| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/04281/И |
| Дугаар | 102/ШШ2022/00548 |
| Огноо | 2022-02-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2022/00548
2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дугаар 102/ШШ2022/00548 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** тоотод байрлах *** СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: *** тоотод оршин суух *** овогтой ***ийн *** /РД:***/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 2,943,580 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***
Хариуцагч П.***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзийсайхан
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** СӨХ нь хариуцагч П.***д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 2,943,580 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: П.*** нь *** тоот орон сууцны өмчлөгч бөгөөд 2014 оны 4 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сарын дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалал, засвар үйлчилгээний зардал 2,943,580 төгрөгийг төлөөгүй гэв.
2. Хариуцагч П.*** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд татгалзлын үндэслэлээ сууц өмчлөгчдийн холбооны ажиллагаа хангалтгүй байдаг гэж тайлбарласан байна.
3. Нэхэмжлэгч талаас сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, удирдах зөвлөлийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаартай тушаал, удирдах зөвлөлийн 2018 оны 10 дүгээр сарын 16-ны өдрийн ээлжит бус хурлын тэмдэглэл, *** тоот орон сууцны 2014 оны 4 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалал, засвар үйлчилгээний зардлын нэхэмжлэх, хариуцагч ***-иас хариу тайлбар, фото зураг, эвлэрлийн гэрээ зэрэг баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч П.*** нь өөрийн өмчлөлийн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй бөгөөд 2014 оны 4 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны төлбөрийг төлөөгүй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ сууц өмчлөгчдийн холбоо хангалтгүй ажилладаг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
*** сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар сууц өмчлөгчдийн хурлаар байгуулагдаж, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр *** тоот гэрчилгээ авч, ***-ыг сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн удирдах зөвлөлийн тогтоолоор томилсон байх тул нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
5. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.
6. Хариуцагч талаас *** тоот орон сууцны өмчлөгч этгээдийн талаар болон тус орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой маргаан бүхий төлбөрийн хэмжээ, түүнийг төлөөгүй зэрэг үйл баримтын талаар маргаагүй.
Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч П.Нямдариас 2015 оны 05 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,527,210 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** СӨХ-нд олгож, харин нэхэмжлэгч *** СӨХ нь 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан байх ба тус сууц өмчлөгчдийн холбоо үүсгэн байгуулагдахаас өмнөх хугацааны төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэлээс үлдэх 416,370 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 416,370 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 2,527,210 төгрөгийн 1,263,605 төгрөгийг төлж, 1,263,605 төгрөгийг сууц өмчлөгчдийн холбоо харуул хамгаалалт сайжруулж, камержуулах, дээврийг засварлаж, хууларсан будаг замаскыг засаж, гражийн лифтний кнопыг янзлах, ил байгаа цахилгааны утсыг далдалж, аюулгүй байдлыг хангах, тоглоомын талбайг янзлах шаардлагыг биелүүлсний дараа төлж барагдуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг гэрээг талууд шүүхэд гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар зохигчийн эвлэрлийг батлах боломжгүйгээс гадна талуудын эвлэрэл нь бусад сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байх тул эвлэрлийг батлах үндэслэлгүй гэж үзлээ.
Мөн сууц өмчлөгчдийн холбоо нь үйл ажиллагааны буруугаас сууц өмчлөгчид хохирол учруулсан бол сууц өмчлөгч энэ талаар тусдаа шаардлага гаргах боломжтой бөгөөд энэ нь сууц өмчлөгчийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.
8. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч ***-иас 2,527,210 төгрөг /хоёр сая таван зуун хорин долоон мянга хоёр зуун арван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс үлдэх 416,370 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *** сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***-ас улсын тэмдэгтийн хураамжид 55,385 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ