Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/00476

 


2022 оны 02 сарын 28 өдөр Дугаар 183/ШШ2022/00476 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ** дугаар хороо, * хотхон, * дүгээр байр, * тоот хаягт оршин суух Б.С /РД:УХ*****/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, ** тоот хаягт оршин суух Б.С /РД:НЙ*******/-т холбогдох

 

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Б.С,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Стай 2017 оны 4 сараас харилцаатай болж, охин С.Эг 2018 оны 01 сарын 06-ны өдөр төрүүлсэн. Б.С нь намайг жирэмсэн байх үед хүүхдээ авахуул гэж шаардсан бөгөөд 3 удаа эмнэлэг рүү дагуулж очсон. Тухайн үед миний биеийн байдал тааруу байснаас болоод аборт хийх боломжгүй гэсэн тул охиноо тээж төрүүлсэн. Б.С нь намайг болон охиноо эргэж тойрдог байсан ч хүүхдийнхээ хэрэгцээг хангах хэмжээний мөнгөн тусламж үзүүлэхгүй, заримдаа өгөхдөө 20 000-50 000 төгрөгийг нэхүүлж байж өгдөг байсан. Миний бие өрх толгойлсон эх хүн бөгөөд 3 хүүхдээ ганцаараа өсгөдөг. Б.Сыг 2019 оны 9 сард шүүхэд өгсөн боловч Солонгос улс руу явсан тул уг нэхэмжлэл маань буцаасан. Одоогоор Монгол улсад ирсэн болох нь хэд хэдэн хүнээс асууж тодруулсан тул дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд 2018 оны 01 сарын 06-ны өдөр төрсөн охин С.Эгийн эцэг Б.С болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Сыг урьд нь зүс таних бөгөөд 2017.04.17-ны өдөр фэйсбүүкээр холбогдон уулзахаар болж миний найз болох Оюунболд, Пүрэвдорж, Б.Сын найз болох Болороо болон бас 1 хүүхэн байсан бөгөөд бүгд нийлж Хан-уул дүүргийн 20 дугаар хорооны Хийморь зочид буудалд орж архидан согтуурч улмаар Б.Стай бэлгийн харилцаанд орсон бөгөөд 3 хоногийн дараа миний бие бэлгийн замын халдварт өвчин авсан. Б.Стай уулзаж энэ тухай хэлж, эмчлүүл гэж 100 000 төгрөг өгсөн. Түүнээс хойш 3 хоногийн дараа Б.С би жирэмсэн болсон байна гэж хэлээд хүүхдээ авахуулна гэж хэлээд надаас 250 000 төгрөгийг цуг ажилладаг ахынхаа хаан банкны дансаар шилжүүлж авсны дараа Б.С хэсэг алга болсон бөгөөд 2017.5 сарын эхээр над руу би энэ хүүхдийг гаргахаар болсон. Танд ямар ч төвөг болохгүй, би өөрөө өсгөнө гэж хэлээд таг алга болсон. Үүнээс хойш 2018.3 сараас эхлэн фэйсбүүкээр холбогдож хүүхэд чинь гарсан, гэр бүлд чинь хэлнэ гэх зэргээр доромжилж, мөнгө нэхэж, надад хамаарал бүхий хүмүүс рүү мессеж бичиж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилж эхэлсэн. Миний бие С.Э гэх охиныг өөрийн охин мөн гэж хүлээн зөвшөөрч байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

  Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, С.Эгийн төрсний гэрчилгээний хуулбар, ӨЭМТөвийн тодорхойлолт /хх-4-7/

Хариуцагч талаас фэйсбүүк мессенжэрийн чат /баримтын шаардлага хангагүй/ /хх-16-24/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.               

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Б.Ст холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаарджээ.

 

Б.С, Б.С нар нь 2017 оны танилцаж, 2018 оны 1 сарын 06-ны өдөр төрсөн охин С.Э эцэг, эх болцгоосон болох нь зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хавтаст хэрэгт 2018 оны 01 сарын 06-ны өдөр төрсөн охин С.Эгийн төрсний гэрчилгээний хуулбар авагдсан бөгөөд эцэг Б.С нь хүүхдийн эцэг биш гэж маргаагүй тул шүүхийн журмаар эцэг тогтоох шаардлагагүй байна.

 

Зохигчдын хэн аль нь хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлаар маргаагүй тул охин С.Эг эх Б.Сын асрамжид үлдээж, хуульд заасан тэтгэлгийг эцэг Б.Саас гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр охин С.Эг эцэг Б.Стай уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

 

Хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх боловч хүүхдийн эрх ашгийн үүднээс энэ шүүхийн шийдвэрээр асрамжийг шийдвэрлэх нь хуульд харшлахгүй болно.

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд тохирсон тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Хариуцагч Б.Ст шүүх хуралдааны товыг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэж шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул түүний эзгүйгээр шүүх хуралдааныг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасантай нийцэж байх тул түүний эзгүйгээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 01 сарын 06-ны өдөр төрсөн охин С.Эг эх Б.Сын асрамжид үлдээсүгэй.

 

2Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 01 сарын 06-ны өдөр төрсөн охин С.Эг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Саас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг Б.С нь охин С.Этэй уулзахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Саас улсын тэмдэгтийн 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Сад олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б. МӨНХЖАРГАЛ