| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/04357/И |
| Дугаар | 102/ШШ2022/00549 |
| Огноо | 2022-02-16 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2022/00549
2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дугаар 102/ШШ2022/00549 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух *** овогтой ***ын ***/РД:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** *** овогтой ***ийн *** /РД:***/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.***,
Хариуцагч: Ж.***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзийсайхан
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.***нь хариуцагч Ж.***т холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.***нь Ж.***тай 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, эрх зүйн туслалцаа үзүүлэгч Б.***нь *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.***т холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ж.***ыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох, үйлчлүүлэгч тал нь хөлс 5,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан даруй, үлдэгдэл төлбөрийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч Ж.*** гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ тэрээр зөвхөн өөрийн хөрөнгийг Ч.Б*** *** финанс ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан бөгөөд тухайн зээлийг аваагүй. Ж.***ын өмчлөлийн эд хөрөнгийг барьцаанд тавьж зээл авсан Ч.*** нь нэхэмжлэгч Б.***тэй тохиролцож, түүнийг өмгөөлөгчөөр авсан тул өмгөөллийн хөлсийг хариуцахгүй.
3. Нэхэмжлэгч тал Ж.***аас Б.***д 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр олгосон шүүхэд өөрийгөө төлөөлүүлэх итгэмжлэл, Б.***ий өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ, Б.***, Ж.*** нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***-ны өдрийн *** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч талаас гаргасан баримтгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Ж.***тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***-ны өдрийн *** дугаартай шийдвэрлэсэн *** финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.***, Ж.*** нарт холбогдох 137,434,079.61 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт гэм буруугүй, тухайн зээлийг Ч.*** өөрийнх нь хөрөнгийг барьцаанд тавьж зээл авсан бөгөөд өмгөөллийн хөлсийг Ч.*** төлөх ёстой гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэг талаас Б.***, нөгөө талаас Ж.*** 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр эрх зүйн туслалцаа үзүүлэх тал болох Б.***нь *** Финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.***т холбогдох Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ж.***ыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох, ажиллуулагч тал болох Ж.*** хөлс 5,000,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан даруй, үлдэгдэл төлбөрийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.
Гэрээний дагуу нэхэмжлэгч Б.***нь *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.***, Ж.*** нарт холбогдох 137,434,079.61 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Ж.***ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.
Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***-ны өдрийн *** дугаартай захирамжаар нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.***, Ж.*** нарт холбогдох 137,434,079.61 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь хариуцагч Ж.*** болон нэхэмжлэлийн шаардлагын 17,434,079.61 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ч.*** нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 120,000,000 төгрөгийг тогтоосон хуваарийн дагуу хэсэгчлэн төлж барагдуулахаар, хариуцагч Ч.*** хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5. Шүүхээс зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
6. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгч Б.***хариуцагч Ж.***тай байгуулсан гэрээний дагуу тохиролцсон ажил, үйлчилгээг үзүүлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх тул ажиллуулагч Ж.*** хөлс төлөх үүрэгтэй байна.
Талууд гэрээний 4.2-т ажлын хөлсний хэмжээг 5,000,000 төгрөгөөр тохиролцсон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч ажлын хөлс 5,000,000 төгрөг шаардсан нь үндэслэлтэй байна.
7. Гэрээний 4.3-т үйлчлүүлэгч тал гэрээнд заасан хугацаанд гэрээний төлбөрийг төлөөгүй нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэж анзын талаар тохиролцсон. Хариуцагч Ж.*** нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 101 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна. Алдангийн хэмжээ 5,000,000 төгрөг х 0,5% = 25,000 төгрөг, 25,000 х 101 хоног = 2,525,000 төгрөг байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар гүйцэтгээгүй үүрэг /5,000,000 төгрөг/-ийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 2,500,000 төгрөгийн алданги гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч Ж.***аас хөлс 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.***д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
8. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ж.***аас 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.***д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.***аас улсын тэмдэгтийн хураамж 134,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.***д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ