| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2024/0112/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/110 |
| Огноо | 2024-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/110
2024 10 18 2024/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н даргалж,
нарийн бичгийн дарга М.Э,
улсын яллагч Д.З,
хохирогчийн өмгөөлөгч С.Э,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Б-ийн Г-д холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ....-ний өдөр Д аймгийн С суманд төрсөн, э, ... настай, яс үндэс ..........., ......... боловсролтой, ..........., .........., ам бүл .............., ....... хамт Д аймгийн З сумын ...... дугаар баг, С гудамжны ............ тоотод оршин суух, Г овогт Б-ийн Г /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 21 цагийн орчим Д аймгийн З сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Я” гэх нэртэй караокед хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Э.Э-гийн нүүр хэсэгт баруун гараараа хүчтэй цохиж биед тархи доргилт, зүүн хацар, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: “...2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай эхнэр Б-ийн төрсөн өдөр болдог тул З сумын .............. дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ялгуун нэртэй караокед 19 цагт тэмдэглэсэн. Манай эхнэрийн төрсөн өдөрт манай эхнэр Б-ийн найзууд М, М, С, Б, М болон танил эгч Э, Э нарын хамт тэмдэглэсэн. Тэнд байсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, дуулж бүжиглэж байгаад орой 22 цаг өнгөрч байхад найз Б-гийн хамтаар гадаа гарч тамхи татчихаад ороод ирсэн чинь Э гэх эмэгтэй манай эхнэрийг буйдан дээр дээшээ харуулаад хэвтүүлсэн цамц хувцсыг нь тайлсан байж байхаар нь би уурлаад чи яахаараа хүний биед дураараа хүрээд байгаа юм бэ гэж хэлтэл чи өөрөө байхгүй байж байгаад ирчхээд юу яриад байгаа юм чи согтуу байна чи зүгээр цаанаа байж бай сэргээнэ гэж хэлэхээр нь би зүгээр цаашаа бай гэж хэлэхээр нь би араас түлхээд эргэж харахаар нь нүүр хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд удахгүй байж байгаад тэнд байсан хүмүүс тараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 113-114/,
- Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн үед миний бие БНХАУ-н Эрээн хотод явж байхад манай танил дүү Б төрсөн өдөр болж байгаа талаар цахим хаягт мэдээлэл оруулсан байхаар нь миний зүгээс цахим хаягт баярын мэнд хүргэе гэж бичсэн. Тэгсэн чинь Б надтай чат хаягаар холбогдож өөрийн төрсөн өдөртөө урьж орой 19 цагт Я караокед ирэх талаар чат бичсэн байхаар нь би хариу бичихдээ өөрийн ажлыг амжуулж дуусаад очно гэж бичсэн. Орой би найз Э-ын хамт 20 цагийн орчимд Будчимэгийн төрсөн өдөртөө урьсан газар буюу “Я” караокены 3 давхрын том өрөөнд орж ирэхэд Б, Б-ийн нөхөр, Б-ийн найзууд гэх 3 эмэгтэй, 2 эрэгтэй нийт 7 хүн байсан. Миний бие төрсөн өдөрт ирсэн тул хоол, цай унд уугаад архи тойруулж байсан тул 2-3 хундага архи уусан. Тэнд байсан хүмүүс дуу дуулж, архи уугаад нэлээн согтсон байдалтай байсан. Манай найз Б төрсөн өдөр нь гээд нэлээн согтсон байдалтай нэг хүний буйдан сандал дээр хагас суусан байдалтай бөөлжөөд, үргэлжлүүлээд дахин бөөлжих гээд хий огиулаад бөөлжиж чадахгүй байсан энэ үед эрэгтэйчүүд нь байхгүй эмэгтэйчүүд нь байсан тул Б-ийн буйдан дээр хөлийг нь жийлгээд хэвтүүлсэн, мөн Б бөөлжсөндөө хахах гээд байх шиг байхаар нь миний бие Б-гийн дээгүүрээ өмссөн хувцсыг тайлж цээжин хэсгийг хүйтэн усаар шавшаад бөөлжихөд нь туслаад байж байхад Б-гийн нөхөр Г найзтайгаа орж ирээд надаас юу болж байгаа талаар асуухаар нь танай эхнэр бөөлжсөндөө хахах гээд байхаар нь би Б-гийн дээгүүрх хувцсыг тайлаад бөөлжихөд нь туслаад байж байна гэж хэлсэн чинь Г за за гэж хэлсэн. Тэгсэн чинь Г-тай хамт орж ирсэн найз нь Г-д хандаж чи эхнэрээ аваач, өөрөө сэргээ гэж хэлхээр нь миний зүгээс та нар согтуу байгаа юм чинь та нартай юу ярих вэ, цаанаа байж бай гэж хэлсэн, энэ үед Б бөөлжих гээд байхаар нь Б-гийг доош нь харуулаад нуруун дээр нь дараад бөөлжүүлж байхад Г миний хойноос нуруу хэсэг рүү хүчтэй түлхэхээр нь би урагшаа буйдан түшээд босож ирээд яаж байгаа юм бэ гээд эргээд хартал Гантулга баруун талын гараа атгаж байгаад намайг цохих гэхээр нь би нүүрэн хэсгээ хамгаалах гээд баруун талын гараа нүүр хэсэг рүү явуулахад Г-гын атгасан гар миний баруун талын гарын долоовор хурууг цохиж, мөн зүүн талын хацар хэсэг рүү нэг удаа маш хүчтэй цохисон. Би Г-гыг цааш нь түлхээд чи яаж байгаа юм бэ гэж хэлэхэд Г-тай орж ирсэн найз нь чи гоё цохисон, болж гээд байсан ба тэр хоёрт хандаж та хоёрыг цагдаад өгнө гэж хэлж байхад тэнд байсан хүмүүсийн аль нэг нь цагдаа дуудсан байсан. Яг цохиулсны дараа хацар хавдаад, толгой өвдөөд, хамар битүүрээд амьсгалж чадахгүй, толгой өвдөж байсан, баруун талын гарын долоовор хуруу хөдлөхгүй байсан. Удалгүй цагдаагийн алба хаагч нар орж ирсэн. Би маргааш нь эмнэлэгт биеэ үзүүлээд 10 хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78х/,
-Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Э-ын Э нь Д аймгийн З сумын Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч /холбогдох тусламж үзүүлсэн эмнэлгийн байгууллагыг бичих/ Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,274,200 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Б-ийн Г-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ..................... дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86х/,
-Гэрч Ө.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 21-ний орой З сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Я" нэртэй караокед Б-гийн төрсөн өдрийг тэмдэглэх гээд 20 цагийн орчимд ирсэн. Намайг ажил дээр байж байхад Б, М, Г нар ирж аваад тухайн караокед ирэхэд С, Б нар байсан. Тэгээд бид нар дуулаад байж байхад гаднаас Э, Э эгч нар орж ирээд Б-т тортон дээр лаа асаагаад үлээлгээд тэр хэд буюу С, Б, Г, М нар Э эгч нар ганц, нэг удаа л ууж байгаа харагдсан, Б бид хоёр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэлээн муудацгаасан. Э огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Орой 21 цаг өнгөрч байхад Б ариун цэврийн өрөө лүү ороод буцаад ирэхдээ Г буюу найз залуугаараа түшүүлээд орж ирээд сандал дээр хэвтүүлэхэд үе, үе бөөлжөөд байсан бид нар бөөлжсийг нь цэвэрлэхэд Э эгч цамцных нь энгэр хэсгийг тайлаад нойтон салфетикаар арчаад чийгтэй хүйтэн зүйлээр арчвал бөөлжих нь арай гайгүй болж магадгүй гэж хэлээд арчаад байж байтал Г, Б-гийн хамтаар орж ирээд Э эгчид хандан чи манай эхнэрийн цамцыг нь тайлцан юу хийж байгаа юм гэж хэлтэл Э эгч танай эхнэр чинь бөөлжөөд байхаар нь арай гайгүй болох юм байлгүй гээд нойтон салфетикаар арчаад байж байна чи өөрөө сая байхгүй байж байгаад ирчхээд яагаад хүн рүү уурлаад байгаа юм чи чинь яасан сонин юм гэж хэлтэл Г миний эхнэрийн хувцсыг тайлсан байна би өөрөө эхнэрийнхээ хажууд нь халамжлаад байя гэж хэлтэл Э эгч Г-д хандан чи нэлээн муудсан согтсон байна аа чи зүгээр цаанаа байж бай би эхнэрийг чинь халамжлаад явж байя гэж хэлээд босохгүй байсан мөн Г болихгүй, явахгүй гэж хэлээд хажууд нь зогсоод л байсан. Тэгтэл Г, Э эгч хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би ариун цэврийн өрөө ороод буцаад ороод иртэл Г, Э эгчийг цохисон бололтой Э эгч Г хоёрыг тэнд байсан хүмүүс салгаад тэгээд нээх удалгүй тэндээс гарсан. Э эгчийн зүүн хацар нь анзаарагдаагүй. Э эгчийг эмнэлэгт хэвтэж байхад нь очиход хуруу нь хавдсан өөр зүйл гэмтсэн гэж хэлж байсан. Б тасраад буйдан дээр бөөлжөөд байсан тул Э эгч Б-ийг хувцсыг тайлсан чинь Г орж ирээд манай эхнэрийн хувцсыг яагаад тайлсан юм бэ? гээд уурлаад байсан тул энэ асуудлаас болж энэ хоёрын дунд хэрүүл гарсан. Би яг цохиж, зодолдох үед байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-92х/,
-Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр миний төрсөн өдөр болж ойр дотнын хүмүүсийн хамт З сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Я” нэртэй караокед орой 19 цагт тэмдэглэхээр болсон. Тэгээд орой 19 цаг 30 минутын орчимд найз залуу Г найз М, М, С, Б, М нарын хамтаар ороод дуулж хөөрөөд байж байсан. Орой 20 цаг өнгөрч байхад танил найз эгч Э, Э нар орж ирсэн. Тэндээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж дуулж, бүжиглэж байгаад нэг мэдсэн машинд унтаж байгаад Б намайг хойно кемп буюу С-ын 26-р гудамжинд буулгахад сэргэсэн. Өмнө нь юу болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 94-95х/,
-Д аймгийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 571 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...1. Э.Эрдэнэзаяагийн биед тархи доргилт, зүүн хацар, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
5. Учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.
6. Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 02/175 дугаартай шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27х/,
- Д аймгийн З сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай туламжийн хуудас /хх-ийн 29х/,
- Д аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 14/148 дугаартай албан бичиг, хохирогч Э.Э-гийн эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын лавлагаа /хх-ийн 88-89х/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 795 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...1. Хохирогч Э.Э-гийн сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна.
2. Сэтгэцэд учирсан хор уршиг нь гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүдээр илэрч байна.
3. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.
4. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 101-103х/,
- Шүүгдэгч Б.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Г-ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн орчим Д аймгийн З сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Я” нэртэй караокед хохирогч Э.Э-тай эхнэр О.Б-гийн хувцсыг тайллаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүр гараараа цохиж биед нь тархи доргилт, зүүн хацар, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Б.Г-ын үйлдлийн улмаас хохирогч Э.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь: шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Э.Э-гийн “...Б бөөлжсөндөө хахах гээд байх шиг байхаар нь миний бие Б-ийн дээгүүрээ өмссөн хувцсыг тайлж цээжин хэсгийг хүйтэн усаар шавшаад бөөлжихөд нь туслаад байж байхад Б-ийн нөхөр Г найзтайгаа орж ирээд надаас юу болж байгаа талаар асуухаар нь танай эхнэр бөөлжсөндөө хахах гээд байхаар нь би Б-ийн дээгүүрх хувцсыг тайлаад бөөлжихөд нь туслаад байж байна гэж хэлсэн ...Б бөөлжих гээд байхаар нь Б-ийг доош нь харуулаад нуруун дээр нь дараад бөөлжүүлж байхад Г миний хойноос нуруу хэсэг рүү хүчтэй түлэхээр нь би урагшаа буйдан түшээд босож ирээд яаж байгаа юм бэ гээд эргээд хартал Г баруун талын гараа атгаж байгаад намайг цохих гэхээр нь би нүүрэн хэсгээ хамгаалах гээд баруун талын гараа нүүр хэсэг рүү явуулахад Г-гын атгасан гар миний баруун талын гарын долоовор хурууг цохиж, мөн зүүн талын хацар хэсэг рүү нэг удаа маш хүчтэй цохисон...” гэсэн,
гэрч Ө.М-лын “...Би 2024 оны 01 дүгээр сарын 21-ний орой З сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Я" нэртэй караокед Б-ийн төрсөн өдрийг тэмдэглэх гээд 20 цагийн орчимд ирсэн... Б ариун цэврийн өрөө лүү ороод буцаад ирэхдээ Г буюу найз залуугаараа түшүүлээд орж ирээд сандал дээр хэвтүүлэхэд үе, үе бөөлжөөд байсан бид нар бөөлжсийг нь цэвэрлэхэд Э эгч цамцных нь энгэр хэсгийг тайлаад нойтон салфетикаар арчаад чийгтэй хүйтэн зүйлээр арчвал бөөлжих нь арай гайгүй болж магадгүй гэж хэлээд арчаад байж байтал Г, Б-гийн хамтаар орж ирээд Э эгчид хандан чи манай эхнэрийн цамцыг нь тайлцан юу хийж байгаа юм гэж хэлтэл Э эгч танай эхнэр чинь бөөлжөөд байхаар нь арай гайгүй болох юм байлгүй гээд нойтон салфетикаар арчаад байж байна чи өөрөө сая байхгүй байж байгаад ирчхээд яагаад хүн рүү уурлаад байгаа юм чи чинь яасан сонин юм гэж хэлтэл Г миний эхнэрийг хувцсыг тайлсан байна би өөрөө эхнэрийнхээ хажууд нь халамжлаад байя гэж хэлтэл Э эгч Г-д хандан чи нэлээн муудсан согтсон байна аа чи зүгээр цаанаа байж бай би эхнэрийг чинь халамжлаад явж байя гэж хэлээд босохгүй байсан мөн Гантулга чи болихгүй явахгүй гэж хэлээд хажууд нь зогсоод л байсан. Тэгтэл Г, Э эгч хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би ариун цэврийн өрөө ороод буцаад ороод иртэл Г Э эгчийг цохисон бололтой Э эгч Г хоёрыг тэнд байсан хүмүүс салгаад тэгээд нээх удалгүй тэндээс гарсан...” гэсэн,
гэрч О.Б-ийн “2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр миний төрсөн өдөр болж ойр дотнын хүмүүсийн хамт З сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Я” нэртэй караокед орой 19 цагт тэмдэглэхээр болсон. Тэгээд орой 19 цаг 30минутын орчимд найз залуу Г найз М, С, Б, М нарын хамтаар ороод дуулж хөөрөөд байж байсан. Орой 20 цаг өнгөрч байхад танил найз эгч Э танил найз Э нар орж ирсэн. Тэндээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж дуулж, бүжиглэж байгаад нэг мэдсэн машинд унтаж байгаад Б намайг хойно кемп буюу С-ын ...-р гудамжинд буулгахад сэргэсэн...” гэсэн мэдүүлгүүд, Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 02/175 дугаар шинжээчийн дүгнэлт, Д аймгийн З сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай туламжийн хуудас, Д аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 14/148 дугаартай албан бичиг, хохирогч Э.Э-гийн эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын лавлагаа, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 795 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Э.Э-гийн биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Г-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Э.Э нь У-аас З рүү шинжээчид үзүүлэхээр явсан замын зардал 80,000 төгрөг, сэтгэцэд учирсан сэтгэл санааны хохирол 3,293,400 төгрөгийг,
иргэний нэхэмжлэгч Д.Д нь хохирогч Э.Э-д Д аймгийн З сумын Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,274,200 төгрөгийн зардал гарсныг тус тус нэхэмжилсэн.
Шүүгдэгч Б.Г нь хохирлын талаар маргаагүй.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 795 дугаар дүгнэлтээр “...Э.Э-гийн сэтгэцэд хор уршиг учирсан, хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэжээ.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ”,
Дөрөв дэх хэсэгт “Нөхөн төлбөр тооцох аргачлал” -нэгдүгээр зэрэглэл: “...хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг. 0-3%, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, хохирогч Э.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагаас шинжилгээний байгууллагад үзүүлэхээр явсан замын зардал 80,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд дээрх аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 1,5 хувиар буюу 2,495 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр бодож /660,000х2,495/ 1,646,700 төгрөг нийт 1,726,700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, хохирогч Э.Э-д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,646,700 төгрөгийг хэсгийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 1,274,200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь .............. тоот дансанд олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар санал дүгнэлт гаргаагүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Г-ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгийн торгох ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Б-ийн Г /РД: -/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Г-ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь 800,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Г-аас 1,274,700 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын төрийн сан банк дахь ......... тоот дансанд төлүүлэх, 1,726,700 төгрөгийг гаргуулан хохирогч Д аймгийн З сумын .......... дүгээр баг .... тоотод оршин суух, Х овогт Э-ын Э /, утас/-д олгож, хохирогч Э.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,646,700 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н