Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2022/00535

 

2022 оны 02 сарын 16 өдөр                         Дугаар 102/ШШ2022/00535                          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, .ө гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух, регистр .., Ц. овогт Ё.ийн М.,

Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, ... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух, регистр .., М. овогт Р.ийн Н.,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 39 615 000 төгрөг гаргуулахыг хүссэн,

Сөрөг нэхэмжлэл: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6 450 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н., 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Д.,

Гэрч: Р.У., Б.Ө.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б. нар оролцов.

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ё.М. нь Р.Н..т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39 615 000 төгрөг тухай нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Р.Н...тэй 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 31 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3 хувийн зээлүүлсэн. Гэрээний 2.7-д хугацаа хэтрүүлсэн бол хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон. 2019 оны 3-р сарын 1-нд 3 сарын хүү 1 860 000 төгрөг, зээл 4 590 000 төгрөг нийт 6 450 000 төгрөг төлсөн. Үндсэн зээл 31 000 000 төгрөгөөс 6 450 000 төгрөгийг хасч 26 410 000 төгрөг,  50 хувиас хэтрээгүй алданги 13 205 000 төгрөг нийт 39 615 000 төгрөгийг гаргуулна гэжээ.

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 14 175 000 төгрөг гаргуулахаар багасгаж үндэслэлээ ...үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлээс төлсөн 5 550 000 төгрөгийг хасч 9 450 000 төгрөг, 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 4 725 000 төгрөг нийт 14 175 000  төгрөг гаргуулахаар шаарджээ.   

2.Хариуцагч хариу тайлбартаа: М....аас дансаар болон бэлэн мөнгө авч байгаагүй, зөвшөөрөхгүй. Энэ хүний хүргэн дүү болох Баттүшиг овогтой Өгөөмөрөөс Р.Н. нь 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 60 000 000 төгрөг бэлэн авсан. Найз нөхдийн итгэлцлээр энэхүү мөнгийг авахдаа гэрээ баримт үйлдэлгүй бэлэн авсан. Б.Ө. мөнгө зээлүүлсний дараа 2014 оны 8-р сард шинэ байранд орох үедээ Ё.М.аас 15 500 000 төгрөг зээлсэн байсан. Түүнийгээ над руу шилжүүлж 60 000 000 төгрөгийг 2 салгаад Ө.т 45 000 000 төгрөг, М.д 15 500 000 төгрөгийг төлөхөөр зээлээ салгасан. Ё.М.тай нотариат орж Өгөөмөрийн авсан гэх 15 500 000 төгрөг дээр хүү тооцон 1 нугалаад 31 000 000 төгрөг бэлэн авсан гэж бичсэн. Энэ хугацаанд М.д 7 000 000 төгрөг төлсөн. Гэвч гэр бүлийн хоорондох авсан мөнгөн дүн зөрүүтэй байсан учир Өгөөмөрт зээлээ төлж дуусгахаар тохироод үндсэн зээл болох 60 сая төгрөгийг 120 сая болгож төлсөн. Гэвч Ө. М.тай тохироогүй. Анх авсан зээлээ Өгөөмөрт 120 сая, М.д 7 сая төгрөг төлж нийт 127 сая төгрөгийг төлж барагдуулсан учир нэхэмжилж буй мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ. 

            3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл гаргаж үндэслэлгүйгээр авсан 6 450 000 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Талууд Ё.М-тай 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулсан боловч 31 000 000 төгрөгийг огт зээлээгүй, шилжүүлж өгөөгүй. Тухайн гэрээг хийх болсон шалтгаан нь Р.Н. нь өөрийн найз Б.Ө.өөс 2014 оны 06-р сарын 13-ны өдөр 60 000 000 төгрөг зээлсэн бөгөөд уг зээлийг төлж байсан хугацаанд Өгөөмөр нь надаас авсан мөнгөнөөсөө 15 500 000 төгрөгийг Ё.М.д өгөхөөр гэрээ байгуулчих гэсэн. Ө., М.нар нь нэг айлын хүргэн бэр. Ингээд Ё.М.тай нотариат орж зээлийн гэрээ байгуулах үед үнийн дүнг 31 000 000 төгрөг гэж бичсэн, гэтэл Б.Өг..өөс авах 15 500 000 төгрөг дээр хүү, алданги нэмсэн байсан. Энэ талаар Б.Өгөөмөрт хэлэхэд “Ё.М...тай тооцоо зөрсөн байна, би өөрөө тооцоогоо дуусгая, чи надаас зээлсэн мөнгөө үргэлжлүүлэн төл” гэсэн учраас түүнд 60 000 000 төгрөгийг зээлийн хамт бүрэн төлж дуусгасан. Мөн Ө..., Н... нарын хооронд тооцоо дууссан талаар тайлбар гаргасан. Гэрээ байгуулсны дараа Ё.М.., Б.Ө... нар нь төрөл садангийн байдлаа ашиглаж, Р.Н...ээр нэг зээлийн гэрээний үүргийг хоёр удаа, хоёр өөр хүнд үүрэг гүйцэтгүүлэхээр шаардаж байгаа нь түүний эрхийг зөрчиж байна. Учир нь 2014 оны 06-р сарын 13-ны өдөр 60 000 000 төгрөг зээлүүлсэн үндсэн үүрэг гүйцэтгүүлэгч болох Б.Ө...ийн өмнө хүлээсэн үүргээ Г.Н. нь зохих ёсоор гүйцэтгэсэн буюу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Иймд Ё.М..д зээлийн гэрээний дагуу 6 450 000 төгрөг төлөх үүрэг үүсээгүй тул М.аас 6 450 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулах болсон үндэслэл нь 2014 оны 6-р сард Б.Ө. Р.Н.т 60 000 000 төгрөг зээлсэн. Тухайн үед Б.Ө. Ё.М.д 15 000 000 төгрөгийн өглөгтэй байсан. 2016 онд Б.Ө. нь энэхүү 15 сая төгрөг, хүү 16 сая төгрөг нийт 31 сая төгрөгийг Мөнхзулд өгөхөөр тохиролцсон. 31 сая төгрөгөө Н.т зээлүүлсэн 60 сая төгрөгөөс гаргуулахаар Ё.М., Р.Н. нартай харилцан тохирч үүргийг сольсон. Тохиролцсоноор 2016 оны 7-р сарын 4-ний өдөр 31 сая төгрөг хүү, алданги тооцон зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулах үед Мөнхзулын хадам дүү М.Г., хариуцагч Н. түүний төрсөн эгч Р.У. нар гэрчээр оролцсон. Гэрч нар зээлийн гэрээ байгуулах болсон үйл баримтыг мэдэж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 6 450 000 төгрөг нь 2016 оны 7-р сарын 4-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 3 сарын зээлийн хүү 1 860 000 төгрөг, үндсэн төлбөрөөс 4 590 000 төгрөгийг хариу тооцсон. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

            5.Нэхэмжлэгчээс   2016 оны 07-р сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээ / хх 5/, 2019 оны 03-р сарын 01-ний өдрийн Дансны гүйлгээ /хх 6/, дансны хуулга /хх 87/,

6.Хариуцагчаас Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 50-62/, 2021 оны 10-р сарын 26-ны өдрийн Газар эзэмшүүлэх гэрээ /хх 98-99/, 2021 оны 10-р сарын 26-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ /хх 100-101/, 2021 оны 10-р сарын 26-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ /хх 102-103/, 2021 оны 10-р сарын 26-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх 104-105/,  гэрч Р.У..ийн гаргасан тооцоо /хх 106-108/, тэмдэглэлийн дэвтэр зэрэг баримтуудыг,

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр мессенжерт хийсэн үзлэг /хх 68-78/, гэрч Б.Ө.., Р.У... нарыг шүүх хуралдаанд гэрчээр асуусан зэрэг баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 8 550 000 төгрөгийг хангаж, бусад хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ. Р.Н...тэй 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 31 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3 хувийн зээлүүлсэн, гэрээний 2.7-д хугацаа хэтрүүлсэн бол хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон. Үндсэн зээл 15 000 000 төгрөгөөс төлсөн 5 550 000 төгрөгийг хасч 9 450 000 төгрөг, 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 4 725 000 төгрөг нийт 14 175 000  төгрөг гаргуулахаар шаарджээ.    

 

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Ё.М..аас дансаар болон бэлэн мөнгө аваагүй, Б.Ө..өөс 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 60 000 000 төгрөг зээлсэн байсан, Б.Ө.. 2014 оны 8-р сард Ё.М...аас 15 500 000 төгрөг зээлсэн байсан, Б.Ө...т төлөх 60 000 000 төгрөгөөс 45 000 000 төгрөгийг өөрт нь, 15 500 000 төгрөгийг Ё.М.д төлөхөөр зээлээ салгасан. Ё.М..тай нотариат орж гэрээ хийхэд 15 500 000 төгрөг дээр хүү тооцож 31 000 000 төгрөг бэлэн авсан гэж бичсэн. Б.Ө..т 60 сая төгрөгийг 120 сая болгож төлсөн. Б.Ө., Б.М.тай тохироогүй. Б.М.д 7 сая төгрөг төлж нийт 127 сая төгрөг төлсөн гэжээ. 

 

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлжээ. Талууд Ё.М..тай 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулсан боловч Ё.М..аас 31 000 000 төгрөгийг аваагүй, шилжүүлж өгөөгүй. Тухайн гэрээг хийх болсон шалтгаан нь Р.Наранчимэг нь өөрийн найз Б.Өгөөмөрөөс 2014 оны 06-р сарын 13-ны өдөр 60 000 000 төгрөг зээлсэн бөгөөд уг зээлийг төлж байсан хугацаанд Өгөөмөр нь надаас авсан мөнгөнөөсөө 15 500 000 төгрөгийг Ё.М.д өгөхөөр гэрээ байгуулчих гэсэн. Ө., М. нар нь нэг айлын хүргэн бэр. Ё.М.тай нотариат орж зээлийн гэрээ хийхэд үнийн дүнг 31 000 000 төгрөг гэж бичсэн, Б.Ө.өөс авах 15 500 000 төгрөг дээр хүү, алданги нэмж байна гэсэн. Энэ талаар Б.Ө.т хэлэхэд “Ё.М.тай тооцоо зөрсөн байна, би өөрөө тооцоогоо дуусгая, чи надаас зээлсэн мөнгөө үргэлжлүүлэн төл” гэсэн учраас түүнд 60 000 000 төгрөгийг зээлийн хамт бүрэн төлж дуусгасан. Мөн Ө., Н. нарын хооронд тооцоо дууссан талаар тайлбар гаргасан. Гэрээ байгуулсны дараа Ё.М., Б.Ө. нар нь төрөл садангийн байдлаа ашиглаж, Р.Н.ээр нэг зээлийн гэрээний үүргийг хоёр удаа, хоёр өөр хүнд үүрэг гүйцэтгүүлэхээр шаардаж байгаа нь түүний эрхийг зөрчиж байна. Учир нь 2014 оны 06-р сарын 13-ны өдөр 60 000 000 төгрөг зээлүүлсэн үндсэн үүрэг гүйцэтгүүлэгч болох Б.Ө.ийн өмнө хүлээсэн үүргээ Г.Н.г нь зохих ёсоор гүйцэтгэсэн буюу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Иймд Ё.М...д зээлийн гэрээний дагуу 6 450 000 төгрөг төлөх үүрэг үүсээгүй тул М...аас 6 450 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... Зээлийн гэрээ байгуулах болсон үндэслэл нь 2014 оны 6-р сард Б.Ө. Р.Н..т 60 000 000 төгрөг зээлсэн. Тухайн үед Б.Ө. Ё.М.д 15 000 000 төгрөгийн өглөгтэй байсан. 2016 онд Б.Ө. нь энэхүү 15 сая төгрөг, хүү 16 сая төгрөг нийт 31 сая төгрөгийг М.д өгөхөөр тохиролцсон. 31 сая төгрөгөө Н.т зээлүүлсэн 60 сая төгрөгөөс гаргуулахаар Ё.М., Р.Н. нартай харилцан тохирч үүргийг сольсон. Тохиролцсоноор 2016 оны 7-р сарын 4-ний өдөр 31 сая төгрөг хүү, алданги тооцон зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулах үед Мөнхзулын хадам дүү М.Г., хариуцагч Н., түүний төрсөн эгч Р.У. нар гэрчээр оролцсон. Гэрч нар зээлийн гэрээ байгуулах болсон үйл баримтыг мэдэж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 6 450 000 төгрөг нь 2016 оны 7-р сарын 4-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 3 сарын зээлийн хүү 1 860 000 төгрөг, үндсэн төлбөрөөс 4 590 000 төгрөгийг хариу тооцсон. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч Ё.М. нь Р.Н.тэй 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 31 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, гэрээний 2.7-д хугацаа хэтрүүлсэн бол хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон /хх 5/ байна. 

Талууд зээлийн гэрээ байгуулах болсон үндэслэл, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагч, нэхэмжлэгчийн татгалзлын үндэслэл нь “Р.Н. нь Б.Ө.өөс 2014 оны 06-р сарын 13-ны өдөр 60 000 000 төгрөг зээлсэн, Б.Ө нь Ё.М.аас 15 000 000 төгрөг зээлсэн байсан, Р.Н. нь Б.Ө.т төлөх зээлээс 15 000 000 төгрөгийг Ё.М..д төлөх, үлдэх 45 000 000 төгрөгийг Б.Ө..т төлөхөөр тус тус тохирсон” нь зохигчийн тайлбар, гэрч Б.Ө., Р.У. нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл,   нэхэмжлэгч Ё.М. нь Б.Ө.өөс зээлээ төлүүлэх үүрэг гүйцэтгүүлэгч, хариуцагч Р.Н... нь Б.Ө...т зээл төлөх үүрэг гүйцэтгэгч, Б.Ө... нь Ё.М.ын хувьд ..үүрэг гүйцэтгэгч, Р.Н...ийн хувьд үүрэг гүйцэтгүүлэгч байжээ.

Нөгөөтэйгүүр, Ё.М..., Б.Ө... нар нэг айлын хүргэн, бэр байсан, Б.Ө..., Р.Н... нар найз нөхдийн холбоотой, Ё.М..., Р.Н... нар нь  бие биенээ таньдаг харилцаатай болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Гэрч Б.Ө...ийн “...найз Наранчимэг нь 2014 онд надаас 60 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн, амаар тохирсон, би Мөнхзулд 15 сая төгрөгийн өртэй байсан, энэ хоёр бие биенээ танина, би Н...ээс мөнгөө аваад М...ын мөнгийг өгөх байсан, гэтэл хоорондоо яриад надаас авах мөнгөө Наранчимэгээс авахаар тохироод нотариат орж гэрээ хийсэн байсан, би энэ хоёрыг гэрээ хийж хэлээгүй, холбож өгөөгүй, Н... намайг 7-8 жил хохироосон, 20 сая төгрөгт 4 айлын газар, 4 ширхэг гар утас, надад 94 500 000 төгрөг өгсөн гэдэг боловч би ийм мөнгө аваагүй, надад Мөнхзултай, Наранчимэгтэй тооцоо байхгүй” гэсэн мэдүүлэг,

Гэрч Р.У...ийн “...2014 оны 6-р сард Н... бид хоёр Андуудын ХААН салбараас Ө...өөс 60 сая төгрөг авсан, хятадаас тоног төхөөрөмж оруулж ирэх байсан боловч хятадуудад хууртагдсан, мөнгөө төлөх асуудал үүссэн, би дэвтэр дээр Өгөөмөрт бэлнээр болон дансаар өгсөн мөнгөө тэмдэглэдэг байсан, Мөнхзул нь Өгөөмөрөөс 15  сая төгрөг авах авлагатай байсан, Н.. Ө.тэй то..оцоогоо дуусгах гээд зээлийг салгаж М...тай 31 сая төгрөгийн гэрээ хийсэн, хүү алданги нэмээд хийсэн, гэрээ хийхэд би хамт байсан, мөнгө бэлнээр аваагүй, Ө...т 110 сая байх төгрөгийн тооцоонд 4 айлын газар, 4 ширхэг гар утас, бэлэн мөнгө өгч дуусгасан” гэсэн мэдүүлгээс үзвэл, нэхэмжлэгч нь Б.Ө...ийн үүргийг Р.Н...ээр гүйцэтгүүлэхээр, хариуцагч нь Б.Ө...т гүйцэтгэх үүргээ Ё.М...д гүйцэтгэхээр тус тус тохирч “Зээлийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч, хариуцагч нь үүрэг гүйцэтгэгч байна.

            Хэдийгээр талууд зээлийн гэрээгээр мөнгө шилжүүлээгүй боловч хариуцагч нь 2019 оны 3-р сарын 1-нд зээлийн гэрээний үүрэгт 6 450 000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн, мөнгийг шилжүүлэн авсан талаар нэхэмжлэгч маргаагүй /хх 87/,  гэрээний үүргийг тодорхой хэсгээр гүйцэтгэсэн, өөрөөр хэлбэл, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь эдгээр баримтууд болон талуудын цахим хаягт /мессенжерт/ хийсэн үзлэгийн тэмдэглэлээр  /хх 68-78/ тогтоогджээ.

            Харин нэхэмжлэгч нь Б.Ө...тэй зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү, алданги төлүүлэхээр тохироогүй байсан тул 15 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй, үүнээс төлсөн 6 450 000 төгрөгийг хасч үлдэх 8 550 000 төгрөгийг хариуцагч Р.Н...ээс гаргуулахаар хангаж шийдвэрлэлээ.

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй гэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, талууд харилцан тохирч зээлийн гэрээг бичгээр хийж гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд 6 450 000 төгрөгийг үндэслэлгүйгээр шилжүүлсэн, энэ хэмжээгээр нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй. 

Хэрэгт авагдсан Р.У...ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 50-62/, хөх өнгийн тэмдэглэлийн дэвтэр, 2021 оны 10-р сарын 26-ны өдрийн Газар эзэмшүүлэх гэрээ /хх 98-99/, 2021 оны 10-р сарын 26-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ /хх 100-101/, 2021 оны 10-р сарын 26-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ /хх 102-103/, 2021 оны 10-р сарын 26-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх 104-105/,  Р.У...ийн гаргасан тооцоо /хх 106-108/ зэрэг баримтууд нь энэ шийдвэрийн үндэслэл болоогүй, Р.Н..., Б.Ө... нарын хоорондын зээлийн гэрээтэй холбоотой баримтууд байна.

7. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 7356 025 төгрөг, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа 118 150 төгрөгийг тус тус төлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар талуудын төлсөн хураамжийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр буюу 151 750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                            

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Р...ийн Н...ээс 8 550 000 /найман сая таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Ё...гийн М...д олгож, нэхэмжлэлээс 5 625 000 /таван сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ё.М...аас 6 450 000 /зургаан сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Р.Н...ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356 025 төгрөг, хариуцагчаас төлсөн 118 150 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Р.Н...ээс 151 750 /нэг зуун тавин нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж Ё.М...д олгосугай.    

 

4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

  

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Р.АЛТАНТУЯА