| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2024/0100/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/105 |
| Огноо | 2024-10-04 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Г.Г |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/105
2024 10 04 2024/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э,
улсын яллагч Г.Г,
гэрч Э.У, Б.Т,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э, Э.М,
шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........... дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ..-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс ....., .... боловсролтой, .... мэргэжилтэй, ............... ажилтай, ам бүл ..., эхнэр, ...хүүхдий хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... дүгээр баг .... дугаар байрны ... тоотод оршин суух, Ш овогт Г-ын У //
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.У нь нийтийн албан тушаалтан буюу З. дэх Г. Газарт ажиллаж байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн ...................... улсын дугаартай ................ дугаарын .................тонны даацын чингэлэгтэй “Б” ХХК-ийн ........... тоот мэдүүлгээр гаальд мэдүүлсэн 10 нэр төрлийн ачаа бараанд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаалийн хяналт шалгалт хийж, “Биет шалгалт хийгдсэн” төлөвт шилжүүлэн 8,658,230.40 төгрөгийн татварыг төлүүлэхгүйгээр гаалийн хяналтын бүсээс гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гаалийн хяналт шалгалтыг зориуд хэрэгжүүлэхгүй байж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Г.У шүүх хуралдаанд: 2023 оны 01 сарын 30-ны өдөр тухайн үед З дэх гаалийн газрын даргын баталсан хуваарийн дагуу бүс нутгийн ложистик гаалийн хяналтын бүсэд гаалийн хяналт шалгалт хийж ажиллаж байсан. Тухайн үед ковид цар тахал дуусаад улсын хил дөнгөж нээгдээд бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, бараа материал хомсдолд орсон ачаа бараа саадгүй нэвтэрч эхэлсэн үе. Гаалийн газрын удирдлагаас түргэн шуурхай бараа материалаа шалгаад тээврийн хэрэгслийг явуулаарай гэсэн чиглэл өгсний дагуу ажиллаж байсан. Тухайн өдөр “Б” ХХК-ийн ачаа бараатай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийсэн. Зөрүү гарсан гээд байгаа модон хаалга, гипсэн хавтан, цонхны шил зэрэг нь 40 тонны чингэлгийн цаад мухарт нь ачигдсан, наана нь барилгын материал хучсан байдалтай байсан. Ачигчид нь ачаа бараагаа буулгаад бид нарт шалгахад бэлдэж өгдөг. Ачаагаа тухайн үед 30-40 хувьтай л буулгасан байсан байх. Дундуур нь зай гаргаад би өөрөө ороод шалгасан. 2 хүн орох ямар ч зай байхгүй байсан. Мухарт байгаа ачаанд нь хүрээд буцсан. Гэхдээ хяналт шалгалт хийхдээ би 2 зүйл анхаарсан. 1-т улсын хилээр оруулахыг хориглосон болон хязгаарласан бараа байна уу гэдгийг харсан. 2-т мэдүүлсэн бараа нь байна уу тулгаж харсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгсэлд хориглосон болон хязгаарласан бараа байгаагүй, мэдүүлсэн бараа нь тохирч байсан. Өшөө ачааг нь буулгаад цаана байгаа ачааг шалгая гэхээр буулгах боломж байгаагүй. Яагаад гэхээр наана нь хүнд чулуу, цонхны шил, хайрцагтай плитагаар дарсан байсан. Ингээд 15:45 цагт дуусгаад орж ахлахдаа танилцуулахад болж байна зөвшөөрчих гэж хэлээд би биет шалгалт хийгдсэн гэсэн төлөвт шилжүүлсэн. 15 цаг 47 минутад ахлах байцаагч гааль зөвшөөрөв төлөвт шилжүүлж тухайн тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсээс гаргасан. Гэтэл Ц даргын бичсэн мессеж нь 15 цаг 26 минутад буюу намайг гадаа барааг шалгаж байхад бичсэн юм байна лээ. Анх машиныг шалгахаар гарахад тийм мессеж байгаагүй. Тэгээд шалгаж орж ирээд үзсэн харснаа тайлбарлаад биет шалгалт хийсэн төлөвт оруулсан. Ингээд ачаа нь хяналтын бүсээс гараад явсан. Гараад явсны дараа мессеж ирсэн талаар мэдсэн. Тухайн хяналтын бүсэд зөрчлийн О, Б гээд 2 байцаагч ажиллаж байсан. Тэр мессежийг мэдэхтэй зэрэгцээд дээрээс тэр машиныг оруул гэсэн чиглэл өгсөн юм байна лээ. Тэгээд зөрчлийн байцаагч Б-тэй хамт яваад У-тэй холбогдоод тээврийн хэрэгслээ оруул, ийм мессеж ирсэн байсан байна гэж хэлсэн. Машиныг цаашаа бүр явчих байх гээд би өөрөө ложистикийн тойрог дээр зам хааж зогсоод хүлээгээд тухайн тээврийн хэрэгсэл ирж, буцаагаад гаалийн хяналтын бүс рүү оруулсан. Тэгээд ахлах байцаагчдаа би өөрөө дахин шалгалтаа хийгээд татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчлийг шалгаад шийдвэрлэчих юм уу гэсэн чинь үгүй чамаар хийлгэхгүй гэж хэлээд зөрчлийн албанаас Төмөрбаатар гэж байцаагчийг томилоод дахин шалгалтыг хийсэн. Өмнөх миний зөвшөөрөөд биед шалгалт хийгээд гаргасан тээврийн хэрэгсэл буцаад ороод ирэхээр тухайн машиныг ажигласан. Би тэр хүртэл нь яваад буулгаж чадаагүй ачааг энэ хүмүүс яаж буулгах нь уу гээд хараад, хөндлөнгөөс ажиглаж байсан. Тэгэхэд зөрчлийн байцаагч нь ч гэсэн тухайн ачааг 100 хувь буулгаж чадаагүй. Сая яллах дүгнэлт дээрх гэрчийн мэдүүлэг дээр ч бүгдийг буулгаагүй гэж байсан. Би өөрөө ч буулгахгүй байгааг нь харж байсан. Сүүлд нь зөрүү гарахаар нь яагаад ийм зүйл гарсан юм бэ гээд У-ээс асуусан чинь Х улс руу ачуулсан хүн рүү нь яриад барааныхаа татварын зөрүүг хийсэн гэж ярьсан. Тухайн тээврийн хэрэгсэлд ачсан барааг бүрэн 100 хувь буулгаад хяналт шалгалт хийе гэхээр тоног төхөөрөмж байхгүй. Хүний гараар буулгаж дийлэхгүй ачааг буулгах машин байхгүй. Буулгах боломжгүй хүний хүчин чадлаас хэтэрсэн ачаа байсан тул 100 хувь буулгаж чадаагүй, тэрнээс би хэн нэгэнд бусдад давуу байдал олгоогүй. Эсхүл хэн нэгний дарамт шахалтаар ажлаа хийгээгүй. Гаалийн байцаагч нар бүгд л өөрийнхөө мэдрэмжээр ажилладаг. Жишээ нь 40 тонны чингэлэгт ачигдсан ачааг бүгдийг нь буулгаад задлаад үзэх боломж байхгүй. Аль нэг булангаас нь юм уу? хайрцагны буланг нь задлаад энд чинь юу байна, тэнд чинь юу байна гээд нуувч хөндий болгож ашиглаж болох газар юу байна тэр бүгдийг нь хараад, түүвэрлээд сонгоод хяналт шалгалтаа хийдэг. Тухайн үед угаасаа өдөрт 40-50 бүрдүүлэлт хийдэг байсан. Тэнд 6-8 байцаагч л ажиллаж байгаа шүү дээ. Тэр болгонд бүгдийг нь буулгаад үзээд байх боломж байхгүй. Мөн тэр ачааг чи бүгдийг нь буулга гэж хэлээд зогсож байх хүн хүч ч байхгүй, зай орон талбай ч байхгүй. Ачигчид мөнгө төлж ачаа буулгадаг байсан болохоор бүтэн чингэлгийг буулгана гэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 500,000 төгрөг төлөх болно. Дээр нь бүтэн нэг баг нэг машиныг буулгахаар дараагийн чингэлэг нь задрахгүй ийм, ийм нарийн учир шалтгааны улмаас буулгахаасаа цааргална. Тэгээд буулгачих гэхээр зарим нэг ааштай хүмүүс гомдол гаргачихдаг. Би өөрийгөө техник төхөөрөмжгүйн улмаас л ийм алдаа гаргалаа гэж үзэж байна. Гаалийн байцаагч нар ийм алдааг өдөр болгон гаргадаг. Алдаа гаргасан болгоныг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад байх юм бол З дэх гаалийн газарт хэн ажиллах юм бэ. Ажиллах нөхцөл бололцоогоор нь хангаж өгөөгүй байж гэмт хэрэг хийсэн мэтээр авлигатай тэмцэх газарт албан бичиг өгч шалгуулаад өнөөдөр энд зогсоож байгаад нь гайхаад байгаа юм. Энэ ачааг эхний шалгалтаар би шалгасан. Дараагийн шалгалтыг Т шалгасан. Т ч шалгахдаа 100 хувь буулгаагүй шүү дээ. Яг хэдэн төгрөгийн ачаа бараа мэдүүлээгүй байсан юм гэдэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй. Яагаад гэхээр өөрсдөө бүрэн 100 хувь буулгаж шалгаагүй болохоор эцэслэн шийдвэрлээгүй гэж бодож байгаа. Энэ хяналт шалгалтыг хийхдээ хүнтэй үгсэж тохиролцож, хэн нэгэнд тус дэм болох гэж, өөртөө болон бусдад давуу байдал олгох гэж хийгээгүй, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, тухайн үед байсан нөхцөл бололцоо, бүх хүчин чадлаа дайчилж ажилласан. Тийм учраас би өөрийгөө гэмт хэрэгт хийсэн гэж бодохгүй байна. Хэрэгт үзлэг хийгээд 4 зураг хэрэгт байна яг үнэндээ уг зураг урд ачаа ачсан хүн нь ачаа ачихдаа зургийг нь дараад У рүү явуулсан, уг зургийг Т өөрөө зургийг нь дарсан мэтээр үзлэг хийгээд хэрэгт хавсаргасан байсан шүү...” гэв.
-Гэрч Э.У шүүх хуралдаанд: “...Хөнгөн юмнуудаа буулгаад хүнд зүйлсээ үлдээгээд хажуугаар нь ороод үзчихдэг. Буугаагүй, хаалганууд бол буулгаагүй. Машин гарч явахад нь зогсоогоод буцаагаад оруулсан. Хаалганаас бусад нь буусан байсан. Над руу Дагваа байцаагч, Ууганбаяр, өөр нэг хүн залгаж эргээд ор дахин шалгалт хийнэ гэж хэлсэн. 60, 70 хувийг буулгаж шалгасан байх...” гэв.
-Гэрч Б.Т шүүх хуралдаанд: “...: 29-нд машин орж ирээд 30-ны өдөр гараад, буцааж оруулаад миний ээлж тэр үед нь таараад би шалгасан. Дахин хяналт шалгалтыг бүрэнхий болж байхад шалгасан шиг санагдаж байна. Манай ахлах үүрэг өгсөн. Даргаас мессеж үлдээсэн байна, түүнд хариу мэдэгдээгүй учир манай ахлах байцаагч Ш-т чиглэл өгсөн юм байна лээ. Тэгээд би мэдсэн. Мессеж санамж бичсэн талаар мэдэхгүй байна. Амаар бол газрын дарга чиглэл өгсөн. Ачаа барааг буулгаж үзсэн. Хоосолсон гэж хэлэхгүй, санаж байгаагаар зөрчилд холбогдсон хаалга, шилийг үлдээсэн. Эд нарыг бага татвартай бараа руу шингээсэн байсан. Зөрчилд холбогдсон барааг тоолж болохуйц хэмжээнд ортол буулгаад тоолсон. 3-4 залуу ачигч буулгаад тоолсон. Би бүх цаг үед байсан. Надаас гадна манай ахлах, би, О байцаагч нар байсан Хаалгыг бол тоолоод буулгахаар байсан. Шил бол нэлээн хүнд байсан учраас буулгаагүй, плита бас байсан буулгаагүй нааш нь болгож байгаад шалгасан. Дахин шалгалт 3, 4 хоносон байх. Улаан төлөвт орсон ачааг 100 хувь шалгах ёстой, бичиг баримтын шалгалт, гаалийн хяналт шалгалт гэж ордог. Бичиг баримт нь шаардлага хангаж байна уу? гэдгийг хараад ачаа бараанаас сонгож хяналт шалгалтаа хийдэг. Тэрний дараа биед шалгалт хийх байцаагч системээс бүх мэдээллээ аваад бүгдийг нь тулгаж үздэг. Ер нь бол тухайн үед хяналт шалгалтын байцаагч, ахлах байцаагч нар өөрсдөө хяналт шалгалтаа хэрхэн зохион байгуулж байгаагаас шалтгаална. Миний өөрийн хяналт шалгалтаар бол чингэлгийн 3/1 хүртэл ачааг буулгаж байж харагдана. Гэхдээ 140 ширхэг хаалгыг бол харахаар байсан. Одоо санаж байгаагаар наана нь плита, цаана нь босоо шил, дээр нь хадаас, порлон, тор зэрэг байсан. Шилийг хөдөлгөөд хаалгыг харах боломжтой байсан. Тухайн үед ковид дуусаад улсын хил нээгдээд ажил ихтэй үе байсан. Удирдлагаас түргэн шуурхай шалгаж ажиллах талаар чиглэл өгсөн байсан. Мессежийг ажлын ачааллаас болж харахгүй байх тохиолдол байж болно. Жишээлбэл хүснэгтээр манай мэдүүлэг гардаг, мессеж санамж хамгийн доор нь харагддаг. Компьютерын корсураа доош нь гүйлгэж байж мессежийг хардаг. Ариал 10, 11 хэмжээтэй бичиг харагддаг... Даргаас ирсэн мессежийг харахгүй байх үе гардаг...” гэв.
-Шүүгдэгч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Газрын даргын баталсан хуваарийн дагуу Ложистик гаалийн хяналтын бүсэд ажиллаж байх хугацаандаа “Б” ХХК-ийн гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийсэн. 40 тонны контейнер чингэлэгт ачигдсан бараа байсан. Тухайн бараа нь барилгын материалууд байсан. Уг ачааг буулгаж шалгахдаа 100 буулгах ямар ч боломжгүй зай талбай байхгүй, хүн хүч, техник хэрэгсэл байхгүй байсан учир би 40-60 хувьтай ачааг буулгаж шалгасан. Зөрүү гарч байгаа хаалга, шил, гипсэн хавтангууд нь буулгах боломжгүй. Чингэлгийн мухарт хаалгаа хийгээд наанаас нь шил, гипс, хүнд бараагаар таглаж ачсан байсан. Бусад мэдүүлсэн бараанууд нь гаальд мэдүүлсэнтэй таарч байсан тул эрсдэл тооцоод ямар нэгэн асуудалгүй юм байна гэж ойлгоод ахлах байцаагч Н.Д-д танилцуулаад биет шалгалт хийгдсэн гэсэн төлөвт шилжүүлсэн. Намайг шалгалт хийх гээд гарахад “САIS” программд ямар нэгэн мессеж байгаагүй. Орж ирээд ахлахад танилцуулаад биет шалгалт хийсэн төлөвт шилжүүлээд гааль зөвшөөрөв олгох төлөвт шилжүүлсний дараа газрын даргаас мессеж ирсэн байна гээд хүмүүс яриад эхэлсний дараа мессежээ харахад “Бошигт наран” ХХК мэдүүлэг дээр нь газрын даргаас нягталж шалгаад хариу мэдэгд гэсэн мессеж ирсэн байсан. Тэгээд намайг хариу бичихгүй болохоор зөрчлийн албан хаагчид “Б” ХХК-ийн бараа материал ачсан ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож дахин шалгалт хийсэн. Дахин шалгалт хийхэд 120 хаалга, шилний зөрүү тэндээс гарч ирсэн. Ийм асуудал болсон...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 207-208х/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...8,658,230.40 төгрөгийн татварын хохирол учирсан, үүнийг зөрчлийн албанаас дахин хяналт, шалгалтаар илрүүлэн улсад татварыг нөхөн төлүүлсэн. Манай байгууллагад учирсан хохирол байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27х/,
-Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...”Б” ХХК нь 2023.01.29-ний өдөр ........... дугаартай ............ дугаарын 40 тонны даацтай чингэлэгтэй тээврийн хэрэгслээр ачаа, барааг пүүлүүлж, гаалийн хяналтын бүсэд орж ирсэн юм байна лээ. Улмаар “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нь 2023.01.30-ны өдөр 03-2091008-23-130235 тоот мэдүүлгээр дараах 10 нэр төрлийн барааг мэдүүлсэн байсан. Үүнд:
-Шалны плита 260 хайрцаг 7 тонн 800 кг,
-Шавардлагын тор /нүхний/ 100 боодол 1 тонн, -Төмөр хадаас 52 хайрцаг 520 кг,
-Гибсэн дүүжин тааз 250 хайрцаг 5 тонн,
-Цонхны шил 1 модон хайрцаг 1 тонн,
-Зам төмөр 5 боодол 500 кг,
-Цаасан шахмал хаалга 20 хайрцаг 600 кг,
-Порлон 20 боодол 100 кг,
-Шавардлагын тор /булангийн/ 50 хайрцаг 500 кг,
-Хавтан гибс 3 боодол 9 тонн. 2023.01.30-ны өдөр гаалийн улсын байцаагч Г.У гаалийн хяналт шалгалт хийж, гаалийн улсын ахлах байцаагч Н.Д хяналт тавьж ажилласан байсан. Ямар ч байсан 2023.01.30-ны өдөр гаалийн байцаагч Г.У нь “Б” ХХК-ийн ачаа барааг гаалийн байгууллагын хэмжээнд ашиглагдаж буй "CAIS" системийн "Биет шалгалт хийгдсэн" гэсэн төлөвт оруулж, гаалийн улсын ахлах байцаагч Н.Д нь хянаад "Гааль зөвшөөрөв" гэсэн төлөвт оруулсан байсан. Уг нь З-ийн гаалийн газрын дарга О.Ц нь "CAIS" систем дээр “Б” ХХК-ийн мэдүүлгийн доод хэсгийн мессеж санамж хэсэгт нь "Бараа тээврийн хэрэгслийг нягтлан шалгаж мэдэгдэх" гэж 2023.01.30-ны өдрийн 15 цаг 26 минут орчимд оруулсан юм байна лээ. Гэтэл Г.У нь 15 цаг 45 минутын орчимд “Биет шалгалт хийгдсэн” төлөвт оруулсан, гаалийн улсын ахлах байцаагч Н.Д нь 15 цаг 47 минутын орчим “Гааль зөвшөөрөв” гэсэн төлөвт оруулсан байсан. Өөрөөр хэлбэл, даргаас мессеж санамж өгсөөр байхад хяналт шалгалтынхаа талаар хариу мэдэгдээгүй учраас З Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч О.Ш-т ачаа барааг дахин үзэх чиглэл өгсөн юм байна лээ. Түүний дагуу намайг “Б” ХХК-ийн ачаа бараанд дахин шалгалт хийх чиглэл өгсөн. Улмаар 2023.01.31-ны өдөр “Б” ХХК-ийн ачаа бараанд... дахин шалгалтыг хийсэн. Гаалийн ерөнхий газрын 2019.12.04-ний өдрийн А/275 дугаар тушаалаар Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5 дугаар зүйлийн 5.36-д заасны дагуу хяналт шалгалтыг явуулахад... үндсэндээ 8,658,230.40 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.21 зүйлийн 1.2-д зааснаар 50 хувиар буюу 4,329,115.20 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нь зөрчлөө хүлээн зөвшөөрч, нөхөн татвар болон торгуулиа төлсөн. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаартай тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 5.8-д “Эрсдэлийн удирдлагын программд урьдчилан оруулсан шалгуурын үндсэн дээр гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт хийх төлөв улаан, улбар шар, ногоон өнгөөр илэрхийлэгдэнэ”, 5.8.1-д “Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийх”, 5.8.2-д “Улбар шар төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримтын шалгалт хийх”, 5.8.3-т “Ногоон төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийхгүй” гэж заасан. CAIS систем нь автоматаар өөрөө төлөвөө сонгодог. Түүнд хүний оролцоо байдаггүй. “Б” ХХК-ийн хувьд CAIS систем автоматаар сонгоод улаан төлөвтэй болсон байсан. Тиймээс гаалийн улсын байцаагч Г.У нь бараанд биет шалгалт хийх ёстой байсан...Уг бараа нь 10 нэр төрлийн бараа байсан, ...нэр төрлийг бодитоор мэдүүлсэн байсан. Чингэлгийг нээж 20 хувь орчим ачааг буулгахад чингэлгийн шал хэсгээр шил ачигдсан байсан, би тухайн үед гаальд мэдүүлсэн барааны жагсаалт болон жин тоог өөрөө барьж яваад тулгасан бөгөөд тухайн шилнүүдийг хараад мэдүүлсэн 1000 кг-аас их байна гэж харсан. Ингээд цааш үргэлжлүүлээд чингэлгийн урд хэсэг хүртэл коридор гаргаж ачааг буулгасан бөгөөд нийт барааны 50 хувийг буулгаж шалгахад 20 хаалга гэж мэдүүлсэн байхад 140 хаалга байх жишээтэй, энэ хаалга, шил хоёр бол илт хүний нүдээр харахад тодорхой байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30-33, 76х/,
-Гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагаанд: “...Гипсний татвар хаалга, цонхны шил хоёрыг бодвол хамаагүй бага байдаг учраас үүнийг нь би анх мэдүүлэхдээ компанийн эрх ашгийн төлөө улсад төлөх татварыг бага төлөхийн тулд дээрх байдлаар мэдүүлсэн. Харин энэ нь гаалийн байгууллагын дахин хяналт шалгалтаар бараа материалын тоо, хэмжээ худал мэдүүлсэн нь илэрсэн. Г.У, Н.Д нар нь өөрсдийн биеэр гарч ирж шалгасан, зарцуулсан хугацааг нарийн сайн санахгүй байна. Г.У нь бараа материал ачсан чингэлэг рүү ганцаараа орж үзээд зөрчилгүй байна гэж үзээд манай бараа ачсан машиныг зөрчилгүй гэж үзээд Н.Д зөвшөөрөл өгөөд гаргасан. Г.У ганцаараа чингэлэг рүү ороод өөрийн биеэр шалгалт хийсэн бөгөөд тухайн үед чингэлэг дотор 20 хайрцаг эсхүл 140 хайрцаг хаалга байгаа эсэхийг ялгаж харах боломжтой байсан. Миний хувьд ч гэсэн 20 хайрцаг хаалганаас их байгааг харсан ба шалгалт хийж байгаа хүн тэгээд шийдвэрээ гаргах байх гээд чимээгүй өнгөрөөсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 36-38х/,
-Гэрч О.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “...Өөрт хуваарилагдсан гаалийн бүрдүүлэлт, бараа, тээврийн хэрэгсэл, зорчигч, чингэлэг, ачааны болон суудлын галт тэрэгт гаалийн үзлэг шалгалтыг гаалийн хууль тогтоомжийн дагуу шуурхай, эрсдэл тооцож хийж гүйцэтгэх үүрэгтэй. Жишээ нь, бараа материал тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг шалгахдаа хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд эрсдэл тооцож, тухайн чингэлэг эсхүл задгай тээвэр биет үзлэг шалгалтыг хийнэ. Нэг буюу цөөн нэр төрөл, тоо хэмжээтэй бараанд тухайн гаалийн улсын байцаагч 100 хувь хийнэ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 41-44х/,
-Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Хяналт шалгалт хийж байгаа Гаалийн улсын байцаагч нар тодорхой хэмжээнд ачааг буулгуулаад өөрсдөө ерөнхий байдлаар нь хараад БНХАУ-аас ирсэн ачилтын зурагтай нь тулгаад хараад явдаг. Бусдаар ачигдсан бүх бараа материалыг нэг бүрчлэн нарийн үздэггүй. Гаалийн улсын байцаагч нь өөрсдөө ачигдсан ачаанаас сонгох байдлаар ч юм уу энийг онгойлго, гээд ганц нэг хайрцагтай ачааг цохоод нээж үзээд хараад хараад явчихдаг. Дээрх ачаа барааг миний хариуцсан баг буюу өөрөө буулгасан. Надад үзүүлсэн зургийг хараад би санаж байна. Яагаад гэхээр энэ ачааг 2 удаа буулгасан болохоор санаанд тод үлдсэн байна. Энэ ачааны хувьд эхний шалгалтаар гаалийн улсын байцаагч ачааг буулга гэж хэлсний дагуу бид буулгаж байсан, энэ барааны хувьд нийт барааны 30 орчим хувийг л буулгасан байсан. Энэ үед итгэмжлэгдсэн төлөөлөгч У гэх эмэгтэй ирээд одоо болно оо байцаагчийг дуудаад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь бид дараагийн ачаа руу явсан бөгөөд эргээд цаг орчмын дараа ачаа ачаарай гэж дуудсан. Ингээд бид ачааг нь ачаад явсан. Эхний шалгалтаар У байсан, Д харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 47-49х/,
-Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Улаан төлөв гарсан тохиолдолд гаалийн улсын хуваарилагдсан байцаагч хяналт шалгалтыг хийнэ. Улаан төлөвт байгаа бараа, материал хяналт, шалгалтын гаалийн улсын байцаагч нэг бүрчлэн, барааны онцлогт тохируулан, гаалийн мэдүүлэгт дурдсан үзүүлэлт болгоныг шалгах үүрэгтэй. Энэ нь 2019.12.04-ний өдрийн тушаалаар батлагдсан А/275 дугаартай журам, Гаалийн тухай хууль, бусад холбогдох хууль журмын дагуу хяналт шалгалтыг хийх үүрэгтэй. Хууль, журмын дагуу бол бараа, материалыг нэг бүрчлэн мэдүүлэгтэй нь тулгаж үзэх үүрэгтэй ба тухайн барааны тодорхой хувийг эсхүл нэг хэсгийг үзсэнээр хяналт, шалгалтын ажиллагааг дуусгавар болгож болохгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 52-54х/,
-Гэрч Н.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...Хяналт шалгалт хийх нийтлэг журам, хяналт шалгалтын бүсийн журам, гаалийн тухай хууль, гаалийн татвар тарифын тухай хууль зэргийг баримтлан Хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч нь хуваарилагдсан гаалийн бүсэд байгаа гараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад авах үеэс эхлээд гаалийн хяналт шалгалт дуусгавар болж хяналтын бүсээс гарах үе хүртэл үе шатуудад өөрт хуваарилагдсан хяналтын байцаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж тухайн хариуцсан хяналтын бүсэд болж байгаа үйл ажиллагааг зөв зохион байгуулж ажиллах үүрэгтэй. Шинээр гарсан журам, заавар болон удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийг байцаагч нарт танилцуулан дагаж мөрдүүлэх чиглэлээр ажилладаг. Хяналт, шалгалтын гаалийн улсын байцаагч нь тухайн хяналтын бүсэд явагдах үйл ажиллагааны зааврын дагуу өөрт хуваарилагдсан бараа тээврийн хэрэгслийг шалгах, зөрчил илэрвэл өөрөө хянан шийдвэрлэх, ахлах байцаагчид танилцуулах чиг үүрэгтэй ажилладаг. Жишээ нь: Тухайн хяналтын бүсэд орж ирж байгаа бараа тээврийн хэрэгслийг жинг тодорхойлно. Хяналт шалгалтын ахлах байцаагчид эхний мэдээлэл ирэх бөгөөд үүнийг нь программ дээр бүртгэнэ. Тухайн хяналтын бүсийн талбайн зохицуулагч тухайн бараа, материал ачсан тээврийн хэрэгслийн зогсоох газрыг зааж өгнө. Ингээд бараа эзэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх хүмүүс тухайн бараа, материалын талаар гаалийн байгууллагад мэдүүлнэ. Мэдүүлсэн мэдүүлгийн дагуу бичиг баримтын байцаагч тухайн мэдүүлгийн алдааг хянаж, тухайн бараа материалын татвар ноогдох нэгж үнийг тогтооно. Шалгалт дуусахад татвар төлөх үнийн дүн гарна. Бараа эзэн татвараа төлж дууссанаар хяналт шалгалт хийх гаалийн улсын байцаагчийн шалгалтын ажил эхэлнэ. Мэдүүлэг нь ногоон төлөвтэй бол бичиг баримтын болон биет шалгалт хийгдэхгүйгээр мэдүүлсэн тоо хэмжээгээр татвараа төлөөд гаальд зөвшөөрсөн төлөвт орж шууд гаалийн хяналтын бүсээс гарна. Улбар шар төлөвтэй бол бичиг баримтын шалгалт хийгдэж гаалийн татвар ноогдох нэгж үнийг тодорхойлж татвар төлснөөр биет шалгалт хийгдэхгүйгээр гаалийн хяналтын бүсээс гарна. Улаан төлөвтэй бол бичиг баримтын болон биет шалгалт хийгдэнэ. Хяналт шалгалтын байцаагч тухайн бараа, материалыг үзлэгийн тавцан дээр байрлуулж, мэдүүлгийн дагуу хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлнэ. Чингэлэгтэй ачаа байлаа гэж бодоход тухайн мэдүүлэгт хэдэн нэр төрлийн ачаа байна түүнийг хэрхэн яаж тодорхойлох боломжтой байна гэдгээс хамаарч тухайн бараа, материалыг бүгдийг нь эсхүл талыг нь буулгах шийдвэрийг гаргаж шалгалтын ажиллагааг явуулна. Улаан төлөвтэй учраас биет шалгалтыг тоо, хэмжээ, нэр төрөл, зориулалт зэргээр мэдүүлэгтэй тулгаж шалгах ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгтэй. Хэрэв шалгасан бараа материал дээр нь ямар нэгэн асуудал, тоо, хэмжээний зөрүүтэй гарсан бол тухайн хяналт шалгалт хийсэн байцаагчийг албан үүргээ хэрэгжүүлсэн боловч шалгалтыг дутуу, хууль, журмын дагуу хийгээгүй гэж үзэх үндэслэл болно...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 65-66х/,
-Гэрч Ж.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “...Хэрэв шалгасан бараа материал дээр ямар нэгэн асуудал, тоо, хэмжээний зөрүү гарсан бол тухайн хяналт шалгалт хийсэн байцаагчийг албан үүргээ хэрэгжүүлж, бусдад буюу иргэн, аж ахуйн нэгжид татвар төлөхөөс зайлсхийх давуу байдал олгож байгаа асуудал юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 69-71х/,
-Гэрч Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Гаалийн улсын байцаагч Г.У нь "Б" ХХК-ийн барааны мэдүүлгийг жагсаалтад заагдсаны дагуу бараа нь байна гэдгийг надад цаасаар үзүүлсэн, би гаалийн улсын байцаагчдаа итгэж гаалийн хяналтын талбайгаас гарах зөвшөөрлийг олгосон. Одоо ямар процесс болсон талаар би санахгүй байна. Ямарчил гэсэн Г.У нь хяналт шалгалт хийгээд мэдүүлэгт байгаа бараатай тохирч байна гэдгийг хэлж байсан. Өөрөөр хэлбэл, үнэтэй эд зүйлийг нь бага мэдүүлээд, хямд үнэтэй зүйлийг нь ихээр мэдүүлчихсэн зөрчил илэрсэн. Ингээд тухайн аж ахуйн нэгжид 3 сая орчим төгрөгөөр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 73-74х/,
-Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Импортоор Монгол Улсад орж ирж байгаа Чингэлэгтэй ачаа нь “Бүс нутгийн ложистик” гаалийн хяналтын бүсээр орж ирдэг. Өөр гаалийн хяналтын бүсээр чингэлэгтэй ачаа, бараа орж ирдэггүй. Ингээд тухайн орж ирсэн ачаа барааг итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх хүн гаальд мэдүүлснээр хяналт, шалгалтын байцаагчийн “СAIS” программ автоматаар хуваарилдаг. Уг мэдүүлэгтэй холбоотойгоор ачаа, барааны татварыг улсад төлөөд хяналт, шалгалтын байцаагч тухайн ачаа бараанд биет шалгалтыг явуулна. Биет шалгалтыг гаальд мэдүүлсэн барааг тухайн чингэлэгтэй ачаанд тоо ёсоор байгаа эсэхийг нүдээр үзэж шалгана... Хүний хүчээр өргөж буулгах боломжгүй нөхцөл байдал илэрвэл зориулалтын өргөх техник буюу сэрээт өргөгч /ПО/-өөр буулгаж шалгах боломжтой. Чингэлэг хаалга хэсгийг таглаагүй цаад талд ачигдсан бол ачигч нараа буулгуулан шалгадаг. Мөн чингэлгийн мухарт хүнд ачаа, бараа байгааг нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзвэл сэрээт өргөгчийн чингэлэгт оруулаад тухайн ачаа, барааг өргөж хөдөлгөх боломжтой... Тухайн “Бүс нутгийн ложистик” гаалийн хяналтын сэрээт өргөгч байдаггүй байсан. Харин гаалийн хяналт шалгалт хийж байгаа улсын байцаагч нь хүнд жинтэй хүний хүчээр өргөх боломжгүй ачаа, бараа байвал итгэмжлэгдсэн төлөөлөгчид өргөгч олж ирэх шаардлага тавих эрхтэй бөгөөд тухайн барааны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сэрээт өргөгчийг өөрсдөө олж ирдэг...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 79-80х/,
-Гэрч П.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...Хяналт шалгалтын байцаагч “Сais” системээс өөрт хуваарилагдсан бараа тээврийн хэрэгсэлд биет шалгалтыг гаалийн хяналтын бүсэд албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу хяналт шалгалтыг хийдэг. Хамгийн түрүүнд чингэлгийн лац, түүний дугаарыг шалгаад итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан ачигч нараар ачаа буулгуулан шалгалтыг эхлүүлнэ. Овор хэмжээ бага ачаа буюу хүний хүчээр өргөж буулгах боломжтой ачааг бүгдийг нь буулгана. Овор хэмжээ ихтэй, ачааг сэрээт өргөгч /По/-өөр буулгах ёстой байдаг. Хяналт, шалгалтыг явуулахдаа барааны жагсаалтын дагуу эрсдэл тооцож, шалгалтын ажиллагааг явуулна. Ингэж шалгаснаар мэдүүлсэн ачаа нь бодит байдалтай, барааны нэр, төрөл, онцлог шинжтэй тохирч байгаа эсэхийг тулгана... Хүний хүчээр өргөж буулгах боломжгүй нөхцөл байдал илэрвэл зориулалтын өргөх техник буюу сэрээт өргөгч /По/-өөр буулгаж шалгах боломжтой...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 83-84х/,
-Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...Чингэлэгтэй ч байсан задгай ч байсан тээврийн хэрэгсэлтэй ачаа гэж үзнэ. Гаалийн хяналт шалгалтыг гаалийн хяналт шалгалт хийх Гаалийн ерөнхий газрын даргын 2019 онд баталсан А/275 журмыг үндэслэн гаалийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэдэг... Бараа тээврийн хэрэгслийг шалгахдаа гаалийн хяналтын бүсэд тухайн ачааг буулгаж шалгах зориулалтын тавцан дээр гаалийн хяналт шалгалтыг хийнэ. Чингэлгийн хувьд битүүмжлэлийг болон чингэлгийн дугаарыг шалгаад нэр төрлөөс хамааран хэрхэн яаж шалгах эсэхээ тооцож шийдвэрлэнэ. Жишээ нь: Чингэлэгтэй ачаанд олон нэр төрлийн бараа байвал голоор нь коридор гаргаж ачааг буулгаад 2 талаар юу ачигдсан байгааг шалгана. Ингэж үзэхэд ер нь бүх барааг тодорхойлох боломжтой... Хүний хүчээр өргөж буулгах боломжгүй нөхцөл байдал илэрвэл зориулалтын өргөх техник буюу сэрээт өргөгч /ПО/-өөр буулгаж шалгах боломжтой... Миний хувьд хяналт, шалгалтын явцад тухайн сэрээт өргөгч хүрэлцээтэй байдаг гэж бодож байна. Уг сэрээт өргөгчийг хүлээж ажил гацаад байдаггүй юм... Чингэлэгтэй ачаа орж шалгуулдаг гаалийн хяналтын бүсэд заавал сэрээт өргөгч байдаг. Жишээ нь: Хуучнаар Замын-Үүд ложистик төвд дандаа чингэлэгтэй ачаа ордог байсан энэ нь шинэчлэгдээд одоо авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор 2 нэртэй газар болсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 87-88х/,
-Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний жолоодож явсан машин дээд тал нь 26 тонн жинтэй ачаа орох ёстой, үүнээс их ачаа ачих боломжгүй учраас дээд тал нь 26 тонн ачих боломжтой, тухайн үед барилгын материал ачиж явсан санагдаж байна. 2023.01.30-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн. Тэгээд би хилээр орж ирээд гаалийн хяналтын бүсэд барааны жинг хэмжүүлээд Уранчимэгийн зогс гэсэн газарт зогсоогоод машинаа бараатай нь итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцуулж үлдээгээд гэр рүү явсан. Тэгээд 3-4 цагийн дараа над руу Уранчимэг залгаад машинаа гаргаарай гэж хэлсэн. Би очоод машинаа бариад Замын-Үүд суманд байх гэрийнхээ гадаа очоод хувцсаа бэлдээд хот явах гэж байтал, 20 минут орчим болоод Уранчимэг над руу дахин залгаад та машинаа эргүүлээд гаалийн талбай руу оруулаарай гэж хэлсэн. Тэгээд би машинаа оруулаад үлдээгээд эргээд гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 64-65х/,
-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /1хх-ийн 1-2х/,
-Гаалийн ерөнхий газраас Авлигатай тэмцэх газарт мэдээлэл хүргүүлсэн тухай албан бичиг /1хх-ийн 12х/,
-Эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 13-14, 16х/,
-“Б” ХХК-ийг 4,329,115 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 8,658,230 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэх эрх бүхий албан тушаалтны 2023 оны 02 сарын 04-ний өдрийн шийтгэлийн хуудас, шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгох шийтгэл болон нөхөн төлбөр төлсөн баримтууд /1хх-ийн 18-19х/,
-Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/275 дугаартай “Журам батлах тухай” тушаал /1хх-ийн 91х/,
-Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/275 дугаартай тушаалын хавсралт “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам” /1хх-ийн 92-110х/,
-Гаалийн ерөнхий газрын даргын ..... оны ... дугаар сарын ...-ны өдрийн Б/... дугаартай Г.У-ыг албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” тушаал, албан тушаалын тодорхойлолт /1хх-ийн 206-212х/,
- Замын-Үүд дэх гаалийн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дугаартай “Хуваарь батлах тухай” тушаал, Гаалийн газрын гаалийн хяналтын бүсүүдэд 2023.01.16-2023.01.31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллах гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн улсын байцаагч нарын хуваарь /2хх-ийн 18-26х/,
-Гэрч Э.У-гийн хаан банк дахь ............ тоот дансны 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-ийн 43-44х/,
-Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 534 дугаартай “Дүрэм батлах тухай” тушаал, тушаалын хавсралт “Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм” /2хх-ийн 46-50х/,
-Гаалийн ерөнхий газрын З гаалийн газрын Авлигатай тэмцэх газар гаргасан 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1026 дугаартай “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичиг /2хх-ийн 76-77х/,
-Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/226 дугаартай “Журам батлах тухай” тушаал, тушаалын хавсралт “Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам” /2хх-ийн 83-95х/,
-Гаалийн улсын ахлах байцаагч Н.Д, гаалийн улсын байцаагч Г.У нарын болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /2хх-ийн 220-230х/,
-Хаан банкнаас ирүүлсэн дансны хуулга бүхий СД 1 ширхэг, Төрийн банкнаас ирүүлсэн дансны хуулга бүхий СД 1 ширхэг зэргийг “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /2хх-ийн 248х/,
-Б ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 24/01 дугаартай Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст гаргасан “Манай компани нь 2020 оноос импортоор БНХАУ-ын барилгын материал оруулж ирж жижиглэн болон бөөний худалдаа эрхэлж эхэлсэн ба БНХАУ-аас худалдан авалт хийхдээ барааны үнийн дүн, тээврийн зардал, монголын гаалийн татвар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн цалин зэргийг харилцагч БНХАУ-ын иргэн рүү шилжүүлдэг бөгөөд тус иргэн нь Улаанбаатар хүртэлх бүх үйл ажиллагааг хариуцдаг нь үнэн болно.” гэсэн албан бичиг /2хх-ийн 249/,
- Г.У-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 250х/ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой ам бүлийн тодорхойлолт, 4 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Г.У-ын том хүү байнгын асаргаатай байдаг талаарх эмчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэргийн үйл баримтын талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, харьцуулан шинжлэн судалж, үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.У нь Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн ........ улсын дугаартай ................ дугаарын 40 тонны даацын чингэлэгтэй “Б” ХХК-ийн 03-2091008-23-130235 тоот мэдүүлгээр гаальд мэдүүлсэн 10 нэр төрлийн ачаа бараанд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаалийн хяналт шалгалтыг хийхдээ ачаа барааны зарим хэсгийг буулгаж хяналт шалгалтыг хийж "CAIS" системийн "Биет шалгалт хийгдсэн" гэсэн төлөвт оруулж, гаалийн улсын ахлах байцаагч Н.Д нь хянаад "Гааль зөвшөөрөв" гэсэн төлөвт оруулж “Б” ХХК-ийн ачаа бараатай тээврийн хэрэгсэл гаалийн бүсээс гарсан. Тухайн хяналт шалгалтыг хийж байх үед Замын-Үүд дэх гаалийн газрын дарга О.Ц нь “Б” ХХК-ийн мэдүүлгийн доод хэсгийн мессеж санамж хэсэгт нь "Бараа тээврийн хэрэгслийг нягтлан шалгаж мэдэгдэх" гэж бичсэн байсан бөгөөд хяналт шалгалт хийсэн талаар мэдэгдээгүй учраас З дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч О.Ш-т ачаа барааг дахин шалгалт хийх чиглэл өгсний дагуу З дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Т-ын хамт “Б” ХХК-ийн ачаа бараанд дахин шалгалт хийхэд гаальд мэдүүлсэн 10 нэр төрлийн бараа нь байсан бөгөөд татвар өндөр төлдөг бараа материалын тоо ширхгийг багасгаж татвар бага төлдөг бараа материалын тоо ширхгийг нэмж мэдүүлсэн зөрчил илэрч гаалийн улсын байцаагч Б.Т нь 2023 оны 02 сарын 04-ний өдрийн шийтгэлийн хуудсаар “Б” ХХК-нийг 4,329,115 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 8,658,230.40 төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн үйл баримт болжээ.
Дээрх үйл баримт нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч Э.У-гийн “...Гипсний татвар хаалга, цонхны шил хоёрыг бодвол хамаагүй бага байдаг учраас үүнийг нь би анх мэдүүлэхдээ компанийн эрх ашгийн төлөө улсад төлөх татварыг бага төлөхийн тулд дээрх байдлаар мэдүүлсэн. Харин энэ нь гаалийн байгууллагын дахин хяналт шалгалтаар бараа материалын тоо, хэмжээ худал мэдүүлсэн нь илэрсэн. Г.У, Н.Д нар нь өөрсдийн биеэр гарч ирж шалгасан, зарцуулсан хугацааг нарийн сайн санахгүй байна. Г.У нь бараа материал ачсан чингэлэг рүү ганцаараа орж үзээд зөрчилгүй байна гэж үзээд манай бараа ачсан машиныг зөрчилгүй гэж үзээд Н.Д зөвшөөрөл өгөөд гаргасан...” гэсэн, гэрч Б.Т-ын “...2023.01.30-ны өдөр гаалийн улсын байцаагч Г.У гаалийн хяналт шалгалт хийж, гаалийн улсын ахлах байцаагч Н.Д хяналт тавьж ажилласан байсан... Г.У нь “Б” ХХК-ийн ачаа барааг гаалийн байгууллагын хэмжээнд ашиглагдаж буй "CAIS" системийн "Биет шалгалт хийгдсэн" гэсэн төлөвт оруулж, гаалийн улсын ахлах байцаагч Н.Д нь хянаад "Гааль зөвшөөрөв" гэсэн төлөвт оруулсан байсан. Уг нь З-ийн гаалийн газрын дарга О.Ц нь "CAIS" систем дээр “Б” ХХК-ийн мэдүүлгийн доод хэсгийн мессеж санамж хэсэгт нь "Бараа тээврийн хэрэгслийг нягтлан шалгаж мэдэгдэх" гэж 2023.01.30-ны өдрийн 15 цаг 26 минут орчимд оруулсан юм байна лээ. Гэтэл Г.У нь 15 цаг 45 минутын орчимд “Биет шалгалт хийгдсэн” төлөвт оруулсан, гаалийн улсын ахлах байцаагч Н.Д нь 15 цаг 47 минутын орчим “Гааль зөвшөөрөв” гэсэн төлөвт оруулсан байсан. Өөрөөр хэлбэл, даргаас мессеж санамж өгсөөр байхад хяналт шалгалтынхаа талаар хариу мэдэгдээгүй учраас З-ийн Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч О.Ш-т ачаа барааг дахин үзэх чиглэл өгсөн юм байна лээ. Түүний дагуу намайг “Б” ХХК-ийн ачаа бараанд дахин шалгалт хийх чиглэл өгсөн. Улмаар 2023.01.31-ны өдөр “Б” ХХК-ийн ачаа бараанд... дахин шалгалтыг хийсэн. Гаалийн ерөнхий газрын 2019.12.04-ний өдрийн А/275 дугаар тушаалаар Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5 дугаар зүйлийн 5.36-д заасны дагуу хяналт шалгалтыг явуулахад... үндсэндээ 8,658,230.40 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.21 зүйлийн 1.2-д зааснаар 50 хувиар буюу 4,329,115.20 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан...” гэсэн, гэрч А.А-ын Дээрх ачаа барааг миний хариуцсан баг буюу өөрөө буулгасан. Надад үзүүлсэн зургийг хараад би санаж байна. Яагаад гэхээр энэ ачааг 2 удаа буулгасан болохоор санаанд тод үлдсэн байна. Энэ ачааны хувьд эхний шалгалтаар гаалийн улсын байцаагч ачааг буулга гэж хэлсний дагуу бид буулгаж байсан, энэ барааны хувьд нийт барааны 30 орчим хувийг л буулгасан байсан. Энэ үед итгэмжлэгдсэн төлөөлөгч У гэх эмэгтэй ирээд одоо болноо байцаагчийг дуудаад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь бид дараагийн ачаа руу явсан бөгөөд эргээд цаг орчмын дараа ачаа ачаарай гэж дуудсан. Ингээд бид ачааг нь ачаад явсан. Эхний шалгалтаар У байсан, Д харагдаагүй...” гэсэн, гэрч Н.Д-гийн “...Гаалийн улсын байцаагч Г.У нь "Б" ХХК-ийн барааны мэдүүлгийг жагсаалтад заагдсаны дагуу бараа нь байна гэдгийг надад цаасаар үзүүлсэн, би гаалийн улсын байцаагчдаа итгэж гаалийн хяналтын талбайгаас гарах зөвшөөрлийг олгосон... Г.У нь хяналт шалгалт хийгээд мэдүүлэгт байгаа бараатай тохирч байна гэдгийг хэлж байсан. Өөрөөр хэлбэл, үнэтэй эд зүйлийг нь бага мэдүүлээд, хямд үнэтэй зүйлийг нь ихээр мэдүүлчихсэн зөрчил илэрсэн...” гэсэн, гэрч А.Б-ийн “...тухайн үед барилгын материал ачиж явсан санагдаж байна. 2023.01.30-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн. Тэгээд би хилээр орж ирээд гаалийн хяналтын бүсэд барааны жинг хэмжүүлээд У-гийн зогс гэсэн газарт зогсоогоод машинаа бараатай нь итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцуулж үлдээгээд гэр рүү явсан. Тэгээд 3-4 цагийн дараа над руу У залгаад машинаа гаргаарай гэж хэлсэн. Би очоод машинаа бариад З суманд байх гэрийнхээ гадаа очоод хувцсаа бэлдээд хот явах гэж байтал, 20 минут орчим болоод Уранчимэг над руу дахин залгаад та машинаа эргүүлээд гаалийн талбай руу оруулаарай гэж хэлсэн. Тэгээд би машинаа оруулаад үлдээгээд эргээд гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлгүүд, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрх бүхий албан тушаалтны 2023 оны 02 сарын 04-ний өдрийн шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Улсын яллагчаас “шүүгдэгч У нь Замын-үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар 2023 оны 01 сарын 15-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд ажиллаж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн ............ улсын дугаартай ......... дугаарын 40 тонны даацын чингэлэгтэй “Б” ХХК-ийн 03-2091008-23-130235 тоот мэдүүлгээр гаальд мэдүүлсэн 10 нэр төрлийн ачаа бараанд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаалийн хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн тухай хууль, гаалийн ерөнхий газрын даргын А/276 дугаар тушаалаар баталсан гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих нийтлэг журам, гаалийн газрын хөдөлмөрийн дотоод журмын дагуу гаалийн хяналт шалгалтыг бүрэн дүүрэн хийгээгүй, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гаалийн хяналт шалгалтыг зориуд хэрэгжүүлэхгүй байж Б ХХК-д 8,658,230.40 төгрөгийн татварыг төлүүлэхгүй давуу байдлыг бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоож, нотолж чадаагүй, ажилдаа хайнга хандсан гаалийн холбогдох хууль тогтоомж, байгууллагын дотоод журмаараа сахилгын хариуцлага тооцоод шийдэх боломжтой, гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтүүдийг тус тус гаргаж талууд мэтгэлцсэн болно.
Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан 1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж хуульчилжээ.
Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүрэг хамаарах бол “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, албаны эрх нөлөө зэргийг хамааруулдаг байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэж хууль тогтоогчоос аутентик тайлбар хийсэн бол Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж “энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор хуульчилсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн яллах талын нотлох баримтаар шинжлэн судлуулсан, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж, үнэлэхэд шүүгдэгч Г.У нь “Б” ХХК болон тухайн компанийн бараа мэдүүлэгч Э.У-тэй төрөл, садны холбоотой гэх мэт ашиг сонирхлын зөрчилтэй, ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор, ажилдаа хувийн сонирхлоор хандаж “Бошигт наран” ХХК-ний ачаа бараанд хяналт шалгалт хийгээгүй, эдийн засгийн давуу байдал бий болгох гэсэн санаа, сэдэлт агуулсан байсан нь тус тус нотлогдон, тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Г.У нь ажил үүргийн дагуу “Б” ХХК-ийн ачаа барааг тодорхой хэмжээнд буулгаж хяналт шалгалтыг хийсэн байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжгүй, харин Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээг зөрчсөн Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах зөрчилд хамаарна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс Г.У-ыг цагаатгасан үндэслэлүүд түүнд сахилгын шийтгэл ногдуулахад саад болохгүй бөгөөд эрх бүхий этгээдээс түүнд Гаалийн тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл оногдуулах эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Цагаатгагдсан этгээд Г.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг сидиг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.9, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн Ш овогт Г-ын У /РД: ./-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.У-ыг цагаатгасугай.
2. Цагаатгагдсан этгээд Г.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Цагаатгагдсан этгээд Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
5.Цагаатгах тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н