог цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлнө, 148.2.3-т Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тотоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй, 148.3-т өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасныг болон Сууц өмчлөгчдийн холбооны эрхзүйн байдал, нийтийн зориулалтгай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.3-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд хуульд заасны дагуу оролцох үүрэгтэй гэж заасныг зөрчсөн. Иймд М.***аас 2015 оны 10, 11, 12 сарын төлбөр 86,439 төгрөг, 2016 оны төлбөр 345,756 төгрөг, 2017 оны төлбөр 345,756 төгрөг, 2018 оны төлбөр 345,756 төгрөг, 2019 оны төлбөр 345,756 төгрөг, 2020 оны төлбөр 345,756 төгрөг, 2021 оны төлбөр 345,756 төгрөг, 2022 оны 1, 2 сарын төлбөр 57,526 төгрөг, нийт 2,218,601 төгрөгийг гаргуулна гэв.
Хариуцагчаас шүүхэд болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2015 оны 10 сраас төлбөр төлөхөөс татгалзсан нь үнэн. Учир нь СӨХ-ны даргыг хурлаас сонгодог болох, үйл ажиллагааг тайлагнадаг байх, Хөрөнгө орлогоо яаж нэмэгдүүлж байгаа болон олон зүйлийг оршин суугчид шаардсан боловч хариу өгөөгүй юм. Иймд хөөн хэлэлцэх хугацаа болон хуулийн ямар зохицуулалт байгаа талаар харгалзан үзэж өгнө үү гэв.
Шүүхэд нэхэмжлэгчээс СӨХ-ны гэрчилгээ, Удирдах зөвлөлийн тогтоол, тэмдэглэл, Төрийн банкны дэлгэрэнгүй лавлагаа баримтыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*** СӨХ нь М.***ад холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 2,218,601 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ хуульд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлалаа.
Хариуцагч нь шаардлагад хариу өгөөгүй тул 2015 оны 10 сараас төлбөр төлөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж маргасан байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Сууц өмчлөгч нь заавал тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх ёстой бөгөөд тус холбооны гишүүн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж зааснаар хариуцагч нь төлбөр төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь зардлыг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторхи дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны тоонд хуваана гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр сууц өмчлөгч нь оролцох үүрэгтэй гэжээ.
Хариуцагч нь 3 байр, 270 тоот орон сууцны өмчлөгч болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй, дундын өмчийн эд хөрөнгийн засвар, ашиглалтын зардалд сар бүр төлөхөөр тогтоосон төлбөрийг СӨХ-д төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан ба шаардах эрх үүссэн үеэс 2015 оны 10-12 дугаар сарын болон 2019 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгчээс дээрх хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлснээ нотлохгүй байна.
Иймд 2019 оны 3 дугаар сараас 12 дугаар сар хүртэл 10 сарын 288,130 төгрөг, 2020-2021 оны 2 жилийн 691,512 төгрөг, 2022 оны 1, 2 дугаар сарын төлбөр 57,626 төгрөг, нийт 1,037,268 төгрөгийг дундын өмчийн эд хөрөнгийн засвар, ашиглалтын зардалд хариуцагчаас гаргуулж, шаардлагаас 1,181,333 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 50,448 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 29,444 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 75 дугаар зүйлийн 75.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар *** овогтой ***ын ***аас /РД:***/ нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд 1,037,268 /нэг сая гучин долоон мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийг гаргуулж, шаардлагаас үлдэх 1,181,333төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 50,448 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 29,444 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ