| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/3833/И |
| Дугаар | 102/ШШ2022/00547 |
| Огноо | 2022-02-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2022/00547
2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дугаар 102/ШШ2022/00547 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ***, өөрийн байранд байрлах *** ХХК /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух *** овогтой ***ын ***/РД:***/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт *** төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох автомашинаар хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.О***
Хариуцагч: Г.***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзийсайхан
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Г.***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *** төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч Г.***тай байгуулсан цалингийн зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөг, автомашины зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөг, кредит картын гэрээний дагуу 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Зээлдэгч Г.***цалингийн зээлийн үндсэн зээл 21,697,713.09 төгрөг, зээлийн хүү 9,884,801.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 288,207.10 төгрөг, нийт 31,870,722.13 төгрөг, автомашины зээлийн үндсэн төлбөр 11,658,254.26 төгрөг, зээлийн хүү 4,602,066.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,182.55 төгрөг, нийт 16,376,503.38 төгрөг, кредит картын зээлийн үндсэн төлбөр 1,049,789.04 төгрөг, зээлийн хүү 600,217.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 302,004.41 төгрөг, нийт 1,987,110.65 төгрөгийг тус тус буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж тайлбарлаж байна.
2. Хариуцагч хариу тайлбартаа: *** ХХК-аас 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Мөн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 15,000,000 төгрөгийн автомашины зээл, 2018 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөгийн кредит карт авсан. Өөрийн ажилладаг байгууллагын үйл ажиллагаа зогссон, мөн хүүхэд төрүүлсэн зэрэг нөхцөл байдлын улмаас төлбөрийн чадваргүй болсон. *** ХХК-нд зээл хүүгийн хамт 24,726,941 төгрөг төлсөн, банктай зээл, хүүгийн тооцоолол дээр маргахгүй. Үлдэгдэл 50,234,336 төгрөгийг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах хүсэлтэй байна. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлд дурдсан автомашинаар бараа хүргэлт хийдэг тул энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаартай эрх олгох тухай албан бичиг, *** ХХК болон Г.***нарын хооронд *** өдөр байгуулагдсан *** дугаартай зээлийн болон барьцааны гэрээ /цалингийн зээл/, уг зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай гэрээ, *** ХХК болон Г.***нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан *** дугаартай автомашины зээлийн болон барьцааны гэрээ, *** ХХК болон Г.***нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан *** дугаартай кредит картын гэрээ, хүү тооцооллын хүснэгт, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж, хариуцагчаас гаргасан баримтгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч талаас хариуцагч Г.***зээлийн гэрээгээр хүлээсэн шилжүүлэн авсан мөнгийг, зээлийн хүүгийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардаж байна.
3.Хариуцагч зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу мөнгө хүлээн авсан эсэх мөн зээлийн төлбөрийн тооцооллын талаар маргаагүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн болон барьцааны гэрээ, хүү тооцооллын хүснэгт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэг талаас *** ХХК, нөгөө талаас Г.*** 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр *** дугаартай зээлийн болон барьцааны гэрээ /цалингийн зээл/, уг гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр *** дугаартай гэрээ байгуулж, зээлдүүлэгч тал болох *** ХХК нь 30,000,000 төгрөгийг 39 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч тал болох Г.***нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд өөрийн цалингийн орлого, картын ба бусад дансны орлогоор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар,
2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр *** дугаартай автомашины зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч тал болох *** ХХК нь 15,000,000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар, 48 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч тал болох Г.***нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 2013 онд үйлдвэрлэгдсэн *** УБР улсын дугаартай *** маркийн автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар,
2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр *** дугаартай кредит картын гэрээ байгуулж, зээлдүүлэгч тал болох *** ХХК нь 1,000,000 төгрөгийн эрх бүхий зээлийг бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн мөнгөний хүү 3.5 хувь, зээлийн эрхийн хэмжээ хэтрүүлсний хүү буюу лимит хэтрүүлсний хүү 2 хувь, зарцуулалт эргэн төлөх хувь 10 хувь, нэмэгдүүлсэн хүүг 1 хувиар тооцохоор тохирч шилжүүлэх, зээлдэгч тал болох Г.***төлбөрийг гэрээнд заасан хугацаа, нөхцөлийн дагуу буцаан төлөх, лимит хэтэрсэн өр үүссэний хариуцлагыг хүлээхээр тус тус харилцан тохиролцжээ.
5. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
6. 2*** тоот цалингийн зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч *** ХХК-аас зээлдэгч Г.***д 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг олгосон, зээлдэгч Г.***2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 8,302,286 төгрөг, зээлийн хүү 9,112,495 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,307.89 төгрөг, нийт 17,417,089 төгрөгийг төлж, үлдэгдэл үндсэн зээл 21,697,713.09 төгрөг, зээлийн хүү 9,884,801.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 288,207.10 төгрөг, нийт 31,870,722.13 төгрөгийг төлөөгүй,
*** дугаартай автомашины зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч *** ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 15,000,000 төгрөгийг олгосон, зээлдэгч Г.***нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 3,341,745.74 төгрөг, зээлийн хүү 3,963,912.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,192,73 төгрөг, нийт 7,309,851.38 төгрөг төлж, үлдэгдэл үндсэн зээл 11,658,254.26 төгрөг, зээлийн хүү 4,602,066.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,182.55 төгрөг, нийт 16,376,503.38 төгрөг төлөөгүй,
*** дугаартай кредит картын гэрээний дагуу зээлдүүлэгч *** ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 3,458,857.95 төгрөгийг бэлэн болон бэлэн бус гүйлгээгээр олгосон, зээлдэгч Г.***нь үндсэн зээл 2,409,068.91 төгрөг, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү 193,933.35 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 1,709.58 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 8,931.02 төгрөг, шимтгэл хураамж 35,200 төгрөг, нийт 2,648,842.86 төгрөгийг төлж, үлдэгдэл үндсэн зээл 1,049,789.04 төгрөг, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү 600,217.20 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 172,446.40 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 129,558.01 төгрөг, шимтгэл хураамж 35,100 төгрөг, нийт 1,987,110.65 төгрөгийг төлөөгүй болох нь зээлийн дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 21-23 тал/
7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлдэгч Г.***цалингийн болон автомашины зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч цалингийн зээлийн төлбөрийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс, автомашины зээлийн төлбөрийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс, кредит картын зээлийн төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш тус тус тогтоосон хугацаанд нь тогтоосон хэмжээгээр бүрэн төлөөгүй болох нь зээлийн дансны хуулга, *** ХХК-ийн нэхэмжлэлийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 21-23/
8. Цалингийн зээлийн гэрээний 3.3.4, автомашины зээлийн гэрээний 4.4-т дараах тохиолдолд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна. Үүнд: зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй гэж заасан.
Зээлдэгч цалингийн зээлийн төлбөрийг 733 хоног, автомашины зээлийн төлбөрийг 621 хоног тус тус төлөөгүй байх тул ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон гэж үзэхээр байх тул үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байна. Иймд нэхэмжлэгч *** ХХК нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг буцаан шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
9. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан.
2*** тоот цалингийн зээлийн гэрээний 2.9, *** дугаартай автомашины зээлийн гэрээний 3.1.3-д зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон үндсэн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан байх тул зээлдүүлэгч *** ХХК нь зээлдэгч Г.***гаас Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй зөрчилд нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.
10. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлдэгч нь үндсэн зээл, түүний хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү зэргийг буцаан төлөх үүрэгтэй тул хариуцагч Г.***гаас 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан *** дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 21,697,713.09 төгрөг, зээлийн хүү 9,884,801.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 288,207.10 төгрөг, нийт 31,870,722.13 төгрөг,
2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан *** дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,658,254.26 төгрөг, зээлийн хүү 4,602,066.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,182.55 төгрөг, нийт 16,376,503.38 төгрөг
2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан *** дугаартай кредит картын зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,049,789.04 төгрөг, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү 600,217.20 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 172,446.40 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 129,558.01 төгрөг, шимтгэл хураамж 35,100 төгрөг, нийт 1,987,110.65 төгрөгийг тус тус гаргуулж *** ХХК-нд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
11. Талууд 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр БГ3155111602 дугаартай барьцааны гэрээг бичгээр байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 онд үйлдвэрлэгдсэн *** УБР улсын дугаартай Nissan Teana маркийн автомашин барьцаалсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч *** ХХК нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлд заасан болон Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмын дагуу барьцааны эрхээ хэрэгжүүлэх эрхтэй, нэхэмжлэгчээс барьцааны эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох үндэслэл гаргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндсэн дээр албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
12. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.***гаас зээлийн гэрээний үүрэгт *** /тавин сая хоёр зуун гучин дөрвөн мянга гурван зуун гучин зургаа/ төгрөг гаргуулж *** ХХК-нд олгосугай.
2. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасныг баримтлан *** УБР улсын дугаартай 2013 оны *** маркийн автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479,322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.***гаас улсын тэмдэгтийн хураамжид 409,121 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ