| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2024/0229/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/253 |
| Огноо | 2024-11-15 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овгийн *** ***д холбогдох 2426000000270 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 45 настай, регистрийн дугаар ***, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, *** аймгийн *** сумын 1 дүгээр багийн 309 дүгээр байрны 3 тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 310 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,
*** аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, *** овгийн *** ***.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ *** улсын дугаартай “Toyota Prius-11” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.
1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн Онгийн голын постонд үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 17 цаг 30 минутын орчимд Улаанбаатараас *** аймгийн чиглэлд *** улсын дугаартай “Toyota Prius-11” маркийн автомашиныг *** *** жолоодож Онгийн голын пост дээр ирсэн. Жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртээд байхаар нь Драйгер 6820 маркийн багажийг үлээлгэн шалгахад 0,49 хувийн согтолттой байсан. Экс ковер нэртэй багажаар эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгахад 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр *** аймгийн шүүхээр орж жолоодох эрх хасагдсан байсан. Би ганцаараа үүрэг гүйцэтгэж байсан. Г.М нь тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа ганцаараа явж байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9 хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл (хх-ийн 1 хуудас),
Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 3 хуудас),
Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4, 7 хуудас),
Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн эд зүйл, баримт бичиг хураан авсан тэмдэглэл (хх-ийн 5хуудас),
Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн системийн жолоочийн лавлагааны хуудас (хх-ийн 10-11 хуудас) зэрэг болно.
Хэрэгт шүүгдэгч Г.Мгийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, *** аймгийн *** сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 860 дугаартай тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 27-33, 36-39, 43-44, 47 хуудас) зэрэг авагдсан байна.
1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Г.М нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа нь дуусгавар болоогүй байхад дахин 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** улсын дугаартай “Toyota Prius-11” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй ямар нэгэн маргаан байхгүй. Мөн энэ гэмт хэргийн улмаас хохирол, төлбөр учраагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Мд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэж хуульчилсан.
Тус зүйл хэсгийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”,
“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг тус тус ойлгоно гэж тайлбарласан.
Шүүгдэгч Г.М нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан болох нь *** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ЗШ/972 дугаартай шийтгэвэр, Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн системийн жолоочийн лавлагааны хуудас зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ *** улсын дугаартай “Toyota Prius-11” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдсон бөгөөд хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Гэрч ***ын “...2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн Онгийн голын постонд үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 17 цаг 30 минутын орчимд Улаанбаатараас *** аймгийн чиглэлд *** улсын дугаартай “Toyota Prius-11” маркийн автомашиныг *** *** жолоодож Онгийн голын пост дээр ирсэн. Жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртээд байхаар нь Драйгер 6820 маркийн багажийг үлээлгэн шалгахад 0,49 хувийн согтолттой байсан. Экс ковер нэртэй багажаар эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгахад 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр *** аймгийн шүүхээр орж жолоодох эрх хасагдсан байсан. Би ганцаараа үүрэг гүйцэтгэж байсан. Г.М нь тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа ганцаараа явж байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9 хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл (хх-ийн 1 хуудас),
Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 3 хуудас),
Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Согтуурал хэмжигч Алкотест 6820 багаж ашиглан шалгахад 0,49% тоон үзүүлэлт илэрсэн” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4, 7 хуудас),
Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн эд зүйл, баримт бичиг хураан авсан тэмдэглэл (хх-ийн 5 хуудас),
Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн системийн жолоочийн лавлагааны хуудас (хх-ийн 10-11 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Мгийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Г.Мд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцэхүйц байна гэж үзлээ.
3.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар эдлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байгаа. Шүүгдэгч нь хувиараа цемент зардаг, тодорхой орлого олдог. Мөн өндөр настай ээжийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзэхийг хүсэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд улсын яллагчаас гаргасан торгох ял оногдуулах саналыг дэмжиж байна. Гэхдээ уг зүйлд заасан хамгийн бага нэгжээр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.
Шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахаар хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа бизнес эрхэлдэг зэрэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** овгийн *** ***г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын ар*** та*** нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг *** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овгийн *** ***г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** овгийн *** ***гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын ар*** та*** нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг *** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ