Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2022/00550

 

2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дугаар 102/ШШ2022/00550 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух *** овогтой ***ийн ***/РД:***/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** байрлах *** ТӨХК /РД:***/-нд холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,113,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзийсайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.***нь хариуцагч *** ТӨХК-нд холбогдуулан албан татварт суутгасан 1,113,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д*** өндөр насны тэтгэвэрт гарахад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод 11,136,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор ***ын захиргаа шийдвэрлэсэн. ***аас нэг удаагийн тэтгэмжийг шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутгасан нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж гэж заасныг зөрчсөн гэв.

 

2. Хариуцагч *** ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан тайлбартаа: Д***т олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварт суутгасан мөнгө нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дансанд байгаа учир Баянгол дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэн буцаан авах үндэслэлтэй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэх, *** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын *** өдрийн *** дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах, тэтгэмж олгох тухай тушаал, Д***ийн Хаан банк дахь *** тоот дансны хуулга зэрэг баримтуудыг, хариуцагчаас *** ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *** ТӨХК-ийн 2019 оны суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлан зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Нэхэмжлэгч тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар суутгасан нь үндэслэлгүй гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч талаас нэхэмжлэгч Д***т олгосон тэтгэмжээс албан татвар суутгасан талаар маргаагүй бөгөөд харин албан татварт суутгасан мөнгөн хөрөнгийг харьяа татварын байгууллагад шилжүүлсэн, мөн нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр *** ТӨХК нэхэмжлэлийг хариуцахгүй гэж маргаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. *** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын *** өдрийн ***дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах, тэтгэмж олгох тухай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн барилгын засварчин ***ийн ***ийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, Д***ийн Эрчим хүчний салбарт ажилласан 14,6 жил 1 сард ногдох 11,136,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагч *** ТӨХК-аас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн Д***т тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасантай нийцжээ.

 

7. Талууд олгосон тэтгэмж, түүний хэмжээний талаар маргаагүй. Харин тогтоосон тэтгэмжээс албан татвар суутгасан нь үндэслэлтэй эсэх талаар маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч *** ТӨХК-аас нэхэмжлэгч Д***т нэг удаагийн мөнгөн тэтгэмж 11,136,000 төгрөг олгосон байх боловч тэтгэмжээс 10 хувийн шимтгэл 1,113,600 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт тооцож суутган авсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга /хэргийн 7 тал/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

8. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг орлогын албан татвараас чөлөөлөхөөр заасан.

*** ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-ний 12.1-д заасны дагуу нэхэмжлэгчид олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмж нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлого байх тул хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид олгосон тэтгэмжээс 10 хувийг хувь хүний орлогын албан татварт суутган авсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байна.

 

9. Мөн хариуцагч *** ТӨХК-аас орлогын албан татварт суутгасан 1,113,600 төгрөгийг холбогдох татварын албанд шилжүүлсэн нь уг мөнгөн хөрөнгийг олгохоос татгалзах үндэслэл болохгүйгээс гадна нэхэмжлэгч талаас Хөдөлмөрийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу олгогдсон тэтгэмж, түүний хэмжээний талаар маргаагүй, харин тэтгэмжээс албан татвар суутгасан нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-заасныг зөрчсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзэхээр байна.

 

Иймд *** ТӨХК-аас тэтгэмжээс албан татварт суутгасан 1,113,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д***т олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасныг баримтлан хариуцагч *** ТӨХК-аас 1,113,600 /нэг сая нэг зуун арван гурван мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д***т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д***аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,277 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 31,277 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д***т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ