| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/10678/И |
| Дугаар | 001/хт2026/00201 |
| Огноо | 2026-10-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 001/хт2026/00201
Г.Г-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2026/01277 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2026/01163 дугаар магадлалтай,
“С” ХХК, Т.А нарт холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг “С” ХХК-д даалгаж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг Г.Г-т даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Т.А, хариуцагч Т.А-гийн өмгөөлөгч Д.М, хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч “С” ХХК, Т.А нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрсөн бөгөөд хариуцагч Т.А нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг “С” ХХК-д даалгаж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг Г.Г-т даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2026/01277 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.Г-ийг тогтоож, уг орон сууцыг Г.Г-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэхийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, өмчлөх эрхийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “С” ХХК-д даалгаж, уг орон сууцыг Г.Г-ийн эзэмшилд шилжүүлж өгөхийг хариуцагч Т.А-д даалгаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г, хариуцагч “С” ХХК-д холбогдуулан “*** тоотод байрлах 81.21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “С” ХХК-д даалгах, орон сууц эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг Г.Г-т даалгах тухай” хариуцагч Т.А-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,435,290 төгрөгийг, хариуцагч Т.А-гийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,435,290 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-аас 1,365,090 төгрөгийг, хариуцагч Т.А-гаас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Г-т олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2026/01163 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2026/01277 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК болон Т.А-д холбогдох *** 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Г.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар *** 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Т.А-г тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр Т.А-г улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж,
сөрөг нэхэмжлэлээс үлдэх орон сууц эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Г.Г-т даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,435,290 төгрөг, хариуцагч Т.А-гийн төлсөн 1,435,290 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-аас 1,365,090 төгрөг гаргуулж хариуцагч Т.А-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.А-гийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,435,290 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож” шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.05.22-ны өдрийн 210/МА2026/01163 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3-т тус тус заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.
4.1. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд ... нэхэмжлэгч Г.Г, хариуцагч “С” ХХК нарын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгаар барих гэрээ”-ний 4 дүгээр зүйл “Гүйцэтгэгчийн эрх, үүрэг”, 4.1 ..., 4.2 ..., 4.5 ..., 4.6 ..., 5.8 ..., 5.11 ... гэж заасан ... зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгуулахаар шаардах эрх нь гэрээ байгуулагдсан үеэс үүссэн бөгөөд орон сууцыг өмчлөлдөө бүртгүүлэх, хүлээн авахтай холбоотой ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг нь бүхэлдээ хариуцагч “С” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүрэг байна.
Давж заалдах шатны шүүх хариуцагч Т.А-г маргаан бүхий орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д заасан ...хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан... давуу эрхтэй... байх зохицуулалтыг баримтлан хариуцагч Т.А-г Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзсэн хууль зүйн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг хэрэгжүүлээгүй буюу хариуцагч Т.А-гийн маргаан бүхий орон сууцыг эзэмшилдээ авсан үйл баримт нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасантай нийцэж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хэргийг бүхэлд хянаж үзээгүй байна гэх дүгнэлтэд хүрч байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ... заасны дагуу нэхэмжлэгч Г.Г нь маргаан бүхий орон сууцны хувьд 2022.07.07-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний төлбөрт нийт 210,000,000 төгрөгийг төлсөн. Тийм учраас нэхэмжлэгч Г.Г нь хуульд заасны дагуу хэлэлцэн тохирсон үнийг төлсөн... учир эд хөрөнгө буюу маргаан бүхий орон сууцыг шаардах эрхтэй, хариуцагч “С” ХХК нь хууль болон гэрээнд заасан үүргийг биелүүлэх ёстой байна.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д ... зохицуулснаас үзэхэд хууль болон гэрээнд заасны дагуу Г.Г нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор эзэмших шударга эзэмшигч юм. Хариуцагч “С” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэгч Г.Г 2025.08.14-ний өдөр орон сууцны гүйцэтгэлийн явцтай танилцахаар очиход улсын комисс ажиллаж байгаа талаар болон хариуцагч Т.А-г маргаан бүхий орон сууцад орсныг мэдсэн байдаг. Гэтэл “С” ХХК нь маргааны зүйл болж буй 3 өрөө орон сууцыг Т.А-д 2025.08.04-ний өдөр акт үйлдэж хүлээлгэн өгсөн нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон. Хариуцагч Т.А нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж аваагүй буюу тус орон сууцад нүүж орсон үйлдлээрээ эзэмших эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Нэгэнтээ эзэмшил үүсэхгүй тул мөн түүнийг эзэмшигч гэж тодорхойлох боломжгүй юм. Учир нь, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар үгийн шууд утгын дагуу эзэмшил нь хууль ёсны байх нь эзэмшлийн урьдчилсан нөхцөл болно. Нөгөөтэйгөөр хариуцагч “С” ХХК нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт дуусаагүй, дууссан боловч ашиглалтад ороогүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэж заасан. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно, Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор баталсан “Барилга, байгууламжийг ашиглах дүрэм”-ийн 10.3-т “ашигласан нь тогтоогдсон барилга, байгууламжид комисс ажиллуулахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн.
Энэ талаар 2026.01.28-ны өдрийн 192/ТМ2026/02011 дугаартай анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гээс “...Улсын комисс хүлээж аваагүй байхад айлуудаа орууллаа гэдэгт тайлбар өгөхөд тухайн орон сууцад 100 гаруй айлаас 20 орчим айл хүнд байдалд орчихсон байсан. Учир нь төслийн хэмжээнд удаашралтай барилга. Хүндэтгэн үзэх шалтгаантай 20 орчим айлуудаа бид яалт ч үгүй оруулчихсан. Түүндээ бид 20,000,000 орчим төгрөгөөр торгуулсан. Бидэнд янз янзын сэдэл байхгүй...” гэх тайлбар гаргасан. Тэгэхээр хариуцагч “С” ХХК нь хууль зөрчиж хариуцагч Т.А-д маргаан бүхий орон сууцад орох зөвшөөрлийг өгсөн нь тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 7.3-т “Харин нэхэмжлэгч Г.Г-т орон сууцыг ашиглалтад орох үед хариуцагч “С” ХХК-аас орон сууцыг эзэмшилд авахаар талаар мэдэгдээгүй, нэхэмжлэгч Г.Г орон сууц эзэмшилдээ авах боломжоор хангаагүй тул шинээр буй болсон эд хөрөнгийг эзэмшилдээ авсан Т.А-г хууль ёсны эзэмшигч гэж үзсэн боловч хууль ёсны өмчлөгчөөр тогтоох, улсын бүртгэлд бүртгэх эрхтэй гэж үзэх боломжгүй юм.” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн болно.
Харин давж заалдах шатны шүүхээс “...хариуцагч Т.А маргааны зүйл болж буй орон сууцыг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан...” гэж үзсэн боловч хариуцагч “С” ХХК нь Барилгын тухай хууль, Барилга, байгууламжийг ашиглах дүрмийг зөрчсөн, Г.Г-той байгуулсан гэрээнд улсын комисс хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор захиалагчид орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, Мөн орон сууцыг эзэмшилд авах талаар мэдэгдээгүй, нэхэмжлэгч Г.Г-ийг орон сууц эзэмшилдээ авах боломжоор хангаагүй зэргээс үзэхэд хариуцагч Т.А-г иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасны дагуу орон сууцыг хууль ёсоор эзэмшсэн гэж үзэхгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Тийм учраас хариуцагч Т.А-гийн хувьд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д заасан хуулийн шаардлага хангагдахгүй учир маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхээргүй байна.
Нөгөөтэйгөөр нэгэнт маргаан бүхий орон сууцны хувьд хариуцагч Т.А-гийн эзэмшил хуульд нийцээгүй, нэхэмжлэгч Г.Г нь шударга эзэмшигч хэдий ч бодит байдалд эзэмших боломж олдоогүй тул энэхүү орон сууцны хувьд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь урьдчилсан тэмдэглэгээ хийгээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй учир маргаан бүхий орон сууцанд эзэмшил үүсээгүй гэж дүгнэх боломжтой. Монгол Улсын дээд шүүхийн 2022.10.21-ний өдрийн 001/ХТ2022/00976 дугаартай тогтоол ..., мөн 2025.04.08-ны өдрийн 001/XT2025/0074 дугаартай тогтоолд ... тус тус дүгнэсэн эрх зүйн дүгнэлтүүд бий. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг улсын бүртгэлээр тодорхойлдог хэн түрүүлж улсын бүртгэлд бүртгүүлснийг эзэмшилдээ авсан гэж үзэхээр байна. Мөн Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэг нь үл хөдлөх эд хөрөнгийн харилцаанд зарчмын хувьд шууд үйлчлэхгүй бөгөөд өмчлөх эрхийн давуу эрхийг улсын бүртгэл болон өмч шилжүүлэх хэлцэлд тулгуурлан тодорхойлох ёстой байна.
4.2. Нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Г-той 2022.07.07-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцлаагүй талаар хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 14 дүгээр хуудсанд авагдсан байдаг. Хавтаст хэргийн 16-17 дугаар хуудсанд “Х” ХХК-ийн 2025.08.15-ны өдрийн 95/15 дугаартай, маргаан бүхий орон сууцны эцсийн өмчлөгч нь нэхэмжлэгч Г.Г болох талаар тодорхойлсон албан бичиг, “С” ХХК-ийн 2025.08.15-ны өдрийн 02/50 дугаартай нэхэмжлэгч Г.Г-т хаягласан маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь Г.Г мөн гэсэн албан бичиг тус тус байгаа болно. Мөн “С” ХХК-ийн 2025.12.24-ний өдөр шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбарт “... зохих шатны шүүхийн байгууллагын шийдвэр, тогтоолын дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж дурдсан. Өөрөөр хэлбэл хариуцагч “С” ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчид байгаа болохыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Т.А тухайн орон сууцад орсон ч гэсэн түүний өмчлөлийнх гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байхад давж заалдах шатны шүүх эдгээр нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т ... гэж заасны дагуу үнэлээгүй байна.
4.3. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд ... нэхэмжлэгч Г.Г нь 2022.07.07-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулж, гэрээний үнийг төлөх үүргээ биелүүлсэн, хариуцагч Т.А 2022.09.20-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, мөн гэрээний үнэ төлөх үүргээ тус тус биелүүлсэн. Гэхдээ нэхэмжлэгч Г.Г гэрээг түрүүлж байгуулсан учир өмчлөх эрхийг шударгаар олж авсан байтал давж заалдах шатны шүүх иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагч Т.А-гийн шүүхэд бичгээр өгсөн 2025.11.18-ны өдрийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбарын хувьд “Би гэрээ байгуулсан өдрөөс хойш барилга ашиглалтад орох хүртэл хугацаанд байнгын орон сууц баригдах үйл явцтай танилцан, “С” ХХК-аас манай байрыг давхардуулан хүнд зарсан эсэхийг тодруулахад тийм зүйл байхгүй, байр ашиглалтад орохоор танайхыг шууд оруулна гэдэг байсан. ... Энэ байрыг орон сууц захиалгын гэрээгээр “С” ХХК-аас би төлбөрийг бүрэн төлж тус байрыг авсан тул энэ орон сууцны хууль ёсны өмчлөгч нь би юм. ... Би маргаан бүхий орон сууцыг орон сууц захиалгын гэрээгээр “С” ХХК-д төлбөрийг төлсөн хууль ёсны эзэмшигч нь тул Г.Г-ийн надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх тайлбар өгдөг байдлаас үзэхэд хариуцагч Т.А нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч, эзэмшигч гэж маргадаг болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.09.10-ны өдрийн 001/ШХТ2026/00943 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч “С” ХХК, Т.А нарт холбогдуулан “Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Би 2022.07.07-ны өдөр “С” ХХК-тай 23/39/АВ дугаартай “Орон сууц захиалгаар барих гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр *** талбай бүхий орон сууцыг гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр барьж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Төлбөр тооцооны хувьд орон сууцны нийт захиалгын үнэ нь 227,388,000 төгрөг ба “Х” ХХК-нд гэрээт ажлын бартерт өгсөн орон сууц байсан тул үнийг “Х” ХХК-д бүрэн төлсөн. Энэ талаар “Х” ХХК-аас 2022.07.07-ны өдрийн 22/67 дугаар бүхий албан бичгийг үндэслэн “С” ХХК-тай захиалгын гэрээг байгуулсан юм. Гэтэл “Х” ХХК нь 22/86 дугаартай албан бичгийг “С” ХХК-д илгээж, “С” ХХК нь тус орон сууцны захиалгын гэрээг Т.А-тай давхардуулан байгуулж, ...орон сууцыг эзэмших боломжийг Т.А-д олгосон. ...Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж зааснаар Т.А нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж аваагүй буюу тус орон сууцад нүүж орсон үйлдлээрээ эзэмших эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй. ...” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч Т.А нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.Г болон хариуцагч “С” ХХК-д тус тус холбогдуулан Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг “С” ХХК-д даалгаж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг Г.Г-т даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...би тус орон сууцыг худалдаж авахаар тохирч “Х” ХХК-д орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн. Ингээд “Х” ХХК-аас 2022.09.20-ны өдрийн 22/86 дугаартай албан бичгийг “С” ХХК-д илгээж, ... “С” ХХК нь надтай 2022.09.20-ны өдөр А3/23/73 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан, ... орон сууц баригдаж дуусаад улсын комисс хүлээж авснаар 2025.08.04-ний өдөр “С” ХХК нь тус орон сууцыг надад хүлээлгэж өгсөн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4, мөн хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт “... Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй ...” гэж заасны дагуу орон сууцны хууль ёсны өмчлөгч нь би юм. Өнөөдрийг хүртэлх хугацаанд тус байрны өмчлөгчөөр намайг тогтоохтой холбоотой баримт бичгийг хариуцагч гаргаж өгөөгүй. …” гэжээ.
9. Хариуцагч “С” ХХК нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “… Манай байгууллага “Х” ХХК-тай 2022.06.30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээт ажлын төлбөрт *** 3 өрөө 1 орон сууцыг олгосон. 2022.07.07-ны өдрийн №22/67 дугаар бүхий хүсэлтийн дагуу орон сууц захиалгаар барих №23/39/АВ тоот гэрээг Г.Г-той байгуулсан. ...2022.09.20-ны өдөр ... “Х” ХХК-ны захирал Э.Б утсаар холбогдож 2022.07.07-ны өдрийн №22/67 дугаар бүхий хүсэлтийн захиалагч төлбөр мөнгө нь бүрэн төлөгдөөгүй тул хүчингүй болгож, 2022.09.20-ны өдрийн дагуу 22/86 тоот албан бичгээр дахин хүсэлт ирснийг үндэслэн ... захиалгын гэрээг Т.А-тай байгуулсан. ...” гэж маргасан.
10. Нэхэмжлэгч Г.Г нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаг эс зөвшөөрч “… Би маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор эзэмших шударга эзэмшигч юм. Учир нь би цаг хугацааны хувьд анх “С” ХХК-тай 2022.07.07-ны өдөр 23/39/АВ дугаартай “Орон сууц захиалгаар барих гэрээ”-г байгуулсан. Тус гэрээ нь хууль болон гэрээнд заасны дагуу цуцлагдаагүй, гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан үйл явдал болоогүй тул гэрээ хүчин төгөлдөр, талуудын хоорондох гэрээний эрх, үүрэг хэвээр үргэлжилж байгаа учраас сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
11. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэрт:
“11.1. Үндсэн нэхэмжлэлийн талаар: ... Нэхэмжлэгч Г.Г, “Х” ХХК-ийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах болон арилжааны гэрээг үндэслэн хариуцагч “С” ХХК-аас нэхэмжлэгч Г.Г-той 2022.07.07-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд ... нэхэмжлэгч нь “Х” ХХК-аас хариуцагч Т.А-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулахаас өмнө уг орон сууцыг худалдаж авч, төлбөрийг бүрэн төлсөн, төлбөр төлсөн мөнгөн дүн нь Т.А-гийн орон сууцны төлбөрт төлсөн дүнгээс их байна. ... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “Х” ХХК-аас Т.А-тай орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, төлбөр тооцоог талуудын тохирсноор бүрэн төлсөн нь өмнөх худалдан авагчийн үүргээ гүйцэтгэснийг үгүйсгэх боломжгүй, өмнөх худалдан авагчаас давуу эрх эдэлж, энэхүү маргаан бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч болох боломжгүй . Маргаан бүхий 3 өрөө орон сууцны төлбөрийг нэхэмжлэгч Г.Г бүрэн төлсөн байхад хариуцагч “Х” ХХК нь орон сууцыг албан бичгээр Г.Г-ийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг “С” ХХК-д хүргүүлсэн боловч дараа нь “Х” ХХК нь Т.А-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, маргаан бүхий 3 өрөө орон сууцыг давхардуулан хоёр худалдан авагчид худалдсан нь тогтоогдсон. Иймд шүүх хоёр худалдан авагчийн төлбөр тооцоо аль аль нь дууссан тул өмнөх худалдан авагч болох нэхэмжлэгч Г.Г-т уг орон сууцыг шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
11.2. Сөрөг нэхэмжлэлийн талаар: Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д заасан нь мөн хуулийн 109 дүгээр зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхтэй хамааралтай буюу өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн зохицуулалттай уялдах юм. ... Нэхэмжлэгч Г.Г-т орон сууцыг ашиглалтад орох үед хариуцагч “С” ХХК-аас орон сууцыг эзэмшилд авах талаар мэдэгдээгүй, нэхэмжлэгч Г.Г орон сууц эзэмшилдээ авах боломжоор хангаагүй тул шинээр буй болсон эд хөрөнгийг эзэмшилдээ авсан Т.А-г ... хууль ёсны өмчлөгчөөр тогтоох, улсын бүртгэлд бүртгэх эрхтэй гэж үзэх боломжгүй. ...” гэж дүгнэсэн.
12. Давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...
12.1. ... Хариуцагч Т.А нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шинжтэй байх боловч үүнийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлд хамааруулан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь маргааны зүйл болж буй орон сууцад холбогдох хариуцагч Т.Агийн нэхэмжлэлийг энэ хэрэгт хамтатган шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмнэлттэй байх зарчимд нийцнэ.
12.2. …Харин анхан шатны шүүх худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан тохиолдолд худалдан авагч нарын хэнд өмчлөх эрх үүсэх асуудалд төлсөн төлбөрийн хэмжээ, гэрээ байгуулсан хугацаанд үндэслэн эрх зүйн дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй болсон. Учир нь орон сууц улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул талуудын хэн алины байгуулсан гэрээ нь үүргийн хэлцлийн шинжтэй бөгөөд эдгээрт үндэслэж өмчийн хэлцэл хийгдээгүй байна. Энэхүү орон сууцтай холбоотой өмчлөх эрхийн улсын бүртгэл хийгдээгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээлэл эд хөрөнгийн эрхийн бүртгэлд байхгүй, өмчийн хэлцэл хийгдээгүй тохиолдолд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсгийг баримтлан эзэмшлийн чиг үүргийг ашиглан өмчлөх эрх олж авах давуу эрхийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл, уг хуулийн зохицуулалтыг хөдлөх эд хөрөнгөөс гадна улсын бүртгэлд бүртгүүлээгүй, өмчийн хэлцэл хийгдээгүй шинжээс шалтгаалж үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаанд хэрэглэнэ.
12.3. … Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Т.А маргааны зүйл болж буй орон сууцыг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан үйл баримт тогтоогдсон, ...маргааны зүйл болж буй орон сууцыг өмчлөх эрх болон урьдчилсан тэмдэглэгээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй, урьд “С” ХХК-ийн болон Г.Г-ийн хооронд байгуулагдсан гэрээг Т.А мэдсэн, мэдэж байх боломжтой байсан гэж дүгнэх баримтгүй тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хариуцагч Т.А-г өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иймд хариуцагч Т.А нь маргааны зүйл болж буй орон сууцыг хамгийн түрүүнд эзэмшилдээ шударгаар олж авсан тул сөрөг нэхэмжлэлээс орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах хэсгийг хангана.
12.4. Нэхэмжлэгч нь хариуцагч Т.А-гийн өмчлөх эрхийг зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй, мөн шүүхэд мэдүүлэх эрхийнхээ хүрээнд гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа учир орон сууц эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт нийцэж байна
12.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байдлаар гарах учир тул улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах шаардлагыг хангахдаа Улсын бүртгэлийн байгууллагад зохих өмчлөх эрхийн бүртгэл хийхийг даалгах нь зүйтэй.
12.6. ...Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ. ...” гэсэн дүгнэлт хийсэн.
13. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх өмчлөх эрх үүсэх, олж авах талаарх эрх зүйн дүгнэлтийг хийхдээ нотлох баримтыг өөр өөрөөр үнэлж, хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн тухай агуулга бүхий нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.
14. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
15. Нэхэмжлэгч Г.Г нь “***, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргах өгөхийг даалгах, орон сууцыг Т.А-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг хариуцагч “С” ХХК, Т.А нарт холбогдуулан гаргаж, уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.А нь нэхэмжлэгч Г.Г-т холбогдуулан орон сууцны эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах, хариуцагч “С” ХХК-д холбогдуулан маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргах өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.”, 73 дугаар зүйлийн 73.1-д “Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.”, 73.2-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасан.
17. Дээрх хуульд зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй байх ба түүний татгалзал нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаагаар тодорхойлогдохоос гадна зөвхөн нэхэмжлэгчид холбогдуулж сөрөг шаардлага тавьснаар илэрхийлэгдэнэ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Т.А нь үндсэн нэхэмжлэлийн эсрэг буюу нэхэмжлэгч Г.Г-т холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргахаар байхад хариуцагч “С” ХХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.
Учир нь хариуцагч Т.А нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хүлээн авч шийдвэрлэснээр хоёр шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй ба давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.5-д нийцээгүй.
18. Хариуцагч “С” ХХК-аас 2026.01.27-ны өдөр хамтран хариуцагч болон гуравдагч этгээдээр “Х” ХХК-ийг татан оролцуулах хүсэлт гаргаж, үндэслэлээ “... “Х” ХХК-тай 2022.06.30-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсөнд ... орон сууцыг олгосон. “Х” ХХК-ийн 2022.07.07-ны өдрийн №22/67 дугаар бүхий хүсэлтийн дагуу орон сууц захиалгаар барих гэрээг Г.Г-той байгуулсан боловч ... “Х” ХХК нь Г.Г-ийг төлбөр төлөөгүй үндэслэлээр Т.А-тай захиалгын гэрээг байгуулах тухай хүсэлтийг дахин ирүүлснээр орон сууц захиалгын гэрээг шилжүүлж өгсөн, ... энэхүү захиалгын гэрээний төлбөрөөс аваагүй...” гэжээ.
Анхан шатны шүүх 2026.01.28-ны өдрийн 192/ШЗ2026/06058 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж “... маргааныг шийдвэрлэхэд “Х” ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй ...” гэсэн үндэслэлээр гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4-т нийцээгүй.
Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Х” ХХК нь хэрэгт оролцвол зохих этгээд байж болох бөгөөд энэ талаарх хариуцагч “С” ХХК-аас гаргасан хүсэлтийг шүүх хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийг бодитой, нэг мөр эцэслэн шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлсөн болохыг анхаараагүй, үүнийг мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзнэ.
19. Иймээс талуудын эрх зүйн байдал тодорхойгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаснаас хяналтын шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж, эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2026/01277 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2026/01163 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.06.19-ний өдөр төлсөн нийт 1,435,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД